Н.Учрал: Илүү олон жил, өндөр шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоонд шилжинэ

Н.Учрал: Илүү олон жил, өндөр шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоонд шилжинэ

Ахмадуудын тэтгэвэрийн асуудлаар Ерөнхий сайд Н.Учралаас тодрууллаа. Тэрбээр, "Төрийн албанд ижил түвшний зэрэг дэвтэй, ижил ажил үүрэг гүйцэтгэж байгаа хэрнээ тэтгэврийн хэмжээ ялгаатай байгаа нь өнөөгийн тогтолцооны шударга бус байдлыг харуулж байна. Тийм учраас бид шударга тэтгэврийн тогтолцоо руу шилжих ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийг илүү олон жил, илүү өндөр хэмжээгээр төлсөн иргэн түүндээ дүйцсэн өндөр тэтгэвэр тогтоолгодог байх зарчмыг хэрэгжүүлнэ. Энэхүү суурь асуудлыг шийдвэрлэж байж, дараа нь инфляцтай уялдуулсан тэтгэврийн нэмэгдлийг ярих нь зүй ёсны хэрэг юм. Түүнээс биш бүх тэтгэврийг ижил хэмжээгээр нэмэх буюу хавтгайруулах нь буруу арга зам юм.

Цалин хөлсний хувьд ч мөн адил асуудал тулгарч байна. Бид жил бүр цалинг тодорхой хувиар нэмж байгаа ч боловсрол, эрүүл мэндийн салбараас бусад, тухайлбал цаг уур, спорт, соёлын салбарын бага цалинтай ажилчдын амьжиргаанд энэ нь мэдэгдэхүйц нөлөөлөхгүй байна. Бүх цалинг ижилхэн 10 хувиар нэмэхэд өндөр цалинтай хүмүүсийнх их хэмжээгээр, бага цалинтай хүмүүсийнх маш багаар нэмэгддэг нь шударга бус тогтолцоо юм. Тиймээс Засгийн газраас төрийн албан хаагчийн цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой 33 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ Нийгмийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шударга тэтгэврийн тогтолцоо руу шилжинэ. Эдгээр хууль эрх зүйн шинэчлэлийг хийж байж цалин болон тэтгэврийн нэмэгдлийг бодитоор шийдвэрлэх ёстой.

Олон жилийн турш энэ асуудлыг зориг гарган барьж авч, шийдвэрлэж байсан Засгийн газар байсангүй. Сонгууль дөхөхөөр л халамжийн шинжтэй шийдвэрүүд гаргаж ирдэг байдлыг одоо өөрчлөх цаг болсон. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн Халамжийн хууль болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийн төслийн хүрээнд халамжийн нэр төрлийг цөөлж, заримыг нь нэгтгэж байгаа. Тухайлбал, "Цалинтай ээж", "Хүүхдийн мөнгө" зэрэг нь халамж биш, харин гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого гэж ангилагдах ёстой.

Өнөөдөр нийгмийн халамж нь зорилтот бүлгийнхээ 26 хувьд ч хүрч чадахгүй байгаа нь бодитоор дэмжиж чадахгүй байгааг илтгэж байна. Иргэд ч үүнд сэтгэл хангалуун бус байгаа юм. Тиймээс халамжийн реформ, тэтгэврийн реформ, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого, нийгмийн даатгалын шимтгэл болон цалин хөлсний шинэчлэлийг бүхэлд нь цогцоор нь хийх шаардлагатай байна. Энэхүү шинэчлэлийн явцад зарим заалтууд тодорхой бүлэг хүмүүст хүнд тусахыг үгүйсгэхгүй ч нийт улс орны эрх ашгийн үүднээс энэ нь хамгийн зөв шийдэл болно" гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.