2026 оны аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул тэргүүлж, Булган аймаг сүүл мушгижээ

2026 оны аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул тэргүүлж, Булган аймаг сүүл мушгижээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа.

Аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлэхэд ерөнхий дүнгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор удааллаа. Харин Дундговь 43.9, Төв 42.7, Завхан 40.6, Говь-Алтай 39.4, Булган 34 оноогоор сүүл мушгив. Тус тайлан нь 2012 оноос эхлэн жил бүр боловсруулж, танилцуулж ирсэн судалгаа юм. 

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, тэдгээрийн давуу болон сул тал, өөрчлөлтийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой. Тухайн жилийн хамгийн өндөр үнэлгээтэй аймгийг 100 оноо гэж авч, бусад аймгийг түүнтэй харьцуулдаг.

Өмнөх буюу 2023 оны үр дүнтэй харьцуулахад Дархан-Уул аймаг гуравдугаар эрэмбээс ахиж, ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн байна.

Харин 2023 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Орхон аймаг гуравдугаарт бичигджээ. Дорноговь, Өмнөговь аймгууд эхний дөрвөн байрт эрэмбэлэгдсэн байр сууриа хадгалсан бол Дорнод аймаг зургаадугаар эрэмбээс тавдугаар байрт ахисан байна.

2026 оны аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 61.5 болж, 2023 оны 66.6 онооноос 5.2 оноогоор буурсан байна. Өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд үнэлдэг ба аймаг бүр харилцан адилгүй байна. Эдгээр үндсэн бүлэг нь тус бүр дөрвөн дэд бүлэгтэй бөгөөд нийт 16 дэд бүлэгт хуваагдана.

Аймгуудын Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн дундаж оноо хамгийн их буюу 11.4 оноогоор буурсан бол засаглалын үр ашиг бүлгийн дундаж оноо харьцангуй бага буюу 6.9 оноогоор буурсан байна. Эдийн засгийн хэмжээ, эдийн засгийн салбаруудын хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг хэмждэг эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үнэлгээгээр Өмнөговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.0, Орхон 92.3 оноогоор удаалжээ. Аймгийн төсөв, институцийн тогтолцоо, бизнесийн эрх зүй, нийгмийн тогтолцоог хэмждэг засаглалын үр ашиг бүлгээр Дорноговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дархан-Уул 98.6, Говьсүмбэр 91.6 оноогоор удаалсан байна. Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшлийг үнэлдэг бизнесийн үр ашиг бүлгийн үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Сэлэнгэ 92.4, Дорноговь 91.7 оноогоор удаалжээ.

Дэд бүтэц, технологийн дэд бүтэц, боловсрол соёл, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны үзүүлэлтийг үнэлэх дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дархан-Уул 83.2, Дорнод 72.5 оноогоор удаалсан байна. Дээрх үр дүнгээс харахад нэг аймаг бүх үндсэн бүлгээр тэргүүлэх боломжгүй бөгөөд аймаг бүр өөр өөрийн давуу болон сул талтай байна. Тиймээс орон нутгийн хөгжлийн бодлогыг боловсруулахдаа зөвхөн ерөнхий эрэмбийг бус, үндсэн бүлэг болон дэд бүлгийн үнэлгээг хамтад нь авч үзэх шаардлагатай.

 Энэ жил 21 аймгийн бизнес эрхлэгчдээс орон нутгийн хөгжил, өрсөлдөх чадварт тулгарч буй гол асуудал бэрхшээлийг нээлттэй байдлаар тодруулжээ. Нэгдүгээрт, бизнесийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагааны хүндрэл.

Хоёрдугаарт, төрийн удирдлага, засаглалын хүндрэл.

 Гуравдугаарт хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, амьжиргааны асуу дал хэмээн хамгийн олон давтагд санаар дүгнэсэн байна.

Энэ дүгнэлт бизнес эрхлэгчдийн үнэлгээнд суурилсан тул шалтгаан, үр дагаврын хамаарлыг дангаараа тог тоох гүй. Судалгааны мэдээл лийн эх үүсвэр нь Үндэсний статистикийн хороо болон холбогдох байгууллагуудын албан ёсны статистик мэдээлэл, Монгол Улсын 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээлэл юм. 

 Судалгааны үр дүнд аймгуудын хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, орон нутгийн давуу болон сул тал, хөгжлийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг судалгааны мэдээлэлд тулгуурлан боловсруулах, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах, аймгуудын хөгжлийн ахиц, өөрчлөлтийг цаг хугацааны явцад харьцуулан судлахад чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.