Сэтгүүлч Б.Даваахүүг ажлаа тараад гэртээ харих замд нь баривчилж, цагдан хорьжээ
Сүүлийн үед сэтгүүлчдийг хэвлэн нийтэлсэн мэдээлэл, эрэн сурвалжилсан бүтээл, эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагаанд тавьсан хяналт, шүүмжлэлтэй нь холбогдуулан баривчлах, саатуулах, цагдан хорих тохиолдол ихээр гарч байна. Тухайлбал сэтгүүлч Б.Даваахүүг ажлаа тараад гэртээ харих замд нь баривчилж, цагдан хорьжээ. Үүнтэй холбоотойгоор МСНЭ-ээс дараах мэдэгдлийг гаргажээ.
МЭДЭГДЭЛ
СЭТГҮҮЛЧДИЙГ ЦАГДАН ХОРИХОО ЗОГСОО!
Сэтгүүлч Б.Даваахүүг ажлаа тараад гэртээ харих замд нь цагдаагийн байгууллагаас баривчлан, цагдан хорьсноос хойш 10 хоног өнгөрч байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд байр сууриа хатуу илэрхийлж, буруушааж байна.
Сүүлийн үед сэтгүүлчдийг хэвлэн нийтэлсэн мэдээлэл, эрэн сурвалжилсан бүтээл, эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагаанд тавьсан хяналт, шүүмжлэлтэй нь холбогдуулан баривчлах, саатуулах, цагдан хорих тохиолдол гарч байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой эрсдэл учруулж байна.
Ялангуяа сэтгүүлчийг баасан гарагт баривчилж, 48 цаг саатуулаад, даваа гарагт цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгуулах ажиллагаа давтагдаж байгаа талаарх гомдол, мэдээлэлд бид онцгой анхаарал хандуулж байна.
Амралтын өдрүүдийг ашиглан сэтгүүлчийг өмгөөлөгчтэй байх, хууль зүйн туслалцаа авах боломжийг хязгаарлаж, улмаар цагдан хорих шийдвэр гаргуулах нь хууль ёсны ажиллагаа мөн эсэхэд нэн даруй хяналт тавих шаардлагатай.
Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш.
Хэнийг ч гэмт хэрэгт сэжиглэн хуулийн дагуу шалгаж болно. Гэвч шалгах нэрийн дор хүнийг эрхээ хамгаалах боломжгүй нөхцөлд оруулах, сэтгүүлчийн эрх чөлөөг хязгаарлах, өөрийг нь болон ар гэрийнхнийг нь сэтгэл зүйн хүнд дарамтад оруулах, бусадтай харилцах боломжийг нь хаах явдал байж болохгүй.
Хүнийг нийгмээс тусгаарлаж, ар гэрийнхэн болон бусадтай уулзах, харилцах эрхийг нь хязгаарлах, өмгөөлүүлэх боломжид нь саад учруулах нь хүнлэг бус харьцах шинжтэй эсэхийг зайлшгүй шалгах ёстой.
ЦАГДАН ХОРИХ НЬ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ХЯЛБАР АРГА, СЭТГҮҮЛЧДЭД АЙДАС ТӨРҮҮЛЭХ ХЭЛБЭР БАЙЖ ЯАВЧ БОЛОХГҮЙ!
Сэтгүүлчийг баривчилж, цагдан хорьсноор үзэл бодлыг нь мохоохгүй, бичсэн нийтлэл нь устахгүй, хөндөж тавьсан асуудал нь алга болохгүй. Харин ч нийгэмд айдас бий болгож, төр засаг болон хууль хяналтын байгууллагад итгэх иргэдийн итгэлийг сулруулж, сэтгүүлчдийн өөрийн цензурыг нэмэгдүүлэн, иргэдийн мэдэх эрхийг хязгаарлана.
ТИЙМЭЭС БИД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГҮҮЛЖ БАЙНА.
НЭГ. Сэтгүүлч Б.Даваахүүг цагдан хорьж буй үндэслэл, шаардлагыг нэн даруй дахин хянан үзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, гадуур шалгах боломж олгох.
ХОЁР. Сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэн нийтэлсэн болон эрэн сурвалжилсан бүтээлтэй нь холбогдуулан айлган сүрдүүлэх, дарамтлах, үндэслэлгүйгээр баривчлах, цагдан хорих аливаа үйлдлийг нэн даруй зогсоох.
ГУРАВ. Баасан гараг болон амралтын өдрүүдийг ашиглан сэжигтнийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байх, хууль зүйн туслалцаа авах боломжийг хязгаарлах, ар гэрт нь мэдэгдэхгүй саатуулах зэрэг хүний эрхийн ноцтой зөрчил гарч байгаа эсэхийг шалгаж, таслан зогсоох.
ДӨРӨВ. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны дарамт, урьдчилсан шийтгэл болгон ашиглахгүй байх. Хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх боломжийг бодитой авч үзэж, хэрэгжүүлэх.
ТАВ. Сэтгүүлчдийг баривчилж, цагдан хорьсон хэргүүдийн эцсийн шийдвэр, цагаатгасан болон хэрэгсэхгүй болгосон хэргийн үзүүлэлт, цагдан хорьсон үндэслэлийн талаар нээлттэй статистик мэдээлэл гаргах.
ЗУРГАА. Сэтгүүлчдийн эрх, эрх чөлөөнд халдсан, хууль бус ажиллагаа явуулсан, үндэслэлгүйгээр цагдан хорьсон нь тогтоогдсон албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх.
Сэтгүүлч хууль зөрчсөн бол хуулийн хүрээнд шалга. Гэхдээ сэтгүүлчийг шалгах нэрээр эрх чөлөөг нь хязгаарлаж, өмгөөлүүлэх эрхийг нь боомилж, цагдан хорих замаар залхаан цээрлүүлэх үйлдэлтэй Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хэзээ ч эвлэрэхгүй.
Сэтгүүлчид эрх мэдэлтнүүдэд таалагдах мэдээлэл түгээхийн төлөө бус, олон нийтэд үнэнийг хүргэхийн төлөө ажилладаг.
Сэтгүүлчийг хорьж, хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарлаад эхэлбэл цаашид хэн эрх мэдэлтнүүдийн авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээллийг олон нийтэд хүргэх вэ?
Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн эрх ашиг биш. Энэ бол ардчиллын баталгаа, иргэдийн мэдэх эрхийн илэрхийлэл юм.
БИД СЭТГҮҮЛЧДИЙГ ХУУЛИАС ДЭЭГҮҮР БАЙЛГАХЫГ ШААРДААГҮЙ. ХАРИН ХУУЛИЙН ӨМНӨ УЛС ТӨРЧИД, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД, ИРГЭДИЙН АДИЛ ТЭГШ ХАМГААЛАГДАХЫГ ШААРДАЖ БАЙНА!
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.