Улс төрийн зодооны жинхэнэ автор нь “Том ах” юм биш биз?

Улс төрийн зодооны жинхэнэ автор нь “Том ах” юм биш биз?

МАН-ын даргын сунгааны үр дүн Г.Занданшатарын талд биш Д.Амарбаясгалангийн талд гарснаар үүдсэн өнөөдрийн улс төрийн их хэрүүл тэмцэл, зовлон зодоон Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр нэг талдаа багтах тал руугаа явж байна. Туйлын илэрхий, инээдтэй нөхцөл байдал дунд дарга болж чадаагүйдээ шаралхаж шархадсан баавгай мэт аашилж буй Г.Занданшатарын тал ялж явна гэсэн үг. Түүний хувь заяаг яг одоо УИХ-ын чуулган хэлэлцэж байна.

Бидний хөндөх сэдэв гэхдээ өөр. Сүүлийн нэг сарын турш өрнөж байгаа улс төрийн зодооны жинхэнэ эзэн нь экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хэмээн ил хардаж, шууд нэрлэх болсон. Үнэндээ өвлийн цүнхтэй улс төрөөр суудлаасаа огцорсон Л.Оюун-Эрдэнэ хэдийнэ сул гишүүн, шүдгүй арслан болсон. Угийн ч бие дааж хийж байсан улс төр түүнд ховор юм. Шулуухан хэлэхэд хөшигний ард жинхэнэ удирдаач нь халхлагдаад үлдэж байгаа юм биш биз гэх асуулт. Учир нь МАН дотооддоо урьд хожид хэзээ ч байгаагүй ихээр зодолдож байна. Магадгүй 6 жилийн өмнөх нөхцөл байдал давтагдаж байна. Тэгвэл 6 жилийн улс төрд юу өрнөсөн, хөшигний цаадад юу болж байсан талаар эргэн саная.

32 ба 33 –ын бүлэг

Юун түрүүн 2017 оны намрын халуун өдрүүдийг эргэн саная. Тухайд үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах ажиллагааг түүний танхим дотроос эхлүүлсэн юм. Тухайн үед Ж.Эрдэнэбатын кабинетэд Шадар сайдаар ажиллаж байсан өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан тухайд сүртэй мэдэгдэл хийж Засгийн тэргүүнээ дэвжээнд чирэн гарч ирсэн. Энэ асуудлаас үүдэн УИХ дахь МАН-ын 65 гишүүн Миеэ даргын болон Хүүкийн гэсэн хоёр талд хуваагдаж 32 ба 33 бүлэг “албан ёсоор” зодолдож эхэлсэн байдаг.  Зодооны эхний ялалт Хүүкийн талд шийдэгдэж, 2017.09.07-ны өдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг амжилттай огцруулж 2017.10.04-ний өдөөр өөрөө Ерөнхий сайд болов. Улмаар  2017.11.20-23-ны өдрүүдэд МАН-ын 28-р их хурал хуралдаж У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонгов. Төрөө, намаа авах эл процесс ердөө 3 сарын дотор жин тан болсон нь түүний улс төрийн нүүдэл хичнээн урныг харуулдаг юм.

60 тэрбумын зохиол

Намын даргын албан тушаалд түүнтэй өрсөлдсөн Д.Хаянхирвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас ч чөлөөлж амжив. Ингээд нэгэнт нам, төрийн эзэн суусан сэтгэл нь ханасангүй спикерийн суудлыг авах дараагийн операцидаа ханцуй шамаллаа. Ийн алдарт 60 тэрбумын хэргээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах улс төрийн акц эхэлсэн юм. Уг операцидаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг маш амжилттай ашигласан байдаг. 60 тэрбумын зохиолыг Д.Амарбаясгалан гардсан бол сайн дүү Л.Оюун-Эрдэнэ “Шударга тав”-ын түүхэн жагсаалыг базав.

Тухайн үед Миеэгийн фракцийн Ц.Сандуй НИТХ-ын дарга, Су.Батболд Нийслэлийн Засаг дарга байсан бөгөөд нэгийг нь 60 тэрбумаар, нөгөөг нь бичлэгээр гуд татан унагасан билээ. Гэхдээ тэднийг жилийн зайтай “зайлуулсан” байдаг. Тодруулбал, 2017.08.31-ний өдөр Ц.Сандуй 60 тэрбумын хэргээр огцорч, 2017.10.09-ний өдөр С.Амарсайхан НИТХ-ын дарга болов.

Харин Нийслэлийн Засаг даргийг үүнээс жилийн дараа буюу 2018.11.27-нд Су.Батболдыг өөрөөр нь өргөдөл өгүүлж, 2018.12.11-нд Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга болж байлаа.

Гэхдээ Том ахын нам, төрөө нийслэлтэй нь авах операци шулуун дардан байсан уу гэвэл бас үгүй. Түүнийг Ерөнхий сайд болсноос жилийн дараа буюу 2018.11.19-нд унасан бөх ууртай гэгчээр 32-ын бүлгээс 33-ын бүлгийн Засгийн газар буюу Хүүкийн Засгийн газрыг огцруулах асуудлыг 2018.11.19-нд УИХ-д өргөн барьж, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн тэргүүтэй МАН-ын хунтайж нар идэвхийлэн тэмцсэн ч Хүүкийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж чадалгүй үлдсэн түүхтэй. Чухам энэ үеэс алдарт 30 гэр бүлийн талаар УИХ-ын чуулганы танхимд ил тод ярьж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаяр руу хандан, “Та 30 гэр бүлийн нэг мөн үү гэвэл мөн. Цагаан суварга, Нарийн сухайт танай гэр бүлийн өмч биш, төрд буцааж өг” хэмээн дарамталж байсан нь түүх болон үлджээ. Н.Номтойбаяр У.Хүрэлсүхийн эсрэг л бол чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн байдаг нь ийм учиртай.

Шударга тавын тэмцэл

Ийн хэдхэн хоногийн дотор Шадар сайдаас Ерөнхий сайд, жилийн дотор намаа төртэй нь авсан Хүүк ялалтандаа ханасангүй. Миеэгийн МАН-д тарьсан үр, ургуулсан гар хөлийг нэгмөсөн тасар татахаар шийдсэн нь Шударга тавын жагсаалаар эхлэв. Эл акцидаа сайн дүү Л.Оюун-Эрдэнээ ёстой тултал ашигласан байдаг. Тэрээр тухайн үеийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Лу. Болд, Ж.Батзандан зэрэг улс төрийн дүрүүдийг гаргаж ирэн, Шударга тавын тэмцэл гээчийг санаачилж, дүн өвлөөр Сүхийн талбай дээр жагсаал цуглаан хийж М.Энхболд даргыг байх суух газаргүй болгож эцэст нь Миеэг огцруулж дөнгөв. Энэ ажилдаа тэрээр Ерөнхийлөгчийн /Х.Баттулгын/ дэмжлэгийг ч өөрийн талдаа татан төвлөрүүлж чадсан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргыг огцруулж, чөлөөлөх тухай нэг удаагийн хуулийг санаачилж, УИХ-аар батлуулсан нь чухамдаа М.Энхболдод зориулсан хууль байлаа. Товчхондоо парламентын дархлааг уландаа гишгэн байж М.Энхболдыг буулгаж авсан түүхтэй. Хоржоонтой нь М.Энхболдын суудалд өөрийн хүн болох Г.Занданшатарыг суулгаснаар өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ыг даргалах албан тушаалд өрсөлдөгчгүйгээр 6 жил тухалсан билээ.

Женкогоо мурисан нь

Түүний дараагийн улс төрийн алхам 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд юун түрүүнд  Ерөнхийн сайдын ажлаа өгөх хэрэгцээ шаардлага үүссэн. Дэлхий нийтээр ковид цар тахал гарч,  дан ганц манай улс гэлтгүй дэлхий даяар барьц алдан самгардаж байсан үе. Тэрээр дөнгөж төрсөн ээжийг гэрийн халад, таавчигтай нь тусгаарлах бүс рүү зөөсөн үйлдэлд ихэд “гэмшин” алдарт “таавчигтай” огцролтоо хийв. Олон нийтийн зүгээс хүндлүүлэв. Нэг нэмэх оноо. Нөгөө талд улс төрийн хамтрагчийнх нь гэнэтийн огцролт тухай үеийн  Ерөнхийлөгч Х.Баттулгад хүнд цохилт болсон бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганд  яаран сандран орж ирж мэдэгдэл хийж “далаараа цэвэр тавиулсан”-аа мэдэж байв аа.

Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр хөөрхий Женкод очсон дараагийн хүнд цохилт нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа. 2019 онд Г.Занданшатарын гардан эхлүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон байдаг. Энэ нь хүчтэй өрсөлдөгч гэж үзсэн Х.Баттулгыг замаасаа зайлуулах уран мэх байсан бөгөөд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрээр өрсөлдөгчгүйгээр улсын нэгдүгээр хүн болсон билээ. Харин улс төрийн хамтрагчдаа муриулсан Х.Баттулга аргаа барахдаа аавынхаа толгойг маажиж, 2024 оны УИХ-ын сонгуулиар хойд бүсэд нэр дэвшин чүү ай УИХ-ын гишүүн болсон билээ.  

Өнөө үе

Төрийн тэргүүн болж намаас холдсон түүнд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа “хоргодох” газар хэрэгтэй. Нэгэн цагт Миеэг фракцитай нь тасар татаж байсан гашуун түүх өөр дээр нь ирэхгүй гэх баталгаа байхгүй. Үйлийн үр улс төрийн тэмцэлд ч хамаатай теором. Тэрээр айж сэрэмжлэх нь ч зөв юм. Хүн бүхэн Г.Занданшатар шиг үнэнч, үлбэгэр биш шүү дээ!

Юун түрүүн сайн дүүгээ замаасаа зайлуулав. Сайн дүүгийн гол алдаа нь хээрийн нохой Женкотой нөхцөж, улс төрийн хорчин ахаасаа хүчийг авч, Хаадын хаан гэгдэх болсон үеэл Х.Нямбаатартайгаа хүч хавсрах болсон явдал. Энэ бүхэн яагаад ч Том ахад таалагдаагүй. Таалагдаагүйгээр барахгүй айлгаж эхэлсэн. Ийн Д.Амарбаясгалантай хавсайдан Л.Оюун-Эрдэнийн хойдохыг ядах юмгүй уншчихлаа. Энэ бол ердөө өнгөрсөн хаврын явдал. Навчис унахад намар ердөө шалтаг байсан гэдэг шиг Л.Оюун-Эрдэнийг унагахад бэрийн цүнх ердөө шалтаг байсан билээ. 

Аятайхан байгаарай гэдэг үгийг тэрээр чуулганы индэр дээрээс хоёр дүүдээ хаяглахдаа эгээтэй МАН хэмээх компанийн үүсгэн байгуулагч, эзэн нь мэт аашилсаныг олон нийт хоёр нүдээрээ харсан билээ.

Үүнээс өмнө эцсийн хоргодох байр нам дээрээ гар хөлөө шургуулахын тулд улс төрийн хүрээнд “Хүрэлсүхийн шивэгчин” хэмээн нэрлэгддэг Я.Содбаатараа МАН-ын генсек болгож амжсан байлаа. Тэрээр 2024.07.05-ны өдөр Д.Амарбаясгалангаас МАН-ын генсекийн албан тушаалыг залгамжилж авсан байдаг.

Дараагийн алхам. Нэгэнт огцорсон Л.Оюун-Эрдэнийн орыг хэн залгах вэ?

100 жилийн түүхтэй улс төрийн ууган намд боловсон хүчин дутсан аятай өнөө улиг болсон Г.Занданшатар тайзан дээр гарч ирэх нь тэр. Энэ ажилдаа Д.Амарбаясгаланг ч татан оролцуулсан нь нууц биш. Тиймдээ ч УИХ-ын сонгуульд ч ялалт байгуулж чадалгүй гортигны гадна үлдсэн Г.Занданшатарыг МАН-ын Бага хурал дээр авч гаран Ерөнхий сайд болгосон буруутан нь Д.Амарбаясгалан билээ. Тэр үед өөрийнхөө унах нүхийг ухаж буйгаа АБ харин төсөөлж байсан болов уу гэдэг нь өөрөө сонин асуулт. 

Хүүкийн хүсэл шунал ингээд дууссангүй. Ерөнхийлөгчийн тамгын газраас  шуудхан Ерөнхий сайд болсон азтай найзыгаа намын дарга болгохоор улайрсан нь МАН-ын залууст таалагдаагүй тул эцэст нь АБ ахынхаа өдөөс босов. Угаас өөрийн давуу талаа мэддэг учраас тэрээр МАН-ын дарга болно гэдэгтээ ч итгэлтэй байсан биз.

Эцэст нь тэрээр сүүлчийн тээг Д.Амарбаясгаланг замаасаа зайлуулах операцийг Г.Занданшатарынхаа гараар амжилттай гүйцэлдүүлэв. Тайзан дээр Г.Занданшатар, хөшигний ард Том ах байгаа нь улс төр гадарладаг, энгийн логик ухаантай хэнд ч ойлгомжтой юм. Бүх зам Ром руу хөтөлнө гэдэг шиг Г.Занданшатарыг дэмжиж, Д.Амарбаясгаланг эсэргүүцсэн бүх хөдөлгөөн Нэгдүгээр хүнийг зааж байгаа билээ.    

Нэг хүний гарт эрх мэдэл хэт төвлөрөх угаас аюултай. Нэг бол дарангуйлагч төрнө. Эс бөгөөс оймс нь гозолзоно!

Нөгөө талаас Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ биш. Хатуу самар. Ядаж байхад намаа 3 удаагийн УИХ-ын сонгууль, 1 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зургийг зурж, стратегийг боловсруулсан ялалтын менежер. Долоо шархадсан чоно. Өнөөдөр Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн ч тэмцэл дуусаагүй, тэхий дундаа явна. Тэмцэлд хэн ялахыг ирэх өдрүүд харуулна. Магад ахын тооцоолж буйгаар хэн нь ч биш дараагийн сайн дүү МАН-ын дараагийн дарга, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд болох болов уу. Учир нь 2025.11.15-нд товлогдоод буй МАН-ын Их хурлыг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн экс хүргэн, СДМЗХ-ны Ерөнхийлөгч Д.Пүрэвдагва, Н.Учралын баруун гараас СДМЗХ-ны генсек болсон Б.Галсан, “Хит”-ийн Д.Давааням агсаны хүү Д.Даваадорж тэргүүтэй МАН-ын залуучуудын байгууллага “базах” нь тодорхой болоод байна.

Экс ч гэсэн хүргэн хүү хэзээд ёсолно. Б.Галсан гэдэг нь Н.Учрал. Н.Учрал гэдэг нь У.Хүрэлсүх. Харин Д.Даваадоржийн тухайд Хүүк Ерөнхийлөгчийн шадар туслах, рийлийг нь хийдэг үнэнч хөвгүүдийнх нь нэг билээ. СДМЗХ гадуур МАН-ын Бага хурлын гишүүнээр 2000-аад оны залуусыг цэцэг шиг түүж элсүүлэх процесс хагас сарын өмнөөс эхэлсэн. Г.Занданшатарын тал намынхаа Их хуралд найдлага тавиад байсан нь ийм учир жанцантай гэсэн үг.

Дээрх бүх нөхцөл байдлаас харвал өнөөдрийн улс төрд үүсээд буй мухардал, үүний шалтгаан Ах намын зодооны ард ЛО биш бидний хайрт “Том ах” байгаа юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрнө. Нөгөө талаар Ах нам АН-ыг бодвол шинэ залуу үеэ улс төрд гаргаж ирэх, хөхүүлэн дэмжих талдаа хэнийг ч дагуулахгүй юм гэдэг сайн имижтэй ч нөгөө талдаа дээрх нөхцөл байдлаас харвал шинэ үеэ зөвхөн ашиглах гэж гаргаж ирдэг юм биш байгаа гэх нэг өнцөг. Ямартай ч МАН үе хоорондын эрх мэдлийн шилжилтээ шударгаар, жам ёсоор нь хийж чаддаггүй учраас урт шар дээлтэй хүний үеэс улбаатай улс төрийн их зөрчил, тэмцлээ өөр хоорондоо хийж иржээ.

Нэг хүний гарт эрх мэдэл хэт төвлөрөх угаас аюултай. Нэг бол дарангуйлагч төрнө. Эс бөгөөс оймс нь гозолзоно.  

М.Саян

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

15 цаг 3 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

15 цаг 32 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

19 цаг 39 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

22 цаг 21 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

22 цаг 27 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

Уржигдар 17 цаг 54 мин

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

Уржигдар 17 цаг 21 мин

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

Уржигдар 16 цаг 48 мин

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

Уржигдар 16 цаг 21 мин

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

Уржигдар 11 цаг 43 мин

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

Уржигдар 10 цаг 17 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

Уржигдар 09 цаг 21 мин

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байгаа аж

2026-04-27

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

15 цаг 32 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

Уржигдар 10 цаг 17 мин

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

2026-04-23

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв

2026-04-23

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

22 цаг 27 мин

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

Уржигдар 16 цаг 21 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

Уржигдар 11 цаг 43 мин

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

19 цаг 39 мин

Сурталчилгаа