Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын ДЦС, цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын ДЦС, цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.

6ab0efd80e1ea02d0ac51718

Эмээлт эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой болно. Хөрөнгө оруулалтыг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж тооцоолжээ. Жилд 7.5 сая ширхэг арьс шир боловсруулна, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулна. Олон улсын стандартын шаардлага хангасан дэвшилтэт технологитой, байгальд орчинд ээлтэй  мал аж ахуйн цогц кластер үйлдвэрлэл болон хөгжих юм.

Өнөөдөр шавыг нь тавьж буй цахилгаан станц, цэвэрлэх байгууламж нь паркийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг найдвартай эрчим хүч, дулаан, бохир усны зохистой менежментээр хангах үндсэн инженерийн дэд бүтцийн нэг хэсэг юм. Цэвэрлэх байгууламжийг байгуулснаар үйлдвэрлэлийн бохир усыг технологийн дагуу цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. Цахилгаан станц ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрчим хүчний найдвартай байдлыг бүрэн хангана.

6ab0f0160e1ea02d0ac5171a

Нийслэлийн зүгээс тус паркийн хөгжлийг эрчимжүүлж, шаардлагатай инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар шийдвэрлэх, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва онцлов. Бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг ханган, төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал гэлээ.

6ab0f03a0e1ea02d0ac5171b

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлснээр үйлдвэрлэлийн төвлөрлийг зохистой байршилд шилжүүлэх, хотын төвийн газар ашиглалтыг сайжруулах, одоо байгаа үйлдвэрийн бүсүүдийн бохирдсон хөрсийг нөхөн сэргээх, дахин төлөвлөлт хийх боломж бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, тээврийн ачааллыг бууруулах, хотын хэт төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулна. 

Харгиа орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар Эмээлтэд төвлөрүүлснээр Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ.

6ab0f04b0e1ea02d0ac5171c

6ab0f0500e1ea02d0ac5171d

6ab0f1200e1ea02d0ac5171e

6ab0f1280e1ea02d0ac5171f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.