Ерөнхийлөгчийг ноцож буй Х.Нямбаатар ирэх долоо хоногт эх орондоо ирэх үү?
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдээд буй. Түүний ажлаа өгч буй шалтгаан нь “Бодь Интернэшнл” ХХК Тавантолгойн төмөр замын төсөл хэрэгжүүлэхдээ 110 сая ам.долларыг нэр бүхий улстөрчдөд тараасан гэх Х.Нямбаатарын гүтгэлгийг хуулийн байгууллагаар шалгуулж нэр төрөө сэргээлгэх аж. Энэ талаараа, "Хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгч миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ" хэмээсэн юм. Мөн “ажлаа өгч жирийн иргэн болж байгаад олон зүйлийг ярина” ч гэж мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн араас Засгийн газрын сайд нар шил шилээ дагаж ажлаа өгөхөө мэдэгдэв. Тодруулбал, хоёр хоногийн өмнө Батлан хамгаалахын сайд Д.Батлут улс төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө хэмээсэн бол өчигдөр /2026.11.17/ ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мөн өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэлээ. Ингээд үндсэндээ, Засгийн газрын хоёр сайд, нэг дэд сайд ажлаа өгнө гэсэн үг.
Ерөнхийлөгчийн дараагийн нүүдэл
Улс төрийн дараагийн тоглолт хэрхэн өрнөх нь олны анхаарлыг татаж байна. Өрнөлийг таамаглаж үзье.
Амралтын өдөр бүр Канадаас лайв хийж Ерөнхийлөгчийг ноцож байгаа Х.Нямбаатарын хэд хэдэн шаардлагууд эхнээсээ биелэлээ олсон гэх хэлж болохоор. Тэрээр эхлээд Ерөнхийлөгчийг орлогоо нотолсны маргааш нь эх орондоо давхиад очно гэж хэлж байв.
Тэгвэл энэ сарын 09-нд /2026.11.09/ АТГ-аас мэдэгдэл хийхдээ “Иргэний гомдлын дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт 2025 онд хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж шийдвэрлэсэн” гэв.
Дараа нь У.Хүрэлсүхийг огцорсоны дараа очно хэмээн цахим хуудаснаа “У.Хүрэлсүх огцор” гэсэн пэйж хуудас хүртэл нээж иргэдийг элсүүлж буй. Ингээд өчигдөр Ерөнхийлөгч огцрохоо мэдэгдлээ.
Харин өчигдөр Х.Нямбаатар “Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий, өөрөө ч сүүлд хэлсэн, "олон арга байгаа" гэж, түүний мөн чанар нь хууран мэхлэх. Монголын ард түмнийг тэр олон удаа хуурсан. Албан тушаалаас зууралддаггүй өгөөд явчихдаг гэсэн мэх хэрэглэж эргэн ирэхдээ улам аймшигт мангас болон ирдэг. Одоо дахин түүнд хууртаж болохгүй. Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ. Дэглэмийн араа шүд бахь байдагтаа хэвээрээ байгаа. Энэ дэглэмийг нуран унатал Монголчууд бид улам илүү сонор сэрэмжтэй байж, галаа манах хэрэгтэй.
Хуваарийн дагуу ээлжит Лайв аа хийнэ” гэжээ.
Эндээс үзэхэд тэр мөд ирэхгүй мэт харагдаж байгаа боловч түүний Канад улсын Ванкувер хотын Ванкуверын Starbucks-ийн салбарт гэрэл зуарг өчигдөр цахим орчинд нийтлэгдэв. Энэ бол тохиолдол биш.
Угтаа Х.Нямбаатарыг одоо албадан авчрах цаг нь болсон гэх дохио. Хотын дарга асан Х.Нямбаатар хэзээ мөдгүй эх орондоо ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын байрлал тодорхой, байнгын хараанд байгаа гэсэн үг. Гагцхүү түүнийг авчрах тушаал хэрэгтэй байгаа биз ээ. Мөн үүнтэй зэрэгцээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн ч Х.Нямбаатарыг авчирна гэж мэдэгдсэн нь санаандгүй тохиолдол биш байлаа.
Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Тэгвэл удахгүй МАН доторх их цэвэрлэгээ явагдана. Ерөнхийлөгч өөрөө суудлаасаа бууж байгаад дүү нараа хөтлөөд хуулийн байгууллагын хаалга татах нь. Гэхдээ тэднийг шалгах хуулийн томчууд бүгд Ерөнхийлөгчийн хүмүүс байдаг нь хоржоонтой. Ингээд тэдгээр хүмүүс нь Ерөнхийлөгчийг хэрхэн шалгах нь сонирхолтой байна хэмээн УИХ-ын гишүүд хүртэл хүлээлттэй байна.
Үйл явдал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.