Прогноз: Төсөв баталсны дараа Засагт сайд нарын сэлгээ хийгдэнэ

Прогноз: Төсөв баталсны дараа Засагт сайд нарын сэлгээ хийгдэнэ

Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох нь тодорхой болжээ. Хэн, ямар сайдын суудалд суух прогнозууд хөвөрч байгаад намжлаа. Гэхдээ түр. Учир нь Засгийн газраас ирэх 2027 оны төсвийг наймдугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-ны дотор эцэслэн батлах ёстой. Иймд, энэ долоо хоногт төсвөө баталчихвал сайдын уралдаан ирэх долоо хоногт үргэлжлэх аж. 

Уг нь Н.Учралын Засгийн газар байгуулагдаад яг хагас жилийн нүүрийг үзэж байна. Гэвч танхимын сайд нараасаа “шүд сугалах уу”, Ардчилсан намыг засагт оруулах уу гэдэг ацан шалаанд орчхоод сууж байна. Энэ хоёр агуулгыг тусад нь задалж харах цаг үеийн шаардлага нэгэнт үүсчихлээ.

Өмнө нь МАН-ын 30-ийн бүлгийн С.Амарсайханыг Н.Учрал хөөчихсөн. Түүний араас “одох” сайд нараар Л.Батлут, Т.Аубакир нар нэрлэгдээд байна. Ц.Идэрбатын нэр дунд нь тууж ч яваа юм.  Сөрөг хүчин эрх баригчдад хандаж, Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлага тавьсан. Засгийн газрыг огцруулах 40 гаруй гишүүний гарын үсэг цуглуулаад бэлдчихсэн гэдэг ч, түүнийгээ “амилуулж”, ажил хэрэг болгосонгүй. Энэ хэрээр Д.Батлут суудалдаа тэссээр, АН засагт хамтрах хамтрахгүйн маргаан тэлсээр байгаа юм. Шүүмжлүүлээд байгаа Л.Батлутыг явуулж, өөрөө үлдэх нь юу юунаас чухал байгаа нь мэдээж.

Ингээд чухам ямар прогнозууд хөвөрч байгааг хүргэе.

-Сайдын суудлын төлөөх МАН доторх марафон-

Танхимдаа ямар халаа сэлгээ хийхийг Н.Учрал бүр цаашилбал түүнийг томилуулсан Ерөнхийлөгч мэднэ.

Сүүлийн хэд хоног Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг Ж.Энхбаяраар, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр солих мэдээлэл идэвхтэй хөврөв. Харин Ж.Энхбаярт Батлан хамгаалахын сайдын суудал санал болгосон ч, “ЗГХЭГ болон Шадар сайдын суудалд очно, үгүй бол Засгийн газарт орохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Тэгэхээр Б.Энхбаярыг Ж.Энхбаяраар солих хувилбар яригдсан ч байж болох. Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын нэг тул өөрт ашигтай байж болох хувилбараар нүүдлээ хийнэ. 

Б.Найдалаагаас буюу ХҮН-аас Эрчим хүчний салбараа аваад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын суудлыг өгөх тухай ч яригджээ.

Харин Ч.Номин, Г.Тэмүүлэн, Э.Батшугар, Л.Энх-Амгалан гэсэн дөрвөн сайдаа Н.Учрал хөдөлгөхгүй гэдэг байр суурьтай байгаа аж. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг хөдөлгөж дийлэхгүй тул түүний суудлаар одоогоор оролдоогүй байна. Урд зүгээс түүнд маш таагүй байгаа гэх бор шувуу ч нисэж яваа юм. Тэгэхээр Т.Аубакир, Ц.Идэрбат, Ж.Энхбаяр, Г.Дамдинням, Б.Найдалаа нар суудлаасаа хөдлөх өндөр магадлалтай гэсэн үг.

-Сорилт: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН эрх баригчдад тахимаа өгөх үү-

Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэн Н.Учралын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулаад чамгүй хугацаа өнгөрчихлөө. Өнгөрөгч хаврын чуулганаас эхлүүлсэн. Хоржоонтой нь эдүгээ бүр эсрэгээрээ "Засгийн газарт орно, орохгүй" гэсэн маргаан дээрээ үзээтэй маргааш Онц их хурлаа хуралдуулах гэж байнх. Магад О.Цогтгэрэлээ авч хаях биз ээ.

Засгийн газарт хамтарна гэдэг шахалтыг Б.Түвшинг АН-ын Бүлгийн даргаар сонгосон АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрэнхэн хийж байна. Ц.Баатархүү, П.Батчимэг, Д.Ганбат, Х.Болормаа, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, С.Одонтуяа, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Д.Жаргалсайхан, Г.Хосбаяр. Нэмээд Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, О.Амгаланбаатар, Ж.Баярмаа нар. Тэдний дунд өөрсдөдөө сайдын суудал хуваарилаад өдөр шөнөгүй зүүдэлж яваа хүн ч бий аж. Эл ажиллагааг С.Баярцогт голлон гүйцэтгэж байгаад генсекийг суудлаасаа “хөөгдчихсөн” гэдэг зүйл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэн.

Бүр АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин томилогдвол Засагтай хамтарна, 5-6 суудал авна гэх мэтээр тов тодорхой яригдчихсан зүйл. Гэхдээ үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, иргэдийн бухимдлаас болоод түр азнасан байдалд орсон гэх.

Нөгөө талаар АН дотооддоо яг 50/50 хувьтай хуваагдчихаад байгаа тул эл асуудлаа нэг талдаа гаргах гэж нэлээн том хагарал үүсгэнэ. Хагарал үүсвэл Ерөнхийлөгчийн цаашлаад УИХ-ын сонгуульд эрх баригчдын өгөөш болох эрсдэлтэй. Эрх баригч намын хувьд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын сугандаа хавчуулах нь чухал байгаа.

Тэгэхээр энэ удаагийн Засгийн газрын хувь заяа, сайдын суудлын хуваарилалт АН-ын хувьд том сорилт байх болно. Сөрөг хүчин шиг сөрж сэлж чадах уу, гольдролынх нь дагуу хамт урсах уу гэдэг асуултын тэмдэг гарч ирж байна.

П.БААТАР

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.