Гудамжнаас 30-ын бүлгийг “хатгаж”, 38-ийн бүлгийг “ажиглагч”
Г.Занданшатарын өмгөөлөгчийн АТГ-т шалгуулахаар өгсөн таван хүний нэг нь Д.Амарбаясгалан. Эхний удаад Д.Амарбаясгалан Г.Занданшатарыг “Уйдаад байгаа юм байлгүй” хэмээсэн. Хоёр дахь удаадаа хэвлэлээр сануулга дайв. “Улстөрийн дотоод тойргоос гарчихсан хүн. Буцаад тойрог дотор орохын тулд дотор нь байгаа улстөрчидтэй зууралдах замаар анхаарлын төвд байх сонирхлын нэг хэлбэр. Г.Занданшатар бол сүүлийн хоёр жил намаа хагалсан. Гадна, дотны байгууллагын захиалгаар ийм зүйл хийж байгаад ухсан нүхэндээ өөрөө унав аа гэж анхааруулмаар байна” хэмээсэн юм. Үүнээс,
● Нэгт, улстөрийн тойрог дотор хэн, гадна хэн байгаа юм. /МАН/
● Хоёрт, Г.Занданшатарын ухсан нүх нь юу вэ
● Гуравт, Гадна, дотнын ямар байгууллагын захиалгаар намаа хэрхэн хагалав?
Товчхондоо тойргоос гадна үлдсэн Г.Занданшатарын “ухсан нүх” юу вэ гэсэн асуулт гарна.
***
Юун түрүүн Г.Занданшатарын тухай хэдэн үг.
Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний гол дүрүүдийн нэг байлаа. Байлаа гэснийхээ учрыг хүүрнэе. 2024 онд УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон. Гэхдээ хоосон үлдээгээгүй. Ерөнхийлөгч гал тогоогоо бариулж, Гүйцэтгэх засаглалын тэргүүн болгосон. Энэ нь нэг талаараа түүнд өгсөн асар том дэмжлэг байв. Нөгөө талаар Ерөнхийлөгчөөс буучхаад намаа авах гэсэн төлөвлөгөөний нэг хэсэг нь болов. Харин Г.Занданшатар шатрын өргөөр бол дараагийн нүүдлээ хийсэн. Ерөнхий сайдын суудлаас Ерөнхийлөгчид горилох олон нийтийн ажлуудаа эхлүүлж “амбицласан”. Нэг талаар, энэ амбиц Ерөнхийлөгчийн дургүйг хүргэсэн байж болох. Ямартай ч 01-ийн дэмжлэггүй болсон. Нөгөө талаар, намын даргын ч, парламентын ч суудал байгаагүй буюу “давхар дээлгүй” тул бяр нь хүрэлгүй унасан. Уналтаасаа шууд “hoodie” өмсөөд залуучуудын дунд орж “энгийншиж” харагдав. Шатрын тэмцээнүүд хэсэж “ухаантай” имидж бүрдүүлэв. Ерөнхийлөгч болох “пи-ар”-аа ер зогсоогоогүй гэсэн үг. Энэ хүртэл горилогчдоос судалгаагаар хамгийн өндөр рейтингтэй хүнээр нэрлэгдсээр байлаа. Б.Булнай удганы асуудлаас өмнө гэдгийг дахин тодотгоё. Харамсалтай нь арын өрөөнийхөө удганаар Ерөнхийлөгч болох замаа засуулах нь битгий хэл хаалгаж орхисон билээ. Төрийн том үйл хэргийг удган суулгаж байгаад залж чиглүүлдэг байсан гэхээр олон нийтийн үнэлэмж ч үлэмж унасан. Тэр өөрөө ширээн дээрээс ойчсон “Баяраа” болж хувирчхаад буй юм.
Товчхондоо ийм. Түүний улстөрийн сүүлийн хоёр жилийн замнал олон нийтийн нүдэн дээр ил өрнөсөн.
30-ийн бүлгийг гаднаас нь хатгагч.
Улстөрийн тойрог дотор орох гээд тойрог доторх гишүүдээр оролдож тийчилж байгаа хүн нь Г.Занданшатар мөн үү гэвэл мөн болчхоод байна. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын Засгийн газрыг унагаах явцад МАН 30/38 болж хагарсан. 30-ийн тал нь 20 хүрэхгүй болчихсон гэдэг нь Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох үед тодорхой харагдсан. Хүчний харьцаа өдгөө 20/48 болсон гэдэг нь үнэнд илүү дөхнө. 20 дотроос С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарыг сугалж авч, АТГ-т өгчхөөд буй. Чингэхлээр Г.Занданшатар 30-ийн бүлэг дотор лав байхгүй.
38-ын бүлгийг гаднаас нь ажиглагч. Мөн 38-ын ч бүлэгт ч багтахааргүй болсон гэдэг нь өдөр ирэх тусам батлагдаж байна. Улс төрд олон нийтийн болон нам доторх дэмжлэг хоёр өөр хэмжүүртэй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд зөвхөн өөрийн рейтингээр зогсохгүй намын удирдлага, УИХ дахь бүлэглэлүүд, орон нутгийн бүтэц, санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг чухал. Тиймээс Г.Занданшатарын өмнө намын бодит улстөрийн дэмжлэг тулгарна. Албан тушаалгүй болчихсон тэрбээр гудамжнаас эсвэл намын байрнаас тэмцэл хийж байгаагаараа илхэн. Ерөнхийлөгч түүнд итгэл үзүүлж, “добра” өгч байгаад молиго үмхүүлсэн мэт болж хувирсан нь ч үнэн. 01-ийн дэмжлэггүй болсон ч, 01 болох мөрөөдлөө ер зогсоосонгүй галзуурал нь хэтрэх болов. Хангалттай дэмжлэггүйгээр зүтгэвэл нам доторх зөрчлийг улам хурцатгаж, нэр дэвших эрх авах боломжоо өөрөө хумиж ч мэдэх эрсдэлтэй.
***
МАН доторх эрх мэдлийн зөрчил намжаагүй хэлбэр Г.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын зөрчилдөөн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон шинэ сөргөлдөөнийг өдөөсөөр буй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам МАН доторх өрсөлдөөн албан тушаалын маргаанаас илүү том агуулгатай болж байна. Энэ бол зөвхөн хэн Ерөнхийлөгчид нэр дэвших тухай асуудал биш харин ирэх жилүүдэд намын бодлого, боловсон хүчний томилгоо, улс төрийн нөлөөллийг хэн тодорхойлох вэ гэдэг эрх мэдлийн тэмцэл юм. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудал нь фракцуудын нөлөө, ирээдүйн томилгоо, улс төрийн хариуцлагын асуудалтай холбогдвол одоогийн зөрчил дараагийн шатанд шилжиж мэднэ. Үүний улмаас намын эв нэгдэл суларч, сөрөг хүчинд улс төрийн боломж нээгдэнэ. Намын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Учралын хувьд намын эв нэгдлийг хадгалах, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, ирэх сонгуулийн нэр дэвшигчийн асуудлыг зохицуулах гэсэн гурван сорилт давхцаж байна.
П.БААТАР
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.