Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
2025 он шувтарч шинэ он айсуй. УИХ-д сонгогдон хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй 126 гишүүний хувьд уналт босолт, гэнэтийн шийдвэрүүд, алга ташилт, алдаа оноогоор дүүрэн жил болж өнгөрч буй биз ээ. Дор бүрнээ хуучин оноо дүгнэж, шинэ ондоо бэлдэж буй энэ үед бид парламентын 126 гишүүнээс “хамгийн, хамгийн”-ыг тодрууллаа.
2025 оны хамгийн азтай улстөрч: Г.Занданшатар

2025 оноор зогсохгүй бүх цаг үеийн хамгийн азтай улстөрчөөр Г.Занданшатарыг нэрлэж болно. Учир нь 2024 оны УИХ-ын сонгуулиар Хангайн бүсэд УИХ-ын даргын өндөр сэнтий дээрээс өрсөлдөөд өвдөг шороодсон түүнийг нам нь шийтгэх нь бүү хэл тооноор оруулж ирэн Ерөнхий сайдын суудалд залсан. Үүн шиг азтай хэрэг гэж хаа байх билээ. Ардах асаалттай танк нь түүний мөнхийн найз, мөнхийн “кран” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэх яриа бий.
Гэнэт тооноор орж ирэн Ерөнхий сайд болсон аз, амжилтандаа сэтгэл ханаагүй Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанд мөн өрсөлдөж өвдөг шороодсон. Гэвч тахимаа өгсөнгүй. Үр дүнд нь МАН төдийгүй Монгол Улс даяараа улс төрийн хямралд орж, эрх баригчид намаржин зодолдсон. Эцэст нь мөн л уснаас хуурай гарч кабинетаа тэргүүлсээр байна. Түүний дараагийн амбиц 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх. Аз нь таараад гараад ирэх эсэхийг таашгүй. Учир нь тэрээр сайн найзтай, асар азтай Монголын цор ганц хүн юм.
2025 оны хамгийн азгүй улстөрч: Д.Амарбаясгалан

Уг нь Д.Амарбаясгалан шиг улс төрийн стратеги зурж, сонгуульд ялах тактик боловсруулдаг хүн МАН-д ховор. Лав л үеийнхэн дундаа энэ чадвараараа тэр ганцаараа товойно. Энэ өнцгөөрөө МАН-д хамгийн нөлөө бүхий чухал дүр. Гэвч эцсийн бүлэгт ноёны бөхтэй тэрсэж, МАН-ын даргын сунгаанд өрсөлдсөнийхөө төлөө тэрээр УИХ-ын даргын суудлаа өгч, намаасаа бараг жийгдээд байна. Магад ахын сайн дүү, дуулгавартай хүү хэвээр байсан бол өнөөдөр тэрээр МАН-ын дарга төдийгүй Ерөнхий сайд ч байж болох байв. Мөн чанартаа түүн шиг Монголын улс төрийн тогоонд чанагдаж, боловсорсон улс төрч ховор. Сул тал нь багаа сайн бүрдүүлдэггүй. Магад өөртөө хэт барддаг чанарынх нь илрэл байж болох.
2025 оны хамгийн ёндоотой улстөрч: Н.Учрал

2025 оны хамгийн, хамгийнд УИХ-ын дарга Н.Учрал багтахгүй бол алдас болно. Түүнийг гэхдээ азтай гэхээсээ илүү ёндоотой улстөрч гэвэл илүү нийцэлтэй. 2024 оны сонгуулийн өмнө “үхээд” боссон амьдралын нэг мөчлөг ч түүнд бий. Аав ээжийн хайр, амьд явах заяа түшиж хүнд өвчнөөс босож ирсэн Н.Учрал хэдий нас залуу ч үзэж туулсан хийгээд улс төрийн тогоонд чанагдсан мерит зарчмын хувьд хэдийнэ насанд хүрч, боловсорсон цөөн залуусын нэг болжээ. Тиймдээ ч 2025 онд ЗГХЭГ-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд эцэст нь УИХ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Дээшээ ах нартайгаа ойлголцчихдог, доошоо зенжи нартай ч хэл үгээ ололцчихдог нь түүний давуу тал. Мөн ар тал, багаа машид чамбай бүрдүүлж ирсэн нь улс төрийн хэллэгээр бол хөл сайтай улстөрч гэх ангилалд орно. Өдий насанд энэ бол маш сайн үзүүлэлт юм.
2025 оны хамгийн загварлаг улстөрч Ч.Ундрам

Бэл бэнчин, хөрөнгө чинээгээрээ толгой цохидог Соёлын сайд Ч.Ундрамын барьсан цүнх, өмссөн хослол үе үе олны анхааралд өртдөг нь нууц биш. Төрд ажиллаад хадгаламж нь 10 дахин өссөн гэгддэг түүний нэг ээлжийн цүнх 118 сая төгрөгийн үнэтэй. Саяхан намынхаа бага хурал дээр 116 саяын цүнх, 1,8 сая төгрөгийн гутлаар гоёж олныг шуугиулаад авсан. АНУ-ын тэргүүн хатагтай өмсдөг Диорын хослол ч түүнд бий.
2025 оны хамгийн олон “краштай” гишүүн Г.Лувсанжамц

126 гишүүнтэй анхны парламентын алтангадас од хэмээн түүнийг магтаж болно. Арлын Японд боловсрол эзэмшиж, хот төлөвлөлтөөр мэргэшсэн түүнийг нэг л өдөр эх орон нь дуудсан нь анхны 126-тай парламентын сонгуульд жагсаалтын нэгд бичигдэж өрсөлдөх том завшаан олгосон явдал байлаа. Энэ шийдвэрийнх нь төлөө экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд алга таших нь зүй.
Г.Лувсанжамц гол нь итгэл алдаагүй. Олон жил төрд суусан архаг, хөгшин улстөрчдийг бодвол залуу хүн, шинэ салхи ямар байдгийг тэрээр боловсрол, мэдлэг болон харизмаараа харуулж буй. Энэ хэрээрээ үй олон дэмжигч, краштай болсон. Тэрээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дулаанбаатар” төслийг эхлүүлээд байгаа төдийгүй чуулганы хуралдааны үеэр асуудлаа мэдэрсэн, судалсан оновчтой агуулгыг хөнддөгөөрөө ялгардаг.
2025 оны хамгийн “дүлий” гишүүн: М.Сарнай, С.Замира

Олон дундаас онцгойрох нь улс төрч хүний хувьд чухал зүйл. 76 гишүүнээс 126 болж өргөжсөн энэ парламентад зарим нь гарын үсэг цуглуулж, хэрэлдэж, зодолдож, “миний араас хар машинууд дагаж байна” гэж хүртэл олонд танигдахыг хичээж явахад зарим нь юу ярьж, хэрхэн яаж гишүүн байх учраа олохгүй яваа гишүүд ч бий. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн М.Сарнай.
Тэрбээр Н.Номтойбаярын Үндэсний эвсэлийн жагсаалтын 4-т бичигдэж, торох юмгүй гишүүн болсон хэдий ч хоёр жилийн хугацаанд байгаа, үгүй нь мэдэгдэхгүй ус балгасан Короля шиг явна. Уг нь чуулганы хуралдаанд байнга суудаг хэдий ч ганц үг ган хийдэггүй. Түүнд өнөөдөр өөрийн гэсэн автор болсон хуулийн төсөл ч гэж байхгүй. Мөн түүнтэй УИХ-ын гишүүн С.Замира дөрөө харшуулна. Улс төр буцалж байгаа үеүдэд ч тэд бүлх залгисан мэт таг дуугүй суудгаараа 2025 онд номинацийг тэргүүллээ.
2025 оны хамгийн их чуулган тасалсан гишүүд: Х.Баттулга, С.Лүндэг

Өнгөрсөн жил /2024он/ УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулгандаа бараг суудаггүй хамгийн их тасалдаг хэмээн нилээдгүй шүүмжлэл дагуулж байв. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Ээж загнаад байгаа. Одоо ээжийнхээ үгэнд орж чуулгандаа сууна” хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл энэ онд ч мөн ялгаагүй хамгийн их чуулган тасалдаг гишүүдийг тэргүүлсээр байна. Үе үе ордонд харагдах хэдий ч “Ээжийнхээ үгэнд орж байгаа” гээд алга болдог хүн. Уг нь цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн парламентад тохой нийлүүлэн суугаа залуу үедээ үлгэрлэдэг баймаар.
Чуулганаа тасалдаг үзүүлэлтээрээ түүнтэй өрсөлдсөн нь УИХ-ын гишүүн С.Лүндэг. Нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав агсаны дзээ хүү тэрээр олон жил У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зөвлөх, туслахаар ажилласны эцэст 2024 онд Төвийн бүсээс сонгогдсон. Нас зүс ярьвал уг нь залуу, ид насны эр. Гэвч ажилдаа ирдэггүйгээрээ 2025 онд алдаршсан байдаг. Ирэх жилүүдэд энэ алдаагаа засна гэж найдъя.
2025 оны хамгийн “шударга” гишүүн: М.Нарантуяа-Нара

Парламентийн 126 гишүүний нэг тод өнгө бол УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара юм. Хэдийгээр түүнийг “лайв хийж бараа зардаг, хэл амтай, хэрүүлч” гэж улс төрчид шүүмжилдэг хэдий ч Иргэний Зориг ногоон намыг УИХ-д таван суудал авахад гол нөлөө үзүүлсэн төдийгүй улс төрд жинхэнэ бор зүрхээрээ орон зайгаа тодорхойлж яваа нэгэн.
Чуулганы хуралдаанд гишүүд суухгүй бол дотроос нь лайвдчихна. Болж бүтэхгүй зүйл байвал ил шулуухан хэлчихнэ. УИХ-ын гишүүдийн чатыг дэлгэж байсан удаа ч түүнд бий. Засаг солигдох үеэр “хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орлоо” хэмээн эрх баригчдыг хатуу шүүмжилсэн гишүүдийн нэг нь Нара. Энэ ч утгаараа бусад гишүүдээс багагүй шүүмжлэл хүртдэг билээ.
2025 оны хамгийн “поп” гишүүн: АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням

Ерөнхий сайд Г.Занданшатарын кабинетад АҮЭБ-ийн сайдаар томилогдож хамгийн их баярлаж хөөрсөн гишүүн бол Г.Дамдинням. Угаас анх УИХ-ын гишүүн болчхоод “УИХ-ын гишүүнийг цагдаа нь танихгүй, 30 минут саатууллаа” хэмээн чуулганы индэр дээрээс гомдоллож суусан тэрбээр одоо МАН-ын попуудын тэргүүн эгнээнд түүчээлэх болсон. “Гэм биш зан, гэнэт биш хууч” гэдэг шиг сайд болсон цагаасаа хойш өөрийгөө дөвийлгөж, малгайн дээрээ хүртэл өөрийнхөө нэрийг бичиж туйлширсан нь олны шүүмжлэлийг хүртэж байв. Шатахуунд сайд ч гэсэн шатахуунд оочёрлож л байна хэмээх алдарт үг ч түүнийх. Алтан цээж, мөнгөн бөгс, зэсэн өмдтэй Г.Дамдиннямыгаа 2025 оны хамгийн поп улстөрчөөс гадна хамгийн хөгжилтэй түшээгээр мөн шалгаруулъя.
2025 оны хамгийн их уучлал гуйсан гишүүн: Л.Оюун-Эрдэнэ

Намын даргаасаа бууж, аавыгаа алдаж хүндхэн он цагийг туулж яваа Л.Оюун-Эрдэнэ намынхаа Их хурлын индэр дээрээс олон хүнээс уучлал гуйсан нь оны онцлох үйл явдлуудын нэг байв. “Би өөрийнхөө эрх ашгийн төлөө бус намын даргын үүднээс хатуу хандаж байсан бол уучлаарай” гэх өгүүлбэрүүд хүртэл улс төрийн тавцанд ойрд сонсогдоогүй зөөлөн дулаан үгс байв.
Тэрээр ид гялалзаж яваа иртэй насан дээрээ бэрийнхээ цүнхнээс болж “унасан”. Намын дарга биш болсон ч нандин сайхан улс төрийн цэцгэн зам түүнийг хүлээж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Наяад оныхон иртэй шүү дээ.
2025 оны хамгийн ажилсаг, хамгийн хэрүүлч улстөрч: Х.Нямбаатар

Х.Нямбаатар МАН-ын түүхэн дэх удаа шууд лайвддаг анхны улстөрчөөр нэгэнт нэрлэгдсэн. Алдаа гаргахаас айдаггүйдээ биш ажлаа мэддэг учраас лайвын өмнө зогсохдоо нүүр улалзуулдаггүй гэж түүнийг магтаж бас болно. Түүнтэй үе үеийн шилдэг хэрүүлчид тролл армиуд тулсан байдаг. Мөрөөрөө будаатай хуурга хотынхондоо идүүлэх гэж байхад нь нэг эмэгтэй очоод зодчих шахаж байгаа юм. Ер нь эзэнгүй тоосго ирж мэдэхээр эрсдэл дунд эр зоригоороо туучиж яваа хүн л дээ.
Түүнчлэн тэрээр бүх цаг үеийн хамгийн ажилсаг хотын даргаар нэрлэгдээд байна. Богино хугацаанд балбуулж нүдүүлэхийг үл тоон маш их ажил нугалж буй үзүүлэлтээрээ олон нийтийн дэмжлэг хамгийн их авч буй улстөрч. Баргийн хүн зүрхээр явчихаар зүрх, даралтны эмээ хоёр давхарлаж уухаар нөхцөл байдал. Гахай модон дотроос гэдэг шиг түүн рүү гэнэтийн дайралт их ирдэг. Гэвч тэр ажиг ч үгүй ажлаа хийсэн шиг, лайваа хөтөлсөн шиг явна. Түүнд ер нь хэвлэлийн төлөөлөгч ч хэрэггүй.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
