С.Баярцогтыг золиосолж, Б.Хурцад шахагдсан О.Цогтгэрэлийн ноён нуруу СТӨ-нд хугарах уу эс хугарах уу?

С.Баярцогтыг золиосолж, Б.Хурцад шахагдсан О.Цогтгэрэлийн ноён нуруу СТӨ-нд хугарах уу эс хугарах уу?

2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний Бямба гарагт Соёлын төв өргөөнд зарлагдсан Ардчилсан намын “Онц их хурал” нь зөвхөн намын дотоод дүрмийн маргаан бус, харин сөрөг хүчний удирдлагын ноён нуруу болон 2027 оны зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг эрх мэдлийн хуваарилалтыг шалгах том сорилт болж хувирлаа.

 Хэдийгээр намын төв байгууллагаас уг хурлыг албан ёсны бус хэмээн няцаасан ч зохион байгуулагчид хэвлэл мэдээллийнхэнд зар түгээж, гишүүдийн чуулганыг хийхээр шулуудсан нь АН доторх дөрвөн туйлт зөрчлийг ил тод харуулав. С.Баярцогтын уналт уу, эсвэл тактикийн ухралт уу?

Энэ удаагийн шуугианы гол гогцоо нь 2026 оны арваннэгдүгээр сарын 6-нд АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, 15 гишүүний 13 нь оролцон 100 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг чөлөөлөх шийдвэр гаргаснаас эхтэй. Дотоод сонгуулийн маргаантай холбоотой ХЕХ-ны чиглэлийг биелүүлээгүй гэх үндэслэлээр түүнийг Солонгост томилолтоор явж байх хойгуур огцруулсан юм. 

Харахад энэ нь С.Баярцогтын хувьд цохилт мэт боловч улс төрийн мөн чанараараа уналт биш. Дүрмийн дагуу генсекийг чөлөөлөх эрх ХЕХ-нд бус, зөвхөн Үндэсний бодлогын хороонд хадгалагддаг тул энэ нь хууль зүйн хувьд хүчингүй шийдвэр. С.Баярцогт ил гарч хэрүүл хийж бусдын жишгээр матрын нулимс унаган гоншигнохын оронд намын ҮБХ болон орон нутгийн бүтцүүдтэй ажиллаж, ирэх сонгуулиудын нэр дэвшигчдийн сунгааны гол хөзрийг атгасан хэвээр байна. Тэр ер нь одоо яаж ч хатгасан цус нулимс ч гарахгүй улс төрд Дракула байх хэмжээний хүчтэй оршихуй.

 Манлайлал нь хямарсан ганц азгүй түшмэл О.Цогтгэрэл

Харин энэ үйл явдалд хамгийн их оноо алдсан хүн нь намын дарга О.Цогтгэрэл болж таарлаа. Өөрийнхөө санал болгож томилуулсан гал тогооны хүнээ ХЕХ-гоор огцруулахад хамгаалж чадсангүй нь гачлантай. О.Цогтгэрэл Арваннэгдүгээр сарын 11-нд сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа “Бичиг албан ёсоор ирээгүй байна, ирвэл хууль зүйн үндэслэлийг нь нягтална, шаардлагатай бол ҮБХ-гоор хэлэлцүүлнэ” хэмээн бөөрөнхийлсөн нь намын дотор ч, олон нийтийн дунд ч түүнийг харамсалтай нь хүчгүй дарга гэх шүүмжлэлд өртүүлэв.

Хэдийгээр энэ оны гуравдугаар сарын дотоод сонгуулиар нийслэлийн төвийн таван том дүүргийн намын хороог УИХ-ын гишүүд Б.Түвшин, О.Амгаланбаатар, А.Ганбаатар, Х.Болормаа, Ц.Баатархүү нар удирдах болж, парламент дахь АН төв аппаратын хамт маргаашийн хурлыг үл тоож байгаа ч намын даргын эргэлзээтэй байр суурь О.Цогтгэрэлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэллээ.

Б.Хурцын бүлэглэл ба гомдогсдын эвсэл

Маргаашийн хурлыг санаачлагчдын цөмд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга асан Ж.Сугарсүрэн, Нийслэлийн АЗХ-ны дарга асан З.Өлзийбаяр нар болон 2026 оны хаврын дотоод сонгуулиар УИХ-ын гишүүдэд суудлаа алдсан дүүргийн хуучин дарга нар нэгджээ.

Ж.Сугарсүрэн Чингэлтэй дүүргийн намын хорооны даргын суудлаа Ц.Баатархүүд алдсанаас хойш дотоод сонгуулийг будлиантай болсон хэмээн эсэргүүцэж ирсэн бол Б.Хурц намыг хувьцаат компани боллоо хэмээн шүүмжилж, О.Цогтгэрэлийг огцруулах, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын нөлөөнөөс намыг салгах лоозонг урдаа барьж байна. Энэ бол үзэл баримтлалын нэгдэл гэхээс илүүтэй “2026 оны сонгуулиар гомдогсод + Хуучин аппаратынхан + Б.Хурцын улс төрийн амбиц” гэсэн эрх ашгийн эвсэл юм. Б.Хурц өөрөө хурц аюултай хүн гэдэгтэй АН дотроо ч гадна талаас харагсад ч дуу нэгтэй байгаа. 

Чуулганы “0” ирцтэй Х.Баттулгын муу ёрын сүнс шиг стратеги

АН дотор хоёр тал ийнхүү ил тулаанд орж, бие биенийхээ хүчийг барж байхад УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн чимээгүй бөгөөд ашигтай байрлалд зогсож байна. Тэрээр парламентын танхимд ч, намын хэрүүлд ч ил гарахгүй байгааг бодит тоон үзүүлэлтүүд гэрчилнэ.

126 гишүүнтэй парламент байгуулагдсанаас хойших түүний нийт ирц 22.8 хувьтай буюу УИХ-ын гишүүд дундаа хамгийн бага үзүүлэлттэй байна. Тоо худлаа ярьдаггүй. Х.Баттулга 2026 оны Ээлжит бус чуулганы 2 хуралдаанд 0 удаа, мөн 2026 оны Намрын ээлжит чуулган эхэлснээс хойш явагдсан 9 удаагийн хуралдааны нэг ч хуралдаанд биечлэн суугаагүй (8-д нь гадаад томилолттой, 1-д нь эмнэлгийн чөлөөтэй) бөгөөд намрын чуулганы ирц нь 0 хувьтай байна.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэгээд АН-аас хэн явах вэ?

Энэ бүх тэмцэл эцсийн дүндээ ганцхан цэг дээр огтлолцож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар дахин нэр дэвших эрхгүй тул АН-аас хэн нэр дэвших вэ гэдэг өрсөлдөөн хэдийн эхэлжээ.

Н.Алтанхуяг: 2026 оны хоёрдугаар сард өрсөлдөхөө албан ёсоор зарласан

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “National Opinion” байгууллагын 2026 оны аравдугаар сарын судалгаагаар АН-ын горилогчдоос хамгийн өндөр буюу 22.88 хувийн дэмжлэгтэйгээр тасархай тэргүүлж байна. Гэвч түүний хувьд сэргээгдсэн шүүх, хуулийн асуудал нь гол саад болж болзошгүй.

О.Цогтгэрэл ба Л.Гантөмөр: Намын дарга асан Л.Гантөмөр болон УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өрсөлдөхөө илэрхийлсэн бол хэрэв Н.Алтанхуягт хуулийн саад учирвал намын дарга О.Цогтгэрэл өөрөө нэр дэвших хувилбар хөшигний ард яригдаж байна түүний рейтинг аравдугаар сарын судалгаагаар 7.37 хувь.

С.Ганбаатар: Хэрэв С.Баярцогт, Х.Баттулга нарын хийсэн гэх хамгийн өндөр рейтингтэй нэр дэвшигчийг хамтдаа дэмжинэ гэсэн тохироо хэрэгжвэл Х.Баттулгын зүгээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг зүтгүүлэх эсвэл Н.Алтанхуягийг дэмжих хувилбар бий. Харин “Би л ерөнхийлөгчид нэр дэвшихэд тохиромжтой хүн” гэж сийгтэл “үлээж” яваа “бидон” Д.Ганбат судалгаанд ч менюнд ч гал тогоонд ч байхгүй нь хоржоонтой. Михайлд нэг бодол бий биз.

Маргааш СТӨ-нд болох “Онц их хурал” дүрмийн дагуу шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй байж болох ч АН-ын удирдлагын сул талыг нүцгэлж өглөө. Өөрийн томилсон генсекээ ч хамгаалж чадалгүй “Хууль зүйн үндэслэлийг нь нягтална” гэж суугаа хүчгүй даргын дүр төрх О.Цогтгэрэлийг цаашид ч олон сорилтод унагах нь тодорхой байна. 2027 оны дөрөвдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны нэр дэвшилт эхлэх хүртэл намын аппаратыг атгасан С.Баярцогтын тооцоолол, хөшигний ард цаг хожиж суугаа Х.Баттулгын хүлээлт, Б.Хурцын довтолгоо гурвын дунд Ардчилсан намын улс төр ийнхүү буцалсаар байх болно.

Б.Ундрал

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.