Ард түмний бухимдал дээр тоглолт хийж хандив цуглуулдаг нөхдүүдэд хариуцлага тооцдог болъё
Монголчууд бид сүүлийн жилүүдэд хандив, тусламжинд живж байгаа. Нэг талаараа, төрөөс дэмжиж, шийдвэрлэх олигтой бодлого байхгүй учраас эх орондоо эмчлэгдэх боломжгүй оноштой иргэд ард түмнээсээ тусламж хүсэж гадны орныг зорьдог. Эрүүл саруул болоод инээгээд ирсэн хүүхдүүд ч цөөнгүй бий.
Гэхдээ нөгөө талаараа, хандив гэдэг үгний цаана луйварчид, залилагчид ч гаарч байна. Ойрхон өрнөсөн хоёр үйл явдлыг иш татъя.
Кэйс1: Өнгөрсөн хавар /2026.05 сар/ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд сугалаатай жагсаал зохион байгуулсан. Тэрбээр “УИХ, Засгийн газрыг огцруулах ард түмний их хуралд ирсэн эхний мянган хүн сугалаанд оролцож таван ханатай гэр, хурдан удмын адуу, үхэр хожно” гэх түүнийг тэтгэвэрээ нэмэгдүүлэх хүсэлтэй ахмадууд тойрон хүрээлсэн байлаа. Ийнхүү ахмадуудаас мөнгө цуглуулж оройн 17 цагийн үед тортой мөнгөө цүнхлээд алга болсон. Тэнд цугласан эмээ өвөө нар “хурдан удмын адуу, үхэр”-ээ авч чадсан уу? Үгүй л болов уу?
Кэйс2: Шатахууны хомсдолоос үүссэн иргэдийн бухимдал дээр тоглолт хийж ард түмнээс мөнгө босгож буй М.Орхонтуул.
"Үнэн худлын дэнс" нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхонтуул "Ард түмний колонк байгуулна" хэмээн иргэдээс хандив цуглуулж эхлээд зургаа хонож байна. Уг санаачилгыг 6000 иргэн дэмжиж 168 гаруй сая төгрөгийн хандив цугласан гэх мэдээлэл бий.
Энэ тухай М.Орхонтуул "Надад ард түмний хандивын мөнгө, итгэл найдвараас өөр зүйл байхгүй. Иргэдээс зургаан хоногийн дотор ₮109 сая цугласан. Зарим нэг хүмүүс намайг луйварчин гэж харааж байна. Би ард түмний колонк байгуулж чадахгүй бол авсан мөнгө бүгдийг нь буцаагаад өгнө. Бүх зүйл шилэн байгаа. Надад зүгээр л итгээд байж бай. Гэхдээ би ажлаа яаж бүтээх тухай дэлгэрэнгүй ярихгүй. Боломж харагдсан учраас л энэ ажил руу зориглосон. Иргэдийн сүүлийн найдвар нь би учраас энэ төлөө зүтгэнэ. Хандив өгсөн хүмүүс хувьцаа эзэмшигч болж зарим нь хөнгөлөлт эдэлнэ. Хамгийн чанартай, хямд үнээр иргэдэд үйлчилнэ" хэмээн ярьсан.
Гэтэл өчигдөр "Энэ ажил бүтэлгүйтлээ гэхэд би хүмүүсийн мөнгийг буцааж өгөх боломжгүй. Харин хэдүүлээ орон нутагт ядуу зүдүү амьдардаг хүмүүст энэ мөнгөөрөө байшин барьж өгье" хэмээн ярьсан бичлэг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
Угаас шатахуун түгээх станц байгуулна гэдэг таван ханатай гэр захаас худалдаж аваад барихтай ижил зүйл биш. Гэнэт нэг нөхөр гарч ирээд колонк барина гээд барьчихдаг ч юм биш. Тусгай зөвшөөрлөөс эхлээд, цистерн захиалах, барьцаа төлөх, тээвэр зууч, ОХУ-тай нийлүүлэлтийн гэрээ хийх гэх мэт асуудал мундахгүй.
Тиймээс иргэд ч үүнд хэрсүү байх учиртай. Зүүдээ ярьсан хүн бүрт итгэж мөнгө шилжүүлэх хэмжээний мэдлэггүй, муйхар байвал эдгээр хүмүүс даврах нигууртай юм.
Мөн дээрх нөхдүүд ч бас адилхан өрнөөс өрний хооронд, хөдөлмөрлөж яваа энгийн иргэдийнхээ таван цаасыг худлаа ярьж халааслаж суухаасаа ичих хэрэгтэй юм. Цаашлаад “ард түмний бухимдал дээр тоглолт хийж хандив цуглуулдаг иймэрхүү хүмүүст хариуцлага тооцдог болъё” хэмээн олон нийт шүүмжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.