Х.Нямбаатарын шууд дамжуулалт байгаа онож, Ерөнхийлөгч, ЗГХЭГ, ХЗДХ-ийн дэд сайд нар ухралт хийв

Х.Нямбаатарын шууд дамжуулалт байгаа онож, Ерөнхийлөгч, ЗГХЭГ, ХЗДХ-ийн дэд сайд нар ухралт хийв

Х.Нямбаатарын Канадаас хийсэн сүүлийн шууд дамжуулалт /2026.11.14/ хэд хэдэн албан тушаалтныг ажилгүй болгож, Монгол дахь улс төрийн хөдөлгөөнийг идэвхжүүлж орхилоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар чөлөөлөгдөв. Тэд “Бодь” группээс авсан гэх авилгын асуудлаа шалгуулна. 
Ялангуяа У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө суудлаа орхиж буй асуудал зөвхөн төрийн тэргүүний хувь заяа бус эрх баригч намын дотоод харилцаа, Засгийн газрын тогтвортой байдал, сөрөг хүчний улс төрийн байр суурь, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл зэрэг олон асуудал хөдөлгөөнд орж байна.

Өчигдрийн улстөрийн хүрээнд өрнөсөн үйл явдлыг тоймлож, анализ хүргэе. 

 

1. Сөрөг хүчин унхиатай байв уу, улстөрийн захиалгын гүйцэтгэгч болов уу

Ерөнхийлөгч АН-ын шаардлагыг зөв гэж үзэж байгаагаа мэдэгдлийнхээ эхэнд дурдсан. Өөрийн хүсэлтээр огцроод шалгуулахгүй бол Ерөнхийлөгчид импичмент /итгэл үзүүлэх/ эсэх асуудлыг хөндөнө гэсэн шаардлага байв. Гэвч Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа олон нийт сөрөг хүчин “браво” гэх үү, эсвэл урьдчилсан захиалгаар ажиллачихав уу гэдэг эргэлзээнд орчихсон.

Аль нь ч байлаа гэсэн Ерөнхийлөгч өөрт нь импичмент ирэх үйлдлээс өрсчихлөө. АН-ын шаардлага дээр улс төрийн тоглолт хийж чадлаа. Учир нь нийгмийн бүх анхаарал авлигын хэрэг дээр биш төрийн тэргүүнээс  бууж байгааг нь, дараагийн Ерөнхийлөгч хэн байх тал руу ханаран шуугицгаав. АН-ын бүлгийн мэдэгдэл, Х.Нямбаатарын мэдээлэл бүгд сонин биш. Ингэх нь түүний зорилго.

Зууралдалгүй ажлаа өгч чадсан нь, иргэний хувиар шалгуулсан нь гайхамшигтай сайхан гэдэг манипуляци руу хөтөллөө. Бидний бодож байгаагаас огт өөр тоглолтууд ийнхүү эхлэх нь ойлгомжтой зүйл юм. Бүх хөзөр зөвхөн нэг хүний гарт байсаар байна. АТГ, УЕП түүний томилгоонууд гэхэд буруудахгүй. Хууль, шүүхийн байгууллагын угсарсан хонгилын түлхүүр түүний гарт буй. 

 

2. Ерөнхийлөгчийн буцаж ирэхийн төлөөх нүүдэл 

Уг нь Ерөнхийлөгчийн шийдвэрийг нэг хүний улс төр гэж харах боломжгүй. Учир нь Ерөнхийлөгчийн суудал бол Монголын улс төрийн эрх мэдлийн томоохон институцийн нэг.  Харамсалтай нь улс төрийн шийдвэр мөн юм. Яагаад гэвэл энэхүү шийдвэр дараагийн нүүдлийнх нь эхлэл байх бүрэн боломжтой. Тэр эргэж ирнэ. Дандаа тийм байсан. Түүх сөхвөл, УИХ-ын гишүүнээс ч, Шадар сайдаас ч, Ерөнхий сайдаас ч, Ерөнхийлөгчөөс ч өөрийн хүсэлтээр ТАТГАЛЗСАН ЦОР ГАНЦ УЛСТӨРЧ болж байна.

Ерөөс албан тушаалынхаа бүрэн эрхийг дуусгалгүй дундаас нь өгч, орхиж ирсэн түүх түүнийх. Албан тушаалуудаасаа татгалзсан шалтгаан нь дандаа ЭРГЭН ИРЭХДЭЭ бүр өндөрт гарахын тулд байсан гэдгийг мартаж болохгүй. 

2012 онд: Гэр бүлийн хүнээ эмчлүүлэх шаардлагаар УИХ-ын гишүүний албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж гадагш яваад, хоёр жилийн дараа Шийдлийн Засгийн газарт Шадар сайдаар томилогдоод ороод ирж байсан түүхтэй. 

2017 онд: Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатад өгөөд бууж байлаа. Энэхүү үйл явдлын дараа Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг УИХ-ын чуулганаар огцруулж, У.Хүрэлсүхийн нэрийг МАН-ын Бага хурлаас дэвшүүлж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдож байв.

2021 оны ид хөхөө өвлийн хүйтэнд “Ковид 19” цар тахлын үеэр нялх биетэй эхийг таавчигтай зөөвөрлөсөн зураглалаар түүхэндээ анх удаа өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас огцорч, тухайн жилдээ бүх ард түмний 70 гаруй хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

2026 онд: УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгч авилгын асуудлаар үнэн мөнөө тогтоолгох шаардлага тавьсан. Эл саналтай нэгдэж байгаагаа илэрхийлж огцрох хүсэлтээ парламентад гаргахаар болов. 

Үүгээр бол тэр дараагийн нүүдлээ, эргэн ирэлтээ аль хэдийн зурчихсан байх бүрэн магадлалтай. Одоогийн таамгаар бол намаа авах нь тодорхой. Намаа авна гэдэг нь Ерөнхий сайд болно гэсэн үг. Шууд утгаараа. Ингэхийн тулд өнөөдрийн МАН дахь 70 ба 80 оны хагарлыг өрдсөн гол хүмүүсийн нэг юм.

 

3. Ерөнхийлөгчийг дөрвөн сар орлох С.Бямбацогт Ерөнхийлөгчид санаархах

Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ гэдэг марафон өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Горилогчдын нэг нь УИХ-ын дарга С.Бямбацогт байв. Өөрийгөө сойх бэлтгэлээ хэдийнээ эхэлчихсэн нэгэн. Гэтэл дөрвөн сар эзгүй Ерөнхийлөгчийг орлох завшаан тохиолоо. Тодруулбал,
Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 

Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна. Энэ дагуу бид ирэх оны III сар гэхэд шинэ Ерөнхийлөгчтэй болохоор байна. Ерөнхийлөгчийн сонгууль даруй дөрвөн сараар наашилж буй. Сонгуулийн бэлтгэл ажил төдийгүй, горилогчид одооноос шуурхайлж эхэлнэ. 
Дөрвөн сар Ерөнхийлөгчийн суудалд үүрэг гүйцэтгэсний эцэст жинхлэхээр дайрах уу, нэрээ татаад ухрах уу гэдэг нь цаг хугацааны асуудал болох юм. 

 

4. Б.Энхбаяр бантсан нүүрэндээ шалгуулна

“Голомт банк руу орж байгаагүй”, “Голомт банкны дансгүй” гээд яриад онигоонд орсон Б.Энхбаяр танхимаасаа шившигтэйгээр хөөгдөхөөс өмнө Ерөнхийлөгчийг дуурайж “сэргэлэнтэв”. 

Чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөс нэг хоногийн өмнө өөр зүйл ярьж зогссон. Товчхондоо “шалгуулах хүсэлгүй” гэдгээ илэрхийлж байлаа. Тэрбээр, “Намайг яаж ч гүтгэж байсан би хууль хяналтын байгууллагад хандахгүй гэдэг легаситай хүн” гэсэн байдаг. 

Өчигдөр харин “Ерөнхийлөгч улс төрийн манлайлал үзүүлсэн. Би ч мөн албан тушаалаа өгч, шалгуулна” хэмээсэн юм. Шалгуулах зам руу нэгэнт оруулж байгаа хэрэг.
“Бодь групп”-ийг сонголоос хассан гэдэг асуудал хамгийн хурцаар хөндөгдөж байгаа. Тэгэхээр сонсгол зохион байгуулагчийн хувьд эл асуудал түүн дээр улам их галыг дуудах билээ. 

П.БААТАР

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.