Ерөнхийлөгчийн марафоны мөрөөдлийн дүрүүд Хөдөлмөрийн Баатар, Гавьяат уурхайчин, “Чөлөөт тоглогч” гурвын тулаан
Монголын улс төрд ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орохтой зэрэгцэн намуудын дотоод сунгаанаас илүүтэй нэгэн сонирхолтой "бор шувуу" хөшигний ард эрчимтэй нисэж эхэллээ. Энэ бол улс төрийн тавцанд хэдийнэ улиг болсон улс төрчид бус харин Монголын бизнесийн ертөнцийн гурван хүчирхэг тоглогч болох П.Батсайхан, Б.Нямтайшир, Т.Ганболд нар Төрийн тэргүүний суудалд өрсөлдөж магадгүй гэх хувилбар юм. Хэрэв энэ гурав үнэхээр нэр дэвшвэл ирэх хаврын сонгууль улс төрийн мэтгэлцээн гэхээсээ илүү Монголын топ группүүдийн маркетинг ба менежментийн тулаан болж хувирах нь гарцаагүй.
Game of Trohnes
Төрийн тэргүүний суудалд горилогч хэн боловч амьдралын хагас зууныг элээж, 50 насны босго алхсан байх учиртайгаас гадна парламентад суудалтай улс төрийн хүчний итгэлийг хүлээсэн байх ёстой. Тэгвэл Монголын эдийн засгийн судас, бизнесийн ертөнцийн ноён оргилуудыг эзэгнэж буй энэ гурван эрхэм нас сүүдэр, төрийн хишиг, хөрөнгө чинээний цар хүрээгээрээ хэрхэн сүр хүчийг илтгэж, ямар замаар Төрийн ордны хаалгыг тогшиж байна вэ?
60 настай “Хөдөлмөрийн баатар” П.Батсайхан: Төрийн сүлдэт баатар ба “Шунхлай”-н эзэнт гүрний ХААН
Жаран насны босгон дээрээ ид гялалзаж яваа П.Батсайхан өнөөдөр бизнесийн ертөнцийн хамгийн хүнд жингийн тоглогч. Өнгөрсөн долдугаар сард төрийн дээд шагнал буюу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, энгэртээ баатрын алтан соёмбо гялалзуулсан тэрбээр үндэсний өв соёлын оргил гэгддэг Тод манлай уяач эрхэм гуншинтай. Зөвхөн түүний эзэмшлийн нээлттэй хувьцаат компани болох "АПУ" ХК-ийн нийт хөрөнгө 1.2 их наяд төгрөг, жилийн борлуулалтын орлого нь 1.3 их наяд төгрөгт хүрээд байна. Түүнчлэн орон даяар 110 гаруй ШТС, "Скайтел", "GS25" сүлжээг багтаасан тус группийн 9 компани 2025 оны ТОП-100-д зэрэг багтсан нь түүний санхүүгийн асар том цар хүрээг илтгэнэ. Эдийн засгийн асар том сүлжээг атгаж буй түүнд Ардчилсан намаас санал тавьсан гэх мэдээлэл бодит ажил хэрэг болбол “Хөдөлмөрийн баатар”-ын алдар хүнд, санхүүгийн хязгааргүй бяд, орон даяар сүлжээтэй сөрөг хүчний машин гурав нэгдэж, сонгуулийн талбарт дийлдэшгүй хүчийг бий болгох магадлалтай.

71 настай Гавьяат уурхайчин Б.Нямтайшир: Газрын хэвлийн эзэн ба удмын залгамжлал
Дал гаруй насыг зооглосон ч сүр хүч, нөлөөгөө огтхон ч алдаагүй Монгол Улсын Гавьяат уурхайчин Б.Нямтайшир, Монголын уул уурхайн салбарын амьд домог. Түүний гэр бүл МАК-ийн хүрээнд ашигт малтмалын 41 тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт. Тус компани нийт 7,000 гаруй ажилтантай бөгөөд 33 жилийн хугацаанд улсын төсөвт 4.8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Өдгөө компанийнхаа өдөр тутмын удирдлагыг охиндоо шилжүүлж, Бодлогын зөвлөлийн даргын сэнтийд заларсан түүнд цаг зав ч, нөөц бололцоо ч хангалттай бий. Хүү Н.Номтойбаяр нь 48 настай буюу хуулийн насны хязгаарт тээглэж буй энэ эгзэгтэй үед Үндэсний эвслийн гол хөзөр нь аав нь байх магадлал өндөр байна. Хүү нь парламентад эвслээ удирдаж, 71 настай уул уурхайн магнат аав нь Төрийн тэргүүний суудалд өрсөлдвөл Монголын улс төрийн түүхэнд бичигдэх хамгийн сүртэй удмын нүүдэл болохоор байна.

55 настай “Чөлөөт тоглогч” Т.Ганболд: Одон медальгүй ч дуулианы эзэн
Нөгөө хоёр өрсөлдөгч шигээ “Баатар”, “Гавьяат” хэмээх төрийн сүртэй одон медаль энгэртээ гялалзуулаагүй ч 55 настай Т.Ганболд өөрийнхөө нэрийг хурц хэл ам, дуулиан шуугиан, эрс шулуун зангаараа хэдийнэ алдаршуулж чадсан нэгэн. Алт, уул уурхай, барилга, зочид буудлын томоохон бизнес эрхэлдэг, нэгэн үе алс холын Уругвай Улсын Өргөмжит консулаар ажиллаж явсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхлоо илэрхийлчихсэн байгаа цор ганц нэр дэвшигч.
Т.Ганболд хөрөнгөөрөө эхний хоёртой харьцуулахад дунд жингийн тоглогч. Тэрбээр 2011 онд “Алтан Дорнод Монгол” компанийг Оросын бизнесменээс 23 сая ам.доллароор худалдан авч байсан түүхтэй бөгөөд алт, барилга, "Корпорейт" зочид буудлын сүлжээг эзэмшдэг. Нөгөө хоёр өрсөлдөгч шигээ их наядаар хэмжигдэх аварга корпораци биш ч олон арван тэрбум төгрөгийн эргэлттэй, өөрийн гэсэн бие даасан хөрөнгө чинээтэй тоглогч. Сонирхолтой нь түүний олон нийт дундах пиар-сошиал хандалт хязгааргүй. Масст таалагддаг дүр гэсэн үг. Улс төр, хууль хяналтын байгууллагын хөшигний арын булхайг илчилсэн зоримог ярилцлагуудаараа олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн тэрбээр нам бус хүн дэвшүүлнэ хэмээн зарласан ХҮН нам эсвэл ИЗНН-тай тохироо хийж, Төрийн ордонд нэвтрэх тасалбараа өвөртөлж чадвал хурц үгс, ил тод байдал нь сонгуулийн мэтгэлцээний талбарыг жинхэнэ утгаар нь дэлбэлэх тэсрэх бөмбөг болох болно.

Тэд сонгогдох уу, эсвэл зүгээр л санал хуваагчид уу?
Бизнесийн лидерүүд улс төрд ороход хоёр том эсрэгцэл шууд үүсдэг. Нэг талд "Өөрийнхөө бизнесийг босгосон хүн улсыг ч өөд нь татна" гэх хүлээлт байдаг бол нөгөө талд "Архи, алт, нүүрсний томоохон бизнесийн ашиг сонирхол нь Төрийн тэргүүний суудалтай зөрчилдөнө" гэх олон нийтийн болгоомжлол бий. Тиймээс 71 настай Гавьяат уурхайчин Б.Нямтайшир, 55 настай "чөлөөт тоглогч" Т.Ганболд нар жижиг нам, эвслээс дэвшсэн тохиолдолд шууд Төрийн тэргүүнээр сонгогдох магадлал хязгаарлагдмал байж болох ч тэд хамгийн хүчтэй санал хуваагчид болж чадна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хэн ч 50%+1 санал авч чадахгүй бол сонгууль хоёр дахь шат руу шилждэг. Уламжлалт намуудаас залхсан сонгогчид, хувийн хэвшлийнхний саналыг энэ гурван бизнесмен хувааж чадвал тэд хоёр дахь шатанд хэн ялахыг шийдэх алтан карт болж хувирна. Харин 60 настай Хөдөлмөрийн баатар П.Батсайханы тухайд том намын дэмжлэгтэйгээр ялалтын төлөө бодитой өрсөлдөх бүрэн нөөцтэй.
Хэрэв бизнесменүүдийн аль нэг нь Төрийн тэргүүнээр сонгогдвол Монголын улс төрд цоо шинэ жишиг тогтоно. Улс төрийн намуудын хэт хамаарал суларч, гадаад харилцаа, эдийн засгийн томоохон төслүүд дээр илүү прагматик, ажил хэрэгч шийдвэрүүд гарах эерэг талтай. Гэвч нөгөө талдаа томоохон бизнесийн бүлэглэлүүдийн нөлөө төрийн дээд түвшинд бэхжиж, төр ба бизнесийн зааг улам бүдгэрэх эрсдэлийг дагуулна. Ямартай ч улс төрчдийн улиг болсон ярианаас уйдсан сонгогчдын хувьд энэ гурвын өрсөлдөөн ирэх хаврын хамгийн сонирхолтой үзвэр байх нь тодорхой байна.
Б.Ундрал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.