Улаанбаатар метроны төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалт шийдвэрлэх шатандаа орлоо
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой метроны төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох хоёр дахь шатны тендер албан ёсоор эхэлж, төслийн удирдлага болон олон улсын санхүүжилтийн хэлэлцүүлэгт томоохон ахиц гарлаа. Нийслэлийн түүхэн дэх хамгийн томд тооцогдох энэхүү бүтээн байгуулалтын нэгдүгээр багцын гүйцэтгэгчийг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан тодруулж, ажлыг түргэвчилсэн горимоор эхлүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн удирдлагын бүтцэд өөрчлөлт орж, "Улаанбаатар метро" төслийн шинэ захирлаар Б.Содбаатарыг томилсон билээ. Тэрбээр өмнө нь нийслэлийн трамвайн төслийн ерөнхий инженерээр ажиллаж байсан, салбарын мэргэжлийн боловсон хүчин юм. Төслийн өмнөх удирдлага болох Т.Мөнхдалайг авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж байгаа тул ийнхүү удирдлагын шинэчлэл хийсэн байна. Шинэ захирал ажлаа хүлээн авснаар олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хийх түншлэлийн уулзалтуудыг шуурхайлан удирдаж эхэлжээ.
Метроны төслийн урьдчилсан шалгаруулалтад гадаад, дотоодын 27 компани саналаа ирүүлснээс хоёр дахь шатны тендерийг зарлаад байна. Эхний багцын тендерийг зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт болон санхүүжилт буюу "EPC+F" нөхцөлтэйгөөр зохион байгуулж байгаа юм. Энэхүү бүтцийн дагуу шалгарсан гүйцэтгэгч компани нийт 6.6 их наяд төгрөг буюу ойролцоогоор 1.86 тэрбум ам.доллароор үнэлэгдэх төслийн өртгийн 85 хувийг өөрөө санхүүжүүлэх үүрэг хүлээх бөгөөд үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэжээ. Төслийн хоёрдугаар багцын тендерийг мөн оны дөрөвдүгээр улиралд багтаан зарлахаар төлөвлөж байна.
Төслийн санхүүжилтийг босгох, олон улсын дэмжлэг авах зорилгоор өндөр түвшний уулзалтуудыг зохион байгуулж эхэлсэн байна. Уулзалтад төслийн стратегийн зөвлөхөөр ажиллаж буй Их Британийн "Crossrail International" компанийн төлөөлөгчид оролцож, метроны нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн судалгааг танилцуулжээ. Мөн санхүүжилтийг зохион байгуулахаар томилогдсон "JP Morgan" банк болон Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай (UKEF) 2.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн бүтцийг тохирохоор идэвхтэй ажиллаж байна. Түүнчлэн Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (ЕСБХБ) суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Жахан Шамсиев уулзалтад оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Өмнөд Солонгосын "Dohwa Engineering" тэргүүтэй консорциум төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд метроны эхний шугам нь Толгойтоос Амгалан хүртэл, Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 километр үргэлжлэх юм. Нийт 15 өртөөтэй байхаас 14 нь газар доор, нэг нь газрын гадаргуу дээр байрлах бөгөөд Баянзүрх дүүрэгт 26.6 гектар талбайг хамарсан депо барихаар төлөвлөжээ. Газар доорх туннелийг 10-аас 30 метрийн гүнд ухах бөгөөд барилгын ажлыг 2026 онд багтаан эхлүүлж, 2030-2031 онд ашиглалтад оруулахаар зорьж байна. Метро ашиглалтад орсноор хотын авто замын түгжрэл 18 хувиар буурч, зорчигчдын зорчих хугацаа үлэмж хэмжээгээр хэмнэгдэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.