Ж.Ганбаатар: Энгийн нэг бизнесмэн жирийн монгол хүний түүх бол МИНИЙ ТҮҮХ

Ж.Ганбаатар: Энгийн нэг бизнесмэн жирийн монгол хүний түүх бол МИНИЙ ТҮҮХ

WORKAHOLIC

Ард түмэн аяндаа бизнесээр нь овоглоод явчихсан эрхэм ноёдын нэг нь “Оргил”-ын Ж.Ганбаатар. Онцлог нь ийм нэр л байдгаас дүр байдаггүй. Өөрөөр хэлбэл тэр нууц ноёнтон. “Оргил” худалдааны төвөөс авахуулаад “Энканто таун” хүртэл ардын баатар болсон бизнесүүдийг бүтээж, босгосон атлаа өөрөө хөшигний ард л байсаар ирж. Ярилцлага авах зөвшөөрөл авч, асуулт бэлтгэх аянд мордоход нэг ч хэвлэмэл ярилцлага нь байхгүй байх жишээтэй. Хэлэхээсээ хийхийг эрхэмлэдэг нь түүний үндсэн зарчим, хөдөлмөрлөх нь түүний мөнхийн зуршил гэчихвэл оносон тодорхойлолт болох юм шиг санагдсан. Товчхондоо тэр workaholic. Хөдөлмөрийн хэнээтэн. Хүн дунд сургуулиа дүүргэмэгцээ юу хийсэн тэр насан туршийнх нь дадал зуршил болж үлддэг гэх аман онол бий. Ноён Ж.Ганбаатар дунд сургуулийн ширээнээс босмогцоо нэг хөлөө оюутны амьдралд, нөгөө хөлөө ажил хэргийн буюу бизнесийн ертөнцөд тавьсан байдаг. Зах зээл бужигнасан алтан үеийн арван наймт их сургуульд эрдмийн мөр хөөхийн хажуугаар завсар сиймхий гармагц ганзага үүрээд, гахай дараад талийж өгнө. Энэ үедээ тэрээр Налайхын Ганбаа нэрээрээ тэрүүхэндээ цуутай байсан гэдэг. Алдарт Alpen Gold, Стиморол бохийг чухам Налайхын Ганбаа анхлан монголчуудад таниулсан гээд бодохгүй юу. Энэ хосолмол карьер түүнийг амжилтын оргил өөд дуудсан нь өнөөгийн Оргил худалдааны төвийн вант улсын үндсэн бахархал. Өөрөөр хэлбэл тэр төсөл тендерээр хөлжиж, төрөөс бойжсон тэрбумтан биш. Тиймдээ ч тэргүүн өндөр, цээж тэнүүн алхах том шалтгаан түүнд бий. Ийм гоё бардамнал түүнээс нэвт ханхалж байсныг нуух юун.

2016 оны 2 дугаар сар

-“Оргил” худалдааны төв, “Энканто таун” хотхон их хотынхны хэдийний ойр дотно түншүүд болсон. Харин үүсгэн байгуулагч нь хэвлэл, олон нийтэд төдийлөн нээлттэй бус бизнесмэн эр. Хийж бүтээсэн нь нүднээ ил ч та хөшигний ард үлдсээр ирсний шалтгаан юу вэ? Та нууцлаг байхыг эрхэмлэгч үү?

-Нууцлаг эсвэл нууцлаг биш байна гэж юуг хэлэх вэ, үнэндээ сайн мэдэхгүй юм. Хэвлэл мэдээллийнхэн олны танил гэж бодсон хүмүүсээрээ энэ ойлголтыг дүгнэдэг байж болох юм. Би хувьдаа жирийн бизнесмэн, жирийн дугаар хорооны иргэнтэй адилхан л хүн. Учиргүй далд нууцлаг байхыг хичээдэг эсвэл бусдын нүдэнд өртөх гэдэг хүн биш.

-Таны намтраас харахад 18 настай хүү амттан зарж анх бизнест хөл тавьсан байдаг. Тэр үеийн Ганбаатарыг өнөөдрийн өндөрлөгөөс эргэж харвал их сонин байх болов уу?

-1991 онд 10 жилээ төгсөж байсан юм байна. Их өвөрмөц сонин, хаана ч, хэзээ ч давтагдахгүй түүхэн он жилүүд шүү дээ. Социализмаас капитализм руу шилжсэн шилжилтийн үе, лангуун дээр давснаас өөр бараа байхгүй, бүх бараа картанд орчихсон, манай Налайхын уурхай хаагдчихсан, хүмүүс үндсэндээ “шоконд” орчихсон тийм л он жилүүд байж. Аав маань Налайхын уурхайд хүнд хүчир ажил хийдэг байлаа. Ээж маань эмнэлэгт ажилладаг байсан. Манайх таван хүүхэдтэй. Эцэг эх хоёр маань биднийг юугаар ч дутаалгүй өсгөсөн дөө. Налайх хот маань ч тэр үед нийгмийн халамж сайтай газар байж. Налайхын бүх айл өрх тун давгүй амжиргаатай байсан санагддаг юм. Гэтэл энэ бүх сайхан зүйлс гэнэт байхгүй болчихоор “шоконд” орохоос аргагүй. Налайхын уурхайд 1988 онд нэг том аваар болж, уурхай хаагдсанаас шалтгаалан тэнд ажиллаж байсан гуч, дөчин мянган хүнд бусдаас түрүүнд гадаад паспорт олгосон юм. Улаанбаатарчуудад гадаад паспорт олдохгүй байхад Налайхчуудад өргөнөөр өгч байсан гэсэн үг. Ингээд налайхчууд хөгшин, залуугүй наймаанд явцгаасан. Энэ нөхцөл байдал надад залуугаасаа ганзагын наймаанд явах нөхцлийг бүрдүүлсэн юм болов уу гэж би хардаг. Улаанбаатар хотод, эсвэл хөдөө өссөн бол арай хожуу, 20, 22 хүрч байж Орос, Монголын хооронд шоколад зөөх хэмжээнд хүрэх байсан биз. Өөрөөр хэлбэл би мундагтаа ч юмуу, 18 настайдаа бусдаас түрүүлээд цоорчихсондоо ажил хэргийн ертөнцөд хөл тавьсан юм биш, ердөө нөхцөл байдлын үр дүнд төрсөн тэр үеийн наймаачдын нэг.

-Гэвч Налайхын 18-тангууд бүгдээрээ наймаанд яваагүй л байх. Та ер нь ямархуу хүүхэд байв? Магадгүй амттанд дуртай хүү байсан байх.

-Нэг их гоц гойд хүүхэд байсангүй. Гэхдээ арван жилдээ он цагаас түрүүлэгч гэдэг хочтой байлаа. Энэ нь ирээдүйг хардаг гэсэн утгаар биш, юмыг төсөөлөн бодох чадвараар бусдаас арай илүү байсан юм болов уу. Багш нартайгаа багагүй маргаж, мэтгэлцэнэ. Цоорчихсон онц сурлагатай байгаагүй ч бусдаас бас ялгарна аа. Налайхаа төлөөлөөд Улаанбаатарт олон олимпиадад оролцож байсан. Хэл бичиг, тоо, геометр, физик зэрэг хичээлээр олимпиадад оролцож байсан юм байна. Амттанд дуртайн тухайд уг нь хүүхэд бүрийн зан биз дээ. Гэтэл би одоо хүртэл амттанд дуртай. Магадгүй архи ууж, тамхи татдаггүй хүмүүс амттанд дуртай байдаг юм болов уу гэж боддог. Тамхи гэдэг татдаг хүний хувьд нэг ёсны дессерт юм уу даа. Надад бол хоолны дараа хүүхдүүдтэйгээ зайрмаг, шоколад булаацалдаад идэх шиг таашаал байдаггүй.

-Уг нь 18 насандаа хүүхэд бүр мэргэжлээ сонгож, ирээдүйн зорилгоо тодорхойлж явдаг үе. Та эсрэгээрээ амьдралын их сургууль буюу наймаанд хөл тавьж. Хэрэв та конкурс өгч хуваарь авсан бол ямар мэргэжил сонгох байсан бол?

-Та буруу ойлгосон байна. Би дунд сургуулиа дүүргээд шууд их сургуульд орсон. Оюутан бөгөөд наймаачин байсан хэрэг. Анх эдийн засгийн чиглэлээр шалгалт өгч Германы бэлтгэлд хуваарилагдсан. Бас л цаг үеийн байдлаас болж энэ сургууль цуцлагдаж, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан болсон. Манай багш тэр үед Г. Занданшатар байлаа. УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Г. Занданшатар шүү дээ. Багшийн эхнэр нь манай ангийн оюутан байлаа. Дараа нь 1996-1999 онд Их сургуулийн Хуулийн ангийг төгссөн. Товчхондоо эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. Харин өвөл, зуны амралт, дадлагын хугацааг ёстой наймаа хийж өнгөрүүлдэг байсан даа. Манжуур, Чита хоёрын хооронд мөн ч их явсан. Энэ түүх, энэ маршрут тэр үеийн хүмүүсийн нийтлэг зам байлаа даа. Харин Монголын зах зээлд шоколад оруулж ирсэн хүмүүсийн анхдагч нь би юм болов уу. Alpen Gold-оос эхлээд Сникерс, Марс, бохь гээд зөөдөг барааны төрөл явж өгсөн дөө.

-Танайх одоо ч гэсэн эдгээр бүтээгдэхүүнүүдээ оруулж ирж байгаа юу?

-Одоо бол Alpen Gold-оо оруулж ирж байна. Бохь оруулж ирэхээ больсон.

-Та уурхайчин гэр бүлээс гаралтай ажилчин ангийн хүүхэд. Гэтэл чөлөөт зах зээл гэдэг их өөр, өргөн утга. Бизнест одтой эсвэл бүр яасан ч одгүй хүн гэж байдаг гэдэг. Өөрийгөө бизнесийн одтой гэдгээ хэзээ анх мэдэрч байв?

-Оюутан байхдаа дотуур байрны хэдтэйгээ ирээдүйн амьдралаа төсөөлж, мөрөөдөж ярина. Чөлөө зав ихтэй зурхай, мэргэ төлөг гээд элдвийн юм үзнэ. Миний зан байдал бизнесмэн байхад тохирох юм байна гэсэн бодол хоёрдугаар курст төрж байсан. Номын мөр хөөх үү, найзуудтайгаа нийлж нам төрийн ажил хийх үү, эсвэл томоохон компанид орж ажиллах уу гээд олон сонголтын өмнө өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээр бизнесээ сонгож байлаа. Бизнесийн од, наймааны од гэдгийн тухайд их сонин зүйл юм шиг надад санагддаг. Нэг найзад минь тохиолдсон явдал л даа. Ёстой унтаж сэрээд саятан болсон түүх. Өмнөх өдөр нь өөрт байсан рублийг доллар болгочихсон юм байна л даа. Тэгсэн маргааш нь рублийн ханш унаж, долларын ханш өсөөд мөнгө нь гурав дахин нугарчихсан. Иймэрхүү тохиолдол 1997, 1998 онд Орост олон гарсан л даа. Мань хүний толгой нь ажиллаад хямдхан байгаа бараа, тухайлбал, мотоцикль, машин тэрэг авч Монголд зарсан. Ингээд тэр хүний мөнгө хоёр сарын дотор 5-6 дахин нугарч өссөн. Би бол тийм наймааны одтой хүн биш. Харин шаргуу хөдөлмөрлөсний хүчинд өдий зэрэгт хүрсэн. Ер нь хүний эргэн тойронд байдаг энерги хүний хөдөлмөрийг илүү их үнэлдэг юм болов уу гэж би боддог. Надад байсан бусдаас давуу чанар бол махруу, хөдөлмөрч чанар. Гэр бүл, аав ээж, ах эгч нарын туслалцаа ч их байсан. Социализмын бүтээн байгуулалтын үр дүнд боссон үйлдвэрүүдийг өмчилж аваад баяжсан олон улс бий. Гурван зуун саяар худалдаж аваад гадаа нь байгаа нэг “сэгийг” зарахад л 300 сая болчихдог, үлдсэн хэдэн тэрбумын хөрөнгө нь үнэгүй хүрээд ирсэн маш олон тохиолдол бий. Иймэрхүү зүйл надад тохиогоогүй. Улсын өмчийг хувьчилж авсангүй, ямар нэг төсөл, тендерт оролцож үзсэнгүй. Өөрөөр хэлбэл наймааны гялалзсан од эсвэл гэнэтийн их аз дайрч байсангүй. Зөвхөн хөдөлмөрлөсөөр өдий хүрч ирлээ. Энгийн нэг бизнесмэн, жирийн монгол хүний түүх бол миний түүх байхаа гэж би боддог.

Би мөнгийг хүний чимэг, хэрэглээ гэж үздэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол мөнгө биш.

-Тэр үеийн наймаачид адал явдалт олон түүх ярьдаг. Санаанд багтамгүй их мөнгө олсон эсвэл алдаж шатсан тохиолдол гээд сонин содон дурсамжаасаа хуваалцаач?

-Наймааны одтой биш байсан учраас сэтгэлд тод үлдсэн, их ашиг олсон тохиолдол гэх юм алга. Харин алдаж байсан 344 Гранд Ярилцлага тохиолдлууд олон. Санаанд багтамгүй шаталтын түүх гэж тодотговол нэг сонин тохиолдлыг онцолж болох юм байна. Москвад болсон явдал. Залуу хүн л болсон хойно Арбатаар жаахан зугаалах санаатай өрөөндөө хамт байсан эгчид нэлээд хэдэн доллар хадгалуулчихаад гарлаа. Өглөө нь нөгөө бүсгүй байдаггүй. Тэгснээ зах дээр явж байгаад миний хадгалуулсан мөнгийг дээрэмдүүлчихлээ гэж ёстой үлгэр шиг юм ярьж байгаа юм. Цаашилбал, Польшийн хил дээр бараагаа хураалгасан гэх мэт наймаачны он жилүүдэд юу эс үзсэн гэхэв. Бас нэг сонин түүх санаанд орж байна. Наймааны ид үед ганцаараа явах үе бишгүй л гардаг байлаа. Нэг удаа явж байгаад яг Москвагийн наахна хоол идлээ. Тэгсэн хордлого авчихдаг юм байна. Юу юугүй ухаан балартаад, бие муудлаа. Баахан мөнгө биедээ боочихсон байдаг. Тэрийгээ эхний таарсан нутгийн нэг ахад өгөөд л эмнэлэг рүү насилькан дээр хүргэгдэж ирж байлаа. Яагаад мөнгөө өгсөн гэхээр, энэ их мөнгөнөөс болоод намайг цааш нь харуулчихвал яана гэсэн бодол төрж байгаа юм л даа. Үнэхээр тийм байдалд хүн мөнгийг биш амь насаа л сонгох рефлекстэй юм байна гэж бодогдож билээ. Тэгээд эмнэлэгт очоод ганцхан хоноод хордлогоо тайлуулж зүв зүгээр босоод ирлээ. Гэтэл энэ ямар ч халдвартай байж магадгүй гээд орос эмч нар гурав хоног тусгаарлачихдаг юм. Тэгээд би Москва руу ярилаа. Тэр үед төлөөлөгчийн газрыг «ТӨК» гэдэг байсан юм. «ТӨК» рүү ярилаа. Чиний мөнгөө хадгалуулсан ах хулгай хийгээд шоронд орсон, чиний мөнгө бол байна гэдэг байгаа. Тэгээд санаа амарч хэд хоногийн дараа очиж мөнгөө аваад, нөгөө ахыгаа шоронгоос гаргаж аваад ажилдаа мордож байлаа. Бас их хачин түүх шүү. -Тийм байна. Тэр үед олон төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирж байсан байх. Хамгийн их борлуулсан гэдэг юм уу гүйлгээтэй нь юу байв? -Alpen Gold шоколад. Энэ шоколад надад их зүйл өгсөн шүү. Монголд хамгийн их хэмжээгээр зарсан бараа гэвэл энэ ч байж магадгүй. Америк, Германчууд, танай Монгол чинь хоёрхон сая хүн амтай байж шоколадаар байшин барьдаг юм уу, ямар их шоколад иддэг юм бэ гэж гайхаж байсан удаатай. Үүнийг наймааны хувьд огцом амжилт байсан гэж нэрлэж болох талтай.

-Тэгвэл бизнесийн хувьд үсрэлт хийсэн он жил хэзээнээс эхэлсэн бэ?

-2004 онд 3, 4-р хорооллын эцэст “Оргил” худалдааны төвийнхөө анхны байшинг худалдаж авч, өргөтгөлийг барьж байсан маань том амжилтын эхлэл болсон. Их амжилттай, оновчтой худалдан авалт болсон гэж боддог. Тэр нэг хэдэн жил шинэ жил болохоос 20 хоногийн өмнө хүмүүсээ “оочерлуулж” оруулдаг байлаа. “Оргил” худалдааны төв ганцхан байсан үе. Тэндээс хүнс, баярын бараагаа цуглуулдаг байсан хүмүүс мэднэ дээ. Ялангуяа Баянгол дүүргийнхэн маань сайн мэднэ. Хаалгаа барьчихаад, хүмүүсээ арав, арваар нь оруулна. Би өөрөө гадаа гараад зогсчихдог байсан. Хааяа таньдаг улсууд дайралдана. Мэнд ус болоод л, энд юу хийж байна гэнэ. Өө хамгаалалтын ажил хийж байна гэж авна (инээв). Дарга нь гэчихвэл оруулаад өг гээд “оочер” дайрах гээд баларсан юм болно шүү дээ. Энэ үе бизнесийн маань бас нэг огцом амжилтын үе байсан даа. Хэрэглэгчиддээ хүрч ажиллаж байна шүү гэсэн бахархах сэтгэл тэр үеэс төрж эхэлсэн. Дараа нь 2005 оноос хоёр, гурав дахь салбаруудаа нээж, тэр хэмжээгээр ачаалал нь хуваагдсан. Бараанууд маань захын үнээр, зарим нь түүнээс доогуур үнээр зарагддаг учраас энэ хэмжээгээр олонд хүрч, худалдааны төвүүд маань танигдсан хэрэг л дээ. 2003-2008 онд эдийн засаг огцом дээшилсэн. 2008 оны хямрал залгалаа. 2010-2013 он ямар сайхан үе байв. Эдийн засгийн өсөлт өгөөжөө өгсөн тийм үе бидэнд эргэж олдохгүй байж ч мэдэх юм. Энэ үед орон сууцны бизнест орж, “Энканто таун” төслөө эхлүүлсэндээ билэгшээж явдаг.

-Ингэхэд “Сээкл” хэзээ байгуулагдсан компани вэ?

-1996 онд. Бүгд л ингээд яваад байж болохгүй юм байна гээд компани байгуулж эхэлцгээсэн үе л дээ.

-Ах дүүс, гэр бүлийн оролцоо байв уу?

-Бид аав ээжээсээ тавуулаа. Хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй. Том ах маань номын хүн. Бизнесээс их хол. Намайг компаниа байгуулж байхад Москвад Дипломатын академид сурч байсан. Миний дээд талын ах харин бизнес хийдэг. Гэхдээ манайхаас өөр чиглэлд. “Сээкл” бол миний үүсгэн байгуулсан компани. Компанийнхаа нэрийг тасралтгүй, хурдтай циклтэй байх ёстой гэж билэгдэж “Circle” гэж өгч байсан. Галигчлаад, Монгол дээр хөрвүүлээд ирэхээр “Сээкл” болж хувирсан.

-Мөнгө гэж таныхаар юу вэ? Та хэр их ач холбогдол өгдөг вэ?

-Би ер нь мөнгөн дээр сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Тэгээд ч мөнгөний төлөө бизнес хийдэг хүн бол би биш. Ингэж хэлбэл надаас их хол, үнэмшилгүй сонсогдож болох юм. Гэвч үнэн нь л энэ. Би мөнгийг хүний чимэг, хэрэглээ гэж үздэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол мөнгө биш.

-Алдарт Alpen gold-оос гадна өнөөдрийн бидний өдөр тутмын талх шиг өргөн хэрэглээ болсон олон бүтээгдэхүүнүүд танайхаар дамжин орж ирдэг юм билээ. Ер нь жижиг орны худалдаачин том улсын үйлдвэрлэгчидтэй харьцахад юу хамгийн чухал вэ? Үл тоомсорлох байдал, зах зээлийг жижиг гэж голох хандлага их гарна биз?

-Гадны харилцагчдаас үл тоомсорлосон байдал одоо хүртэл гардаг. Жижиг зах зээлтэй Монголыг үл тоох энүүхэнд шүү дээ. Гадаад худалдааны чиглэлээр бизнес эхэлж байгаа залууст хандаж хэлэхэд тэдэнд өөрийгөө ойлгуулах хэрэгтэй. Тэднээс өөр том компаниудтай хамтарч ажиллаж байгаагаа батлах хэрэгтэй. Өөр нэг чухал зүйл бол өмчийн эзэн биш хүмүүс үл тоомсорлох хандлага их гаргадаг. Яг захирал, эзэн бол тийм байдал гаргадаггүй. Өөрөөр хэлбэл эзнийг нь олох хэрэгтэй. Зүгээр нэг инфо хаяг руу захиа бичээд менежерээс нь, “уучлаарай танайхыг сонирхохгүй байна, эргээд хариу өгье” гэсэн захианд хэзээ ч бууж өгч болохгүй. Надад нэгээр тогтохгүй тийм тохиолдол гарч байсан. Ер нь хүний болохгүй гэсэн үгийг хүлээж авдаг хүн шууд утгаараа хамгийн тэнэг хүн. Болноо гэтэл нь л явах хэрэгтэй. Одоо бол манайхыг гадны ихэнх компаниуд гуйж байгаа. Танай сүлжээгээр бүтээгдэхүүнээ борлуулмаар байна, Монголд салбартай, зах зээлтэй болмоор байна гэсэн гадныхан харьцангуй ихэссэн шүү.

-Таны хэлсэн нэг үг сүүлийн үед үнэхээр брэнд болж байх шиг. Үндэсний үйлдвэрлэлээ үндэсний үйлчилгээ нь чирч явдаг гэж?

-Үйлчилгээ бол маш том салбар. Америк улсыг үйлчилгээний салбар нь авч явдаг юм шүү дээ. Зөвхөн стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг бусад хүн ам ихтэй, жижиг буурай улсуудад үйлдвэрлэж тус улсад нийлүүлдэг. Түүнийг нь Америк улс үйлчилгээний гайхалтай соёлтой хослуулан зарж борлуулдаг. Манай Монголын хувьд үйлчилгээний салбар сүүлийн жилүүдэд нэлээд хөгжиж байна. Би хоёр жишээ хэлье. Худалдааны төвүүд, том дэлгүүрүүд олширч байна. “Номин”, “Миний Сүлжээ”, “Боса”, “Оргил”, “Сансар” гээд олон сүлжээ дэлгүүрүүд үүссэнээрээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэж өгөх зай талбай, бусад боломжийг нээж өгч байна. Дараагийн жишээ бол кинотеатрууд. Энэ олон кинотеатрын үйлчилгээний заал нэмэгдсэнээрээ үндэсний кино үйлдвэрлэгчид, студи продакшнуудыг дэмжиж байна шүү дээ. Тиймээс бид үйлчилгээний салбарынхаа хөгжил, соёл, стандартад илүү анхаарах хэрэгтэй.

-Солонгосын алдарт Emart сүлжээ дэлгүүрийн салбар Монголд орж ирж байна. Энэ дэлгүүр Монголын үндэсний үйлчилгээний салбарт халтай юу?

-Emart бол хүнс гэхээсээ илүү гэр ахуйн бараа, цахилгаан бараа борлуулдаг сүлжээ шүү дээ. Тэд Монголын хүнсийг зарна. Тэгээд яаж “Оргил”-оос хямд зарж чадах юм. Миний хувьд тэднийг өөрийнхөө өрсөлдөгч гэж харахгүй байгаа. Ер нь үйлчилгээний салбараа гадны компаниудад алдаад эхэлбэл энэ бол буруу л бодлого явж байна гэж би хэлнэ.

-Магадгүй тань шиг өөрийн гараар хийж бүтээсэн, бизнесийн сайн мууг амссан хүмүүс улс төрд орж бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшинд ажиллах ёстой байх?

-Аж ахуйн ажил хийж байсан, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн туршлагыг төр ашиглах хэрэгтэй. Энэ бол аль ч улсад байдаг, байх ёстой жишиг. Блүүмберг гэдэг хүн Нью-Йорк хотыг ямар гоё болгов. Цэвэр бизнесмэн хүн. Трамп гэдэг хүнийг Америкчуудын хэдэн хувь нь дэмжиж байна. Заримдаа галзуу галзуу юм ярьдаг ч гэсэн тэр амьдралыг яаж үр ашигтай болгохыг мэддэг.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Тантай цагаан сарын босгон дээр уулзаж байна. Та энэ баярт хэр хөөрцөглөдөг хүн бэ?

-Хөөрцөглөлгүй яахав. Би учиргүй дээл өмсөөд, морь унаад явахгүй ч Монголоороо бахархдаг хүмүүсийн нэг. Цагаан сар манай 346 Гранд Ярилцлага гэр бүлийн хувьд хүлээдэг хамгийн гоё баяр. Манай эхнэрийн буурай ээж 90 гарч байгаа сайхан хөгшин бий. Тэр хүнтэйгээ очиж золгоно. Мэдээж аав, ээжийндээ ах дүүсээрээ цуглана. Жилд нэг удаа элгэн саднаараа уулздаг, бие биенээ таньж мэддэг сайхан баяр шүү дээ. Энэ далимд хэлчихэд эдийн засгийг ойлгодоггүй хүмүүс л баяр их байна, баярыг болиулья гэж ярьдаг. Мэдээж тансаг, ухаалаг бус хэрэглээг хянах ёстой. Харин хүний хэрэглээг хязгаарлаад байвал эдийн засаг өсөхгүй. Хятад улс гурав, дөрвөн зуун жил мөнгөө хэмнэж байна гээд гудсан дороо мөнгө хадгалаад хөгжөөгүй. Харин гудсан доорх мөнгөө банкинд авчирснаараа 40, 50 жилийн дотор яаж хөгжив. Үүнтэй адил Америкийн эдийн засагчид иргэдээ дэлгүүр хэсүүлэхийн тулд кампанит ажил зохиож байсан түүх ч бий. Тэр олон баяр, баяраа тэмдэглэн өнгөрөөх соёл нь хүртэл цаагуураа эдийн засгаа дэмжих зорилготой байдаг. Эдийн засаг эргэлтэнд орж байж улс орон хөгжинө шүү дээ. Тиймээс үндэсний баяр наадмаа ялангуяа дэмжих хэрэгтэй. Бид хэдэн жил үндэсний баяр, ёслолоо хаалаа. Яаж нууж тэмдэглэж явлаа. Тэглээ гээд бид юу хожсон бэ. Эдийн засгийн агуулгаасаа гадна үндэсний баяр, ёслолыг дэмжих нь тусгаар тогтнол, монгол ёс заншил гээд манай үндэсний олон дархлааг сэргээж байх хөшүүрэг юм шүү. Яахав, цагаан сар болохоор Эрээн явахаа л багасгачих.

-Таны бусдаас авч байсан хамгийн гойд, том бэлэг юу байсан бэ?

-Хүндэлж явдаг хүнээсээ маш гоё хэт хутга авч их билэгшээж, баярласан. Иртэй сайхан яваарай гэсэн билэгдэлтэй, зөв газраа хадгалвал бусдын хэл амыг дарах хамгаалалттай гээд аль ч талаас нь бодсон сайхан бэлэг. Их цочирдож, баярласан шүү. Интернет хөгжөөгүй, ном үнэ цэнэтэй байх үед “Зуун жилийн ганцаардал”-ыг бас л эрхэм дотно хүнээсээ бэлгэнд авч магнайгаа хагартал баярлаж байлаа. Миний ширээний ном. Олон ч удаа уншсан даа.

-Та сайн уншигч уу?

-Тэр үедээ бол их сайн уншигч байсаан. Ерээд ондоо гэсэн үг. Одоо бол ном уншаад суух боломж, зав үнэндээ хомс байна. Онгоцонд явах үед л унших цаг зав арай дөнгүүр гарах юм даа. Гэхдээ хааяа хүчээр ном шүүрч авах үе ч байх л юм. Ер нь ном уншина гэдэг бол нэг ёсны оюуны таашаал, тайвшрал юм шүү. Одооны хүмүүс фэйсбүүк, твиттер, youtube-т маш их энерги соруулж байна гэж боддог. Сошиал орчинд хэр их автах тэр хэмжээгээр хүний хөдөлмөрлөх чадварыг бууруулдаг гэсэн судалгаа гарсан байна лээ. Энэ үнэн шүү.

-Гэргийгээ танилцуулаач? Хэрхэн танилцаж, юу нь таалагдаж, хэрхэн эргүүлж байснаа дурсаач?

-Манай гэр бүлийн хүнийг Батсүхийн Хишигжаргал гэдэг. Надаас тав дүү бүсгүй бий. Анх ахаар нь дамжуулж танилцаж байлаа. Хаа очиж намайг араасаа нэг их гүйлгээгүй. 1999 онд гэрлэсэн гэхээр 17 жил болж байна уу даа. Би наймаа энэ тэр гэсээр үеийнхнээ бодвол оройтож гэр бүл зохиосон. 26 настай ганц бие залуу гэдэг тэр үед ховор, байж боломгүй юм шиг санагддаг байж. Одоо бол хэвийнд тооцогдож байх шиг байна. Өөрийнхөө амьдралыг аваад явах хэмжээнд хүрчихээд гэр бүлийн амьдрал зохиох нь орчин үеийн амьдралын нэг шаардлага ч болчихоод байна. Тэр нь ч зөв байх гэж боддог.

-Ихэнх эрчүүд ээж шигээ эхнэртэй болохыг мөрөөддөг гэдэг. Та хувьдаа ямар хэмжүүрээр гэргийгээ сонгож байсан бэ?

-Айхтар шалгуур тавьсан юм байхгүй ээ. Гэр бүлтэй бол, оройтлоо, гон бие гозон толгой боллоо гэсэн гэр бүлийнхний шахалт, шаардлага хүчтэй байсан. Аав ээжийнхээ үгнээс гардаггүй байж. Тэгээд л эхнэрийн эрэлд нууцхан гарсан ч байсан юм уу. Манай хүн таараад л, удалгүй гэрлэсэн дээ. Одоо бол гэргий маань миний бизнесийн найдвартай ар тал. Компанийн дотоод аудитыг хийдэг. Бүх л нарийн ширийн юмыг тооцдог гэсэн үг. Ер нь алив бизнесийг гэр бүлийн хүчгүйгээр авч явах боломжгүй шүү дээ. Ялангуяа, жижиглэнгийн худалдаа, гадаад худалдаа, барилга гэдэг бол нарийн тооцоон дээр, зөв зардал гаргаж байж ашигтай байдаг бизнес.

-Хүүхдүүддээ юу үлдээнэ гэж та боддог вэ?

-Өөрийнхөө хийж байгааг үлдээнэ гэж хүсдэг. Миний хийж бүтээснийг үр хүүхдүүд маань үргэлжлүүлж авч яваасай гэж хүсдэг. Тиймээс ч хүүхдүүддээ эдийн засгийн боловсрол олгохыг хичээнэ. Учиргүй зураач, дуучин болно гээд битгий явчихаасай л гэж залбирах юм.

-Яагаад?

-Тэгээд явчихвал ажил хэргээс холдоод, сонирхол нь буурчихна шүү дээ. Мэдээж хэрэг миний хүүхдүүд надаас давж ядахдаа бүс нутгийнхаа хэмжээний бизнесмэн болоосой гэж хүсдэг. Ази, Зүүн хойд Ази, Хятадын зах зээл дамнасан супермаркетын сүлжээ, барилгын бизнестэй байж яагаад болохгүй гэж. Хүн чаддаг юмаа хийж чаддаг байх, бусдад боломж олгодог байх энэ зарчим бол бизнесийн ертөнцөд чухал соёлд тооцогддог. Манайд эсрэгээрээ ерээд оны сүүл 2000 оны эхээр бүх зүйлийг өөрсдөө хийх гэж оролдсон. Манайдаа л толгой компани гэгддэг “М-Си-Эс”-д би зарим зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг нь үүнтэй холбоотой. Хэт олон юм руу үсчдэг, бусаддаа боломж бага олгодог нь тийм ч зохимжтой бизнесийн арга барил биш шүү дээ. “М-Си-Эс” бүх бизнесийг базаад л, бүх тендерийг “хусаад” байвал бусад нь юу хийх юм.

-Танай компанид хэдэн хүн ажлын байраар хангагдаж байна вэ?

-Нийтдээ 700-аад хүн ажиллаж байна. Ихэнх нь нийгмийн дунд давхаргынхан, залуучууд байна даа.

-Шулуухан асуучихья. Таны хөрөнгө хэдээр хэмжигдэх вэ?

-/инээгээд/ Бэлэн мөнгө гэж байна, компанийн хөрөнгө, үл хөдлөх, хөдөлдөггүй хөрөнгө гэж байна, өр зээл гэж байна, миний өөрийн капитал гэж байна. Капитал гэдэг нь миний хувийн зүйлс. Тэр дунд үнэлэгдэхгүй зүйлс ч байна. Энэ асуултын хариуг ингэсгээд бөөрөнхийлөөд, тойроод өнгөрүүлчихье. Уучлаарай /инээв/.

-Та мөрийтэй тоглоомонд аз сорьж үзсэн үү? Энэ нь бизнест эрсдэл хийхтэй адил зүйл мөн үү?

-Бүхний өмнө гараад сэлэм эргүүлдэг, огшсон сэтгэлтэй, нэг номерын баатар би биш. Аз сорих дуртай, бүхний түрүүнд явдаг гэх мэт бурханлаг ч гэх үү, бирдлэг ч гэх үү, хүмүүс олон байдаг ч би угаас огшсон сэтгэл багатай хүн. Тийм болоод ч тэр үү, мөрийтэй тоглоом мэтээс их хол. Тэгээд ч цаг зав алга даа. Тэрэнд зориулдаг илүү мөнгө ч алга. Хийх ажил их байна.

-Та бол ид насны, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн өөрөөр хэлбэл хүссэнээ авч чаддаг эр хүн. Эрчүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол санхүүгийн эрх чөлөө гэх юм билээ. Та санал нийлэх үү?

-Би түрүүнд хэлсэн шүү дээ. Мөнгө бол зүгээр л хүний чимэг. Хамгийн чухал зүйл биш. Гэхдээ өнөөдрийн нийгэмд зорьсноо биелүүлэхэд хэрэгтэй зүйл мөн үү гэвэл мөн. Тийм учраас санхүүгийн эрх чөлөөнд тэмүүлэх нь зөв.

-Та юунаас таашаал, тайтгарал авдаг вэ?

-Итгэл даах, хийж байгаа ажил минь 348 Гранд Ярилцлага бусдад хүрч, хэрэглээг нь хангах тэр мэдрэмж сайхан байдаг. “Энканто таун” үнэхээр чанартай юм байна лээ, “Оргил” худалдааны төвөөр үйлчлүүлэх сайхан шүү, “Энканто” спорт комплекс үнэхээр тав тухтай юм гэж жирийн хэрэглэгч иргэн хэлэх. Хийж байгаа зүйлээсээ таашаал авдаг даа.

-Бизнесийн ертөнцөд амжилт гаргахад таны давуу тал юу байсан гэж та боддог вэ?

-Би их махруу хүн. Нэг зүйл барьж авсан бол тууштай, үнэнч зүтгэдэг. Бас жижиг сажиг гэхгүйгээр бүх зүйлд анхаарал хандуулж чаддагаараа бусдаас арай илүү юм болов уу. Зарим хүн хичээгээд ч чаддаггүй, харин минийх төрөлхийн өгөгдөл байх. Энэ чадвараа бага ч гэсэн ашиглахыг хүссэн, хичээсэн. Мөн бизнесийн зардал дээр маш их анхаардаг. Юу ч олоогүй, юу ч болоогүй байж их зардал гаргах нь өрсөлдөх боломжийг танд авчрахгүй. Манайх шиг үйлчилгээний компаниуд Монголд олон. “Номин”, “Миний дэлгүүр”, “Сансар”, “Боса” гэх мэт. Тэдэнтэй нэг хэмжээнд алхахыг хүсдэг.

-Гэхдээ танайх үнийн бодлого, үйлчилгээний соёлоороо стандарт тогтоосон шүү дээ?

-За яах вэ, тийм байж болно. Хэрвээ тэгж үнэлэгдэж байвал би баярлана. Гэхдээ би өөрийгөө стандарт тогтоосон, бусдаас мундаг гэж ярих дуртай хүн биш. Ярихаасаа хийхийг эрхэмлэдэг.

-Насанд хүрсэн тэр өдрөөс хойш та тасралтгүй, зогсолтгүй их бизнес, их ажил хэргийн ертөнцөд тулалдсаар иржээ. Хааяа ч болов бусдын өмнөөс хариуцлага, ачаа үүрэх нь тээртэй санагдах үе байх уу?

-Хүнд байдаг бүх л юм надад тохиолдоно шүү дээ. Ажилдаа дарагдаад бухимдахдаа бусдад хатуурхаж, янз янзын үг хэлэх, гэр бүлийнхэнтэйгээ муудалцах, итгэж байсан хүмүүс урвах гээд юм юм л үзэж туулж явна. Гэвч цаг хугацаа хэний буруу байсныг, хэн зөв явааг харуулдаг, бас бүхнийг эмчилдэг. Энэ чинь л амьдрал юм биш үү. Хэн нэгэн үхэхгүйгээр урт амьдарна гэвэл утгагүй биз. Бас насан туршдаа цоо эрүүл байна гэвэл бас л утгагүй. Миний санасан бүхэн саад бэрхшээлгүй бүтээд байвал амьдрал утгагүй бас амтгүй болно. Сөрж тэмцэж байж амьдрал утга учиртай, амттай болдог. Хамгийн гол нь хүн хэзээ ч, юунаас ч шантарч болохгүй. «Алибаба»-г үндэслэгч Жэк Ма гэж хүн хэлсэн байна лээ. “Залхуурлын шийтгэл нь ядуурал” гэж. Энэ яасан их онож хэлсэн үг вэ.

-Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе танд байсан уу?

-Наадах чинь надад тохирохгүй асуулт байна. Би оюутан залуусын дэргэд хөгшин харагдаж байж болно. Харин бизнес, ажил хэрэг, амьдралын хувьд бол өөрийгөө идэр залуу байна гэж харж байгаа шүү.

-Хүн бүрт эрхэмлэж явдаг үнэт зүйл, нандигнах юм байдаг. Таны хувьд тэр нь юу вэ?

-Хамгийн түрүүнд гэр бүл шүү дээ. Хүний хамгийн үнэтэй юм бол гэр бүл. Танд ч тийм л байх. Тэгээд итгэл даах. Хэлсэндээ хүрэх. Шантрахгүй зүтгэх чанар бол миний амьдралдаа мөрддөг зарчим, миний амьдралын үнэт зүйлүүд.

-Таны дараагийн зорилго?

-Бизнесийн хувьд надад дахиад маш том төсөл хийгээд, бүүр илүү их мөнгө олоод явах юмсан гэсэн зорилго үнэндээ алга. Өнгөрсөн 25 жилийнхээ амьдралаар босгосон энэ бизнес маань явдгаараа явна. Одоо миний хувьд өдөр тутмын ажилд нь оролцоод байх ч онцын шаардлагагүй болсон. Манай баг бол олон жил шилэгдсэн, итгэл даах, ачаа даах сайн баг. Би энэ залуустаа, энэ багтаа итгэдэг. Тийм учраас миний хувьд илүү олон хүний ажилд, бизнест туслахыг хүсч байна. Илүү олон залуусыг бизнесийн дөртэй, ажил хэрэгч сэтгэлгээтэй болгохын төлөө ажиллахыг зорьдог. Бизнесийн орчин дахь хууль эрхзүйг сайжруулах шаардлага байна. Ухаалаг, зөв бодлогоор бизнесийн салбарыг дэмжээд өгвөл энэ улсын хөгжлийг урагшлуулна гэдэгт би итгэдэг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ нэг зүйлийг зарчмын хувьд илэн далангүй хэлсэн нь “Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой зүйл. Энэ бол нийтийн зүгээс тавьж байгаа зөв зүйтэй шаардлага” гэж хэлсэн

7 цаг 10 мин

“ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ 2025” ИРГЭДИЙН БАЯРЫГ “ШИНЭ ЧИНГЭЛТЭЙ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

13 цаг 16 мин

Guys хамтлагийн Мийгаа 28 жилийн ойн баярын тоглолтдоо оролцох уу?

Уржигдар 19 цаг 33 мин

GUYS хамтлаг "Good luck" дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

Уржигдар 19 цаг 25 мин

ЕТГ-ын дарга Г.Занданшатар мисс нууц амрагаа Монголбанканд ажилд оруулжээ

Уржигдар 18 цаг 13 мин

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Уржигдар 16 цаг 26 мин

Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хошой медальтан боллоо

2025-05-15

“Улаанбаатар марафон 2025” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна

2025-05-15

Өнөөдөр болох үйл явдал

2025-05-15

Хоёрдугаар ээлжийнхний хоол хэний гал тогоонд буцалж байна вэ?

2025-05-15

Монголын эдийн засагт нэмж 1.5 тэрбум ам доллар оруулах бүтээн байгуулалт эхэлж байна

2025-05-14

Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган болж байна

2025-05-14

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргатай худ ургийн хамаарал байдаг л байх

2025-05-14

Дижитал сурталчилгаа (digital ads) яагаад чухалд тооцогдох болов?

2025-05-14

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Доншен газрын тос (Монгол) ХХК-ны үйлдвэрт зочилж, санал солилцлоо

2025-05-13

Америкийн мэс засалчид 19 настай өвчтөний хүзүүний дээд нугалмын хорт хавдрыг анх удаа нүдний ухархайгаар дамжуулан авчээ.

2025-05-13

"Датаком" компанийн ерөнхий захирал Д.Энхбат

2025-05-13

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана

2025-05-12

Монголбанкны дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

2025-05-12

“ГЭГЭЭН МУЗА 18”

2025-05-09

Хоёрдугаар ээлжийнхний хоол хэний гал тогоонд буцалж байна вэ?

2025-05-15

ЕТГ-ын дарга Г.Занданшатар мисс нууц амрагаа Монголбанканд ажилд оруулжээ

Уржигдар 18 цаг 13 мин

Монголбанкны дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

2025-05-12

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана

2025-05-12

Америкийн мэс засалчид 19 настай өвчтөний хүзүүний дээд нугалмын хорт хавдрыг анх удаа нүдний ухархайгаар дамжуулан авчээ.

2025-05-13

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Доншен газрын тос (Монгол) ХХК-ны үйлдвэрт зочилж, санал солилцлоо

2025-05-13

"Датаком" компанийн ерөнхий захирал Д.Энхбат

2025-05-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ нэг зүйлийг зарчмын хувьд илэн далангүй хэлсэн нь “Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой зүйл. Энэ бол нийтийн зүгээс тавьж байгаа зөв зүйтэй шаардлага” гэж хэлсэн

7 цаг 10 мин

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргатай худ ургийн хамаарал байдаг л байх

2025-05-14

Guys хамтлагийн Мийгаа 28 жилийн ойн баярын тоглолтдоо оролцох уу?

Уржигдар 19 цаг 33 мин

Дижитал сурталчилгаа (digital ads) яагаад чухалд тооцогдох болов?

2025-05-14

Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган болж байна

2025-05-14

“Улаанбаатар марафон 2025” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна

2025-05-15

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Уржигдар 16 цаг 26 мин

“ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ 2025” ИРГЭДИЙН БАЯРЫГ “ШИНЭ ЧИНГЭЛТЭЙ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

13 цаг 16 мин

Монголын эдийн засагт нэмж 1.5 тэрбум ам доллар оруулах бүтээн байгуулалт эхэлж байна

2025-05-14

Өнөөдөр болох үйл явдал

2025-05-15

Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хошой медальтан боллоо

2025-05-15

GUYS хамтлаг "Good luck" дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

Уржигдар 19 цаг 25 мин

Сурталчилгаа