Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Шогийн мэдрэмж ба харизм
"Цэнхэр оймстууд" архив
2015 оны 6 дугаар сар
Шогийн мэдрэмж бол оюуны дээд хэлбэр гэж би хувьдаа үздэг. Шогийн мэдрэмжтэй байна гэдэг тун ч боловсронгуй индивидээс гарах характер гэх үү дээ. Сэтгүүлчийн хувиар олон эрхэм хүмүүстэй ярилцлагын ширээний ард сууж, яриа өрнүүлж байснаас хамгийн алиа, шогийн мэдрэмжтэй нь Мөөе аварга байсан санагдана. Энэ удаад хоёр дахь алиа ярилцагчтай таарсан нь эрхэм гишүүн Х.Баттулга. Олноо Женкогийн хэмээн алдаршсан энэ ноёнтон бизнесээс улс төрд хөл тавьсан цөөн түшээдийн нэг төдийгүй шинэ Монголын анхны хөрөнгөтнүүдийн нэг. Тэгэхдээ тэр төсөл, тендерээс төрөөгүй, чухамдаа төрөлх авьяас, бор зүрхээрээ бизнес ажил хэргийн ертөнцөд амжилт гаргаж, баялаг бүтээсэн нэгэн гэдгээрээ бусдаас илүүрхэх эрхтэй.
Зураач мэргэжилтэй, дунд боловсролтой, спортсмен, тэгэх тэгэхдээ Дэлхийн аварга, Дэлхийн цомоос хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан Гавьяат тамирчин, ерэн оны бужигнаан дунд ганзага үүрч, гахай зөөж явсан Алтан үеийн наймаачин, анхны аж ахуйн нэгжийн нэг “Женко” компанийг үүсгэн байгуулагч, хожмоо улс төрд орж, амжилттай, ард түмний хайртай төрийн түшээ болсон, өдгөө улс төрчийн хувьд мөчлөгийн үеэ туулж буй, хоёр ч яам толгойлж, сүүлд өөрийн саналаар Засгаас гарсан гээд товчхондоо тун ч сонирхолтой фигур. Бас тэр бүр хэвлэлд ам нээдэггүй, олон нийтийн арга хэмжээнд үзэгдэж харагддаггүй. Гэр бүлийн статусын тухайд ч сонирхолтой, анхны гэргийгээс дөрвөн хүүхэдтэй, сүүлийн гэргийгээсээ дөрвөн хүүтэй, гэхдээ хэзээ ч олны өмнө гаргадаггүй. Бизнесийн эхэн үеийн түүх намтар арвинтай, олон ч зүйл дээр анхдагчийн шан татаж байсан. Иймд түүнээс асуух асуулт их байсан. Тиймдээ ч уртаас урт ярилцлага болсон. Гэхдээ хувь хүн нь сонирхолтой, ярих аяс нь хошин учраас эрхэм таныг тэгтэл залхаахгүй гэдэгт итгэж байна.
-Залуу Х.Баттулга хар шилнээс салдаггүй байсан гэдэг. Танд хэдэн нарны шил байдаг вэ?
-Шил мил байхгүй ээ, одоо /инээв/. Тэр үе чинь өөр л дөө бас. Бизнес хийдэг учраас аль болох хүнээс далд байх шаардлагатай гэх юм уу. Эсвэл тэр үеийн моод ч байсан юм уу, хаашаа юм. Гэтэл одоо ч гэсэн хүмүүс хар шил зүүгээд байдаг. Сая цементийн үйлдвэрийн нээлтэн дээр Н.Багабанди гуай бол ёстой аймаар том хар шил зүүж ирсэн /инээгээд/. Ярилцлага өгөөд л байна лээ ш дээ, хар шилтэйгээ.
-Бизнесийнхэнд яагаад олноос нуугдах шаардлага байдаг юм бол?
-Тэр үед жаахан хэл аманд ороод, бас л их бичигддэг байлаа ш дээ, шар сонингуудаар.
-Одоо ч гэсэн бичигдсэн хэвээрээ байгаа биз дээ?
-Харин тийн, одоо тэгээд бичээд л байх юм байна ш дээ.
-Нэг л өдөр таны тухай ямар ч хэвлэл сонирхож бичихээ больчихвол танд хэцүү санагдах байх, тийм үү?
-Мэдэхгүй, тэгнэ биз.
-Хэвлэл, олон нийт таныг тэгтлээ сонирхож, сониучирхсаар ирсэн нь танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Одоо бол өөр л дөө. Энэ улсыг хөгжүүлчих юмсан гээд миний яриад байгааг хүмүүс ойлгоосой гэхдээ хэвлэл мэдээлэлд гарах сонирхолтой байгаад байна. Өнөөдөр бид баян орны тоонд орж байх ёстой. Тэгтэл болдоггүй. Сүүлийн хориод жил улс төрд явсан сайд, гишүүдийн л амьдрал сайжирлаа ш дээ. Гэсэн утгаар нь л яриад байгаа юм.
-Хар шил, хойш нь мөлчийтөл самнасан гялгар үс бүхий имижтэй бизнесмэн Х.Баттулга улс төрд орж ирснээр шилээ тайлж, үсээ энгийн болгосноор өөр имижээр төсөөлөгдөх болжээ. Улс төрийн он жилүүд Х.Баттулга гэж хүнийг ямраар бас хэр их өөрчилсөн бэ?
-Эхний дөрвөн жил дээд ангийнхнаа лаг улс төрчид гэж бодоод байсан байхгүй юу. Тэгсэн чинь бас тийм биш юм байна. Хөгжлийн бодлого, хар хайрцаг байдаггүй юм байна. Хөгжлийн бодлогогүй улс яаж хөгжих вэ дээ гэсэн ойлголт авсан л даа. Яамны сайд болоод, бодлогоо гаргаад, ингэж замуудаа тавих юм байна, гүүрүүдийг тэгж тавих юм байна, төмөр замынхаа бодлогыг ингэж гаргавал зөв юм байна гэх мэт бодлогын ажлууд хийсэн. Хандлага өөр болоод явчихаж байгаа юм.
-Ингэхэд та улс төрд хэдэн жил хүчин зүтгэж байна вэ?
-Гурван сонгуулийн нүүр үзчихлээ.
-Залхаж няцах үе байх юм уу?
-Буруу яваад байхаар залхах битгий хэл уур хүрээд байна. Ийм амархан юмыг яагаад ингэж хэцүү болгож хийдэг юм бол гэж бодохоос уур хүрэх юм.
-Буруутан нь хэн юм?
-Мэдэхгүй, бид нар байх л даа.
-Та тэгвэл гэмээ мэдээд гэмшиж байна. Яриад суухын оронд хийчихэж болохгүй байгаа юм уу?
-Цөөнх болоод байна шдээ.
-Юу? Танай нам чинь цөөнх биш ш дээ?
-Намдаа биш л дээ. Дотроо ... Их хурал дотор цөөнх болчихож байгаа байхгүй юу. Үзэл бодлын гэх юмуу даа. Ер нь л улс төрчид адилхан болчихоод байна. Сонгуулийн өмнө амладаг, дараа нь мартдаг. Одоо арай өөр, бүтээлч шийдвэр гаргадаг Их хурал хэрэгтэй юм шиг санагдаад байгаа.
-Та бол сул гишүүн. Магадгүй, Ерөнхий сайдын зангарагт хүрч байж өөрийнхөө бодлого, хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломжтой байх?
-Ер нь тэгдэг юм байна. Саяхныг хүртэл Ерөнхий сайд болохгүй, ард нь юмыг нь зохицуулна энэ тэр гээд яваад байсан чинь ямар нэгэн эрх мэдэлд хүрч байж, олонх болж байж хийдэг юм байна гэсэн бодол бол одоо орж ирж байна.
-Тэгээд яагаад сайдынхаа суудлыг өгчихсөн юм бэ?
-Тэр үед Хөдөө аж ахуйн бодлого, аж үйлдвэрийн бодлого бүгдийг нь Засгийн газраар дэмжээгүй юм. Малаа яах юм, малчнаа яах юм, хоршоогоо яах юм, биржээ яах юм, аж үйлдвэрээ яах юм. Бүгдийг нь цогцоор нь судлаад, бодлого боловсруулаад, төлөвлөгөө гаргаад цаасан дээр буулгачихсан байсан юм. Одоо ч байна. Тэр чинь маш олон хүний хөдөлмөр шүү дээ. Яг танай сэтгүүлтэй адилхан олон хүний хөдөлмөрөөр бүтдэг. Бүхэл бүтэн команд ажилласан. Тэрийг Засгийн газар дээрээ ойлгуулж чадаагүй.
-Тэгээд л гомдож тунирхсан хэрэг үү?
-Биш ээ. Нэгэнт тэнд миний бодож, төлөвлөсөн ажлууд явахгүй бол би засагт суугаад байх утгагүй болчихож байгаа юм. Тийм биз дээ? Сайд гээд байдаг, гэтэл ажил нь явдаггүй.
-Таныг дэмжээгүй шалтгаан нь юу байсан гэж та боддог вэ?
-Одооны улс төрчдийн арга барилаас өөр байсан юм болов уу. Энэ хүн ийм юм хийх гээд байна, энийг нь дэмжчихвэл нэр хүнд нь өсчихнө ч гэдэг юмуу, тийм ээ. Тийм л бодол байдаг юм болов уу гэж би ойлгосон. Тийм ч юм шиг байна лээ. Тэгээд өөрсдөө юу ч хийхгүй. Нөгөө төслүүдийг хийх гэхээр Баттулгаар овоглогдох гээд байдаг.
Өнөөдөр бид хөдөөгөө хөгжүүлэхгүй бол хотод хэдэн байшин бариад, байшин нь хөгжиж байна гэж бодоод хөдөөний хүмүүс хот руу ирээд байна. Хөдөө эзэнгүй болно. Эзэнгүй болохоор Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал яригдана. Хөдөө гэдэг маань мал, малчин хоёр. Малчин хүн малаа маллаж байна. Малчин хүнд юу хэрэгтэйв, идэх юм хэрэгтэй. Малаас гаралтай түүхий эдээ тогтмол худалдаад, эргэлтэнд оруулах хэрэгтэй. Тэгвэл тэр малчин орлоготой болно. Малчдыг орон сууцжуулъя, ахуйг нь өөрчилье гэсэн. Тэр нь “Шинэ сум” гэдэг төсөл.
-Таны улс төрийн дараагийн алхам, төлөвлөгөө юу байна?
-Бүх төлөвлөгөө гарчихсан. Бидний боловсруулж, бэлтгэсэн бүх төслүүд хийгдэхэд л Монгол улс ойрын 15-20 жил хөгжчих төслүүдийг би хоёр яамны сайд байх үедээ мэргэжилтнүүдтэй суугаад гаргачихсан. Тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө явна даа.
-Таны ярианаас Х.Баттулга гэж хүн өнөөгийн их хурлын 76 гишүүнээс их өөр фигур учраас, илүү дэвшилтэт сэтгэлгээтэй, илүү бүтээлч, хөдөлмөрч учраас тойргийн гадна шахагдаад, ганцаардаад, баггүй болчихож гэсэн бодол шууд төрж байна? Би зөв анзаарч уу?
-Ганцаардах биш л дээ. Баг байгаа, гэхдээ цөөнх болоод байгаа байхгүй юу. Ажлууд явахгүй байна гэдэг чинь дэмжлэг бага авч байна гэсэн үг. Ганцаараа биш, дэмждэг хүмүүс, баг бий. Цөөдөөд байна. Цөөнх байна гэдэг нь дандаа хардалт дагана. Баттулгын бизнес гэдэг ч юмуу. Бизнесийн салбараас ороод ирчихсэн болохоор иймэрхүү л юм байдаг юм шиг байна лээ. Тэгээд та нарын санаачилсан юм байна уу гэхээр байдаггүй.
-Уг нь та улс төрд маш эрчтэй гарч ирж тун амжилттай дүр төрх бүтээж, олонд хайрлагдсан фигур болж чадсан. Таныг ерөнхий сайд, ерөнхийлөгч болох зангарагтай гэж харах хүн ч цөөнгүй байдаг. Гэхдээ сүүлийн үед нэр хүнд, имиж чинь тийм ч сайнгүй болсныг анзаарч байгаа юу? Магад энэ бизнесийн мөчлөг гэдэг шиг нэр алдар, амжилтын мөчлөг юм болов уу эсвэл цаг үеийн нөхцөл байдал уу?
-Нэр төртэй байх эсэх нь миний байж байгаа царайнаас болно. Улс төрийн тухайд нэгэнт яамны сайд боллоо, сайд шиг ажлаа хийгээд буух юмсан гэсэн бодол байсан. Би мэргэжлийн хүн биш учраас мэргэжлийн баг ажиллуулсан. Эхлээд Зам тээвэр, хот байгуулалтын сайд болсон. Асар олон ажил байсан. Бид 2008 онд авто замыг хэрхэн хөгжүүлж, сайжруулах вэ гээд бүх төлөвлөгөөг нь гаргачихсан юм (зураг үзүүлэв.сурв.). Газар нутаг, уул ус хөдлөөд байхгүй. Энд 2020 он хүртэлх төлөвлөгөө гарчихсан байгаа. Төмөр замын бодлого энд байна /үзүүлэв/. Баруун, зүүн аймаг, говьд байгаа баялгуудыг төмөр замаар ачуулаад Сайншандад боловсруулна, тэгээд далай руу гаргана. Далайд гарцтай болж байж дэлхийн жишигт нийцхүйц үнэ тогтоно. Далай гэдэг нь Зүүн Ази. Зүүн Ази бол тэртэй тэргүй дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв цэг. Дараа нь Үйлдвэр Хөдөө аж ахуйн яаманд очлоо. Тэнд очоод хөдөөг хөгжүүлэх цогц бодлого боловсруулсан. Фермер, газар тариалан, хүлэмж, малын бирж. Хятадтай ямар нэг асуудал үүсэхэд бидэнд хүнсний асуудал үүсдэг. Тэгвэл эх орондоо хийж, эндээсээ хүнсээ хангадаг болъё. Төсөл, хөтөлбөр зөндөө юм хийсэн л дээ. Олон хүний хөдөлмөр. Гэтэл Засаг дээр дэмжигдээгүй учраас засгаасаа гарсан. Тэгэхээр нэр хүндийн асуудал янз бүр болох байх л даа /инээв/.
Хүмүүс юм уншихгүй, тэгэхээр тэдэнд ойлгуулахын тулд ганцхан хуудсан дээр багтааж хийсэн нь ч бий /үзүүлэв/. Энийг задалвал ийм их цаас /үзүүлэв/ болж байгаа юм. Ерөнхийдөө нийт таван том 5 төсөл задраад 40 төсөл болдог. Чиний энэ өмсөж байгаа юмыг заавал Эрээнээс авах хэрэггүй байхгүй юу. Монголд хийж болно. Уул уурхай, дэд бүтэц, хөнгөн үйлдвэр, газар тариалан, хөдөө аж ахуй, энэ тавыг, дагаад боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх төсөл, хөтөлбөрүүд.
-Ам нээвэл уушги нээ гэгчээр Засгийн газарт яг таныг эсэргүүцдэг гол хүн хэн байсан юм?
-Түрүүлээд Их хуралд орчихсон, түрүүлээд сайд байсан, улс төрийг ерэн оноос хойш авч явсан хэсэг хүмүүс байгаад байна ш дээ. Эдний хийж ирсэн улс төрөөс ангид юм орж ирснээр тооцоолоогүй хүн орж ирээд тогтсон жаягийг нь эвдэж эхэлсэн учраас талууд нийлчихээд байх шиг байна. Үүн дээр нам харгалзахгүй, угаасаа хоёр том намын тухай яриа. Ийм л юм. Ерөөсөө ийм хурдан хөгжих гээд байх хэрэггүй гэдэг ч юмуу, юун гэнэн юм яриад байгаа юм гэнэ /инээв/. Би тэгж л ажигласан. Төмөр зам тавиулахгүй байна гэдэг чинь их сонин. Бид аль болгон шороо бужигнуулаад давхиад байх юм. Гэтэл газрын баялгаа гадагш нь зөөгөөд байдаг.
Энэ байхгүй юу /үзүүлэв/, хотыг, хөдөөг яах юм, ажилгүйдлийг яаж шийдэх юм, бүх төслүүд нь байна ш дээ. Чи эд нарыг сайн харах хэрэгтэй. Тэгж байж ярилцахгүй, хөндлөнгөөс яриад байвал энэ нэг хар шилтэй гар гээд/инээв/.
-Тань шиг Их хурлын гишүүн хүн би ийм болчихлоо, тэр ч тэглээ гээд шалтаг яриад, тунирхсан үг унагаад суухын оронд гарцыг олох ёстой?
-Тунирхах биш. Сайдаа өгдөг чинь гарцаа олсон хэрэг. Энэ хүн яагаад өгчихөв гэж хүмүүс сонирхоно шдээ. Хариулт нь тодорхой, ажлууд явахгүй байна. Ингээд өөрийн чинь асуугаад байгаа гарц руу аваачаагүй ч гэсэн дөхүүлсэн гэж боддог.
-Тэгвэл бодит ямар үр дүнд хүрэв?
-Ямар ч байсан Засгийн газрын тэргүүнээ сольсон. Юм ойлгодоггүй Засгийн газрын тэргүүнээр яах юм. Эдийн засгийг ямар хэмжээнд аваачив. Зөвхөн хамаатан саднаараа ажлын хүрээг хардаг хүн хэрэггүй.
-Тэгээд шинэ засагт яагаад ороогүй юм?
-Гарчихаад дараа нь дахиад засагт орж болохгүй л дээ. Засаг руу одоо эд нарыгаа явуулах талаар гишүүдтэй тулж ажиллаад явж байна.
-Хэр үр дүнтэй байна?
-Үр дүн эхнээсээ гараад эхэлж байна. Таван жил гацаасан гэр хорооллыг орон сууцжуулах төсөл,“Яармаг” хорооллын ажил эхэлсэн. Дээр нь зээлийн нөхцөл сайжрах юм бол цаашид Баянголын ам, 14-р хороо гээд гэр хорооллыг орон сууцжуулах тал руугаа түлхүү анхаарна. Майдар гээд шинэ хотыг Их хурлаар оруулахаар хэлэлцээд эхэлчихлээ. Иймэрхүү хөдөлгөөн, прогрессууд гараад эхэлсэн. Харамсалтай нь удаан байгаад байгаа. Хурдтай юм шийддэггүй. Ер нь их удаан, ухаантай царайлж ярьдаг нь улс төрчдийн имиж болчихоод байна. Би өөрчлөх гэж оролдож байна. Товчхон яриад, хурдтай хийх чухал.
-Ингээд улс төр ярихаар дуусахгүй сэдэв ундрах нь. Тавантолгойг бүр ч яримгүй санагдах юм. Гэхдээ байр сууриа товчхон хуваалцаач?
-Үндсэн хуулинд газрын доорх баялаг ард түмний өмч мөн гэсэн үг бий. Өөрөөр хэлбэл газрын доор байхдаа чи бид хоёрын өмч, газар дээр гараад ирэхээрээ өөр хүнийх болчихдог. Энийг юу гэх вэ, илбэ мөн үү?
-Мөн.
-Үзвэл үнс, харвал хальс болно гэдэг юм яриад байна л даа. Энэ цүнхэн дотор байгаа мөнгө чинийх, яагаад гэвэл энэ чиний цүнх учраас, цүнхнээс гарангуутаа минийх болчихдог. Хошин байгаа биз. Ашиглах нь зөв. Гэхдээ ард түмний өмч юм бол ард түмэнд нь ашигтайгаар ашигла. Үүнийг хийх гэж Их хуралд би чамаас сонгогдсон. Чамаас сонгогдчихоод цүнхэнд байгаа мөнгийг чинь хулгайлаад авчихаж байгаа юм. Чи, миний мөнгийг хулгайлчихлаа гэхээр өөдөөс нь, бид нар сая ийм хууль гаргачихсан шдээ гээд цаас үзүүлдэг. Хуульчлан хулгайлах гэж энэ дээ. Тэгэхээр чи юу гэх вэ? Их хурал, Засгийн газар гэж лаг байгууллага байдаг юм байна даа гээд л болоо биз дээ. Нөгөө ходоодоороо сонгууль өгдөг хүмүүс чинь үүнийг олж харж, ойлгохгүй байна л даа. Хэрэв чи толгойгоороо сонгууль өгдөг болчихвол энэ миний өмч, яагаад чи хулгайлах гээд байгаа юм гэнэ биз дээ. Хөгжил гэдэг миний ойлголтоор тодорхой хэмжээгээр бүтээн байгуулалт хийж, ажилгүйдлийг үгүй болгох явдал. Миний өгсөн цаасыг уншсан уу?
-Амжаагүй л байна.
-Үндсэн хуулиндаа газрын доорх баялаг чи бид хоёрынх гэчихээд хууль гармагц өөр хүнийх болчихоод байгааг би ойлгохгүй байна. Өөрөө ойлгож байна уу?
-Үгүй?
-Тавантолгой яг л энэ байхгүй юу. Тавантолгойн нүүрс хүрэн нүүрс биш дэлхийд чанараараа гайхагдсан нүүрс. Гэхдээ энэ чинь лиценз гэдэг юмны эзэн суучихсан хүмүүсийн аав, ээжээс өвлөсөн юм биш байхгүй юу. Сү.Батболдын, Ж.Оджаргалын аав ээж нь өвлүүлж үлдээсэн юм биш. Хэдэн сая жилийн өмнө галав юүлэх үеэр тогтчихсон байгалийн тогтоц.
Энэ бол маш том хэмжээний, дээд түвшинд явж байгаа луйвар. Энд хоёр нам оролцсон. Эд нар энэ баялгийн мөнгөөр дараа дараагийнхаа сонгуульд ялалт байгуулаад яваад л байна. Оюутны 70 мянга, май, хүүхэд төрүүлсний тэдэн мянга, май, хүн болсны чинь тэдэн мянга гээд үргэлжлээд л яваад байна. Мөнгийг нь авсан хүмүүс сонгуульд саналаа өгдөг юм байгаа биз дээ. Сүүлдээ үхсэний мөнгө гэж өгөх вий дээ. Ходоод нь хоосон хүмүүс энэнд хууртаад л яваад байна. Одоо чи ч гэсэн хууртагдаад л яваад байгаа. Тэгээд эсэргүүцэж ярьсан хүнийг янз бүрээр гүтгэх гээд.
-Дээд түвшний луйвар гэж яг хэнийг хэлээд байгаа юм, та шулуухан хэлчихээч?
-Ерээд оноос хойш төр барьж ирсэн хоёр намын улс төрчид. Энэ бол нүүрсчдийн нам.
-Одоо жишээлбэл сая гэрээ үзэглэсэн Ч.Сайханбилэг, өмнө нь энэ асуудалд нэр нь маш ноцтойгоор холбогдсон С.Баярцогт, MCS групп, эд нар гэж ойлгож болох уу?
-Би одоо энд нэрсийг нь гаргаж өгч болохгүй. Би зөвхөн болоод буй процессыг ярьж байна. Энийг гаргадаг байгууллагууд бий, сэтгүүлзүй, АТГ, Тагнуулынхан. Эдний ажлыг би үнэ хөлсгүй хийгээд байж болохгүй. Би зөвхөн логиктой тайлбар хийх үүрэгтэй. Тэр тайлбар нь Монгол улсыг хөгжүүлэхгүй байгаа нь ерэн оноос хойш энэ хоёр намд суурилж, түрүүлж улс төрийн амтыг авсан хүмүүсийн бодлого, хүсэл зорилго. Энэн дээр мэдээж гадны гар хөлүүд, гадны зөвлөгөө явж байна.
-За тэгвэл таныхаар Тавантолгойг яах ёстой вэ?
-Хоёр дахь зэх зээл рүү гаргана. Зүүн Ази руу. Төмөр замаа барих ёстой. Тэгж байж хоёр зах зээлтэй болно. Тэгэхгүй нэг зах зээл рүү буюу мухар нүх рүү ороод байж болохгүй. Энийг би байнга ярьсаар ирсэн.
-Уг нь би таньтай аль болох л улс төр ярихгүй юмсан гэж хичээсэн. Гэхдээ АН-ын нөлөө бүхий гишүүн, хоёр ч яамны сайд, нөгөө талаар улс төрийн талбарт дуулиан шуугианы гол дүр байсаар ирсэн учраас яриа маань яаж ийгээд л улс төр лүү хазайчихаад байна. Та бол гялалзсан амжилттай бизнесээс улс төрд орж ирсэн түшээдийн нэг. Мэдээж сайн, давуу тал их бий. Харин сул, муу тал гэж байдаг болов уу?
-Сул талууд зөндөө бий. Энэ бизнес хийдэг юм чинь, ингэх гээд байна гэсэн хардлагууд төвөгтэй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж харах нь элбэг. Сайд бол ашигтай байдлыг харж явуулж болдог.
-Бизнес чинь одоо хэр байгаа вэ?
-Бизнес рүү ороогүй бараг 10-аад жил болж байна. Их хурал, Засагт орчихоод эргээд бизнесээ хийнэ гэж бараг байхгүй л дээ. Тэнд бизнесээ удирдаад явж байгаа улс дээр тэс хөндлөн хүн долоо хоног, сар, жилийн дараа орж ирээд шийдвэр гаргаж, бизнес хийнэ гэдэг үймүүлэхийн нэр.
-Гэхдээ л “Женко” групп таны овгоор, таны малгайн дор явж байгаа?
-Би хувьцаа эзэмшигч.
-“Женко” группийн бизнесийн хамгийн том хөрөнгө оруулагч, түншлэгч нь Сингапур улс гэдэг. Тийм үү?
-Уг нь “Женко” групп гэж байдаггүй юм ш дээ. Харин олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн “Женко” клуб гэж бий. Жүдо бөхийн клуб. Хамгийн зартай нь энэ клуб атал энэ талаар хэвлэлүүд ерөөсөө бичдэггүй /инээв/.
Сингапурын тухайд сонингоор л тэгж бичээд байдгаас одоо бол манай ямар ч бизнес партнер Сингапурт байхгүй. Миний бизнесийн гараа Сингагаас эхэлсэн нь үнэн. Тэр үед манайхан Хятад-Орос, Хятад-Унгарын хооронд ганзага хийж байсан. Югослав хүртэл явж байлаа. Дараа нь Сингапур-Хятад хоёрын хооронд бараа зөөгөөд дараа нь Сингапураас Монгол руу электрон бараа зөөсөн. Түншүүд байсан. Бизнесээ хамт эхэлсэн ч гэлээ сүүлд тус тусдаа гарч, салцгаасан.
-Билли гэж хэн бэ? Нэр нь таньтай холбогдож их яригддаг?
-Билли чинь анх монголчуудыг Сингад очиход угтаж аваад, буудалд буулгаад бизнес хийдэг байсан. Олон монголчууд мэднэ дээ, ялангуяа урлагийнхан их сайн мэднэ. DVD, CD-г нь их спонсорлож өгч байсан нөхөр. Олон ч монголчуудыг эмнэлэгт үзүүлж, эмчилсэн. Бид хоёр бизнес хийхээ болиод удаж байгаа. Нөхөрлөлийн хэмжээ, хамтарч бизнес хийх хоёр их өөр харьцаа л даа.
-Таны бизнесмэний, тодруулбал, 90-д оны ганзагачны намтар түүх тун арвин баялаг, адал явдлаар дүүрэн гэдэг. Тэр бол зөвхөн та биш монголчууд нийт даяараа ганзага үүрч, гахай дүүрсэн он жилүүд байсан. Тэдэн дундаас товойж гарч ирж, том бизнесмэн болсон нь таны мэтийн цөөн улс. Яагаад вэ? Яагаад бүгдээрээ амжилттай байж чадаагүй гэж та боддог вэ?
-Ганзага гэдэг бизнесийн гарааг Хятад, Орос, Монгол гурав л бараг эхлүүлсэн болов уу. Дараа нь Орос, Хятадын харилцаа сайжирсан, ганзага зогссон. Монголчууд хэрэггүй болсон гэсэн үг. Тэр үед хуримтлалаа буруу зүйлд л зарахгүй юу. Буруу бизнест орох, буруу юм худалдаж авах гээд бизнест шаталт их л дээ. Бидний хувьд хуримтлалаа үйлчилгээний салбар руу оруулчихсан юм. Үйлчилгээний салбар бэлэн мөнгө их цуглана. Дараа нь хувьцаа худалдаж авах гэх мэтээр шатлалаа ахиулаад байсан гэсэн үг.
-Таны хамгийн их ашиг олсон, өөрөөр хэлбэл ирээдүйн “Женко” группийн үндэс суурийг тавьсан наймаа чинь юу байсан бэ?
-Юм оёж зарж байсан үе. Бизнес хийхээсээ өмнө 16, 17, 18-тайдаа аягүй их юм оёдог байсан юм. Хорьтойдоо бараг л 13 мянган төгрөгтэй болчихсон байсан. Тэгэхэд хуучин “Лада” 5000-8000 төгрөгийн үнэтэй байсан гээд бод л доо. Хорин настайдаа хадгаламжиндаа тийм мөнгөтэй байсан гэсэн үг. Хорин настай хүүхэд ямар нэгэн байдлаар хулгай дээрэм хийхгүй, яг л хөдөлмөрөөрөө олно. Юм оёсон, зарсан. Тэр үе л их тийм хэцүү ч гэх юм уу үе байсан. Хүмүүс үсэг, шошготой, цоолбортой юм өмсөх их дуртай. Тэгээд л оёсон юман дээрээ цоолбор хийгээд, үсэг, шошго наана. Барууны хэв маягийг дуурайлгаж байгаа нь тэр. Тэрийг хүмүүс их шохоорхно.
-Охид л юм оёж шиддэг болохоос хөвгүүд бараг үгүй. Хэдийнээс, яагаад оёж эхэлсэн юм бэ?
-Жаахан байхад л ээжийн оёдлын машин байсан. Тэр үед трапец моодонд орчихсон, гэвч дэлгүүрт байдаггүй. Тэгээд л моод дагаж хувцаслах ухаантай анх өргөн өмд оёж өмсөж байсан. Тэр чинь бараг 5, 6-р ангид гэсэн үг. Ээжийнхээ хуучин дээлийг задлаад л трапец өмд оёчихно. Тэр үед ер нь эрэгтэй хүүхдүүд аягүй их юм оёдог байсан юм. Дараа нь ангийнхандаа трапец оёж өгдөг боллоо. Одоогийнх шиг хувцас хунар, дэлгүүр хоршоо элбэг биш, хөвгүүд моодны өмд өмсөх гэнэ. Тэр нь дэлгүүрт байхгүй. Ингээд оёхоос өөр аргагүй. Өмд оёж өгснийхөө хөлсөнд хагас метр давуу авдаг байлаа. Дараагийн хүний давуу нийлэхээр дундаас нь нэг өмд гарчихна. Тэрийгээ арилжчихна /инээв/.
-Оёдолчин хүү хэзээ наймаанд гарсан бэ?
-Дараа нь наймаа руу орсон. Зах дээр оёсон юмаа зарахын хажуугаар пянз энэ тэр зарна. Оёдол маань томорч, цех болоод, дөрөв, тавуулаа болж савхин куртка оёдог боллоо. Биокомбинатад арьс ширний үйлдвэрийн савхины хаягдлыг хаядаг байсан юм. Тэрийг нь шуудайнд хийж авчраад сонингоор хайчилсан эсгүүр дээрээ өөдсүүдээ гутлын цаавуугаар эвлүүлээд наачихааад зиг заг машинаар холбож оёно. Ойлгогдож байна уу? (инээв). Ингээд савхин куртка бэлэн болно. Мөрөөр нь олс энэ тэр оруулчихна. Лаг куртка гарна.
-Магад та Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч байсны ач тус байх, тийм үү?
-Тийм. Ерөөсөө зураач болсны ач. Их сайн багш нартай таараад, тэднийхээ заавраар л яваад байсан хэрэг.
-Таныг амжилтанд хүргэсэн зүйл нь хувцас загвар байж. Одоо танайх хийж байгаа юу?
-Үгүй, үгүй. Одоо тийм үйлдвэрлэл чинь гадаадын бараанд цохиулчихаж байгаа юм. Тэр үед гадаад явдаггүй байсан учраас гадаад хувцас шиг юм оёод ороод ирэхээр аваад байхгүй юу.
-Урлаг, улс төр, бизнес, спорт гээд гар дүрж, хүч үзээгүй салбар байхгүйтэй адил бизнест ч та олон салбарт хөл тавьж, юм юм үзэж явсан хүн. Саятан сугалаа, шар такси гээд явж өгнө. Таны наймаачны намтар түүх гайхалтай арвин баялаг, адал явдал ихтэй гэдэг нь үүнтэй холбоотой байх. Хамгийн сэтгэлд тод, хамгийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
-Үйлчилгээний салбарт юм юм хийсэн л дээ. Диско баар, супермаркет, электрон барааны дэлгүүр гэх мэт. Диско баар гэхэд дотроо гурав ангилалтай (инээв). “Холливуд”, “Матисс”, тэгээд такси, сугалаа. Орлого бол аймаар. Эхлээд нэг “Лада”-гаар авдаг байснаа дараа нь гурван “Лада”, бүр сүүлдээ микро автобусаар авдаг боллоо /инээв/.Хамгийн том нь 500 төгрөг гэхээр чинь мөнгө аягүй их, шуудай шуудайгаар зөөх хэрэг гарч байгаа юм. Хурдан тоолж аваад, машиндаа ачаад л өглөө нь доллар болгохгүй бол том сейф байхгүй, хувцасны шкафанд хураачихсан мөнгө чинь хаалгыг нь онгойлгомогц л өөдөөс унаад ирнэ. Тиймэрхүү явж байгаад могойн хорны үйлдвэрээр дэлхийг шуугиулсан эм гаргана гэсэн нэг Өвөрмонголд хулхидуулаад /инээв/. Тэр чинь 1996 он байна уу даа.
-Та бас хулхидуулна аа. Юу болсон юм бэ?
-Нам хулхидуулсан /инээв/. Могойн хороор эм хийдэг технологи Өвөрмонголд байна гээд Цэрэн гээд нөхөр одоо ч энд яваад л байгаа. Могойн хороо ярьсаар, Монголчуудыг хулхидаад яваад л байгаа. П.Жасрай гуай энэ тэрийг хулхидсан. С.Баярыг хулхидсан. Үйлдвэрээ Сэлэнгийн энд барьчихсан байна гээд байгаа юм. Тэрийг чинь анх Бага тэнгэрт барихаар болоод Бага тэнгэрийг худалдаж аваад, байшинг нь засаад баахан Вьетнамууд ирээд, би Хятадын урд муж руу Вьетнамтай хил залгадаг хот руу очиж могойн хорыг нь авчраад /инээв/. Могойн хор нь мөн юмуу, биш юмуу гэдгийг нь мэдэхийн тулд жаахныг талхан дээр түрхээд үхэрт өгчихсөн чинь нөгөө үхэр нь үхчихэж байгаа байхгүй юу. Ямар долоож үзэлтэй нь биш. Тэгэхээр нь за энэ мөн юм байна гээд. Тэгээд тэр могойн хорныхоо үйлдвэрийг Бага тэнгэрт барих юм болоод бөөн ажил боллоо. Баахан тоног төхөөрөмж авлаа. 1994, 95 оны сая гаруй доллар гэдэг чинь аягүй их мөнгө байхгүй юу. Эм нь гарсан, зарах гэсэн нөгөө нөхөр чинь зардаггүй. Зарчих юм бол чи тэр зарах хүнийг нь мэдчихээд намайг нухчихна гээд (инээв). Одоо ч тэр нөхөр хороо хийгээд, яриад яваад л байгаа юм даа.
-Яадаг хор вэ, тэр нь?
-Паркинсоны өвчнийг эмчилдэг хор гэсэн. Тэр үед Америкийн ерөнхийлөгч Рейган байсан байх аа, тийм өвчтэй болчихсон байсан. Рейган энэ тэрээр жишээ аваад намайг панаалдчихгүй юу.
-Шүүх цагдаад өгчихөж болдоггүй юм уу?
-Шүүх цагдаа ойлгохгүй шдээ. Миний л гэхэд сая гаран доллар юу ч байхгүй болсон. Танай сэтгүүл дээр зургийг нь тавьж эрэн сурвалжилж байна гэж бичдэг юмуу, яадаг юм. Тэгэхгүй бол хүн хулхидаад л яваад байна шдээ.
-П.Жасрай агсан, С.Баярыг хулхидаж байсан гэхээр Засгийг хулхидах нь байна ш дээ. Ерэн саяын Гансүх гэдэг шиг юм болох вий.
-Хулхидсан шдээ. Дараа нь С.Баярын Засгийн газрын үед Засгаас мөнгө авах гээд ороод ирсэн. Огт өөр юм бодож суутал могойн хор гээд ярингуут л сэрхийгээд явчихгүй юу. Юу гэнээ гэсэн чинь, одоо л Монгол улс хөгжих нь байна, нано технологи олчихлоо энэ тэр. За наадахынхаа тухай надаас сонсоорой гээд ярьж өгсөн. Болсон явдал. Юун ерэн саяын Гансүх, наадах чинь том гар.
-“Лада” багадаад микро автобусаар орлогоо зөөдөг байсан гэдэг нь бидний хувьд ёстой үлгэр шиг л сонсогдох юм. Цэл залуу насандаа их мөнгөний эзэн суужээ. Мөнгө бол эрх мэдэл гэсэн үг. Танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Байнга л тийм их мөнгө зөөгөөд яваад байх юм шиг /инээв/. Хямрал болдог, юм өөрчлөгддөг энэ тэр гэсэн бодол бол байхгүй ш дээ. Тэгээд шөнийн амьдралтай болчихож байгаа юм. Орлогоо шөнө цуглуулна. Тэгэхэд хамт явж байсан “Монсоник”-ийн Б.Баярхүү, “Чоно”-ын Б.Энхболд, “Хаан бууз”-ын Дорж гээд нөхөд байна. Бид чинь анхны “Лада” гуялж авч байсан нөхдүүд байхгүй юу. П.Батхүү бас явдаг байсан. Ганзага зөөж, наймаа хийгээгүй төрөөр баяжчихсан хүмүүс ийм юм сонсоод хөхөрч унаад л байдаг ш дээ /инээв/.
-Ганзагачны өдрийн тэмдэглэл гэж ном бичмээр юм байна.
-Сонирхолгүй байх аа.
-Сонирхолтой ш дээ.
-Москвад тохиолдсон явдлуудыг яривал хачин, хачин юм их бий. Нийгэм өөрөө замбараагүй байсан үе. Дискон дээр гэхэд л орой болгон зодоон болдог байсан. Бөөнөөрөө бүжиглэж үзээгүй, бүжиглэдэг газар ч үгүй байсан /инээгээд/, хүмүүс чанга хөгжимд олуулаа бүжиглэж байгаад нэгнийхээ хөл дээр гишгэчихнэ. Тэгээд л зодоон болно. Бүжиглэж байгаа хүмүүс чинь хөл гар дээр гишгэх юм байлгүй яах юм.
-Диско баарууд такстай байсан уу?
-Такстай, таван доллар. Тэгэхэд л “оочирлочихсон”. Би очиж арын хаалгаар хүн оруулна. Тулгаа өнөөдөр оруулаад өгөөч гээд л(инээв).
-Та тэгэхэд гэр бүлтэй болчихсон байсан уу?
-Гэр бүлтэй. Би чинь дээр үед гэр бүлтэй болчихсон байсан.
-Хэдэн настайдаа гэрлэсэн гэсэн үг вэ?
-Бүр сургуулиасаа гэдэг чинь хорин хэдтэйдээ л байх. Одоо том хүүхэд 30 гарчихсан, хоёр дахь охин 27 хүрч байна гэхээр дээр үеийнх.
-Та яагаад эхнэрээсээ салчихсан юм?
-Хувийн амьдралаа яримааргүй байна, тэгж тохирсон биз дээ.
-Та бизнесийнхээ хувьд оргилд нь хүрчихсэн гэж боддог уу?
-Би одоо бизнес хийж чадахгүй. Одоогийн бизнесийн дэг жаяг ч өөр. Дүрэм журмаар явна. Нөгөө замбараагүй байсан үеийнх шиг биш. Миний хувьд харин Монгол улсад ямар бизнесийг өргөжүүлж, хөгжүүлж болох бодлогын тухай ярина уу гэхээс, одооны бизнес хийж байгаа хорин хэдтэй залууст түүхээ л ярьж өгнө үү гэхээс эн зэрэгцэж бизнес хийнэ гэж байхгүй. Тэд чинь номыг нь судлаад ирчихсэн, онолтой, номтой хүмүүс.
-Таныг улс төрд хөтөлсөн хүн бол Ш.Сайхансамбуу найз чинь гэдэг. Та нөхөрлөлд ямар цензур тавьдаг вэ? Нөхөрлөлөөс та юу олж авдаг вэ?
-Үгүй, үгүй, Ш.Сайхансамбуу улс төрд хөтлөөгүй. Би их олон найзуудтай. Ш.Сайхансамбуу ер нь хүнийхээ хувьд, эр хүнийхээ хувьд сайн хүн. Нөхөрлөхөд түшигтэй хүн. Надаас ах л даа. Улс төрд хөтлүүлээд байсан гэх ч хаашаа юм, ний нуугүй хэлэхэд Э.Бат-Үүл, Элбэгээ эд нартай би дээр үеийн найзууд байсан. Байнга л юмаа ярьдаг нөхөд байсан. Сүүлдээ улс төрчид намайг холгоод эхлэхгүй юу. Сонгууль болох нь ээ, мөнгө хэрэгтэй байна гээд. Надад хоёр вариант байсан. Нэг бол дэвшээд үзье, тэгвэл мөнгө нэхэхээр нь би ч гэсэн дэвшиж байна ш дээ гээд бултчихаж байгаа байхгүй юу. Энэ вариантаар явсан, сонгуульд ялчихсан.
-Нэг зуднаар аавынхаа нутагт очиж малчдад тусалснаар улс төрд хөтлөгдсөн гэсэн яриа байдаг?
-Тэр чинь өмнөх явдал. 2002 онд зуд болоод, нутаг руугаа тусламж явуулаач гэж хөгшчүүд хэлэхгүй юу. Хоёр чиргүүлтэй машинтай хивэг аваачаад тараасан, тэр үед нэр хүнд өссөн юм шиг байгаа юм.
-Таныг нээрээ дээд боловсролын дипломгүй цорын ганц улс төрч л гээд байдаг. Ямар санагддаг вэ?
-Үнэн юм чинь /инээв/. Худлаа ярьвал дороо баригдана шд. Манай ангийнхан, багш энэ тэр харж байгаа. Тэгээд ч миний хувьд намтраа худлаа бичнэ гэдэг... би лав өөрөө хүлээн зөвшөөрөхгүй ээ.
-Хүмүүс мөнгөтэй болмогцоо л нэг сургуульд бүртгүүлэх ч юмуу эсвэл диплом худалдаад авчихдаг?
-Диплом худалдаж авах чинь миний үед аймаар элбэг байсан юм. Ёстой дуртай сургуулиа авна. Би яасан юм бүү мэд, дараа хэрэг болно гэж бодоогүй л юм шиг байгаа юм.
-Энэ нь таны улс төрчийн карьерт ямраар нөлөөлдөг вэ?
-Мэдэхгүй, үнэнээ хэлснээр муугаар нөлөөлнө гэж байх уу.
-Магадгүй улс төрд худлаа ярьж худлаа дүр эсгэж байж амжилт үзүүлдэг гэж ярьдаг.
-Аягүй олон гишүүн франц хэл мэлтэй, /инээгээд/, англи, оросоор ус цас байдаг юм билээ ш дээ.
-Та бол хамгийн илэрхий имижтэй хүн. Гадаад төрх байдал, хувцаслалт, имиж тэргүүтэн дотоод ертөнцийн гадаад илрэл гэж үзвэл та бусад улс төрчдөөс өвөрмөц юм шиг ээ?
-Хувцаслалтын тухайд хүмүүсийн өмсдөгийг л өмсөж байгаа шдээ. Нэг илүү юм нь бэлтгэл их хийдэг учраас бэлтгэлийн хувцастай явах нь л элбэг байх. Түүгээрээ өөр юм болов уу.
-Улс төрч Х.Баттулгын үндсэн имиж бол цагаан сорочкин цамц, хар мөрөвч, хөдөө бол цагаан одтой хөх дээл, спорт загварын чөлөөт хувцаслалт, хөмсөг зангидсан чухал царай. Товчхондоо спортын хүний эцэж цуцашгүй, хүчирхэг, тэвчээртэй, тулхтай түшээгийн имижээр та төсөөлөгддөг. Энэ бүхэн аяндаа бий болсон дүр төрх үү, эсвэл бий болгосон имиж үү? Та яг л үнэнээ хэлээрэй.
-Үгүй ээ, тэгээд л хөдөө чинь тийм гялгар цалгар дээл хувцастай яваад байх онцгүй. Тэр дээлний тухайд яг таарчихсан дээл. Бороо шороо ороход хир нь харагддаггүй, халтарддаггүй, практикал өнгө.
Манай аав миний ухаан орохын л яг нэг цэргийн өмдтэй, хромтой хүн байсан юм. Намайг дөч хүртэл тэр хувцастайгаа байсан. Нэг удаа Синга руу нэг авч явах юм болоод, халуун оронд цэрэг өмд, хромтой явуулалтай нь биш, солих боллоо. Ёстой баларсан юм болсон, солихгүй гээд. Бараг хүчээр жийнс, пүүз өмсүүлж явуулсан. Тэгэхээр нэг хувцаснаасаа салдаггүй юм удамшаад байх шиг. Би бас тийм л юм шиг байгаа юм /инээв/. Сонирхдоггүй юмуу, яадаг юм, бүү мэд. Манай охин нэг “Адидас”гээд шар, түрийтэй ботинк авч өгсөн, 7 жил өмссөн байгаа юм чинь /инээв/.
-Тийм дадал хэвшил удамшдаг гэж үнэн байх шүү. Хар шил, хар пальто бас тэр зуршлынх уу?
-Тэр үеийн стиль тийм байсан юм. Кино мино үзсэнээс л болсон байх. Тэр үеийнхэн ерөнхийдөө мөнгөжингүүтээ ноолууран урт пальто, дөрвөлжин цүнх авдаг байсан юм. Тэр цүнхэнд одоо юу хийж авч явдаг ч байсан юм, мэдэхгүй. Магадгүй хоосон л явдаг байсан байх /инээв/.
-Хориод настай Х.Баттулга спортод, гучаад насандаа бизнест, дөчөөд насандаа улс төрд амжилт үзүүллээ. Тавин насаа ямраар төсөөлж байна вэ?
-Гялалзсан биш ээ /бодол хийлэв/. Аа тэгээд харж л байя. Энэ хэдийгээ л зүтгүүлнэ дээ /төслөө хэлэв.сурв/. Өөр хийх юм байхгүй юм чинь.
-Хожмоо амжилтанд хүрсэн ихэнх хүмүүсийн бага нас ирээдүйгээ зөгнөсөн ч юм уу ямар нэг онцлогтой, өвөрмөц байдаг. Бяцхан Х.Баттулга багадаа ямархуу хүүхэд байсан бол? Сэтгэлд тод дурсамжаасаа хуваалцаач?
-Ямар ч байсан ээж, аав хоёр их санаа зовдог байсан. Сурлага жаахан тиймхэн /инээв/.
-Муу сурлагатан байсан юм уу?
-Муу ч юу байхав. Дөрөвдүгээр анги хүртэл онц сурч байгаад математик, алгебрь ороод ирэнгүүт ойлгохоо байчихсан. Тэгээд л ханын сонин зурж өгөөд дүнгээ тавиулчихдаг байлаа. Унаган авьяасаараа хоолоо олж идээд эхэлсэн. Тэгэхээр сурах ямар ч эрмэлзэлгүй болчихож байгаа юм л даа /инээв/.
-Зураг гэснээс та одоо зурдаг уу?
-Хааяа зурна аа.
-Уран зураг цуглуулдаг уу?
-Үгүй. Ойлгож цуглуулах хэрэгтэй. Уран зураг цуглуулах чинь том асуудал л даа. Нэгдүгээрт, ойлгох хэрэгтэй, хоёрдугаарт, асар их орлоготой байх хэрэгтэй. Таван долларын зураг гэж байхгүй, 100 долларын ч зураг гэж бараг байхгүй. Яг уран зураг гэдэг чинь өөр эд. Тэгэхээр маш их мэдрэмжтэйн дээр баян байх шаардлагатай болж байгаа биз. Манайхан чинь ойлгохгүй байж баахан зураг л хусаад байдаг /инээв/.
-Хүндэтгэж, биширдэг зураач гэж байна биз?
-Байгаа, байгаа. Пикассо байна. Манайхаас бол Оюунчимэг багш байна. Манай ангийн багш, усан будгаар зурдаг. Хамгийн сайн график акриль хийдэг зураач.
-Спортод бол та гавьяат тамирчин цолтой. Таны бизнест амжилт гаргах эхлэл, гарц чинь ч их спорт байсан гэдэг. Спорт танд юу мэдрүүлдэг вэ?
-Юу гэх юм бэ дээ, хатуужилтай байхад сургасан гэх үү. Шалчигнуур биш байх.
-Та бол Монголын анхны Олимпийн аваргыг бидэнд хөтөлж авчирсан гавьяатай. Олимпийн аварга болоход ёстой дээлэндээ багтахгүй баярлаж, хөөрч догдолж байсан улсын нэг нь та. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Маргааш нь +100 кг-ийн барилдаантай, бид хэд олимпийнхоо тосгонд л байгаад байсан. Архи дарс зарахгүй. Утсаар баахан мессеж ирээд, баярлалаа гээд л. Энд талбай дээр айхтар юм болсон юм билээ ш дээ. Бид нар юу ч мэдээгүй.
-Монголын анхны Олимпийн медаль танд хадгалагддаг гэдэг үнэн үү?
-Алт, мөнгө хоёр медаль нь хоёулаа байдаг. Мундаг байгаа биз дээ.
-Тэгэлгүй яахав. Танд үзүүлсэн том хүндэтгэл байх. Ингэхэд хөвгүүдээ спортод сойж, Олимпийн аварга төрүүлэх үү? Тийм хүлээлт бидэнд бий.
-Спортоор явсан хүүхэд байхгүй. Одооны хүүхдүүд өөр л дөө. Зураач болох гээд л яваад байдаг нэг хүү байна. Аймаар их зураг зурна.
-Хөлгөн үү. Зураачийн сургуульд сурсан юм уу, ямар мэргэжилтэй юм?
-Хуулийн сургуульд л яваад байгаа юм, уг нь.
-Аавын авьяас удамшсан байх нь?
-Харин тийн. Шал дэмий мэргэжил рүү орчихоод.
-Яагаад шал дэмий гэж?
-Хэцүү ажил байхгүй юу.
-Хүүхдүүдээс чинь таныг хамгийн их дуурайсан нь гэвэл хэнийгээ онцлох вэ?
-Манай Хүлэгээ л байх.
-Ингэхэд та өвөө болж амжсан уу?
-Үгүй.
-Охиныхоо хуримын үеэр авахуулсан “Аавуудын хүнд өдөр” гэдэг зураг алдартай. Охидтой аавын сэтгэл зөөлөн байдаг гэдэг. Тэд танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Хэцүү л юм байна лээ.
-Та хүүхдүүдээ юу үлдээнэ гэж боддог вэ?
-Хөдөлмөрлөж амьдарна шүү, эх оронч байна шүү гэсэн юмыг л ярина даа.
-Таны гэр бүлийн статус олон нийтийн сонирхол татдаг нэг том сэдэв гэж болно. Нууц биш бол орос гэргий, бага хөвгүүдийнхээ талаар яриа өрнүүлж болох уу?
-/инээв/ Нуугаад байх ч юу байхав. Ер нь бол нэг их ил цагаан гэр бүлээ яриад байх сайн биш шдээ. Юу ч болоо билээ. Тэгээд ч дотоод амьдралаа яриад байгаа хүн надад лав таалагддаггүй.
-Таны аав бол монгол наадмын нэг бахархал. Тэр хүнээс танд үлдсэн хамгийн том өв юу бол?
-Нэг калибер буу, нэг унадаг дугуй хоёр. Унадаг дугуйг нь хулгайд алдчихсан. Материаллаг талаасаа энэ хоёр. Мэдээж, характер, материаллаг биш зүйлсийн тухайд олон юм бий л дээ. Бөхд дуртай, шулуун шударга, олон юм ярьдаггүй энэ тэрийг нь авсан л байх л даа.
-БНСУ-аас зээлж авсан “Номаранг”-ийн хэрэг гэж дуулиант хэрэг байдаг. Таны нэр холбогдсон бас нэг том дуулиант хэрэг гэх үү дээ. Энэ талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь.
-“Номаранг” компанийн захирал санал тавьсны дагуу тоног төхөөрөмжийн зээл гэж 200 гаруй сая төгрөгийн зээл орж ирсэн юм. Монголын 30-аад компани хувааж авсан. Эргэн төлөгдөх хугацаа болоход нэг ч компани мөнгөө төлөөгүй. Энэ талаар тухайн үед хэвлэлээр хангалттай бичсэн л дээ. Миний хувьд өөрийнхөө ногдлыг төлсөн. Шүүх хурал дээр нь хоёр удаа очиж, гэрчийн байцаалт, мэдүүлэг өгсөн. Хүний юм авчихаад манайхан арай хатуу загнасан байхгүй юу. Тэгээд тэр “Номаранг”-ийн захирал 5 жилийн ял аваад, суугаад сая гарч ирлээ. Одоо болтол хөөцөлдөөд явж байна.
-“Жем интернэшнл”, “МБ”-гийн Мөнхцэцэг эд нарын нэр яригддаг, үнэн үү?
-Үнэн. Сонингуудад нэр устайгаа зарлагдсан. Тэрийг олоод харчих.
-Гайхалтай л юм, хууль эрхзүйн акт үйлчлэхгүй юу?
-Үйлчлэхгүй л байна ш д. Банк хоорондын баталгаа гаргасан нь “Номаранг”. Баталгаа гаргасан хүн нь буруутаад, зээлээ төлөөд явчихсан.
-Та бол АН-ын тамгатай гишүүдийн нэг. Нам гэдэг багийн ажил, нэгдэл, эв найрамдал байх ёстой. Гэтэл та хэсэг намынхаа гишүүн Г.Батхүүтэй хэвлэлээр ил шулуухан дайн зарласан. Эндээс намын үзэл санаа гэхээсээ илүү эдийн засгийн ашиг сонирхол, эрх ашиг л чухал юм байна гэж харагдаж байсан. Та ямар хариулт өгөх вэ?
-Нам хамаагүй ш дээ, энд. Төмөр замын 1947 оноос хойш гараагүй байсан бодлого намайг сайд байхад гарсан юм. Тэр бодлогод би одоо ч гэсэн үнэнч хэвээр байгаа. Бид маш их газрын баялагтай, тэр бүгд урагшаа түүхийгээр гарах системийг дэмждэггүй. Баялаг, хэтийн төлөв, Монгол улсын тусгаар тогтнолын тухай 20, 30 жилийн дараах юмыг ярьж байна. Баялаг дууслаа, яах вэ. Г.Батхүү бол MCS-д хувьцаа эзэмшдэг манай намын гишүүн. Тэгээд л бодлого нь Хятадаас сурвалжтай яваад байгаа байхгүй юу.
-Олон нийтийн дунд нэг хардлага байдаг нь “Блэк Морган” компанийн эрх ашиг нуугдаж байсан гэх гаргалгаа. Эсэргүүцэх аргагүй факт санагдсан.
-“Black Morgan” чинь гаднаас ганзага зөөж байх үеийн манай нэг найзын бизнес. Бадамдорж гэдэг юм даа, бас барилддаг байсан нөхөр, түүний компани. Одоо хүртэл биднийг хамт байдаг гэж боддог юм шиг байна лээ.
Би чинь үндсэндээ 17 чингэлэгнээс хойш спирт, уул уурхайн бизнесээс татгалзчихсан хүн. Буруу л юм байна, ороод явж байх ёстой байж.
-Хармсаад байгаа юм уу?
-Харамсаж байна. Нүгэлтэй их харамсаж байна /инээв/.
-Ингэхэд 17 чингэлэг спиртийн хэрэг одоогийн бидэнд бол үлгэр домог шиг л сонсогддог. Таныг бүр интерполоор эрэн сурвалжилж байсан гэдэг. Яг юу болсон юм бэ?
-Интерполоор эрэн сурвалжилсан гэдэг чинь үнэн шдээ. Би зөндөө л тайлбар хийсэн дээ. Манай компанид ажилладаг хүмүүс надаас санхүүжилт аваад хийсэн бизнес. Тэр нь гааль дээр асуудал үүсгэсэн. Мэдээж намайг л барьж хорих гэж зохион байгуулсан хэрэг. Тэрэн дээр цагдаа оролцсон байдаг. Цагдаа, гүйцэтгэх ажилтнууд өөрсдөө орсон байдаг юм. Энийг “Нохойн орон”-ы Д.Төрмөнх аягүй сайн бичдэг. Өөрөө тэрэнд нь оролцчихсон байхгүй юу. Хэлмэгдсэн хэрэг /инээв/.Тэгээд бараг кино зохиол гэмээр юм биччихсэн байдаг.
-ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхад дэгдсэн нэг том дуулиан бол хятадуудтай нууцаар гэрээ байгуулсан гэх “Маккензи” компанитай холбоотой хууль бус тендерийн тухай яриа. Таныг 2,5 тэрбум ам.долларын ашиг авсан гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Энэ асуудлыг шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гарчихсан. Засгийн газрын гишүүн нууцаар гэрээ хийнэ гэж байхгүй. Нууцлалын зэрэгтэй гэрээ гэж бол байдаг. Харин нууц гэрээ гэж хаа ч байхгүй. Нууц гэрээ юун дээр явагддаг гэхээр хар тамхи, зэвсгийн наймаа. Нууцаар гэрээ хийгээд төмөр зам барина гэдэг хорвоо ертөнц дээр байхгүй явдал. Ер нь эргээд харахад миний санаачилсан төслүүдийг бүгдийг нь зогсоох гэж үзэлцсээр ирсэн. Энэ Баттулга Ардчилсан холбоог толгойлж байгаа хүн, төсөл нь явчих юм бол энэ нөхөр дийлдэхгүй нь.
Нүүрсчдийн намын хийж байгаа ажил. Энэ хоёр чинь яг дугуй жийж байгаа юм шиг ээлжилж төр барьж ирсэн. 2000 онд нэг нь ялаад, 2004 онд нөгөө нь ялаад гэх мэтээр сөөлжөөд яваад байдаг. Хэдэн хүн л Монголын улс төрийг барьчихаад байна шдээ. Эд яаж байна уу, баялаг руу л дайрна. Бэлэн мөнгө рүү дайрна. Тэгээд сонгуулийг худалдаж авна. Энэ систем эвдэгдэх гээд байгаа учраас л эвдэх гээд байгаа хүн рүү элдвээр дайрдаг юм байгаа биз дээ. Төмөр зам тавиад, дэд бүтцээ хөгжүүлээд, орон сууцжаад, монгол хүн хөдөлмөр эрхэлж хөгжих гээд байна. Гэтэл тэдэнд ядуу, хоосон ходоодтой сонгогчид хэрэгтэй.
-Яршиг, тэгвэл нам байгуулчихвал яасан юм?
-Мэдэхгүй, би төлөвлөөгүй байгаа. Нам байгуулбал ч хэрчүүлнэ л дээ.
-Гэхдээ нэг асуудал байна, овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг та ямар нэг алдаа, өө сэвгүй байсан бол байдал ийм дээрээ тулахгүй байсан байх. Ядаж байхад тантай холбоотой асуудлууд бүгд тоо баримттай яригддаг. 17 чингэлэг спирт эсвэл 2,5 тэрбум долларын ашиг ч гэдэг юм уу.
-Баримт байхгүй шдээ. Түрүүн Ц.Нямдорж хэлсэн дээ, би тэгж бодож байна, гэхдээ надад баримт байхгүй гээд намайг баахан гүтгэсэн ш дээ /инээв/. Их хурлын гишүүн хүн тэгж болохгүй. Цаадуул нь Ц.Нямдоржийг цэнэглээд тавьчихдаг юм шиг байгаа юм. Ямар ч үүрэгтэй юм, хөөрхий амьтан. 2,5 тэрбум доллар гэдгийг жишээ нь өөрөө ямар хэмжээний мөнгө гэж бодож байна вэ?
-Хязгааргүй их мөнгөний тоо.
-Хязгааргүй гэдэг нь ямар хэмжээ юм. Баримжаа байна уу?
-Алга, манайх тэгээд ч энэ талаар бичиж, дурдаж байгаагүй.
-Харин тийм. Манай сэтгүүлч, сурвалжлагч нар 2,5 тэрбум төгрөг, доллар хоёрыг бараг адилхан ухааны юм бичээд байгаа байхгүй юу. Тэр 2,5 тэрбум доллар чинь бүгд сери, дугаартай. Аль ч орны гаалиар ороход 10 мянгаас дээш доллартай бол бүртгүүл гэдэг чинь мөнгө хянагдаж байгаа нэг хэлбэр. Америкийн резервный банк гэдэг чинь бүх мөнгөө хянаад сууж байдаг газар. Хаана, хэний гар дээр хэдэн доллар очиж байна, зэвсгийн наймаанд хэн оролцож байна, бүгд бүртгэл, хяналттай байдаг. Энийг мэдэхгүй, тэгээд дээр нь төгрөг, доллар хоёроо холиод л яриад байдаг. Мөнгөний баримжаа мэдэхгүйн зовлон байна аа даа /инээв/, тийм ээ.
-Сэтгүүлчдийн буруу юу, мэдээлэл өгч байгаа улс төрчдийн буруу гэдгийг бодох л хэрэгтэй байх?
-Сэтгүүлчид өөрсдөө ярьж байгаа юмныхаа объектыг судлах ёстой. Сая Монгол Улсын Засгийн газар 1,5 тэрбум долларын бонд босголоо. Улс бүх зүйлээ барьцаалж байж босгосон. Бондыг босгоход дандаа манай төслүүд явсан. Тэгэхээр Баттулга гэдэг хүнд 2,5 тэрбум доллар өгч байдаг улс гэж толгой нь эргэсэн улс байж таарнаа даа.
-Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе танд байсан уу?
-Янз янзын юм үзсэн. Жин хасаж байхад л их хэцүү байсан. Арван кг хасах ч хэцүү шдээ /инээв/. Яс арьс л дэвжээн дээр гарч байгаа юм чинь. Сүүлийн шөнө энэ тэр бүр хэцүү, нүд аниад л ус бодогдоно, нүд аниад л ус бодогдоно.
-Хэдэн жилийг спортод зориулсан бэ?
-Зургаан жил.
-Та өөрийгөө нэг магтаач? БИ-гээ нэг омог бардамханаар тодорхойлооч, ямар ч комплексгүйгээр?
-Одоогийн улс төрчдөөс илүү бүтээлч сэтгэдэг, бүтээлч хийх гэж оролддог юм байна гэж өөрийгөө боддог. Хар л даа, хоёр яаманд манай командын хийсэн төслүүд л хэрэг болж байна. Гадныхан хүлээн зөвшөөрч байна. Өөр ийм бодит юм хийчихсэн ямар улс төрч байгаа юм, ямар ерөнхийлөгч байгаа юм.
-Энэ ертөнцөд бидний хүртдэг мэдрэмжүүд маш олон. Та эндээс явах болбол эндэхийн юуг нь санаж хайрлан, юуг нь баяртайгаар орхих бол?
-Ямар ч байсан тамирчин хүн сүлд дуугаа нулимстай нүдтэй зүрхнээсээ дуулдаг.
-Та юуны фанат вэ?
-Олон юм биш, бөхийн төрлүүд, тулааны спорт.
-Таны идеал юу вэ?
-Тэр чинь цаг цагт өөрчлөгдөж байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсыг хөгжүүлнэ гэсэн бодол, төсөл, энэний ард ажиллаж байгаа хамт олон миний идеал болоод байна.
-Тэгвэл гоо сайхны идеал чинь юу вэ?
-Залуус маань спортоор сайн хичээллээсэй. Спортгүй бол гоо сайхан хол. Гоо сайхны тухай яригдахгүй. Азидаа бол манайхан бүдүүндээ орж байна. Солонгос, Бээжинд явж байхад манайхан том гэдсээрээ танигддаг. Хоолоо тохируулж чадахгүй, спортоор хичээллэхгүй, залуугаараа гүзээ сууж, залуугаараа таргалж байна. Хөдөлгөөн хийхгүй байна. Спорт бол гоо сайхны нэн тэргүүний үзүүлэлт.
-Та ихэр хөвгүүдээ яагаад ярьдаггүй юм?
-Заавал хувийн амьдралаа ярьж яах юм. Юу ч болоо билээ.
-Хэр шүтлэгтэй вэ?
-Шүтлэгтэй.
-Буддист биз дээ?
-Ер нь цаашдаа Буддизмын онол үлдэх байх. Газрын баялгийг ашиглах талаар Буддын сургаальд их тодорхой бичсэн байдаг. Эх дэлхийг эх хүнтэй зүйрлэсэн байдаг. Эко гээд байгаа чинь буддизмын нэг амин сүнс ш дээ.
-Мөнгө таныхаар юу вэ?
-Хэрэглээ. Мөнгөн дээр нэг юм байдаг ш дээ. Бид анзаардаггүй. Үзүүлэх үү? /америк доллар, орос рубль, монгол төгрөгийн дэвсгэрт гаргаж ирж уншив. Сурв./ Оросын банкны захиалгаар үйлдвэрлэсэн цаас болно. Доллар дээр Federal reserve note буюу Холбооны нөөцийн бичиг гэж байна. Энэн дээр Баттулгын мөнгө, Уранчимэгийн доллар гэсэн бичиг байхгүй байгаа биз. Гэтэл Баттулгын мөнгө, миний төгрөг гээд л асуудал үүсгээд байдаг. Энэ бол банкны мөнгө, банкны өмч. Бид зүгээр хэрэглэх гэж, тодорхой ажил хийснийхээ үр дүнд өөрийнхөө халаасанд хийчихээд байгаа болохоос миний юм биш байхгүй юу.
-Таныг анзаарахад их бухимдах юм. Шогшроод л, толгой сэгсрээд л. Бухимдлаа юугаар тайтгаруулдаг вэ?
-Бэлтгэл хийнэ. Гоё, гоё төсөөлөл ярина. Орон сууцжуулах хөтөлбөр гэж ярьсан даа. Тэнд жишээ нь ажилгүй нөхдийг цуглуулаад Мэргэжил сургалтын төвд хоёр жил сургаад, ажлын байраар хангах, тэр хүн барилга барьснаараа тэндээ орон сууцтай болох цогц төсөл. Энд дандаа ажилгүй, аз жаргалгүй хүмүүс хамрагдана. Жишээ нь, Солонгост хоёр жил болоод байрны мөнгөтэй болох гээд бүтээгүй “гар”, хөдөөнөөс ирээд хотод ажил байхгүй нөхөр, дээд сургуулийн дипломтой атлаа ажилгүй залуус, социализмын үед мэргэжил эзэмшсэн, гэхдээ ажилгүй, одоо 45-55 насны бидний үеийнхэн гэх мэт хүмүүсийг хамруулна. Цаашилбал, гайгүй төрчихсөн тэгсэн мөртлөө орлогогүй яваад байдаг гарууд байна, од ч юм шиг, биш ч юм шиг гарууд байна /инээв/, автобусанд суух гэхээр од царайлаад сууж болдоггүй, тэгсэн мөртлөө таксины мөнгөгүй хүмүүс олон байна ш дээ. Энэ төсөл “Яармаг” хороолол дээр хэрэгжиж байна. Бүх зүйлийг ингэж цогцоор төлөвлөж, шийдэх хэрэгтэй байна.
Малчдын орон сууцыг яах юм, хөдөөг яах юм. Бид яагаад хөгжихгүй байгаа юм, төлөвлөлт байхгүй учраас. Тэгээд л баахан хууль гаргаад л байна, гаргаад л байна. Олон хууль гаргаснаараа хөгжчихсөн улс байхгүй ш дээ. Миний ойлголтоор хөгжлөө, зорилгоо тодорхойлно, түүнд хүрэхийн тулд хууль гаргана. Гэрийн үйлчлэгчийн хууль л гэнэ. Цэцэрлэг, яслийг нь хангалттай бариад өгчих.
Ер нь ерэн оноос явсан улс төрийн менежмэнтийг өөрчлөх цаг болсон. Шинэ үеийн, 25-35, 40 насны залуус гарч ирэг. Гэхдээ цүнх барьдаг биш, яг зорилготой, мэдлэг чадвартай залуус. Ний нуугүй, шулуухан хэлэхэд манай төслийг хийгээд байгаа дөрөв, таван залуу Монгол улсын Засгийн газрыг 2 жилийн дотор л өөрчилчихнө дөө. Маш энгийн байхгүй юу. Монголчууд чинь сэргэлэн цовоо, шашин хоорондын маргаангүй, батлан хамгаалахын зардал өндөр биш гэх мэт давуу талууд бидэнд олон байна. Хүн болгоныг хоолойд нь тултал баян амьдруулж болох байхгүй юу. Одоо бол хэцүү байна ш дээ. Маниус яахав боломжтой учраас өвдөж хавдахаараа гадагшаа явчихаж байгаа юм. Боломжгүйнүүд нь эндээ тэгээд залбираад, ламдаж, бөөдөөд. Хэцүү байна ш дээ.
Танд өртэй хүн байна уу?
-Зөндөө хүн байгаа. Мөнгөний, сэтгэлийн ...
-Өрөө төлөх юм уу?
-Хэцүү ш дээ. Үндсэндээ ийм болчихож байгаа юм л даа. Би гэр бүлтэйгээ сайхан амьдарлаа гэхэд энэ орчин тойрныг яах юм гэдэг асуудал их олон жилийн өмнө толгой дээр буучихсан. Би “Роллс Ройлс”-оо унаад явах гэхээр ичээд байдаг юм.
Тэр дуу цөөтэй шигээ учир битүүлэг хүн. Гэхдээ характер буюу харизм, шогийн мэдрэмж хоёр бол түүнд байдаг онцгой өгөгдөл, онцгой чадвар аж. Хүн болгон нэг зүйлийг уйгагүй давтаад, нүдээд байвал тэр салбартаа онцгой сайн мэргэжилтэн болж болно. Харин харизм, шогийн мэдрэмж тэргүүтэн үндсэндээ төрөлх авьяас шигээ язгуур өгөгдөл байдаг билээ. Олон сургууль дүүргэсэн, манайхны үнэлэмжээр өндөр боловсролтой ч ямар ч араншин, мэдрэмжгүй хэн нэгнээс дипломгүй ч гэлээ харизмтай, шогийн мэдрэмжтэй нэгнийг би үнэлнэ.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS