Яруу найрагч М.Отгонбаяр: Согтуу хүнээс сайхан бүтээл гарахгүй, харин шартсан үед хүний сэтгэл хамгийн тунгалаг болдог

Яруу найрагч М.Отгонбаяр: Согтуу хүнээс сайхан бүтээл гарахгүй, харин шартсан үед хүний сэтгэл хамгийн тунгалаг болдог

“Яруу найргийн үдэш” гэхээр л уйтгартай, цомхон хүрээний уншлага төсөөлөгддөг хэвшмэл ойлголтыг эвдэхээр нэгэн эрхэм зоригложээ. Тэр бол “Болор цом”-ын эзэн, хуульч мэргэжилтэй, тав дахь үеийн туульчийн удамтай, бүр Монгол хөөмийг Гиннесийн номд бүртгүүлж явсан сонирхолтой намтартай яруу найрагч М.Отгонбаяр. Дуучид хүртэл бэргэдэг СТӨ-ний тайзыг үгийн урлаг, язгуур тууль, хип хоп, поп хөгжимтэй сүлэн “Монгол найр” нэртэй арт шоугаар дүүргэхээр зэхэж буй түүнтэй илэн далангүй ярилцлаа.

-Дуучид хүртэл СТӨ-г дүүргэхээс эмээдэг. Харин та үгийн урлаг, арт шоугаар энэ том тайзыг дүүргэхээр шийдсэн нь ямар учиртай вэ?

-Манайд шинэ үеийн уран зохиол хөгжсөнөөс хойш яруу найргийг зөвхөн сэхээтнүүд, элитүүд ойлгодог мэтээр хязгаарлаж ирсэн тал бий. Гэвч яруу найраг бол Монголын ард түмний язгуур өв соёлтой салшгүй холбоотой. Би уран бүтээлчийн хувьд тоглолтоо хийх боломж бүрдээд 10 гаруй жил болжээ. Олон ч ном гаргалаа, олон ч сайхан дуу бүтээлээ. Тиймээс нэг их айж эргэлзэлгүйгээр анхны тоглолтоо СТӨ-нд хийхээр шийдсэн.

8a794dcb2caa41a59c3d0a24994d713e

-Тоглолт тань зүгээр нэг шүлгийн уншлага биш бололтой. Ямар сюрпризүүд хүлээж байна вэ?

-Би Ховд аймгийн Дуут сумын хүн, тав дахь үеийн туульчийн удамтай. Тоглолтыг маань Төрийн туульч, СГЗ Э.Балдандорж нээж, 1959 оноос хойш тасарсан “Жангар” туулийн торгууд эх хувилбарыг анх удаа Улаанбаатарын үзэгчдэд хайлж сонирхуулна. Мөн “Нүүдэлчин аялгуу” хамтлаг, хөөмийч Д.Хосбаяр, урианхай биелээч Алтансэлэм тэргүүтэй язгуур урлагийн мастеруудаас гадна “Камертон”-ы Болд, “3 бүдүүн” хамтлаг, “Чоно”-ын Дэрмээ, дуурийн гоцлоочид гээд төрөл бүрийн уран бүтээлчид нэг тайзнаа чуулна.

35ce1206fbf84f6e85b63cefc7b55cbd

-Таныг цагдаа, тагнуулын сургууль төгссөн гүйцэтгэх ажилтан байсан гэж сонссон. Яаж яваад яруу найраг руу орчихов?
-Тийм ээ, Цагдаагийн дээд сургуулийн эрүүгийн төлөөлөгчийн ангийг хуульч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад жилийн чөлөө авч, тэр хугацаандаа анхны номоо бүтээсэн юм. Түүнээс хойш буюу 2006 оноос хойш яруу найргаас алхам ч холдоогүй. “Зура 2” киноны “Домогт шонхрууд” дууг тагнуулч, гүйцэтгэх ажилтнууддаа зориулж бичихдээ их урам зориг авсан шүү.

636a2837f9054ffdaad56f2e67784db6

-Яруу найрагчдыг архи ууж, сэтгэл нь эмзэглэсэн үедээ онгод нь орж бичдэг гэх ойлголт байдаг. Таныхаар ямар үед илүү сайн бүтээл төрдөг вэ?

-Миний хувьд хамгийн сайхан шүлгүүдээ голцуу намар, ялангуяа ганцаардсан үедээ бичсэн байдаг. Харин согтуудаа шүлэг бичнэ гэдэгт би хэзээ ч итгэдэггүй, согтуу хүнээс сайхан бүтээл гарахгүй. Согтсоны дараах шартсан үед л хүний бие, сэтгэл хамгийн эмзэг, тунгалаг болдог тул шүлэг төрөх магадлал өндөр байж мэднэ. Гэхдээ жинхэнэ хүчтэй уран бүтээлч хүн цаг агаар, архи дарснаас үл хамааран онгодоо өөрөө дуудаж, захирч туурвих ёстой.

5a4d3d964572442693ab02bcfe5314c1

-Орчин цагт хиймэл оюун ухаан AI шүлэг бичдэг боллоо. Энэ нь танай салбарт хэр аюул дагуулж байна вэ?

-Миний дөрвөн мөрт шүлгийг хиймэл оюун ухаанд оруулаад үргэлжлүүлэн зохиолгоход миний хэв маяг, өнгө аястай тун төстэй бичиж байна лээ. Энэ бол уран зохиолын ирээдүйд маш том аюул. Хэрэв зохиолчид AI ашиглаж шүлэг бичвэл уншигчдаа хуурсан гутамшигтай хэрэг болно. Үүний эсрэг яруу найргийг авч үлдэх цорын ганц зүйл бол уран бүтээлчийн өөрийнх нь жинхэнэ зүрх сэтгэл, ариун хүн чанар юм.

-Яруу найраг бичиж амьдралаа авч явах боломж манай нийгэмд хэр байна? Та хэр баян амьдарч байна вэ?

-Яруу найраг туурвиад санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж өнөөдөр хомс. Гэхдээ оюун санааны хувьд хүчтэй хүн амьдрал ахуйгаа боломжийн түвшинд авч явах ёстой. Би өнгө мөнгө, эд хөрөнгө хөөсөнгүй, хоёр нүүр гаргасангүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө ард түмнийхээ жишгээр л амьдарч явна.

975700275e2c4808ae22a6976e8253f7

-Яруу найрагчдыг хүүхэн шууханд дурлаж, шаналж бичдэг гэдэг. Гэр бүлээ танилцуулбал?

-Уран бүтээлч хүн дурлахгүй байна гэж байхгүй ч түүнийгээ оюун ухаан, ёс зүйгээрээ удирдах нь чухал. Миний эхнэр бол миний анхны хайр, бид арван жилийн нэг ангийн хүүхдүүд. Найман настай охинтойгоо сайхан амьдарч байна.

7d1568cb83b8443d821fa21d8e0e0134

-“Болор цом”-ын эзэн боллоо, удахгүй том тоглолтоо хийнэ. Дараагийн зорилго тань юу вэ?

-Тоглолтынхоо дараа монгол туульсыг орчин үеийн хэв маяг, инновацтай хослуулан залууст болон дэлхий дахинд хүргэх ажлууд төлөвлөсөн. Мөн үргэлжилсэн үгийн зохиол бичиж, Улаанбаатарын түгжрэл, гадагшаа чиглэсэн залуусын урсгал, монгол хүний үнэ цэнийн талаар уран бүтээлээрээ дамжуулан дуу хоолойгоо хүргэх бодолтой байна.

b7426efde6734b7a89b09ee7b90a8ccd

Танд баярлалаа.

У.Цахирмаа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.