Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг "Эс энд Пи" агентлаг зарлалаа
Эс энд Пи /S&P/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа 2026.10.08-ны өдөр мэдэгдлээ.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгалахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд:
• Оюу Толгойн (ОТ) 2 дугаар үе шатны зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-руу хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэхийн зэрэгцээ уул уурхайн экспортын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих хүлээлттэй байна гэж дүгнэжээ. Энэ хүрээнд, гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан харьцаа буурах хандлагатай байна. Уг харьцаа 2020 онд 184 хувьтай байсан бол 2026 онд 58 хувьд хүрнэ гэж үзсэн байна.
• Ирэх 2–3 жилийн хугацаанд эдийн засгийн бодит өсөлт ижил түвшний дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад илүү өндөр байх төлөвтэй байна.
• Эс энд Пи агентлагаас Засгийн газрын цэвэр өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 2025 оны байдлаар 29 хувьтай байгаа бөгөөд дунд хугацаанд 25 хувьтай тэнцэх төлөвтэй буюу зохистой түвшинд байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын өрийг эргэн төлөх чадвар харьцангуй сайн байгаа нь төсвийн орлогын суурь тогтвортой ба өрийн үйлчилгээний зардал бага байгаатай холбоотой гэж үзсэн байна. Тухайлбал, Засгийн газрын хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ нь сүүлийн арван жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурсан ба дунд хугацаанд 5 хувиас доогуур түвшинд хадгалагдахаар байна.
• Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг ДНБ-ий 2%-иас хэтрүүлэхгүй байх замаар төсвийн сахилга батыг хангана. Засгийн газар урт хугацаанд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэх төсвийн орлогын савлагааг багасгаж, төсвийн тогтворжуулалтын сан болон баялгийн санд хуримтлал үүсгэх арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд сангуудын хуримтлалыг оруулбал нэгдсэн төсвийн тэнцэл 2026 онд ДНБ-ий 2.0%, 2027 онд 1.6%-ийн ашигтай гарах төлөвтэй байна.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар 2026 онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлагийн үнэлгээнүүд дараах байдлаар гарлаа. Фитч (Fitch Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 08 дугаар сарын 19-нд “B+, Тогтвортой” бол, Мүүдис (Moody’s Investors Service) агентлаг 10 дугаар сарын 05-ны өдөр “B1, Тогтвортой” төлөвт тус тус хадгалсан байна. Мөн Эс энд Пи (S&P Global Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-, Тогтвортой” хэвээр хадгалсан явдал нь гадаад нөхцөл байдал таамаглашгүй энэ үед олон улсын Монгол улсад үзүүлж буй итгэлцэлд онцгой нөлөөтэй юм.
Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.