Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Сүхбаатарын талбайн зүүн, урд хэсэгт гүн цэнхэр өнгө давамгайлсан, орчин үеийн хийцлэлтэй өндөр шилэн барилгууд эрийнэ. Эргэн тойрон нь ийнхүү “шилэн ой”-оор өвч бүрхэгдсэн ч түүхийн үнэ цэнээ хадгалан, хотжилтын хурдыг сөрөн зогсож буй мэт мэдрэмж төрүүлэх дулаахан өнгөтэй барилга бол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр билээ.
Барилгын нүүр хэсэгт сонгодог урлагийн бэлгэдэл болох “лир” (lyre) хөгжмийн дүрслэл болон Өрнө, Дорнын хэв шинжийг хослуулсан уран нарийн чимэглэлүүдийг чандманилан байрлуулжээ.
Барилгын дээд ирмэгээр гуниглаж, баярласан төрх бүхий олон “маскарон”-ыг (хүний нүүрний дүрс бүхий баримал) жирэмлэн холбосон нь урлагт байдаг мэдрэмжийн хоёр өөр өнгийг илэрхийлнэ. Багануудын оройд нарийн тансаг хийцтэй навчин хэлбэрт дүрсүүдийг урласан нь Эртний Грек, Ромын уран барилгуудын өнгө төрхийг санагдуулах аж. Энэхүү хэсгийн талаар уран дархан Б.Маргад-Эрдэнээс лавлахад:
-Төв талбайг тойрсон цөөн хэдэн сонгодог хэллэгтэй барилга бий. Тэдгээрийг бүхэлд нь нэг “ансамбль” буюу харилцан уялдаатай барилгууд гэж хэлж болно. Үүн дундаас ДБЭТ-ын барилгад маш их утга бэлгэдэл, архитектурын чамин шийдлүүд шингэсэн санагддаг. Дээвэр, цонх, хаалга гээд бүх хэсгүүд нь тэгш хэмтэй байгаа нь нүдээр хүртэхэд цэгцтэй байхыг нь бодолцсон хэрэг. Баганууд нь ийм өндөр сүрдмээр бөгөөд орой хэсэгтээ уран дүрслэлтэй байгаа нь энгийн амьдралаас урлагийн орчин руу орж буй мэдрэмжийг шууд төрүүлэх зорилготой“ хэмээн хариуллаа.
“Ийнхүү дуурийн театрын боржин чулуун шатаар алхан, модон бариултай хүрэн хаалгыг татсаар цааш ороход эерэг дулаан уур амьсгал угтан авав. Үсээ нямбайлан засаж, дүрэмт хувцсаар ижилссэн тасалбар шалгагч бүсгүйчүүд үзэгч бүртэй найрсгаар мэндчилж, суудлын дугаар сэлтийг нь тайлбарлан зааварчилгаа өгцгөөнө.
“Театрын үүдээр орохоор бүхий л стресс бухимдал энэ хүрэн хаалганы цаана үлдчихсэн юм шиг санагддаг даа” гэж үзэгч Э.Нямбаяр догдлонгуй хэллээ.
Цэвэрхэн дэгжин хувцаслаж, нүүрэнд нь мишээл тодорсон дуурийн үзэгчдийг харахад гадаах орчноос тэс өөр, баяр ёслолын мэт мэдрэмж төрнө.
Ийнхүү “соль нот”-оор гоёсон, улаан өнгийн хивсэн дээгүүр алхсаар үзвэрийн танхим руу орлоо. Дээд хэсгийг хаан бугуйвч, хатан сүйхээр гоёж, доод талыг “өлзий” хээгээр чимсэн хилэн улаан хөшиг нүдэнд тусна. Тайзны дээхэнд “бадамлянхуа” суурьтай алтан соёмбыг залжээ. Үүлэн хээгээр цэцгийг мандал бүтээн чимэглэсэн гоёмсог гэрлийн бүрхүүл орчинг зэгсэн их чимнэ.
Театрын хоёрдугаар давхарт байх хүлээлгийн танхимд ДБЭТ-аас төрөн гарсан үе үеийн алдартнуудын зураг байршжээ.
“Дэлхийн шилдгүүдийг л төрүүлдэг театр шүү дээ. Манайх шиг ийм том мэргэжлийн бүтэцтэй, өөрийн дэг сургуультай, архитектурын хувьд баялаг театр Ази тивдээ ховор. Барилгад нь үндэснийх нь онцлог шингэсэн театр бүр дэлхийд ч цөөн байх” хэмээн үзэгч Г.Төмөржин бахархангуй хэлнэ.

Мөн энэ хэсэгт “Юндэн, Нансалмаа” болон балетын хоёр жүжигчний дүр бүхий гоёмсог ханын зураг байлаа. Энэ зургуудыг 1990 онд Урлагийн Гавьяат зүтгэлтэн М.Бүтэмж гуай зурсан талаар ДБЭТ-аас эрхлэн гаргасан “Учиртай гурван толгой дуурийн түүхэн тэмдэглэл” номд дурджээ.
“Белтаж” буюу театрын дээд давхраас үзэгдэх орчин илүү дэлгэрэнгүй харагдана. “Яам” буюу оркестрийн байрлах хэсэгт уран бүтээлчид бэлтгэл сургуулилтаа хийн, хөгөө жигдрүүлцгээж байлаа.
“Яам” ийм доор байдаг нь нэгдүгээрт үзэгчид тайзыг саадгүй харахад тусалдаг. Хоёрдугаарт “акустик” дуугаралтыг жигд тараадаг юм. Дуурийн театрууд ийм өндөр таазтай, дугуй хэлбэртэй байдаг нь мөн л хөгжмийн тархцыг бодолцсон хэрэг” хэмээн хийлч Э.Сувд хэлэв.
Удалгүй хөшиг нээгдэж, удам дамжсан удирдаач Туулайхүүгийн Гэрэлцэцэгийн дохилтоор оркестрын хөгжим эгшиглэлээ. Испани маягийн өнгөлөг уур амьсгал тайзыг өвч дүүргэнэ. Австрийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг Минкусын мэндэлсний 200 жилийн ойд зориулан түүний “Дон Кихот” балетыг тоглож буй нь энэ юм. М.Сервантесын эх зохиолд нь гардаг салхин тээрэм, 16 дугаар зууны нарлаг “Севияа” хотын өнгө төрхийг тайзны зураглал бүрэн дүүрэн харуулж байлаа.
Эхнээсээ дуустал эрч хүчтэй цоглог хөгжим эгшиглэж, үзэгчдийн халуун алга ташилтаар тоглолт өндөрлөв.
Балет дууссаны дараа бяцхан үзэгч Т.Мөнхүслэнгээс дуурийн театрт ирэх ямар байдаг вэ? гэж асуухад “Театрт ирэх маш их гоё байдаг. Би алга ташихаа зогсоож чаддаггүй” гэсэн өхөөрдөм хариултаар орчин тойрноо хөгжөөлөө.
Ахмад үзэгч П.Мягмар гуайгаас сэтгэгдлийг нь сонсоход:
-Би анх 1950-аад оны сүүл үед таван настайдаа сумынхаа “Улаан булан”-д “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг үзээд хөгжимд дуртай болсон. Дараа нь буюу 1970-аад оны үед хотод анх оюутан болж ирээд Э.Чойдогийн “Шарилжан дундах цэцэг” Ж.Чулууны “Уран Хас” зэрэг алдартай бүтээлүүдээр мэлмий, сонороо баясгаж байлаа. Үүнээс хойш 50 гаран жил театртаа тогтмол ирж үзэж байна. Сүүлийн үед залуус их үзэж сонирхож байгааг харах сайхан байдаг. Ер нь сонгодог урлаг гайхалтай шүү дээ. В.Г.Белинскийгийн хэлсэн “Балет бол агаарт хөвөх уран зураг юм” гэсэн үгтэй бүрэн санал нийлдэг хэмээв.
Мөн ДБЭТ-д тогтмол тоглолт үздэг Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны ажилтан Иржи Беднар:
-Монголын уран бүтээлчид маш чадварлаг санагддаг. Театрын орчин, тайз засал, хувцаслалт гээд бүгд гайхалтай. Би Европ тивд байхдаа дуурь үзэж байгаагүй учраас тэндэхийнхтэй харьцуулж чадахгүй. Гэхдээ ахин дахин хэлье. Энэ үнэхээр гайхалтай шүү. Монголд оршин суудаг гадаад улсын иргэдийг үзэхийг уриалмаар санагддаг” гэж хэллээ.
Дуурь Бүжгийн Эрдмийн театр түүхэн цаг хугацаандаа өнгөө гурван удаа сольж байжээ. Хамгийн сүүлд 2022 онд үндсэн өнгийг өөрчилж улбар шараар будсан ч үзэгчид ижил дасал болсноороо “сонгодог ягаан” гэж нэрлэцгээнэ.
Энэхүү “сонгодог ягаан” театр их хотын түүхийн өв, соёлын дархлаа нь төдийгүй иргэдийн урлаг гоо зүйн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулан бахархалтайгаар “мишээж” байна.
Д.Энх-Амгалан
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
