Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэвээр байгаа Х.Нямбаатарт эх орондоо ирэх зориг бий юу?

Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэвээр байгаа Х.Нямбаатарт эх орондоо ирэх зориг бий юу?

Могой жил сүүлээрээ шарвадаг гэдэг шиг бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж буй Ерөнхийлөгчийн шарвалт ширүүн бөгөөд өргөн далайцтай байна. Ерөнхийлөгч рүү асаж архирсан хэнийг ч болов улс төрийн “хайчаар өчиггүй цавчиж” байгаа өнөө үед эрх баригчид байтугай, дөрөвдүгээр засаглал гэгддэг үзэг нэгтнүүд хүртэл бүлх залгисан мэт бүлтийж суух болов.

Учир нь Ерөнхийлөгчийн Бага тэнгэрийн амд байрлах хауснууд гэх гарчигтай бичлэг нийтэлсэн сэтгүүлч Т.Шинэбаярыг шөнө оройгоор барьж хориод 48 цаг өнгөрч байна. Үргэлжлүүлэн 30 хоног хорих аж.

Хоорондоо арслан барс шиг архиралдаж байсан МАН-ынхан шийдвэр гаргах дээрээ эргэлзэж суугаа нь МАН-ын залуу үеийнхэн буюу 30-ийн талынхныг нэг нэгээр нь ээлж дараалан “намнаж” байгаатай холбооотой болов уу.  

Эхлээд, Ерөнхий сайд Н.Учралтай гар барьж засагт багтсан С.Амарсайханыг суудлаас нь буулгасан. Ингэснээр Хотын дарга асан Х.Нямбаатар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар нарыг шалгах ажил эрчимжиж хорьж цагдаад эхэлсэн.

Өнөөдөр АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой мэдээлэл хийж “Х.Нямбаатарыг яллагдагчаар татан, хэрэг нээн шалгаж байгаа” гэсэн юм.  Х.Нямбаатарын хувьд Канад улсад суралцаж байгаа гэх хэдий ч түүнийг оргон зайлсан гэх мэдээлэл хөвөрч байгаа. Хэзээ эх орондоо ирэх нь тодорхойгүй тэрбээр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр буй. Тэрбээр сэтгүүлч Шинэбаяртай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлэхдээ, “Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг цагдан хорив. ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр бий гэж бид ойлгож явав. Үгүй ээ. ҮХЦ-ийн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба байдаг юм байна. Бид харлаа. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй иргэдийг Ерөнхийлөгчийн Тамгын газар шууд ялладаг болчхож. Монгол Улсад нэг хүний дарангуйлал аль хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатур шүү. Сэтгүүлчийг сулла. Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж Я.Содбаатар намайг шахсан. Миний эрх хүрээний асуудал биш, БОЯ газрын зөвшөөрөл олгох ёстой гэхэд, тэнд асуудлыг зохицуулсан гэж надаар захирамжлуулсан.

Монгол цэргийн холбооны 22 давхар барилгын зөвшөөрлийг бас намайг дарамталж захирамжлуулсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ажлаа хийх хэрэгтэй байна” гэжээ.

Угтаа бол Х.Нямбаатар 30-ийн талын гол дүр. Тэр хэдийгээр Нийслэлийн Засаг даргаа алдсан ч гэлээ түүнд Нийслэлийн МАН-ын хороо гэх том, тамга хөзөр одоо ч байсаар байгаа. Нийслэлийн МАН-ын хороо гэдэг МАН-ын тал нь. Тиймээс Х.Нямбаатарыг түлхэн унагах нь нөгөө талынхны хувьд чухлаас чухал. Нөгөө тал гэдэг нь нэгдүгээр хүний талынхан.

Товчхондоо, эхлээд Х.Нямбаатартай холбоо хамаарал бүхий бүх хүмүүсийг нэгбүрчлэн жагсааж, нэгжин шалгаж хорьж цагдсан бол одоо Х.Нямбаатарыг “хайчлах” ажил эрчээ авч байна. Тиймээс МАН-ын хорооны дарга хэвээр байгаа Х.Нямбаатарт эх орондоо ирж шалгуулах зориг байгаа юу гэх асуулт анхаарал татаж байгаа юм.

 М.Үүрийнтуяа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.