М.Дамдин: Эмээ маань “Миний хүү хайр хүнд хоол авчирдаггүй юм, боловсролтой байж хоолтой байна шүү” гэж захисан
Хүний амьдралд замыг нь зааж, зоригийг нь хурцалж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь хүч өгдөг үгс гэж бий. М.Дамдины хувьд тэр үгсийг эмээ нь хэлж өгчээ.
Дундговь аймгийн Өлзийт суманд өсөж, тавдугаар ангиасаа мөрдөстэй албанд зүтгэхийг мөрөөдсөн тэрбээр ОХУ-д таваж жил суралцаж, Онцгой байдлын салбарт ажиллах хүсэлдээ хүрсэн нэгэн. Өдгөө Өмнөговь аймагт дэслэгч цолтойгоор ажлын гараагаа үргэлжлүүлж буй М.Дамдин зөвхөн өөрийн мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй, гэр бүлийнхийхээ итгэл найдварыг дааж, ирээдүйн аврагч, гал сөнөөгчдөд үлгэр дуурайлал болохыг зорьж явна.
Түүний амьдралын түүхэнд эмээгийнх нь сургаал, гэр бүлийн хайр, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөсөн он жилүүд бий. Мөн олон хүний төсөөлдөг шиг зөвхөн гал түймэр унтраах бус, гамшгаас урьдчилан сэргийлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах хариуцлагатай албаны бодит дүр төрх ч бий.
Сошиал орчинд өдөр тутмын амьдрал, алба хаагчдын ажил үүрэг, өөрийн туулсан замналаа хуваалцдаг М.Дамдин анх бичлэгүүдээ эмээдээ харуулахын тулд хийдэг байжээ. Харин өнөөдөр түүний контент ирээдүйн алба хаагчдад урам зориг өгөхөөс гадна олон нийтэд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг ойлгуулах нэгэн гүүр болж байна.
Ингээд мөрөөдөлдөө хүрэхийн тулд юуг туулсан, эмээгийнхээ захиасыг хэрхэн сэтгэлдээ тээж явдаг, залуустаа юу захихыг хүсдэг тухай залуу дэслэгч М.Дамдинтай ярилцсанаа хүргэе.

-ОХУ-д Онцгой байдлын чиглэлээр 5 жил суралцаад ирсэн таны түүх энэ ажлын нэр хүндийг өргөн залуусын сонирхлыг татаж байна. Хэрхэн энэ салбартай холбогдох болов?
- Би ОХУ-д таван жил Онцгой байдлын чиглэлээр суралцаад Монгол Улсдаа Өмнөговь аймагт Онцгой байдлын чиглэлээр ажиллаж байна. Би Дундговь аймгийн Өлзийт сумынх. Бага насаа Дундговь аймагтаа өнгөрүүлсэн, эмээгийнхээ гар дээр өссөн хүүхэд л дээ. Аав ээж хоёр маань хөдөө малчин хүмүүс байдаг. Багш нар маань мэднэ дээ, арван жилд байхын хөдөлгөөнтэй, нийгмийн оролцоо сайтай хүүхэд байсан. Тавдугаар ангиасаа эхэлж Өсвөрийн цагдаа, Скаут бүлгэмд явж өөрийгөө хөгжүүлдэг байлаа. Биеийн тамирын багш, дасгалжуулагч болно гээд сургуулиа төгсөхдөө тамирын шалгалт өгч МУИС-ийн Багш дасгалжуулагчийн ангид 1 семестр сурч байтал манай хүргэн ах яриад Онцгойгийн сургуульд сурах уу, ийм ахлагчийн сургууль байна гэж санал болгосон юм. Хүргэн ахыгаа аавын дайтай хүндэлж явдаг юм. Тийм учраас “аавынхаа” зөвлөгөөг дагаж Онцгойгийн сургуульд орсон.

- Өөрийнхөө мэргэжлийн талаар та нарийн тайлбарлаж өгөөч? Хүмүүс ер нь гал унтраах л гэж ойлгоод байдаг тал бий шүү дээ.
-Манай Онцгой байдлын байгууллагыг хүмүүс заавал гал түймэр гарсны дараа хэрэгтэй гэж боддог. Энэ буруу ойлголт. Гал түймэр, үер, ган зуд битгий болоосой гэж урьдчилан сэргийлэх үүднээсээ түлхүү ажиллахыг хичээдэг. Малын гоц халдварт өвчин гэх мэт зүйлээс хамгаалахыг тулд маш их заавар зөвлөгөө өгсний үр дүнд гал түймэр, гамшиг арай бага тохиолддог. Ер нь ахлагчийн сургуульд сураад аврагч, гал сөнөөгч гэдэг мэргэжлийг эзэмшээд Онцгойд орохоор 60-70 хувь нь ахлагчийн бүрэлдэхүүн байдаг. Сургуульд 2018 онд ороод 3 жил ажиллахад гал, ус, гамшиг, үер гэх мэт хүнд нөхцөлийг практик дээр туулсан. Одоо болохоор бичиг цаас тал руугаа ч юм уу, хүн удирдах бүлгэм дээр салаан дарга, захирагч гэсэн албан тушаал дээр томилогдоод л ажиллана даа.

- Сургуулиа төгсөхөд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Диплом авч, энгэрийн тэмдгээ авах мөч бол гэр бүлийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхээс гадна өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн сайхан мөч байсан. Бас эмээгийнхээ хүслийг биелүүлсэн нь бөглөрсөн зүйл онгойсон юм шиг мэдрэмж төрүүлж байлаа. Хүн нэг хүссэн зүйлээ хийчихээр гоё болдог доо. Одоогийн байдлаар дөнгөж ажилдаа шамдаад ажлын гараагаа эхэлчихээд л байж байна даа.

- Олон нийтийн сүлжээнд яагаад бичлэг хийх болсон бэ?
-Хамгийн анх эмээдээ харуулах гэж бичлэгүүдээ хийдэг байсан юм. Эмээ 70 гарчихсан хүн байгаа. Эмээгийн хүүхэд болохоор, бас цэргийн сургууль учраас эмээтэйгээ өдөр болгон утсаар яриад байж чадахгүй. Тийм учраас эргэн тойрон, хичээлийн үйл явц, өдөр тутмын амьдралаа эмээдээ л зориулж хийсэн дээ. Дундаас нь харин ирээдүйд Онцгой байдлын чиглэлээр сурах гэж байгаа дүү нартаа зориулж заавар зөвлөмж өгч эхэлсэн. Ингээд контентоо түлхүү ард иргэддээ бас зориулдаг болсон. Онцгой байдлынхан яаж ажилладаг талаар болон урьдчилан сэргийлэх мэдээллүүд хүргэдэг.

- Өөрийг чинь хамгийн их таниулсан бичлэг гэвэл алийг нь онцлох вэ?
-Москвагийн Улаан тайлбай дээрх бичлэг их олон хүнд хүрсэн. Гэр бүлийнхэн маань бөөндөө миний баяр дээр ирсэн үе л дээ. Тэр л хамгийн их хандалт авсан. Угаасаа тэгээсэй ч гэж хүсэж байсан. Яагаад гэвэл дүү нартаа үлгэр дуурайл болохыг зорьсон. Тэд ч гэсэн сургуулиа төгсөөд гэр бүлийнхээ ачийг хариулах хүн байх юм бол над шиг баяраа тэгж хуваалцаасай гэж хэлэхийг хүссэн.


- Сөрөг коммент хэр их ирж байна вэ?
-Хааяа авна аа. Авах гээхийн ухаанаар хандана. Би архи тамхи хэрэглэдэггүй. Тийм зүйлсийг контент бичлэгтээ сурталчлаад байдаггүй. Хар бараан зүйл оруулаад байхыг хүсдэггүй. Амьдрал дээр юу туулж байна, юу хийж байгаагаа хүмүүст харуулахыг хүсдэг. Хааяа эвгүй чатууд ирдэг л дээ. “Чи юм бичээд байхад яагаад хариу өгөхгүй байгаа юм, чамайг дэмждэг болохоор бичээд байгаа юм биш үү” гэхчлэн.

- Найз охинтой юу?
-Одоохондоо бол ганц бие. Найз охин, краш байхгүй. Эхнээс нь ажлаа мэдээд 2-3 жил ажилласны дараа эхнэртэй болно гэж боддог.

- Эмээгийн хүүхэд юм чинь анх Орос явахад яаж хүлээж авсан бэ?
-Намайг яв гээд л явуулчихсан /инээв/. Тухайн үед би явна, явахгүй дээрээ тулж байсан л даа. Манай эмээ сурчихаад ир гэхэд би явахгүй гээд. Ар гэрийн асуудлаа бодоод явахгүй байх бодолтой байсан. Тэр үед эмээгийн хэлсэн үг байдаг, Москва руу сургуульдаа явах болоод машиндаа суутал “За миний хүү хайр хүнд хоол авчирдаггүй юм аа, боловсролтой байж миний хүү хоолтой байна шүү” гэж хэлсэн. Тэгээд л тэрнээс хойш ар гэрийнхээ асуудлыг мартаад сургуульдаа сурсан даа.

- Хөдөө орон нутагт ажиллах хэр ачаалалтай байна?
-Өмнөговь ачаалалтай. Хөдөө ажиллахын давуу тал түгжрэл, стресс, уур бухимдал байхгүй. Бас хамт олны уур амьсгал гоё санагдаж байгаа. Би өнгөрсөн оны 9 сараас ажиллаж байна. Хамт олны уур амьсгал nice. Дөнгөж ажлын байран дээр гарч байгаа учраас ах эгч нар, алба хаагчид надад тусалж дэмжиж байгаа.

-Таны хувьд оюутан ахуйдаа хүний нутагт ажил хийх боломж олдож байсан уу?
-Би чинь хөгшин оюутан болсон. 10 жилээ төгсөнгүүтээ ахлагчийн сургуульд ороод ажлын байран дээр гараад 22-той Орос руу явсан. Манай сургууль Казармд. Орой үдэш гаргаж оруулахгүй шүү дээ. 2017-2018 онд Монголын сагсан бөмбөгийн холбоонд шүүгч хийдэг байсан юм. Сагс тоглодог болохоор түүнийхээ буянаар сургуулийнхаа шигшээд багтсан. Хичээлийн зургаан өдөртэй. Хагас сайн өдрөө сагсны тэмцээнтэй байдаг байсан. Хагас сайн өдөр л тоглоод дуусдаг. Тэгээд Орос сургуулийнхаа тэмцээн дээр Монголд шүүгч хийдэг байснаа хэлээд энд шүүж болох уу гэээд сургалтад хамрагдаад лиг дээрээ тоглохоос гадна шүүгч хийсэн. Бусдаар манай Онцгой байдлын чиглэлээр сурч байгаа хүүхдүүдэд ажил хийх ямар ч боломж байдаггүй.
-Дүү нартаа үлгэр жишээч ах шиг санагдлаа. Адил мэргэжилтэй болох гэж байгаа дүү нартаа, сурч байгаа хүүхдүүдэд юу гэж захих вэ?
-Өөрийнхөө хүсэл зорилгыг дагаасай л гэж бодож байна. Би 5-р ангиасаа мөрдөстэй албыг мөрөөдөж, 10 жилийн өмнөөс зорьж, 5 жилийн өмнө тэр зорилгодоо хүрч, сарын өмнөөс дэслэгч цолыг аваад ажил мэргэжил дээр гараад байж байна. Тэгэхээр дүү нартаа өөртөө зорилго тавиасай гэж захимаар байна. Жаахан хор шартай үзэх хэрэгтэй. Энэ албанд ер нь сэтгэлтэй хүмүүс л ажиллана. Яагаад гэвэл цаг наргүй, гомдоллох эрх байхгүй, мөнчгөрөөрөө гэдэг шиг ажиллана даа. Зорилгоо том тавиад хичээгээрэй. Бусад хүмүүс хэлдэг шүү дээ. Оюутан байхдаа гарч орж зугаац, оюутан байхдаа юм үз гэж хэлдэг. Надад бол тийм цаг бараг л байгаагүй. Түрүүн хэлсэнчлэн 10 жилээ төгсөөд 4 сар сурч ажлын байран дээр гарсан болохоор чөлөөт цаг, найзуудтайгаа ийш тийшээ явах цаг гараагүй. Ажил дээр гарахаар бүх зүйл хурдан өнгөрдөг. Жилд 21 хоног амардаг. Амралтаараа найзуудтайгаа аялдаг байсан. Ерөнхийдөө 2018-2021 он хүртэл гурван жил аврагч, гал сөнөөгчийн мэргэжлээр ажиллаж байгаад Орос явсан.

- Таны хувьд өөрөө маш тайван хүн бололтой?
-Багадаа түргэн ууртай хүүхэд байсан. Сүүлд бодоход манай аав л тийм юм байна даа, бухимддаг юм байна гэж боддог байсан. Сүүлдээ 10 жилээ төгсөөд амьдрал үзсэн чинь ээж шигээ хүн болсон. Манай ээж дөлгөөхөн, намбалаг, тайван хүн. Тэгээд л ээжийнхээ дөлгөөхөн занг суулгаад авчихсан. Ер нь эмээ өвөө дээрээ өссөн хүмүүс базууртай өсчихдөг. Яагаад ч юм тэ /инээв/. Хэзээ ч би эмээгийнхээ өөдөөс уурлаж, муухай харж, муухай үг хэлж үзээгүй. Манай Ууганбаяр генералын хэлсэн үг байдаг. “Гэрийн хүмүүжлийг давах хүмүүжил энэ дэлхийд байхгүй” гэж. Гэрийн хүмүүжлээрээ л явж байна даа.

Танд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.