Х.Нямбаатарын илчилсэн 110 саяын авлигын хэрэг ба эсрэг талын байр суурь

Х.Нямбаатарын илчилсэн 110 саяын авлигын хэрэг ба эсрэг талын байр суурь

Хотын дарга асан Х.Нямбаатар манай улсад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл ҮХЦ хууль хяналтын байгууллага бүгд нэг хүний гарт орж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө зөрчигдөөд удаж байгаа гэх асуудлыг хөндөөд багагүй хугацаа өнгөрч байна.

Хилийн чанадаас дэглэмийн эсрэг ганцаараа дуугарч байна гэх болсон тэрээр эрх баригч намынхаа дотоод зөрчил, хуваагдлыг ил гаргаж, эсрэг талын улс төрчдийн авлига, хулгайг илчлэх болсон. Түүний сүүлд хийсэн “Бодь”-той холбоотой мэдээлэл илүү галтай, ноцтой байв.

Ямартай ч нэгэн цагт Хууль зүйн сайдын алба хашиж байсан хүний хувьд түүнд үүнээс ч илүү ноцтой баримт мэдээллүүд байж магад.

Ингээд Х.Нямбаатарын ноцтой мэдэгдэл ба эсрэг талын байр суурийг нэгтгэн хүргэе. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая ам.доллар, Я.Содбаатараар дамжуулж 2020 оны сонгуулийн бэлтгэлд 22 сая ам доллар бэлэн тараасан

“2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 260 км урттай төмөр замын бүтээн байгуулалтыг “Бодь интернэшл”-ээр хийлгэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж, энэ дагуугаа нууцын зэрэглэлтэй Засгийн газрын тогтоол гаргуулж, тендер зарлахгүйгээр шууд ажил гүйцэтгүүлэх үүднээс ТЕГ-аар Аюулгүй байдлын гэрчилгээ хүртэл “Бодь”-д гаргуулж өгсөн” хэмээгээд үүнийхээ төлөө нэр бүхий улстөрчдөд авлига тараасан тухай мэдэгдсэн юм. 

Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая ам.доллар, Я.Содбаатараар дамжуулж 2020 оны сонгуулийн бэлтгэлд 22 сая ам доллар, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт 15, “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд мөн 15 сая ам.долларыг авлига болгож бэлнээр өгсөн” гэв.

Х.Нямбаатар: “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, тухайн үеийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга, өдгөө Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан болон одоогийн Зам тээврийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарт тус бүр 10 сая ам.доллар бэлнээр өгсөн талаараа “Бодь интернэшл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра гэрчилж, хамгаалалтанд авбал мэдээлэл өгөхөд бэлэн гэсэн”

  ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: "Би А.Амундратай уулзаж үзээгүй. Голомт банк руу орж үзэх нь битгий хэл тухайн банкны данс ч байхгүй. Энэ асуудлаар нээлттэй сонсгол гэдэг шиг өдөржин хэвлэлийн хурал хийх хэрэгтэй. Х.Нямбаатар гэж эх оронгүй болсон хүнд бусдын стори цуглуулахаас өөр хийх ажил алга. Одоо бүүр хууль хяналтын байгууллагынхныг барьцаалчихсан байна шүү дээ"

 Х.Нямбаатар: “Энканто” сауны ойролцоо УНЧ0047, УБЧ0079 зэрэг дугаартай машинд доллароор дүүргэсэн цүнхнүүд орхиод, “Бодь”-ийн Д.Баясгалан захиралд түлхүүрийг нь үлдээдэг байсан гэж гэрчүүд надад зураг явуулж, мэдээлэл өгдөг. Төгрөгөөр хийхэд маш овортой, олон цүнх хэрэгтэй болох учраас доллар нь илүү байсан. Нэг цүнхэнд ойролцоогоор 900 мянган ам.доллар ордог, сайн чихвэл 1.2 сая ам.доллар багтааж болдог тухай баримттай ярьдаг учраас би итгэлтэй байгаа юм”

Бодь интернэшнл ХХК: “Машины зураг, цүнхтэй мөнгө, 4,7 сая ам.долларын гадаад шилжүүлэг гэх мэт зүйлс нь баримт нотолгоогүй, олон нийтийг зориуд төөрөгдүүлэх зорилготой мушгин гуйвуулсан зохиомол яриа, илт гүтгэлэг юм. Тухайн мэдээлэлд дурдагдсан 110 сая ам.долларыг нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчдад бэлнээр авлига болгон өгсөн гэх мэдээллийг эрс няцааж байна. Төслийн санхүүжилт нь гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажилд бүрэн зарцуулагдсан. Ийм хэмжээний хөрөнгийг төслөөс гаргах нь санхүүжилтийн ноцтой дутагдал үүсгэж, бүтээн байгуулалтын ажлыг гацааж, зогсоох хэмжээний үр дагавартай, техник болон санхүүгийн ямар ч боломжгүй зүйл юм"

Х.Нямбаатар: “Хууль зүйн дэд сайд Б.Мөнх-Эрдэнэ тухайн үед Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан.

Өөрөөр хэлбэл, 20024-2007 онд Голомт банкны хуулийн хэлтсийн хуульчаар ажиллаж байсан. Ингээд сүүлд “Солонго & Мөнх партнерс” ХХК байгуулсан нь нээлттэй мэдээллийн санд бий. Д.Мөнх-Эрдэнэ дээрх бүтээн байгуулалтын ажилд оролцож нэлээдгүй зөвлөгөө өгч ажилласан байдаг байна”

Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: “Х.Нямбаатар аа, одоо элдэв худал зүйл зохиож, хүн гүтгэн, хууль, шүүхээс зугтах биш, ирж авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул, яриад байгаа зүйлээ баримтаар нотол. Ардчилсан Монголын хууль, шүүх гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэхгүй! Гагцхүү нотлох баримтаа л бэлд, авчир, ил тод, нээлттэй түмэнд үзүүл. Нотлох баримт гэж хэдэн зураг эвлүүлээд тэр тэгсэн, энэ ингэсэн гэж хов ярих хөгийн чадвахгүй хуульч, хийсэн үйлийнхээ арыг дааж чадахгүй гадаад руу зугтсан арчаагүй ч эр бол доо, чи. Олон аавын хүү гэмт хэрэг хийгээгүй бол шүүхээр үнэн зөвөө тогтоолгоод, хийсэн бол хариуцлагаа үүрээд нэр төртэй гардаг юм шүү. Адгийн шаарууд л хулгай нь илрэхээр, хувьсгалч болж, худал гүтгэлэг тараагаад эхэлдэг юм”


 

Х.Нямбаатарын төмөр замын бүтээн байгуулалт, Бодь интернэшнл ХХК-тай холбоотой ноцтой мэдэгдлүүдийн араас хийгдсэн тал талын байр суурийг нэгтгэн хүргэлээ. Түүний эсрэг тал буюу ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүс Х.Нямбаатарыг эх орондоо ирж хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг шаардаж байгаа юм. Мөн түүнчлэн зарим УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дээрх асуудалд нэр холбогдоод буй бүх хүмүүсийг дахин шалгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Нэмж дуулгахад, Ардчилсан нам тус асуудлыг өнөөдрийн Бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж дахин хянан шалгах түр хороо байгуулах эсэх асуудлыг ч хөндөнө гэдгээ мэдэгдээд байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.