Ерөнхийлөгчийн сонгуулиас АН-ыг арчих ах намын “нууц төлөвлөгөө”

Ерөнхийлөгчийн сонгуулиас АН-ыг арчих ах намын “нууц төлөвлөгөө”

АН эрх баригч намыг бодвол “дотоод сонгуульдаа нэг хүнийг нэр дэвшүүлээд бүгд нэгэн зэрэг гараа өргөдөг” соёл, угшилтай нам биш. Хэзээний фракцын зодоонтой, хэлэх үгээ хэлж, бие бие рүүгээ үсчиж байдаг АН-ынхны дотоод зодоон эрчимжиж эхлэв.

Өнгөрсөн Баасан гарагт АН-ын Хяналтын ерөнхий хороо шөнө дөлөөр хуралдаж Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыгоо огцруулах шийдвэр гаргалаа гэв. Гэтэл шөнө намын байрныхаа үүдэнд зогсож мэдээлэл хийсэн хэдэн гишүүний тус шийдвэр хүчингүй гэнэ.

Түүний араас маргааш нь /2026.11.07/ АН онц их хурал зарлалаа гэх мэдээлэл гарав. Атал энэ нь бас л ташаа мэдээлэл аж.

Энэ талаар АН албан ёсны пэйж хуудастаа мэдэгдэл гаргажээ. “АН-ын Онц их хурал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдана гэх мэдээлэл нь албан ёсны бус болохыг мэдэгдэж байна. Намын төв байгууллагуудаас Онц их хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй бөгөөд уг хурлыг АН-аас зарлаагүй болно. Иймд намын гишүүд, дэмжигчид та бүхэн баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэжээ.

АН-ынхны энэ бужигнаан Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоотой. Дээр хэлсэнчлэн АН-ынхан олон фракцтай. Тухайлбал, АН-ын дарга О.Цогтгэрэлийн Нэг Монгол фракц, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МоАХ,  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин тэргүүтэн багтдаг Ардчилсан сэргэлт (АС), АН-ын генсек С.Баярцогтын Гранд зэрэг фракциуд бий.

Эдгээрээс өнгөрсөн хавар “мэндэлсэн” Ардчилсан сэргэлт фракцынхныг МАН, тэр дундаа одоогийн Ерөнхийлөгчийн захиалгатай гэж намын гишүүд нь “шивнэлддэг”. Саяхан тус фракцын гишүүн Б.Түвшин АН-ын бүлгийн даргаар томилогдож Засгийн газартай хамтрах нь тодорхой болоод байгаа юм. Цаашлаад эл фракциас УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн.

Харин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшилтээрээ дээгүүр жагсаж яваа Н.Алтанхуяг гишүүний Хөгжлийн банктай холбоотой хэрэг анхан шатны шүүх рүү буцсан тул түүний Ерөнхийлөгчид горилох горьдлого бараг тасарсан гэж хэлж болно.

Удаах горилогч болох Лу.Гантөмөр. Сүүлийн үед олон нийтэд таалагдахын тулд Оюу толгойн мөнгийг иргэдэд бэлнээр тараа гэх уриалга гаргаад зогсохгүй нийтийн өргөдөл хүртэл санаачлаад явж байгаа улс төрч. Учир нь түүний хүргэнээс эхлээд Боловсролын зээлийн сангийн асуудал нь өнөөдрийг хүртэл сүүдэр мэт дагаж явдаг тул олон нийтэд нэр муутай. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр рейтингтэй оролцох магадлал тун бага.

Ингээд АН-ас нэр дэвшихээр бэлтгэж буй С.Ганбат, Л.Гантөмөр нар хоёул Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүчтэй кандидатууд биш учир тус сонгуулиас АН-ыг арчих “а”х намын нууц төлөвлөгөө төгс хэрэгжилттэй явж байгаа юу гэх хар төрж байгаа юм.

Харин эдэн дундаас АН-ын генсек С.Баярцогт нэр дэвшвэл илүү сонирхолтой өрнөл байж болох юм хэмээн улс төрийн хүрээнд яригдаж байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.