Х.Нямбаатар Канад руу, түүний фракц СХД-ээс “явав”: “Шүхрээр” буугсад биш, аж ахуйн кадрууд Д.Ундармаа, Д.Идэрзаяа

Х.Нямбаатар Канад руу, түүний фракц СХД-ээс “явав”: “Шүхрээр” буугсад биш, аж ахуйн кадрууд Д.Ундармаа, Д.Идэрзаяа

Улаанбаатарын улс төрийн хамгийн том "цайз" нуран уналаа Олон жил Сонгинохайрхан дүүргийг өөрийн халаасны бүс хэмээн засаглаж, хотын эрх мэдлийг гартаа атгаж байсан Х.Нямбаатарын фракц СХД-ээс албан ёсоор "хөөгдөж" эхлэв. Авлигын дуулианд нэр холбогдож, Канад руу алсран одсон түүний эзгүйд Нийслэлийн шинэ удирдлагууд СХД-ийн намын хороонд нь даацтай бөгөөд ухаалаг цэвэрлэгээ хийлээ. Сүр дуулиантай, дээрээс шидэгдсэн "шүхрийн" улс төрчид биш, хэвлэлээр олны танил болоогүй ч дүүргийнхээ шавхайтай хутгалдаж өссөн цэвэр аж ахуйн кадрууд болох Д.Ундармаа, Д.Идэрзаяа нар СХД-ийн тамгыг гартаа авлаа. Тэд хошноор хэлэхэд “онгон даам”-нууд. Ямартаа л сошиалд гялайх олон лайкгүй, Д.Идэрзаяагийн профайл нь түгжээтэй байх вэ дээ. Энэ бол зүгээр нэг томилгоо биш, Хотын давхар засаглалыг нурааж, СХД-ийг хуучин фракцын хамаарлаас бүрмөсөн ангижруулсан улс төрийн том эргэлт юм.

Даваа гаригийн сэлгээ: СХД-ийн шинэ удирдлагууд хэн нь хэн бэ?

2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр СХД-ийн ИТХ болон Засаг даргын түвшинд шилжилт нэгэн зэрэг хийгдэв.

Засаг даргаар Д.Ундармаа: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын захирамжаар өмнөх Засаг дарга Ц.Баттөрийг төсөл, хөтөлбөр хариуцсан удирдагчаар шилжүүлсэн нь улс төрийн практикаар "Хөлтэй нь үлдээж, гардуулах ажилгүй болгох" буюу албан тушаалаас нь эвтэйхэн зайлуулах тактик гэж хэлж болно. Товчхондоо, түүнийг дүүргийн удирдлага, улс төрийн гол эрх мэдлээс бүрмөсөн холдуулж, Хотын захиргааны хаа нэгтээ нөлөөгүй дарга болгон тусгаарлаж байна гэсэн үг. Түүний оронд Д.Ундармааг дүүргийн Засаг даргаар 100 хувийн саналаар дэмжин томиллоо.

Тэрбээр дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын орлогч зэрэг анхан болон дунд шатнаас бэлтгэгдсэн орон нутгийн кадр гэсэн даруухан CV-тэй, дээр нь СХД-ийн түүхэн дэх анхны эмэгтэй Засаг дарга.

b87b9c7ef3bc42ae8a08be6b0ec8ab62

ИТХ-ын даргаар Д.Идэрзаяа: Өмнөх ИТХ-ын дарга Б.Золбоо өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дараа СХД-ийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар Д.Идэрзаяаг шинэ даргаар сонголоо. Тэрбээр үүнээс өмнө дүүргийн өмчит “Хүнс хангамж” ОНӨААТҮГ-ын захирлын албыг хашиж байсан аж ахуйн менежер талын хүн. Нэг анхаарал татсан деталь нь, эдгээр томилгоон дээр ямар нэгэн өөр өрсөлдөгч гарч ирээгүй бөгөөд намын хорооны дотоод нэгдсэн дэмжлэг, тохиролцооны үндсэн дээр шууд сонгогджээ.

Экс дарга Б.Золбоогийн хувьд СХД-ийн ИТХ-ын даргын зөөлөн суудлаас яг хоёр жил 15 хоногийн дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч буулаа. Энэ нь намын даалгавраар бууж өгсөн зураглал. Тэрбээр дүүргийн ИТХ-ыг даргалж, орон нутгийн түвшинд сайн ажиллаж байсан залуу боловсон хүчин гэгддэг. Гэвч Х.Нямбаатарын фракцын нөлөөллийг СХД-ээс бүрмөсөн арчих Нийслэлийн МАН-ын удирдлагуудын том тохироо, шахалтаар суудлаа тавьж өгөхөөс өөр аргагүй болсон. Дотоод зөрчлийг гадагшлуулахгүйн тулд түүнийг "өөрийн хүсэлтээр" хэмээн эвтэйхэн чөлөөлжээ.

Тэрбээр ИТХ-ын даргын албан тушаалаа өгсөн ч СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх нь хэвээр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, намын дотоод шийдвэрийг дагаж улс төрийн соёл гаргасан тул дүүргийн хурлын танхимд жирийн төлөөлөгчийн хувиар сууж байна.

Намын удирдах шатны чиглэлийг эсэргүүцэлгүй дагаж, суудлаа шууд суллаж өгсөн учраас түүнийг зүгээр орхихгүй нь тодорхой. Түүнд Ц.Баттөрийн адил Хотын захиргааны харьяа аль нэг агентлаг, эсвэл нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт удирдах албан тушаал өгөх тохироо хийгдсэн байх магадлалтай.

210235431d2848a7a9258f894dd99e93

Давхар засаглал эцэс болж, Х.Нямбаатарын нөлөө хумигдав

СХД-т өрнөсөн энэхүү өрсөлдөгчгүй томилгооны цаана Нийслэлийн МАН болон Хотын засаглалын түвшинд өрнөж буй эрх мэдлийн томоохон шилжилт гэж харж болно.

b3fbc47cdfae4c75bd40d1108fa08525

Фракцын сулрал: Өмнө нь Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар авлига, албан тушаалын хэрэгт холбогдон Канад руу явснаар хотын улс төрд түүний фракцын байр суурь эрс суларсан. Улмаар Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны тамгыг авахаар болж давхар засаглал эцэс болж байна. Энэхүү хүчний харьцааны өөрчлөлт Х.Нямбаатарын гол бааз гэгддэг байсан СХД-т шууд нөлөөлж, түүний хамаарлыг хумих сэлгээ хийгдэх суурь болжээ.

Хотын шинэ багийн байр суурь батжив: Шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва болон Ерөнхий сайд Н.Учрал нарын удирдлагын баг нийслэлийн дүүргүүдэд өөрсдийн бодлогыг саадгүй хэрэгжүүлэх бүтэц үүсгэхийг зорьж байгаа нь илт. Тиймээс хуучин бүтцийг өөрчлөх замаар Хотын захиргаатай шууд нэг цул бодлогоор ажиллах шинэ хүмүүсийг тавьсан байна.

 "Аж ахуйн кадрууд"-аар хийсэн тактикийн нүүдэл: СХД-ийн намын хороо нь дотооддоо нэлээд нягт, хүчтэй бүтэцтэй. Хэрэв тус дүүрэг рүү гаднаас өөр фракцын, олны танил том улс төрчийг шууд шүхрээр буулгасан бол намын анхан шатны гишүүд болон төлөөлөгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлж, дотоод зөрчил үүсэх эрсдэлтэй. Тиймээс Нийслэлийн МАН-ын шинэ удирдлагууд тактикийн хувьд ухаалаг нүүдэл хийж, дүүргийн ИТХ дотроос өмнө нь хэнтэй ч тэрсэлдсэн хэрүүл маргааны болон “токсик” түүхгүй, аж ахуйн ажилд дагнан гаршсан Д.Ундармаа, Д.Идэрзаяа нарыг сонгосон гэж дүгнэж болохоор.

Ингэснээр дүүргийн МАН-ын хороо өөрийн хүмүүсээ үлдээлээ гэж тайвширсан бол, Хотын шинэ удирдлагууд "Х.Нямбаатарын шууд нөлөөний хүмүүсийг зайлуулж, өөрсдийн удирдлагын багийг тогтоолоо" гэсэн харилцан ашигтай, урьдчилсан зураглал, тохироог хийж чадсан байна. Энэхүү томилгоо нь СХД-ийг улс төрийн том фракцын хамаарлаас ангид, цэвэр орон нутгийн аж ахуйн менежментийн горимд шилжүүлж буй хэрэг боллоо.

Б.Ундрал

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.