Ц.Хулан: Би зовж байна гэхэд гангадах, жаргаж байна гэхэд даруудах хүн

Ц.Хулан: Би зовж байна гэхэд гангадах, жаргаж байна гэхэд даруудах хүн

Гоо үзэсгэлэнгийн нууц

2015 оны 2 дугаар сар

Цоодолын Хулангийн талаар нэг их олон үг нуршмааргүй байна. Тэртэй, тэргүй энэ ахайтан зөвхөн түүний л бүтээж чадах оюун ухаан, сэтгэл, гоо үзэмж цогц бүрдсэн орон зайгаа тунхаглачихаж. Тиймээс олон үг бичих нь илүүц гэж бодно. Гэвч нэг талаар бид мууг муу гэж, сайныг сайн гэж хайр найргүй, эр зоригтойгоор ярьж, хэлж чаддаг байх ёстой. Ингэж байж алив нийгмийн соёл хэлбэршиж, ёс зүй, ёс суртахууны стандарт тогтдог. Гэхдээ Ц.Хулан бичсэн шүлэг, буй галбираараа ертөнцөө тодорхойлчихсон учраас би үгээ хэмнэсэн гээд буруудахгүй. Түүнд нэг л гайхамшигтай том чанар байдаг. Тэр үргэлжид өөрийнхөөрөө амьдарч иржээ. Зовсон ч, жаргасан ч, хайрласан ч, дурласан ч, хаягдахдаа ч магад буй төрхөөрөө байдаг болов уу гэж бодно. Энэ бол агуу том чанар, агуу их эрх чөлөө юм. Хүн бүрт олддоггүй бардамнал юм. Тийм ч учраас тэр нүүрэндээ ганц үрчлээгүй, нүдэндээ өчүүхэн гуниггүй, гоо үзэмж нь цагийн жамыг сөрөн сөрөн дэлгэрч амьдардаг байх. Түүнээс олон хүүхнүүд нүүрэндээ юу түрхээд байдаг юм, нууцаа хуваалцаач гэж шалдаг гэнэ лээ.

-Тэртэй тэргүй эргэн тойрон хиймэл, хэт албархаг, хуурамч, галзуурмаар юмс дүүрэн байхад таньтай уулзаж хэсэг ч болтугай өөрийнхөөрөө, үнэн, ихэмсэг, бардам, эрх зоргоороо яриаг чинь сонсож бага ч болов сэтгэлээ баярлуулъя гэж бодож, зорьж ирлээ. Сонин юутай байна вэ?

-Саявтархан гаднаас ирлээ. Хямрал ярьсан баахан улс л угтлаа. Монгол хүн амны билгээр, юу бодож, сэтгэж байна, тэр бүхэн нь хүсэн хүлээсэн зүйл болж хувираад эргээд бидний амьдралд бодитоор нөлөөлдөг. Жишээ нь, хямрал гэж ярьсаар байгаад хямралын үеийг дагуулчихсан ч юм уу. Угтаа энэ бол улс төрийн сонгуулийн өмнөх жилд байдаг л дүр зураг. Ер нь хямрахаа тулбал амьдрал өдөр болгон, агшин бүрт хямарч байдаг юм биш үү? Харин үүнийг давж гардаг нэг зүйл юу юм гэвэл тогтвортой байдал. Энэ нь зөвхөн нийгэм эдийн засгийн тогвортой байдал биш, хүний сэтгэл ч өөрөө тогтнох ёстой юм.

Жаргах зовох үед хуучнаа дурсаж суръя л даа. Ерээд оны эхэн үед жинхэнэ хямрал байсан байж магадгүй. Талх, давснаас өөр юмгүй он жилүүд байсан. Монголчууд бид даваад л гарсан. Түүнтэй харьцуулахад энэ хямрал мөн юм уу? Биш. Монголчууд бид харин хэт даварсан байна. Гудамж талбайд багтахгүй олон машин чихэлдэж, нэг харахнаа шинэ барилгууд босч, дэлгүүрийн лангуу яг л нуруу нь хотолзотлоо ачсан илжиг шиг байгаа хэрнээ ядуурал яриад байдаг! Ханах цадах мэдрэмж хаачив? Барааны илүүдэлтэй хэрнээ ёс суртахууны, хүн чанарын дутмагшлын намагт харин живсээр байна. Энэ чинь л жинхэнэ хямрал даа.

Эдийн засгийн хямрал бол яах вэ, хямралын сайн талуудыг ч харж болно. Монгол хүн залхуу, цамаан, ямаан омогтой, харанхуй мунхаг байна гэдэг. Нэг хэсэг нь үнэхээр тийм байгаа. Баргийн ажил, цалин голдгоосоо болоод ажил хийхгүй. Тэдэнд энэ хямрал ямар сайнаар нөлөөлнө гээч. Хүмүүс бүсээ чангалж сурч байна. Арвич хямгач байж сурч байна. Хүн ажлын байрныхаа үнэ цэнийг мэдэрч эхэлж байна. Эв эетэй, нэгнийхээ аж амьдралд ойр болно зэрэг.

-Хүүхэлдэйн театрыг хүлээж аваад бас ч гэж он цаг өнгөрчихлөө. Тань шиг шинэчлэгч, соёл хэлбэршүүлэгч, идеологич хүн нэг газраа удаан байх хайран санагдах юм. Дараагийнхаа нүүдэл хийх цаг болсон юм биш үү?

-Би эндээ байхад жаргалтай л байна шүү дээ. Хүн өөрөө л ямар нэг ажил, албан тушаалд жижигддэг болохоос ямар ч ажлыг том хийж болноо (инээв). Нөгөөтэйгүүр хүн бүхэн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг. Юу чадах, юуг чадахгүйгээ мэддэг. Чадахгүй зүйлээ би чадахгүй л гэж хэлнэ. Том алба тушаалын төлөө бялдуучлах, улс төрд татвар хандив зэрэг бөөн мөнгө төлөх, алдарших гэж сэтгүүлчдийг худалдаж авах энэ тэрийг мэдэхгүй, чадахгүй... Хэдийнээс л ингэж явсан, тэр чигээрээ л явна даа.

-Гэхдээ л нэг газраа удаан байх...

-Нэг газраа удаад ирэхээр жаахан тиймхэн л байгаа л даа (инээв). Нөгөөтэйгүүр миний оронд энэ ажлыг хэн хийх вэ гэдэг асуудал бий. Тийм бодит хүнийг олоогүй тохиолдолд хамт олон хайран. Хүүхэлдэйн театр бол зөвхөн миний нуруун дээр явж байгаа юм биш шүү дээ. Хамт олны минь хүсэл мөрөөдөл, тэдний босгож бүтээсэн юм учраас тийм амархан өөрийнхөө хувийн хүсэл, амбицад хөтлөгдөөд хаалгыг нь саваад гарчихаж чадахгүй.

-Ингэж асууж, шалаад байгаа нь тань шиг зүрх сэтгэл, оюун санааны хөгжил хоёр нь эн тэнцүү түвшинд хөгжчихсөн, сайн боловсролтой хүмүүс улс төрд аль болох олноороо байгаасай гэж боддогийнх. Эр сэтгэлтэй эм хүн гэдэг төрд бол эрдэнэ гэсэн үг мөн биз. Тэр ховор чанар танд байдаг. Гэтэл та энэ олон жил улс төрийг тоолгүй тойрсоор ирлээ. Магад та өөрөө хүсвэл Монголын анхны эмэгтэй ерөнхий сайд байж болох юм шиг надад санагддаг. Харамсалтай нь та тоож шагайхгүй байдаг. Гэвч хэзээ нэгэн энэ бодол чинь өөрчлөгдөх ч юм билүү?

-Ээ чи минь яасан их магтчихав аа! Улс төр тун зуурдын эд. Ард түмэн харин үүрдийнх. Тийм учраас ард түмний талд байж, дуу хоолой нь болж, дунд нь холилдож, зэрэгцэж алхан зовж, жаргахгүй бол уран бүтээлч өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдрэхээ больчихно. Би үүнээс айсаар ирсэн. Хүн өөрөөсөө урвачихвал буй бүхэн чинь хуурмаг болно. Өөрийгөө хуурч байгаа хүн бусдыг хуурах нь энүүхэнд. Өнөөдөр өөрөөсөө урвачихсан хичнээн хүний жүжиг тавихыг бид харж сууна. Өөрөө найруулагч нь, өөрөө гол дүрд нь тоглочихсон, болоогүй улс орноор жүжиг тоглуулж, эмгэнэлт инээдмийн жүжиг тавьж байгааг бид харж байна. Монгол улс улаантан, цагаантан шиг хоёр намд хуваагдчихсан. Хоорондоо зодолдоод эцэж сульдаад нэгнийгээ идэж дуусахад сэг зэмийг нь идэгч бяцхан намууд гараад ирчихсэн. Энэ үед л ард түмэнд нөмөр нөөлөг болох учиртай хэсэг бүлэг улс аль ч ард түмэнд байх ёстой байдаг. Ийм л итгэл үнэмшлээр өөрийгөө албадаад ч гэх үү, улс төрд ордоггүй юм аа.

-Гэтэл улс төрд орохсон гэж мөрөөдөгчид, даргын цүнх үүрч гүйгсэд, үгүй ядахдаа л нэг том хүнийг, тэр нь улс төрч хэн нэгэн, дагасан нь дээр л дээ гэгсэд олон байна.

-Улс төрд орж, тансаглагчдын эгнээнд оръё гэсэн хүмүүс олон байгаа нь үнэн. Бүр яасан олон байнаа гэж бодохоор. Бүхэл бүтэн үеэрээ дараалал үүсгэчихсэн зогсож байна. Ажил хийдэг хүнд тийм зав, тийм хийрхэл байдаггүй юм. Надад тийм зав хэзээ ч битгий гараасай гэж би боддог. Энэ хорвоо дэлхий дээр санаа зовох зүйл их байна.

-Яриа маань яагаад улс төр лүү ийм гүнзгий орчихов оо. Уран бүтээлээ ярья. Хамгийн сүүлд уншигчдын гар дээр очсон “Алтан зэгсний ангир”-аас Ц.Хулангийн гэр бүлсэг, намбалаг аядуу, илүү буурьтай болсныг мэдрэх шиг болсон. Дараагийн ном ямар өнгө аяс, өнцөг галбиртай байх бол?

-Уншигчиддаа амлачихаад удаж байгаа “Ногоон асрын зүүдэн билгийн дэвтэр” ном маань их дуншиж байна л даа. Тэр бол миний буруу. Шүлэг бичиж үнэхээр амжихгүй байна. Шүлэг бодогдсон, шүлэг бичмээр үеэ дандаа өөр зүйлд зориулаад, арчаагүй байна. Догдлохоо болиод, нэг л сэрж өгөхгүй явсаар яруу найрагч мөхдөг тэр замаар орчихсон юм уу? (инээв). Уг нь арай л эрт байна даа гэж санах юм. Бүү мэд. “Зүгээр л нэг амьдрахсан” сайн ном болсон юм болов уу. Маш олон удаа хэвлэгдсэн. Тийм сайн номны араас муу ном гаргах эрх байхгүй учраас их цэнэж, уншигчдаасаа айж байна. Нөгөөтэйгүүр миний ном хуудас хуудсаараа миний туулж байгаа амьдрал, амьдралын минь агшин хором, сэрэхүй, мэдрэхүйн агшин бүхэн минь учраас худлаа бичиж чаддаггүй.

“Зүгээр л нэг амьдрахсан”, “Алтан зэгсний ангир” номны шүлгүүдийг би насаараа бичсэн юм шүү дээ. Тэгэхэд дараагийн номны төлөө долоо, наймхан жилийг зарцуулж, энэ хугацаанд өөрийгөө шавхаад гаргачихна гэдэг дэндүү богино хугацаа.

Тэгээд ч олон ном бичснээрээ алдаршдаггүй. Нэгэн сайн мөр, нэгэн сайн ном, нэгэн сайн үнэнийг хэрэгтэй цагтаа хэлж чадсанаараа уран бүтээлч болдог. Одоо гарах ном маань бурханы шашны ердийн нэг сүсэгтний хувьд үзэж туулж буй амьдралаа сүсэгтний нүдээр, бурхны шашнаас үнэнийг хайсан эрэлчний нүдээр бүтээсэн ном гараасай гэж санаж байгаа.

-Магад цагийн байдал ороо бусгаа гэдэг шиг таны авьяасаас ундрах алт эрдэнэс шиг ганц сайн үг, ганц сайн мөрт, ганц сайн шүлгийг Монголын ард түмэн илүү их авч үлдэхийн тулд танд бичих цаг, ахуй их чухал юм болов уу. Ахуйн байдал хэр их саад болж байна?

-Өөрөө их зөв онож асуулаа. Яг үнэнээ хэлэхэд би их сайн эзэгтэй байя гэж хэт чармайснаас болчихлоо гэж одоо нэг жаахан харамсаж байна. Бага маань гүйцэд сайн тусад ороогүй, нөхөр маань ч гэрийн ажилдаа тийм сайн биш /инээв/. Сая хань минь их хүнд өвдлөө. Тэр үед би бөөцийлсөөр байгаад энэ хүнийг их арчаагүй болгож дээ гэж бодож байлаа. Их халамж, хайр чинь өнгөц харахад сайн сайхан зүйл мэт боловч хүн өөрөө өөрийгөө аварч гарч чадахгүйд хүргэчихдэгээрээ муу уршигтай эд юм.

Агуу их хугараагүй ноён нуруу гэгчээр миний хань сэтгэлийн хаттай эр хүн. Хоол ундаа хийхгүй, дандаа миний гарыг хардаг байдал нь л энхрий, өрөвдмөөр. Би түрүүлээд үхэж болохгүй л болчихлоо. Хар амиа бодоод, номоо хийгээд суусан бол улиралдаа нэг ном гаргаад, бестселлэр болгоод өөртөө фэйсбүүкийн хөөрхөн short story зохиогоод, худлаа инээсэн нүүрнийхээ зургийг авахуулж, энд тэндгүй реклам тавиад л аль хэдийнэ хэдэн халтар ном борлуулчих л байсан. Даанч би тэгж чадахгүй байна. Тэр миний зан чанар ч биш юм байна.

Нөгөөтэйгүүр миний ханийн өвдсөн явдал сэтгэл минь нимгэрэхэд маш их хэрэг боллоо. Би чинь хүний зовлонг, хүний ертөнцийг их дутуу ойлгож ирсэн юм байна. Бид жишээлбэл, хэн нэгнийг хүндээр өвдлөө гэхэд үнэн сэтгэлээсээ ханддаг л гэж боддог байсан. Гэтэл дутуу ханддаг байсан юм байна гэдгийг би сая голоороо, ёзоороороо дэвтэж ойлгосон. Энэ бол надад маш том уран бүтээлийн шагнал юм. Хүний зовлонг ойлгож, хүний сэтгэлийг мэдрэхдээ бид ямар хатуу улс вэ гэдгийг одоо л ойлгож байна. Буддын шашинд хүн зовлонгийн замаар явсаар гэгээрдэг гэдэг үнэн шиг байна. Уран бүтээл бол гэгээрлийн агшнууд юм ш дээ. Нэгэн агшинд бурханы хутаг олно гэдэг шиг уран бүтээлч хүн агшин бүрт гэгээрч байж уран бүтээлээ туурвидаг. Тэр гэгээрлийг олон нийт рүү цацаж байдаг.

-Сайхан сонсогдож байна. Ихэнх хүмүүс амьдралд тохиолдох бэрхшээл, саадыг зовлон гэж хүлээж авдаг. Гэтэл та их гүнзгий, эсрэг утгаар нь хүлээж авч, тийм үү?

-Жишээ нь, сая би анх удаа улс төрд ордог юм билүү гэж бодсон. Яагаад гэвэл миний зэвүү хүрсэн. Хорт хавдар гэдэг бол тийм амар өвчин биш. Хүн төрөлхтнийг айлгаж байгаа өвчин. Энэ өвчний ард гарахад, энэ өвчнийг илааршуулахад төр засгийн, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо ямар бага юм бэ гэдэг нь үнэхээр харагдаж байсан. Дэлхий нийтэд хавдрын эмчилгээ маш үнэтэй байдаг. Монголын эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хариуцлага, ёс зүй ямар байгаа нь харагдсан. Монголын анагаах ухааны түвшин харагдсан. Тэгэхэд анх удаа, энэ олон өр нимгэн байж болохуйц эмэгтэй гишүүд яагаад үүнийг мэдрэхгүй байна вэ гэж бодсон. Би соёл, боловсрол, гэгээрэл гэхээ больё. Зөвхөн хорт хавдрын оношилгооны багажийг оруулж ирэхсэн гэж бодлоо. Их хуралд мандат өвөрлөж орж ирж буй гишүүн болгон тодорхой нэг ийм зорилго тавьж, түүнийхээ төлөө ажиллаж яагаад болохгүй гэж? Үндэстэнд тохиолдож байгаа 76 асуудлыг дөрвөн жилийн парламентын хугацаанд нэг нэгээр шийдсээр ирсэн бол өдийд Монгол орон ийм байхгүй байх байсан шүү дээ. Жинхэнэ миний амбиц сая л хөдөлсөн шүү.

-Хамгийн хэцүү, гэтлэшгүй нь өвчин, үхэл шиг санагддаг. Тийм л өдрүүд байжээ дээ?

-Хүнд өвчний үед ихэд гэмшиж, наманчилах хэрэгтэй гэдэг шүү дээ. Эрүүл мэндээ өвчин гэдэг хулгайчид алдчихаад хаана нь алдсан юм бол, хэзээ алдчихсан юм бол, яаж алдсан юм бол гэж бодохдоо хүн өнгөрсөн амьдралаа эргэцүүлж боддог юм байна. Тэгээд бүх зүйлээс уучлал, наминчлал гуйсан. Тэр бүү хэл, би ямар бяцхан амьтан алж байлаа гэж хүртэл боддог юм байна. Манайх хэсэг Сансарын Оросын хуучны байранд амьдарч байхад би тоос сорогчоор хэдэн жоом соруулчихсан юм. Тэрнээсээ хүртэл уучлаач гэж гуйсан. Идсэн бүх хонь, үхэр, ямаанаасаа уучлал гуйсан. Санаатай, санаандгүй хэн нэгнийг гомдоосон бол, хэрэв алдаа байдаг бол уучлаарай гэж гуйсан. Сүүлдээ бүр хэн нэгэнд сайн сайхан, хэн нэгнээс ухаантай болж харагдаж амьтны дургүйг хүргэж, хэл амыг нь идсэн бол тэрийг хүртэл уучлаач гэж гуйсан. Энэ бүгдийн ард бид хоёул хэлтэрч, гарч л явна. Одоо бол харьцангуй байдал тогтворжсон. Юм бүхэн сайн сайхан болно гэдэгт итгэж байна.

-Амьдралыг ингэж нигүүлсэнгүй, гүнзгий утгаар нь хүлээж авч байгаа энэ хандлагаас чинь олон бүхэн суралцмаар юм байна?

-Хүний амьдралд тохиолдож байгаа зовлон бэрхшээл бүхэн, тэр зовлонгоо чимэг болгож хувиргаад, жаргал болгож харж чадвал амьдрал угаасаа л баялаг, сайхан шүү дээ. Тэр үед ханьдаа “Миний хань Хугараагүй ноён нуруу, би ч үе үе Ж.Пүрэвийн Манан будан шиг болоод байна” гэж хэлж байсан (инээв). Түүн шиг, одоо бол харьцангуй гайгүй, юм бүхэн Тунгалаг Тамир руу урсах байх аа л гэж бодож байна. Бид давж чадсан гэх нь хаашаа юм, даван туулж л явна.

-Шүлэг бичив үү?

-“Бурхан бид хоёр нуугдаж тоглосон” гэж шүлэг бичсэн.

Бурхан бид хоёр нуугдаж тоглосон

Эхлээд тэр намайг

Ээжийн минь энгэр дээрээс олчихсон

Сул асгарах цагаан сүүгээр

Сувдан сондор хэлхэж

Эрхэлж алмайрч байгаад би

Бурханд баригдчихсан...

Одоо би нуугдья гэж бурхан надад хэлсэн

Олох гэж би өчнөөн жил эрсэн

Завилж суугаа хуваргууд шиг

Замбуулингийн сүм суваргуудыг нэгжсэн

Бурхан тэнд байгаагүй.

Зандан шоголтой судруудын мөр хооронд хайж

Зангиа сахиусны оёдол сэмлэж би үзсэн

Тэнд бурхан байгаагүй ...

Бурхан аанай л нуугдсан хэвээрээ

Бултаж хаашаа ч юм алга болсон янзаараа

Хэрвээ би нуугдахгүй гэвэл харин

Хэн нэг хайртыг минь надаас нуучихдаг болсон

Буцаад тэднийгаа авья аа гэвэл чи

Бурхан намайг эхлээд ол гэж тохуурхдаг болсон...

Тэр минь, энэ минь гэмээр хамгийн хайртай хүмүүсийг ч

Тэртээ жилүүдийн цаана аваачаад хорьчихдог

Өршөөлгүй хатуу тоглоомтойд нь

Өөр хэнд ч биш бурханд би хааяа гомддог болсон...

Тэглээ гээд бурхан намайг орхиогүй нь үнэн

Тэмтрэгдэхгүй ч яг дэргэд байгаа нь мэдрэгддэг нь хачин

Хацар зурсан нулимс хатаж амжихаас өмнө

Үл үзэгдэх мутраараа арчиж өгөөд

Үүрийн туяагаар намайг шагнаж

Нарны гэрлээр адислахыг нь мэдэрдэг...

Хүүхдийн инээд шиг хөөрхөн цэцгэнд тэр шургаж

Хүний дулаахан сэтгэлд нуугдаж байх шиг санагддаг

Бусдын зовлонд чийгтдэг аньсганд минь хавчуулагдаад

Буян нүглийн минь дэнсийг тэмдэглэж суух шиг бодогддог оо

Өмссөн цамцаа тайлаад эргэж ирэх шиг

Өөрийгөө би өөрчлөхөөр алсын аянд мордох

Ерийн бус өндөр босгоны цаана ч бурханаа хайсаар одно

Ерөөлтэй нэг л агшинд олохдоо л нэг олно

Бурхан бид хоёр нуугдаж тоглосон....

-Магад таны дотоод ертөнцөд нэгэн том уран бүтээлийн үүд хаалга цэлийтлээ нээгдсэн өдрүүд байсан юм биш үү?

-Магад өөрөө их зөв, гоё олж хэллээ. Би зовж байна гэхэд гангадах, жаргаж байна гэхэд их даруудах хүн. Яагаад гэвэл би энэ газрын хүн ч бас биш. Миний нэг шүлгэнд байдаг даа, Тэнгэрийн үйл мэтгэхгүй ч

Газрын явдлаас хол дээгүүр амьдарлаа

Тэнд хожмоо зовохгүйн тулд

Энд хамаагүй жаргаж болохгүй

Үхлээс би буцахгүй, хагацлаас л жаахан айдаг

Үрээн үлдээх орчлон гэхээр дуугүй явж чаддаггүй....

Энэ нэг тэнгэр газрын завсарх байдлаа би ойлгодог л доо. Би ердийн хүн биш. Тэрийгээ мэдэрдэг. Ер нь уран бүтээлч хүн болгон өөрийгөө тэгж боддог байж магадгүй юм.

-Бусдыг нь мэдэхгүй ч таныг энэ ертөнцийн ердийн нэг хүн биш гэдгийг мэдэрдэг. Мэдээж урд насаа мэддэг байж таарна. Нууц биш бол хэлж болох уу?

-Хүн урд төрөлдөө хэн байснаа мэдье гэвэл одоо юу хийж байгаагаа ажигла, хойд төрөлдөө ямар хүн болохоо мэдье гэвэл одоо юу хийж байгаагаа ажигла гэдэг. Хүн бүрт ийм боломж бий гэсэн үг.

-“Таны шүлгүүд тал нутгийн монголчуудын сонгодог унаган ахуй, төрөлх сэтгэлгээний гэгээн сүнсэнд үнэнч байж, аугаа их нүүдэлчин соёлын сүүлчийн халуун амьсгалыг бидэнд дамжуулж, аугаа их нам гүм цэнхэр үлгэрийг шивнэж байдагт, бид танаар бахархан баярладаг гэж хэлэхийг зөвшөөрнө үү” гэж утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор С.Энхбаярын танд хаягласан үгс бий.

-С.Энхбаяр бол их том шүүмжлэгч. Ерээд оноос амьдарч эхэлсэн оюутны дотуур байрандаа агуу их утга зохиолын гүн сэтгэлгээтний амьдралаар амьдарсаар дуусч байгаад би заримдаа харамсдаг. Заримдаа их бахархдаг. Агуу хүмүүс цагаа олж буцдаг шиг агуу хүмүүс нөхцлөө олж амьдардаг юм байна. Тэрийг өөрчлөх гээд мань мэт шиг яваад байгаа улс харин өчүүхэн юм ш дээ, ер нь. Миний үеийн их сайхан яруу найрагч, хуварга Содномнамжил маань Дорнодын уул руу эмийн ургамал түүхээр яваад эргэж ирээгүй, тэндээ нас барсан. Их гэгээхэн хүн байсан. Бид О.Дашбалбар ахын шавь нар. Би ч яах вэ, шавь ч гэдэггүй, дүү ч гэдэггүй, жаахан танхайдуу гэдгийг өөрөө мэдэж байгаа байх. Содномнамжил маань ёстой Балбар ахын шавь байсан. Ямар гоё, гэгээхэн амьдраа вэ гэж бодогддог. Ж.Болд-Эрдэнэ маань байна. Ийм их авьяастай хүмүүс цаг үеийг тэсч, тэсвэрлэхгүй учраас явчихсан байгаа биз дээ. Тийм гэгээн байхгүй юу. Мань мэт нь л үлдчихээд шавар шалбаагтайгаа холилдоод явж байна. Магад эсвэл бид жаахан үндэс баттай ургамал учраас эндхийг, хүний сэтгэлийг цөлжүүлэхгүйн тулд заг мод шиг тэсч суугаад, дотроосоо халуу шатаад, ноцоод суугаад байж магадгүй л дээ. Нэгэнт л бурхнаас өгсөн нас, үүрэг даалгавар юм чинь аль алийг нь хийгээд явахыг бодно. Гэвч заримдаа эрт одсон анд нартаа атаархмаар санагддаг.

-Чухам ийм л учраас тань шиг бусдын төлөө өөрийгөө үрж, зарж яваа оршихуйг бусдаас илүү хайрлах ёстой юм шиг санагддаг. Тийм ч учраас жинхэнэ авьяастанд уран бүтээлийн фанат, меценат хамгийн ихээр хэрэгтэй. Танд тийм фенүүд хэр их байдаг вэ?

-“Хулангийн үдэш”-ээс өөрөө харж байсан байх. Хангалттай бий. Монгол улсын хэмжээнд бол хангалттай.

-С.Энхбаяр шүүмжлэгчийн хэлсэн үгийг иш татсан учир нь би хувьдаа язгуурын монгол соёл, монгол язгуурын генийн гялбаа танд хамгийн ихээр өвлөгдөж ирсэн юм шиг санагддаг. Таныхаар язгууртан гэж хэн бэ?

-Дээхнэ би нэг томъёолол хэлэхийг оролдож байсан. Гадаах нь гэртээ, гэр дэхь нь гэдсэндээ ороод, гэдсэн дэх нь цусандаа буюу тархиндаа ороод, аливаад юм үзсэн хүний нүдээр хандаж чадсан хүн л язгууртан юм болов уу. Өнөө бид гадаахаа гэртээ оруулах гээд л Оюутолгой, Тавантолгой гээд хэрэлдээд байна.Энэ төвшинд л байна даа. Зөвхөн өөрийнхөө амжиргааг биш хорвоогийн хүн бүхний өмнөөс бодож мэддэг нэгнийг бас язгууртан гэх байх. Бичгийн мэргэд чинь жинхэнэ язгууртнууд байсан юм. Хүн төрөлхтний өмнөөс бодож, өөрийн мөн чанар, өөр лүүгээ дотогш шагайсан зүрхний бичээсийг уран бүтээл болгон гаргадгаараа тэд язгууртнууд. Жишээ нь Будда тийм романтик язгууртан мөн.

-Цуснаас цусанд, удмаас удамд үл тасрах нэг тийм шижир алт шиг цул, хувиршгүй чанарыг язгуурын гена гэдэг юм шиг?

-Энэ бол биологийн ч биш сүнсний ойлголт байх аа. Оюунлаг, сүнслэг нэг ойлголт байдаг. Тэр төрөл дамжиж ирдэг. Тэр нь хэзээ ч ирдэггүй болоод буцдаггүй. Тэр чанар уг нь бол хүн бүхэнд бий л дээ.

-Яагаад ч юм таны урд насыг мэдэх хувийн сонирхол байна. Тиймээс шулуухан л асуучихъя. Та урд насандаа лам байсан уу?

-/инээгээд/ Их л нүгэлтэй лам байж дээ, дараа төрөлдөө эмэгтэй болоод хувирсныг бодоход, тийм ээ.

-Оюун ухаан, сэтгэл хоёрын аль нь хүчтэй вэ гэвэл би эргэлзэх юмгүй сэтгэл гэж хариулна Сэтгэл гэснээс сэтгэл гэдэг эрхтэн, сэтгэлийн боловсрол зэрэг үгсийг чухамдаа та л монгол хэлний үгсийн санд оруулж ирж, соёлын хэлбэршилд байршуулсан. Ийм сэтгэл амьтай хүн ухаан зарж амьдарна гэж хэлж байхад өөрөөсөө урвахтай адил юм шиг санагдаж байлаа.

-Харин тийм. Тэгээд л бяцхан буг шуламснуудад хорлогдох дуртай байгаа биз дээ. Хүн бүхэнд байдаг зүйлийг хүмүүс байдаггүй юм шиг нууж амьдардаг. Хүний нас явах тусам хайр дурлал байхгүй болчихдог гэдэг өнгөлөн далдлалтанд амьдардаг. Үгүй ш дээ, харин ч нас явах тусам хүн амьдралд улам хайртай, улам халуун, үнэ цэнэтэй болдог. Хэлбэр муудаж болноо, агуулга улам сайжирдаг байхгүй юу /инээв/. Зайрмагны ёроолд л хамаг амт шимт нь байдаг. Түүнтэй ялгаагүй. Миний л хувьд амьдралын хамгийн гоё үе. Нас дээшлэх тусам найз нөхөд сонгогдон, шилэгдэж, шилэгдсэн хүрээндээ, тогтночихсон орон гэртээ насаараа ханилчихсан ханьтайгаа, үр хүүхэд том болчихсон... уран бүтээлээ хийе гэхэд гарын дор. Энэ чинь л жаргал юм биш үү.

-Гэхдээ наадах чинь тань шиг хөгжингүй сүнс, дээд оюун санааны түвшинд амьдардаг хүмүүст л хамаатай ойлголт байх?

-Яалаа гэж ердийн, биеийн хөдөлмөр хийдэг хүмүүс ч гэсэн яг л энэ жаргалыг мэдэрнэ дээ. Мэдэрч чадахгүй л байхгүй юу. Мэдрэхийн тулд тэр хүн өөрөө өөрийгөө нээх ёстой. Би юунд дуртай юм. Өдөр тутмын тэр нэг агшнуудыг амтал аа гэж яриад байгаа чинь тэр шүү дээ. Бороо орж байгааг харах ямар гоё юм бэ. Энэ цагаан сар боллоо, ямар гоё юм бэ, би амьд байна шүү дээ гээд. Юм бүхэнд бурханы бэлэг байдаг. Бид нэг өдөр хуримын ширээний ард сууж , нэг өдөр оршуулгын цуваанд толгой унжуулаад зогсож байдаг. Энэ амьдралын бүх зүйлд гэрэл гэгээ байгаа. Эйнштейнээс нэг хүн асууж л дээ. Их эрдэмтэн минь ээ, бурхан ер нь байдаг юм уу та юу гэж бодож байна гэсэн“ уг нь бурхан байдаг гээд байгаа юм. Одоо би хэдхээн жил илүү насалчихвал томьёог нь гаргаад өгье гэсэн юм гэнэ лээ /инээв/. Түүнтэй ялгаагүй. Би Эйнштейнтэй санал нэг байна.

-Нас явах тусам гоо үзэсгэлэн чинь нэмэгдэж байгаа. Нас явах тусам оюун ухаан чинь улам тэлж, гайхалтайгаар дэлбээлж байгааг анзаардаг. Тухайн мөчид юу л хүсч байна, түүнийгээ гүйцэлдүүлэхээс айдаггүйгээрээ л жинхэнэ дээд зиндааны эмэгтэй бусад бүх хатагтай нараас ялгардаг юм гэж Оросын дизайнер Алиса Толкачевагийн хэлсэн үг санаанд ордог. Энэ өнцгөөс бол та жинхэнэ дээдсийн хүрээний хатагтай шиг байж чаддаг юм шиг ээ. Би хэр сайн таамагласан бол?

-Энэ дүрмийг мөрдлөг болгох юм бол анархизм болно. Хэт их дураар, эрээ цээргүй байдалд шилжиж болно. Энэ бол өрнөдийнхний ойлголт. Миний хувьд хэдийгээр ингэж чаддаг ч гэлээ өөрийнхөө эрх зоргоор, хэнээс ч, юунаас ч айдаггүй чанарыг зарлан тунхаглахаас гадна хамгийн амттай, хамгийн өөрт хэрэгцээтэй, хамгийн боломжтой зүйлсээс үргэлж өөрийгөө хязгаарлаж, өөрийгөө хорьж, өөрөөсөө няцаж явдаг юм шүү. Өөрийгөө эрх чөлөөтэй байлгаж чаддаг хүн тэр эрх чөлөөгөө төдий чинээ хорьж чаддаг.

-Эрх үүрэг хоёр шиг үү?

-Яг эрх, үүрэг хоёр шиг байхгүй юу. Миний хувьд ийм.

-Хулан сайхан амьтан, Хулан муухай өглөгч, Хулан бол манай үеийн хатан хаан, Хулан бол жинхэнэ яруу найрагч, Хулан хувирашгүй, Хулан бол хүн чанар, Хулан бол Хулан биш цул алт гэх мэт найрагч нөхдийн чинь танд зориулсан ишлэл үгс, тодотголууд олон. Энэ их магтаал, өргөмжлөл танд юу мэдрүүлдэг вэ? Ер нь алдар нэр яруу найрагчийн өсөлт дэвшилтэд ямраар нөлөөлдөг юм бэ?

-Алт мөнгө, эрх мэдэл, нэр алдрын өмнө үл тоомсорлонгуй байж чаддаг тэр хүн л энэ бүхэнтэй байдаг шүү дээ. Араас нь гүйдэг хүн хэзээ ч нэр алдартай, алт мөнгө, эрх мэдэлтэй байдаггүй.

-Түүндээ живчихдэг байх нь?

-Үгүй. Түүнийхээ боол болчихдог. Түүнийхээ өмнө бөхөлзчихдөг байхгүй юу. Худлаа зан сурдаг, хараад байхнаа. Гудамжинд явж байхад мэндлээд янз бүрийн хүн гар барина. Зарим нь үүнээс жийрхдэг. Миний хувьд хөлөрчихсөн алга барих дургүй л дээ, түүнээс зайлхийхээс бусдаар бүх хүнтэй инээмсэглэж харьцдаг. Энд миний нэр алдар, миний аль дүүрэгт амьдардаг, миний юу өмсдөг, юу боддог ямар хамаа байна. Хүн ёсны харилцаа юм. Тэр хүн хүндэтгээд ирж байна. Тэгэхэд би жийрхээд эсвэл ихэрхээд байх ямар утга байгаа юм? Нэр алдар гэдэг миний хувьд бусдаас тусгаарлах хэрэгсэл биш. Үүний төлөө зарим хүмүүс нэр алдраа хадгалъя гээд хичээдэг. Өөрийнхөөрөө л бай л даа. Унах үедээ уна, босох үедээ бос. Дурлахаас, алдахаас, хүнд хэрэгтэй үгийг нь олж хэлэхээс бүү залхуур. Хамгийн гол нь тэнэг муухай үйлдлээрээ, харгис хатуу, шуналтай, аминч үйлдлүүдээрээ л хүн гомдоочихгүй бол бусад бүх гэмүүдийг өршөөж болно.

-Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэх алдартай үг танийх юм байна лээ ш дээ, сая л олж мэдсэн. Тэгвэл яг энэ насыг чинь юу чимж байна гэж асуумаар байна?

-Миний одоо хийх гээд, гарах гээд байгаа ном л чимж байна. Миний дотоод бодол чимж байна. Нэг их баатар хүү эсвэл Бурхан багш төрүүлэх гэж байгаа Маяа эх шиг л чинэрээд, дуншаад байгаа минь л их гоё байна. Нэг тийм юмны өмнө ирчихээд байгаагаа мэдэрч байна.

-Бичих, туурвих цаг зав мэдээж хомс байгаа байх. Ер нь ямар орчин, цаг ахуйд та илүү бичдэг вэ?

-Яахав дээ, манай гэрийнхэн надад бичих жаахан чөлөө зав олгосон үед л бичнэ. Бусдаар бол онгод энэ тэр гэхгүй, дуртай үедээ суугаад бичиж чадна. Яагаад гэвэл хүмүүсийн дунд алхаад явж байхад, машин барьж байхад ч толгой бол байнга ажиллаж байдаг. Сэтгэл 24 цагийн 25-д нь ажиллаж байгаа. Тиймээс үзэг цаас нийлүүлэх л юм бол гарна. Хуучин бол тэгдэггүй байсан юм. Хуучин өөр юманд, жишээ нь хүүхдэд талхны мөнгө хэрэгтэй, залуу хүн болохоор гоё хувцаслах гээд л, тэнд маш гоё туфль гарчихаж, сайн ажиллаад, сайн мөнгө олоод тэрийг худалдаж авна даа гэдэг байсан бол одоо тэр бүх амбиц, сонирхол байхгүй болсон.

-Хаачсым бол?

-Мэдэхгүй. Угаасаа л надад тийм эдийн шунал, сонирхол бага байсан учраас амархан ханачихгүй юу. Одоо зөвхөн ямар шунал байна вэ гэвэл, би нэг гоё ном уншаад түүнийхээ дотор ороод хайлаад сууж байх шиг жаргалтай үе алга болж байна. Тэгээд бас хайлуулах номыг бүтээх шиг жаргал надад байхгүй. Энэ бүхэн намайг чимж байна.

-Габриель Гарсиа Маркес зохиолчийн ганцаардлыг эрх мэдлийн ганцаардалтай жишиж зүйрлэсэн байдаг. Та яруу найрагчийн ганцаардлыг хэзээ хамгийн ихээр мэдэрч байсан бэ?

-Яг үнэнээ хэлэх үү? (инээв). Би хайрыг мэдрээгүй үедээ ганцаардаж үхдэг. Хэн нэгнийг хайрлаагүй цаг мөчийг хоосон цаг хугацаа гэж боддог.

-Ярианыхаа сэдвийг цаг үе рүүгээ хандуулъя. Цагаан сар болох гэж байна. Үндэсний соёл, ёс заншлаараа бахархаж, гайхуулдаг нэг үе гэж болно. Тиймдээ ч сар шинийн дугаартаа таныг онцлон урьсан хэрэг. Танайх хэр өргөн дэлгэр шинэлдэг айл вэ?

-Ер нь энэ жил инээх хөхрөх үедээ инээж хөхөрсөн, зовсон жаргасан тийм он жилийг ардаа орхиж байгаа учраас энэ сар шинээ сайхан өргөн тэмдэглэнэ. Сар шинийн баяр гэдэг бол энх мэндийн хадгаа дэлгэдэг баяр учраас их сайхан ёс төрөөр нь хийнэ гэж бодож байгаа.

-Та үргэлж л үндэсний хувцасны шинэ моод, трэнд давалгаалуулж байдаг. Энэ жилийн гоёлоор ямар өнгө, загварыг эрхэмлэж байна?

-Цагаан сараар л харахгүй юу (инээв).

-Танд ингэхэд хэдэн дээл, хантааз байдаг вэ?

-Хэзээ монгол хүн хувцсаа тоолж байлаа даа? -Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Та сайхан шинэлээрэй!

-Сэтгүүлийн уншигчиддаа энэ сар шинэдээ өргөн дэлгэр сайхан шинэлэхийг уриалж байна. П.Лувсандоржийн үг “Таван эрдэнэ” дуу радиогоор эгшиглээд эхэлдэг. Монголын хавар ирлээ. Эрүүл, амьд, элэг бүтэн амьдрах шиг сайхан зүйл байхгүй. Үүнийг би мэдэрсэн. Ийм сайхан жаргалыг л та нартаа ерөөе. Бусад нь бол юу ч биш ээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ нэг зүйлийг зарчмын хувьд илэн далангүй хэлсэн нь “Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой зүйл. Энэ бол нийтийн зүгээс тавьж байгаа зөв зүйтэй шаардлага” гэж хэлсэн

13 цаг 0 мин

“ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ 2025” ИРГЭДИЙН БАЯРЫГ “ШИНЭ ЧИНГЭЛТЭЙ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

19 цаг 6 мин

Guys хамтлагийн Мийгаа 28 жилийн ойн баярын тоглолтдоо оролцох уу?

Уржигдар 19 цаг 33 мин

GUYS хамтлаг "Good luck" дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

Уржигдар 19 цаг 25 мин

ЕТГ-ын дарга Г.Занданшатар мисс нууц амрагаа Монголбанканд ажилд оруулжээ

Уржигдар 18 цаг 13 мин

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Уржигдар 16 цаг 26 мин

Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хошой медальтан боллоо

2025-05-15

“Улаанбаатар марафон 2025” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна

2025-05-15

Өнөөдөр болох үйл явдал

2025-05-15

Хоёрдугаар ээлжийнхний хоол хэний гал тогоонд буцалж байна вэ?

2025-05-15

Монголын эдийн засагт нэмж 1.5 тэрбум ам доллар оруулах бүтээн байгуулалт эхэлж байна

2025-05-14

Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган болж байна

2025-05-14

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргатай худ ургийн хамаарал байдаг л байх

2025-05-14

Дижитал сурталчилгаа (digital ads) яагаад чухалд тооцогдох болов?

2025-05-14

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Доншен газрын тос (Монгол) ХХК-ны үйлдвэрт зочилж, санал солилцлоо

2025-05-13

Америкийн мэс засалчид 19 настай өвчтөний хүзүүний дээд нугалмын хорт хавдрыг анх удаа нүдний ухархайгаар дамжуулан авчээ.

2025-05-13

"Датаком" компанийн ерөнхий захирал Д.Энхбат

2025-05-13

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана

2025-05-12

Монголбанкны дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

2025-05-12

“ГЭГЭЭН МУЗА 18”

2025-05-09

Хоёрдугаар ээлжийнхний хоол хэний гал тогоонд буцалж байна вэ?

2025-05-15

ЕТГ-ын дарга Г.Занданшатар мисс нууц амрагаа Монголбанканд ажилд оруулжээ

Уржигдар 18 цаг 13 мин

Монголбанкны дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

2025-05-12

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана

2025-05-12

Америкийн мэс засалчид 19 настай өвчтөний хүзүүний дээд нугалмын хорт хавдрыг анх удаа нүдний ухархайгаар дамжуулан авчээ.

2025-05-13

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Доншен газрын тос (Монгол) ХХК-ны үйлдвэрт зочилж, санал солилцлоо

2025-05-13

"Датаком" компанийн ерөнхий захирал Д.Энхбат

2025-05-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ нэг зүйлийг зарчмын хувьд илэн далангүй хэлсэн нь “Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой зүйл. Энэ бол нийтийн зүгээс тавьж байгаа зөв зүйтэй шаардлага” гэж хэлсэн

13 цаг 0 мин

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргатай худ ургийн хамаарал байдаг л байх

2025-05-14

Guys хамтлагийн Мийгаа 28 жилийн ойн баярын тоглолтдоо оролцох уу?

Уржигдар 19 цаг 33 мин

Дижитал сурталчилгаа (digital ads) яагаад чухалд тооцогдох болов?

2025-05-14

Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган болж байна

2025-05-14

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Уржигдар 16 цаг 26 мин

“Улаанбаатар марафон 2025” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна

2025-05-15

“ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ 2025” ИРГЭДИЙН БАЯРЫГ “ШИНЭ ЧИНГЭЛТЭЙ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

19 цаг 6 мин

Монголын эдийн засагт нэмж 1.5 тэрбум ам доллар оруулах бүтээн байгуулалт эхэлж байна

2025-05-14

Өнөөдөр болох үйл явдал

2025-05-15

Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хошой медальтан боллоо

2025-05-15

GUYS хамтлаг "Good luck" дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

Уржигдар 19 цаг 25 мин

Сурталчилгаа