Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсчээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсчээ

Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 164 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 28.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүнээс экспорт 17.9 тэрбум ам.доллар, импорт 11.0 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 6.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.1 (32.7%) тэрбум ам.доллар, экспорт 5.6 (45.3%) тэрбум ам.доллар, импорт 1.5 (16.3%) тэрбум ам.доллар, тэнцэл 4.0 (2.4 дахин) тэрбум ам.доллароор тус тус өссөн байна. Экспорт 2026 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 5.6 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 3.1 тэрбум ам.доллар, нүүрс 2.3 тэрбум ам.доллар, самнасан ноолуур 124.0 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 81.0 сая ам.доллар, гянтболдын хүдэр, баяжмал 74.9 сая ам.доллар, хар тугалганы хүдэр, баяжмал 51.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин тунгаасан зэс ба хайлш 58.1 сая ам.доллар, хонь, ямааны мах 40.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 30.2 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 15.3 сая ам.доллараар тус тус буурсан байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш 792.8 сая ам.доллар, автобензин 121.6 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 69.5 сая ам.доллар, шинэ дугуй 61.2 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги 43.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин суудлын автомашин 57.8 сая ам.доллар, ачааны автомашин 42.4 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл сэлбэг, эд анги 10.0 сая ам.доллароор тус тус буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэлийн экспорт нийт экспортын 97.2 хувийг эзэлж байгаа бол импортын 71.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн,машин механик өхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.

Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унц тутамд 1156.6 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 1127.7 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 8.1 ам.доллароор тус тус өсөж, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 2.0 ам.доллароор буурсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.