Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
"БРЭНД БҮТЭЭГЧ"
2013 оны 9 дүгээр сар
Нийтлэлч Д.Болдхуяг. Бидний цаг үе, орон зайд оршиж, оршихуйгаа тодорхойлж, үүргээ оюуны гэгээн түвшинд онц дүнтэйгээр биелүүлж яваа хөшигний ардах нууц ноёнтон гэж түүнийг тодорхойлмоор байдаг. Байнга л ярьж байдаг хүн, хаа сайгүй л хөглөрөх ярианы сэдэв, байдаг л дүр төрх бол үнэндээ сонин биш. Өөрийн гэсэн төрхтэй, өөрийн гэсэн араншинтай, өөрийн гэсэн ертөнцтэй, үнэлэмжтэй. Хамгийн гол нь түүндээ үнэнч байна гэдэг хэн хүнд олддог өгөгдөл биш л дээ. Ноён Д.Болдхуяг чухам тийм эрхмүүдийн нэг учраас энэ удаад ярилцлагын ширээний ард түүнийг урилаа. Бидэнд ярилцах сэдэв үнэндээ их байсаан. Гэвч голцуу пиарын талаар их ярилцав. Энэ нь манайд эртнээс, аль Чингисийн үеэс байсан ч гэлээ өнөөгийн шинжлэх ухаанч, албархаг төрхөө саяхнаас олсон учраас сонирхолтой л ярианы сэдэв. Та хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг брэнд болгох гэж зорьж буй бол, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, бизнесээ олон нийтийн зүрхэнд, тархинд хүргэх гэж байгаа бол жорыг нь энэ ярилцлагаас олж харна гэдэгт итгэж байна. Хэдийгээр тэр бэлэн жор өгчихөөгүй ч үгийнх нь цаана бүхэл бүтэн сэдэв, текст нуугддаг ярилцагч байлаа.
Уг нь түүний намтар түүх их сонин, баялаг. Эмээ өвөөгийн хүү тэрээр багадаа онц ч сурдаг, онц ч сахилгагүйтдэг дэггүй жаал байв. Социалист системийн нам төрийн бүх удирдагчдыг нэр ус, цол хэргэм, алба тушаалтай нь мэддэг, бүх тогтоол журмыг цээжилж аваад эмээ өвөөдөө дуудаж өгдөг байсан жаалхан хүү. Дунд сургуульд орсон хойноо хөвгүүдэд хайрын захиа бичиж өгөх, орцны зохиомол дуу зохиох зэрэгтээ гарамгай болсон нь чухамдаа түүний ирээдүйн мэргэжил, хувь төөргийн билэгдэл, эхлэл байсан гэлтэй. Сургуулийнхаа спортын бүх төрлийн нэг номерын тамирчин хүү цэргийн хүн болно гэх мөрөөдөлтэй Орост сургуульд одсон ч эх орноо өмгөөлж хамгаалсан үндэсэрхэг үзлийнхээ улмаас сургуулиасаа хөөгдөж, улмаар зах зээлийн ороо бусгаа эхэн үед панз наймаа үсэргэж, хажуугаар нь сэтгүүлчээр суралцаж төгссөн гээд бүх зүйл түүнийг зөвхөн сэтгүүлч, пиарчин болгож, нийгмийн оюун санааны уураг тархинд өнгө олон, гэгээ ихтэй үр суулгах үүрэг оногдуулсан юм уу даа. Энэ бүхэн болоод түүний мэргэжлийн салбарт болон пиарын ертөнцөд юуг эхлүүлж, юу хийснийг хүрээнийхэн нь мэдэх учраас үүгээр түүний талаарх тодорхойлолтыг өндөрлөе гэж бодож байна. Түүний гэргий зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг. Тэд гурван охинтой. Оюуны зиндаа эн тэнцүү, сонирхол, мэргэжил, үзэл бодол ижил хосууд. Хамгийн бат бөх, аз жаргалтай гэр бүл байдгийг тэдний жишээнээс харж болохоор байдаг. Ингээд олныг үл нуршин ноён Д.Болдхуягийн яриаг танд хүргэе.
-Шуудхан л пиарын талаар яриагаа эхэлье гэж бодож байна. Манайд маш ховор, хөгжлийн нас нь хүүхдээрээ шахуу салбар учраас ялангуяа тань шиг улс төрийн пиараар “занималддаг” хүнээс их сонин, амттай яриа сонсоно гэж итгэж байна. Пиар гэж юу вэ? Тэр ямар тохиолдолд хэрэгтэй вэ?
-Долоон буудлын Долгор эмээ ч “Хар пиараа болиоч ээ, сайхан цагаан пиар хэрэгтэй байна аа” гэх зэргээр ярьдаг болсон байна. Тэгээд пиар гэж яг юу юм бэ гэхээр “Харин яг бол юу гэдгийг нь мэдэхгүй” л гэнэ дээ. Пиар гэдэг бол хүнлэг энэрэнгүй байж, хүний сэтгэлийн утсыг хөндөх урлаг. Пиар гэдэг бол итгэл үнэмшил төрүүлэх илүү үр өгөөжтэй арга зүй. Пиар гэдэг бол хүнд сурталтай үзэл санааг хүний хэлэнд хөрвүүлж, албархаг ёсорхуу бүхнийг ардын сэтгэлд хүргэх ая хэмнэл. Товчхондоо ингэж тодорхойлж болно. PR буюу олон нийттэй харилцах үйлчилгээ зар сурталчилгааны үр нөлөө буурсан өнөө үед улам бүр хэрэгцээтэй болж байна. Пиар нь утга агуулгын, реклам нь хэлбэр загварын, хэтрүүлсэн зохиомж давамгайлдагаараа ялгардаг. Нэг хүнд өдөрт 300 гаруй реклам, сурталчилгаа оногдож байна гэсэн судалгаа бий. Реклам гарах зуур хүмүүс усанд ордог, хоолоо хийж иддэг, зүгээр л алгасчихдаг. Реклам өгсөн менежер, захирлууд алдсан хүн арван тамтай гэгчээр хайсаар байж нэг олж үзнэ. Тоон кабелийн эринд гүйлгэж өнгөрөөд хүссэнээ сонгож үздэг болсныг бас мартаж болохгүй. Жирийн үзэгчид миний мөнгийг салгах гэсэн бөөн реклам гэж хүлээн авдаг.
АНУ-ын гучин сая долларын зардалтай “Сүүгээ ууцгаая” ток шоунд супер одод, Ерөнхийлөгч нь хүртэл оролцоод даалгавраа биелүүлээгүй. Сүү уухаар таргалдаг гэдэг айдас америк эмэгтэйчүүдийн дунд байсныг мэдээгүй, хичнээн өнгө будгаар шоудаад нэмэргүй байж. Лабораторид туршилт шинжилгээ явуулж таргалдаггүй, харин ч турдаг юм байна гэсэн бодит дүгнэлт гаргаж мэдээ мэдээлэл түгээхэд хэрэглээ нь нэмэгджээ. Эрүүл мэнд, ерөөсөө урт наслах, удаан жаргах хүсэл сонирхол ямар ч ганган рекламаас хүчтэй, жам ёсны зүйл гэдгийг эндээс харж болно. Реклам гэдэг нь ганц л бүсгүйд хэлэх үгээ ширээн дээр гарч зогсоод “би сайн хүн шүү, намайг хайрлаарай” гэж хавь ойроор нэг хашгирахтай адил. Чанга хашгираад хүний хайр татах уу? Бүсгүйн хайрыг татъя гэвэл дуртай зүйлс, харилцдаг, хүндэлдэг хүмүүс, үздэг нэвтрүүлэг, кино, уншдаг номыг нь мэднэ гэсэн үг. Хайртай жүжигчин нь яг л тийм эр хүнийг таашаадаг тухай яриаг бүсгүй үзвэл яахав. Дуртай киноных нь баатар мэт эр хамгаас сайхан гэж үздэг цэцгийг нь бариад явж очвол дээр биш үү? Хуримын ордонд захиалгаа эртхэн өгөх л үлдэх байх. Чи өөрийгөө магтаж байгаа бол реклам. Чамайг хүн ярьж байгаа бол пиар.
-Та бол хүлээн зөвшөөрөгдсөн пиарчин. Өөрөө ил хэлэхийг хүсдэг эсэхийг тань мэдэхгүй ч Монголын томоохон лидер улс төрчдийн ялалтын ард байсаар ирснийг тань мэдэх юм. Монголын нөхцөлд улс төрчидтэй ч юм уу пиарын чиглэлээр хамтарч ажиллахад сул тал, бэрхшээл мөн давуу тал нь юу байдаг вэ?
-Ялалт, ялагдал аль аль нь байлгүй яахав. Бүх ажилласан сонгуулийнхаа 20 хувьд нь ялагдсан. Дэвжээнд гарч байж л тамирчин болдог. Үзэгчийн суудлаас тамирчин болдоггүйтэй адил. Пиар бол таашаал, талархалд хүргэдэг ажил. Тэгэхээр пиарчны өөрийнх нь таашаалаас эхэлнэ. Бас л нэг мангар УИХ-д нэмэгдэнэ дээ гэж бодогдохоор хүнтэй сонгуульд ажиллах боломж муутай, утга ч үгүй. Амнаас үг, тархинаас зураг гарахгүй. Зураач хүн сэтгэл хөндсөн байгаль, хүн, юмсыг зурдаг болохоос дургүй зүйлээ хараад бийрээ авдаггүйтэй адил юм. Пиарын тулгуур нь бодит байдал байдаг. Үнэхээр үзүүлж харуулах юмгүй нэр дэвшигчийг ялуулдаг ид шидтэн хаа ч үгүй. Ялъя гээд ч болохгүй үедээ болдоггүй. Мэргэжлийн байр суурийг хүндэтгэхгүй бол өөрөө хоол хийсэн нь дээр. Үл итгэх, жишээ нь, нэг хүн бүр нэгэн зэрэг маш олон пиар бүлэг хэсэгтэй ажиллаж, дор бүрдээ дур дураараа жиргэн, нэгдсэн өнгө төрхгүй болж, ялагдахыг биеэр үзэж, нүдээр харсан учраас энийг онцлоод байгаа хэрэг. Нэг зүйл бий. Пиарчдыг улс төрчтэй андуурах гээд байдаг. Нэгэнт зөвлөх үйлчилгээний бизнес учраас нэг л улс төрч, нэг л намтай мөнхөд хадагдах боломжгүй. Хугацаагүй цэргийн алба биш бизнес гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлгүүр худалдан авагчдынхаа намын батлахыг шалгадаггүй. Эмчид үзүүлэхэд намын харьяалал хамаагүй. Эмч, өмгөөлөгч, дасгалжуулагчдын өвчтөн, үйлчлүүлэгч, тамирчин нь солигдож л байдаг. Үүнтэй адил юм. Ялсан, ялагдсан аль нам, улс төрчид үйлчилгээ үзүүлж болно шүү дээ. Пиарыг хар, цагаан гэснээс амьдрал өөрөө хар, цагаан. Үнэнийг мэдэхэд нь сонгогчдод тусалдаг ажил. Жишээ нь англи, орос хэл мэддэг гэж “хай, бай ч үгүй” бадируун биетэй нэр дэвшигч зарлалаа. Яагаад англи, оросоор ганц асуулт тавиад намтраа хүртэл худлаа бичдэгийг нь илчлэх нь хар пиар гэж? Харин ч шударга явдал бус уу.
Пиарыг хар, цагаан гэснээс амьдрал өөрөө хар, цагаан. Үнэнийг мэдэхэд нь сонгогчдод тусалдаг ажил.
-Пиар хэмээх арга зүй хэзээ үүссэн юм бэ?
-Мэдээлэл харилцаа хүн үүссэн цагаас буй болсон зүйл. Аль чулуун зэвсгийн үеийн сүг зураг, Хүннү, Түрэг, Уйгарын булш бунхан, хүн чулуу, гэрэлт хөшөө, аман зохиол бүгд мэдээлэл дамжуулдаг. Тэр бүхэн цаг үеүдийн ертөнцийг үзэх үзэл, үүх түүх, хэв соёлыг өгүүлэн харуулж чаддаг. Чингис хааны байлдан дагууллын амжилт монголчуудын сүр хүч, тэнгэрийн ташуурын айдас хүйдэс, хүндлэл бишрэлтэй шууд холбоотой. Монголчууд сая саяар нь алж устгаагүй. Тийм баримт ч биетээр олдоогүй. Зүгээр л эхлээд сэтгэлийг нь дагуул, тэгвэл бие нь дагаар орно гэдэг бодлого хүчтэй байснаас түүхийг төөрөгдүүлсэн тал бий. Нэг хотыг эзлээд цөөн иргэнийг суллан тавьж, дараагийнхад нь бууж өгөх нь илүү өлзийтэйг хэлүүлж байсан гэх мэт. Дуут сумны исгэрээн, уухайн түрлэг дорноос довтолгон ирсэн морьтон баатруудтай тулах зүрхийг нь үхүүлдэг байсан биш үү. Эртний Венецид худалдаачин зарах зүйлээ цээжин дээрээ бичиж, дарс амтлуулж, бараа бүтээгдэхүүндээ шошго тамга хэрэглэж, шүүхээр хуурамч бараа үйлдвэрлэсэн хүмүүсийг шийтгэж байсан баримтууд бий. Цэргийн жагсаал, дүрэмт хувцас, хаадын сахал самбаа хүртэл сүр хүчийг илтгэх мэдээлэл харилцааны эрт үеэс эхэлсэн арга технологи. Ленин, Гитлер, Сталин нар сахалгүй, Муссолини дүрэмт хувцасгүй бол доожоогүй эрчүүд л харагдах байсан. XX зуунд өрнөсөн соёлын довтолгоо, нэгдэлжих хөдөлгөөн, шинэ соёл, эмнэлэг, сургууль, илгээлтийн эзэд, атрыг эзэмших явдал асар их үзэл суртлын хөтөлбөрүүд байлаа. “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Хүргэн хүү”, “Сэрэлт”. Цаанаа нэг юм хэлэх төдий биш ухамсарт асар их өөрчлөлт гаргах бүхэл бүтэн кампаниудын том зургийн хэсгүүд. Оросоор намын үзэл суртлын ажил гэдэг нэр томъёо нь англиар пиар л юм. Хаалттай нийгэмд зөвхөн энхрий хайрт нам засаг л ярьж, иргэд сонсдог ганцхан урсгалтай үзэл суртал байдаг бол ардчилсан ертөнцөд харилцан ашигтай, хамтран ажиллах, ойлголцох зорилготой үйл ажиллагаа болдог. Кино, жагсаал, тэмдэглэлт өдрүүд гэх мэт арга технологид нь бол ялгаа үгүй. Америкийн хөгжилд пиар асар их үүрэгтэй байсан. Гутал зарахад гоё хөл илүү үүрэгтэйг тэд нээсэн. Манайд мэдээлэл харилцааны арга зүй хөгжих, ашиглах зан үйл, сэтгэл зүйн суурь их сайн. Онцлог бол байна. Тоо баримтаас илүү мөр толгой холбосон, зүйр цэцэн үг илүү хүлээн авдаг гэх мэт. Аажим аажмаар пиарын зах зээл өргөжиж, үнэ хөлс нь ч өсч л байна.
-Пиар, маркетинг үндсэндээ нэг зүйл биш үү гэх хүмүүс цөөнгүй байх юм билээ?
-Пиар бол маркетинг доторх нэг функц гэж хэлэх дуртай хүмүүс байдаг. Харин маркетинг бол зөвхөн худалдан авагчдад ханддаг, пиар доторх нэг элемент гэдэг. Маркетинг бол үнэндээ реклам хэмээх үндсэн ганц аргатай, хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдаа гэсхийгээд болчихдог. Маркетинг зардал, өртөг ихтэй. Пиарчин төрд захиа бичих, хандив буяны үйл санаачлах, бүх нийгэмтэй харилцах өргөн хүрээтэй ажил эрхэлнэ. Зөвхөн бараа зарах биш сайхан сэтгэлтэй, ёс зүйтэй компани, нам, хүнийг бусдын сэтгэлд зурж өгдөг. Реклам сануулах, хадгалах үүрэгтэй. Пиар цоо шинээр үүсгэх, хандлагыг буй болгох, бүр өөрчлөх чадвартай. Баримт нотолгоо, сэдэв, санаа чинь хэвлэлд үнэгүй гарч байвал үнэ цэнэтэй. Өөрөөр хэлбэл рекламны хуудсыг уншигчид алгасдаг бол мэдээ, нийтлэлийн гарчиг, мөр бүхэн нь уншигдаж байх ёстой. Үүний цаана мэдээллийн сонирхол татах зарчим гэж бий. Мэдээж мөнгө, төр засаг, эрүүл мэнд, одод, осол гамшиг, шинэ нээлт, дайн тулаан, хачирхмаар явдал, амжилт ялалт, шагнал урамшил гэх мэт нь олон нийтийн сонирхлыг татдаг. Энэ бүхнээс бизнестэйгээ, улс төртэйгээ холбо гэсэн үг. Хамгийн гол нь сэтгэх, сэдэх бизнес гэдгийг л хэлмээр байна.
“Амьдрал бол үхэл дээр тогтдог. Хүн үхнэ гэдгээ урьдчилан мэдэж байвал цаг мөч бүхэн үнэ цэнэтэй” гэх мэт түүний буддист үзэл санаа нэвт шингэсэн алдарт үгсэд бид мөнгө төлдөг. Хүн, компани, бүтээгдэхүүн болгон нэртэй. Гэхдээ нэр алдартай нь цөөхөн бөгөөд амжилтанд хүрдэг. Эсвэл амжилтанд хүрсэн нь нэр алдартай байдаг гэсэн ч болно. Алдар нэргүй бол амжилтгүйг илтгэнэ.
-Тэгвэл дэлхийг донсолгосон пиар ажиллагааны жишээ баримт татъя л даа?
-Энэ цаг үеийн суутан Стив Жобсын хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрдэг. Стив Жобс. Бие нь үгүй болсон ч сэтгэл зүрх нь, үйл хэрэг, үзэл санаа, бодит бүтээлүүд нь бидний амьдралыг өөрчилсөөр, хүмүүст алим хазаж байгаа мэт аз жаргалыг мэдрүүлсээр байна. Хаа холын Азийн хүн цөөтэй оронд монгол хэлээр түүнийг ярьж, түүний бүтээлтэй цуг амьдарч байна. Жийнс, хоолойтой хар ноосон цамц өмссөн, гараа халаасандаа хийчихсэн Стив Жобс хөнгөн хошигносон аясаар ямар шинэ бүтээгдэхүүнээ яаж танилцуулах бол гэж гариг даяараа хүлээдэг байлаа. Хамгийн сүүлд нь ямар сонин үгээр танилцуулгаа төгсгөх бол гэж хүлээдэг. Заал дүүрэн инээд, заал дүүрэн алга ташилт. Тэгээд дэлхий дүүрэн шагшаан, бас атаа хорсол дагуулдаг. “Амьдрал бол үхэл дээр тогтдог. Хүн үхнэ гэдгээ урьдчилан мэдэж байвал цаг мөч бүхэн үнэ цэнэтэй” гэх мэт түүний буддист үзэл санаа нэвт шингэсэн алдарт үгсэд бид мөнгө төлдөг. Хүн, компани, бүтээгдэхүүн болгон нэртэй. Гэхдээ нэр алдартай нь цөөхөн бөгөөд амжилтанд хүрдэг. Эсвэл амжилтанд хүрсэн нь нэр алдартай байдаг гэсэн ч болно. Алдар нэргүй бол амжилтгүйг илтгэнэ.
-Америк орон пиарын хүчээр дэлхийн нийслэл, хамгийн хүчирхэг гүрэн болсныг тэнд очоод мэдэрсэн. Өөрөөр хэлбэл пиар гэгч хувь хүн, улс төрч төдийгүй улс орны хэмжээнд байх ёстой бодлогын нэг хэсэг юм байна гэдгийг эндээс харж болохоор юм шиг. Та санал нийлэх үү?
-Алан хядагчийг сумаар довтлохоос илүү үг, зураг, дүрснээс үүдсэн үзэн ядуулах америк зэвсэг илүү хүчтэй. Холливудын кино вьетнам, африк, солонгос, бербер хэний ч сэтгэлийг эзэмдэх зэвсэг. Эгэл жирийн хүн эрх чөлөөгөө эдэлж, гайхамшгийг бүтээж, мөрөөдөл биелдэг орон бол Америк гэдэг үй олон баримтыг бид өдөр бүр хүссэн, хүсээгүй хүлээж авдаг. Америк далайн цаана гэхээсээ тархин дотор хүчтэй оршдог. Өөр нэг жишээ. Тусгаар тогтнолын 20 гаруйхан жилийн намтартай Казахстанд хөрөнгө оруулалт татахын тулд болоогүй түүхийг хүртэл зохиож байна шүү дээ. Шинэ Зеланд хэмээх гайхамшигт орны тухай төсөөлөл “Бөгжний эзэн”, “Харри Поттер” кинонуудаар дамжин түгж, хэдэн мянган аялал жуулчлалын хурал, семинараас илүү үр дүнд хүрдэг. Тэгвэл Монгол улс юугаа илүү үзүүлж харуулах ёстой вэ? Чингис хаан, говь, морь, кашемир гэсэн дөрвөн түлхүүр үг л байна. Энэ дөрвөн үг нь ч бүдэг бадаг л буудаг байх. Өчигдрийн түүх агуу ч гэлээ өнгөрсөн зүйл. Харин өнөөдөртэйгээ яаж хэрхэн холбох вэ? Хоёр их гүрний дундах эрх чөлөөний арал гэх ёстой юу?
-Монголын тухай дэлхийд юу гэж ярих нь тийм чухал уу? Бараг Америкаас илүү эрх чөлөө Монголд байгаа шүү.
-Итгэдэг, таалагддаг зөв гэж бодсон хүнтэйгээ, компанитай, улс оронтой илүү хамтарч ажиллавал ашигтай гэж үздэг нь энгийн ойлголт шүү дээ. Улс төрийн эрх чөлөөтэй, эдийн засгийн эрх чөлөө бэхжээгүй, тал еэвэн гэдэг шиг л байна. Маш олон давуу талуудаа сурталчилж чадахгүй байгаа учраас Монголын тухай муу сэтгэгдэл, эргэлзээ, болгоомжлол их байна. Траншейны хүүхэд, Хятадын түүхий эдийн нөөцийн сав, үндсэрхэг үзэл дэлгэрсэн, хөрөнгө оруулагчдыг хөөдөг, нийслэлд нь дуртай газраа шээж болдог гэх зэрэг мэдээ, сурвалжлага ямар их байна вэ. Монголын тухай сайхан сэтгэгдлийг бүтээж, бүр их түгээх юмсан. Зохиох хэрэггүй бодитой зүйл. Харин арай өөр менежментээр л дэлхийн нүдэнд харуулах хэрэгтэй. Дэлхийн долоон тэрбум хүний тархинд залгагдсан флаш гэмээр BBC, CNN гэх мэтийн аваргууд бидний тухай сайныг өгүүлдэг болгоход тийм ч хэцүү биш.
-Та ингэхэд пиарчин болох ажлаа хэзээ, хаанаас эхэлсэн юм бэ? Манайд ийм мэргэжлээр сургадаг сургууль гэж байдаггүй байх шүү.
-Би болбоос хорвоог уяраах гэж мэндэлсэн хүн гэж ирээд ярьдаг дуучин шиг гайхуулах юм бага. Өөрийн тухай биш өрөөлийн талаарх яриа зохион байгуулдаг хүн шүү дээ. Яахав, дуртай, сонирхолтой. Тэгээд л чадлын хэрээр ном, материал уншдаг. Пиарын зуугаад ном уншиж тэмдэглэл хийсэн. Үнэхээр сайн нь цөөн. Сонгуулийн Ганжуур, пиарын Нууц товчоо гэмээр арван ном бий. Засгийн газар, намын хэвлэлийн албанд ажиллаж байсан дадал нөлөөлсөн. Эмээ, өвөө маань мэдээж үзэл сурталчин болгоно гэж бодоогүй ч ой тогтоолтыг маань зөнгөөрөө хөгжүүлэх хар ухаан гаргасан нь их нөлөөлсөн гэж боддог. Өвөө маань цэргийн хүн, эмээ УИД-т худалдагч. Намын ахмад гишүүдийн уулзалт, яриа таниулга гэж болоход өвөө, эмээ хоёр намайг явуулчихдаг байсан юм. Тэнд сонссоноо гэртээ ирээд эмээ, өвөө хоёртоо үг үсэггүй хэлж өгнө. Тэгээд л Монголын төдийгүй социалист улсуудын удирдагчид, Улс төрийн товчооны гишүүд, намын төв хорооны нарийн бичиг, сайд нарын албан тушаал, овог нэрийг цол шагнал, зэрэг дэвтэй нь цээжилчихгүй юу. Эмээ орой 22 цагийн мэдээ сонсчихоод унтдаг байсан, хамт л чих алт болно шүү дээ. Сургуульд орос хэвлэлийн тойм ярих үүрэг хүлээж байсан удаа багагүй бий. “Хорин жилийн дараа задлах захидал” нэвтрүүлэгт ангиараа ороход хамгийн их бурсан нь би.
-Хоёулаа баахан пиар ярилаа. Ярианыхаа сэдвийг өөрчилж ярилцлагын баатартайгаа танилцъя гэж бодож байна. Хүн болгонд бага нас хамгийн гайхалтай үе байдаг. Та багадаа ямархуу хүүхэд байв? Аав ээжийнхээ чихийг хэр халууцуулдаг хүү байсан бол?
-За би ч ямар нэр дэвшигч биш, од мод нь ч биш шүү дээ. Нээх айхтар ертөнцийг өөрчилчихье гээд л, эх орноо яах вэ энэ тэр гээд хар багаас шаналаад явсан сүүпэр хүн биш. Үзэл бодлоо л хуваалцъя гэж бодож байна. Байдаг л нэг дэггүй, хөдөлгөөнтэй, алиа марзандуу нөхөр байсан. Аав ээжийн чих зөндөө халууцсан. Бариад үзсэн бол их халуун, 39 хэм хүрч байсан байх. Айлын гурван эрэгтэй хүүхдийн дундах. Цэцэрлэгээс зугтах, айлын ээжийн малгайг тагтнаас авч шидэх, уулан дээрээс дугуй өнхрүүлж хашаа нураах гэх мэтээр чих халууцуулсан ядаргааны судас байв аа гэж. Өөр шигээ хүүхэдтэй байсан бол гэхээс айдаг юм шүү. Сургуульд ороогүй байхдаа ямаа төхөөрч боодог хийнэ гэж яваад мөргүүлж шангаа хүртэх мэтээр өсч өндийсөн. Өчигдөр гарсан киног эхлэх, дуусах бичгийнх нь хамт дууриан ярьж мушгих, нармайгаа нээлгэх, нээх зэргээр хүн болсон хотын хүүхэд. Янз бүрийн спортоор ихэд салбаганаж, нээх шалиагүй ч тэмцээн уралдаан гээд чөлөө аваад явчихдаг байсан.
Сайн багшийн ганц үг хүний бүхэл амьдралыг өөрчлөх, юу хийх, намтраа бүтээх хэмжээний хүчтэй байдаг юм билээ.
-Сахилга батаар тааруу юм байж, хичээл сурлагандаа хэр байх вэ?
-Уг нь онц байгаад сүүлдээ зарим хичээлээ огт сонирхохоо байсан. Орос хэл, түүх, монгол хэл, ялангуяа зохион бичлэгтээ их сонирхолтой. Ерөөсөө хүн болох багаасаа гэдэгчлэн ахлах ангидаа ирээдүйд ажиллаж амьдрах чиглэл, илүү сонирхолтой хичээлээ сонгож үзэх нь маш зөв юм байна гэж бодох болсон. Бүхнийг чаддаг “универсаль” хүн бэлтгэх гэснээс дуртай зүйлтэй, дуртай учраас түүндээ авьяастай, түүгээрээ хоолоо олж идэх арга замыг нь эртнээс тавьж өгөх үр дүнтэй гэж үздэг. Дүн бол дүн биш. Зуугаас арвыг нь алдсан хүүхэд амьдрал дээр асар амжилттай хүн болж болно. Тэгэхэд нэг хоёр алдааг нь томруулж ирээд дүнг нь доошлуулахыг ойлгодоггүй. Бага ангийн Алимаа гэдэг багшид насан туршдаа баярлаж явдаг. Зохион бичлэг үзчихээд ганцхан урам өгсөн нь одоо ч намайг дагаж яваа үг. Тэгээд л мундаг амьтан болох гээд өгүүлбэр зохиосон ч арай өөр юм бодох гээд байдаг болчихсон. Сайн багшийн ганц үг хүний бүхэл амьдралыг өөрчлөх, юу хийх, намтраа бүтээх хэмжээний хүчтэй байдаг юм билээ. Монгол хэлний багш Цэрмаа нэг утгыг олон янзаар бичиж сур гэж хэлж байсан. Сүүлд сонины эрхлэгч болоод ажилд орохоор ирсэн сэтгүүлчдээс амьдрах гэдэг үгийг хэдэн янзаар хэлж чадах вэ гэж заавал асуудаг болсон. Харин найзын маань усан онгоц, асдаг машин гээд бүх бүтээлийг нэг багш цонхоор аваад шидчихэж билээ. Тэр хүүхэд зохион бүтээгч болоогүй. Хэцүүхэн хувь заяа туулж яваа. Түүнд лав тэр багш буруутай.
-Ингэхэд залуу насны дурсамжтай, гал цог дүүрэн өдрүүдээ дурсаач. Хэр их хайрын захиа бичиж, хэр их охидыг эргүүлдэг байв?
-Арван жилд байхдаа хайрын захиа их бичсээн. Энэ нөхрөөр бичүүлсэн захиа эзэндээ их нөлөөлдөг, үерхье гэвэл цаад охин нь яг зөвшөөрдөг гэх маягийн цуурхал хүртэл тарааж байв шүү. За, охиныхоо нэрийг хэл, яг юу нь гоё юм гэж асуугаад л ажилдаа орно доо. Хөмсөг нь гоё гэвэл хасын даль шиг хөмсөг чинь гэж ирээд явж өгнө. Гоё мэнгэтэй гэвэл цасан цагаан хацар дээрх тас хархан мэнгэ чинь гээд уянгалуулж гарна. Зарим нь бүр төлбөртэй. Таван төгрөг хүрч байсан удаатай. Зохиомол дуу гэж батлагдаагүй, ам дамжин дуулагддаг голдуу хайрын дуунууд их дуулдаг байсан. Орц болгон хамтлагтай байсан шахам үе. Байр болгон ая зохиогч, яруу найрагч, дуучин, хөгжимчинтэй. Орцонд модон гитар балбаад дуулж өгнө. Тэргэл саран тэнгэрт мандахад Танхил чи минь сэтгэлд гэрэлтэнэ Оюун бодолдоо чамтайгаа байхад Орчлон хорвоо уянгын эгшигтэй гэх зэрэг өөрсөддөө бол гайхалтай, үнэндээ бол гэнэхэн цагаан үгтэй дуу аялцгаана. Дууны мөрүүдийн эхний үсгүүдийг нь нийлүүлбэл Тогтуун болдог. Гэрлэх гэж байхдаа би ханиа тэгж дууддаг байсан юм.
-Таны аав социализмын үеийн сайд нарын нэг. Сайд аавын нөлөө хүүхдүүд нь ямархуу байдлаар нөлөөлсөн бол?
-Орлогч, 1-р орлогч сайдаар ажиллаж байсан. Сайдын хүүхэд гээд жаахан хиам, ундаа арай илүү олддог байсан биз. Нэг нам ноёрхсон хаалттай нийгэмд харин ч ам, ажил хоёр асар зөрүүтэйг мэдрэхэд нөлөөлсөн болов уу. Нэхий дээлний бичиг олдох болов уу мэтээс эхлээд наанаа ажилчин, малчны яруу алдар бадартугай гэх атлаа цаанаа албан тушаал, элдэв ялгаварлал их гүнзгий байсан үе шүү дээ.
-Таны ертөнц, бие хүн төлөвшихөд хэн хамгийн ихээр нөлөөлсөн гэж та боддог вэ? Эмээ өвөөдөө их элэгтэй юм.
-Ээж, аавын тухай дуу дуулахдаа заримдаа эмээ, өвөөгөө боддог. Одоо ч ээж, аав маань эмээ өвөө нараас илүү ахмад насанд хүрч байна даа. Алган дээрээ бөмбөрүүлж, айлын хооронд үүрсэн эмээгээ, цэрэг ногоон цамцнаас нь папирос ханхалдаг буурал хурандаа өвөөгөө яаж мартах вэ. Санаатай, санаандгүй олон зүйлээр хожим хэрхэн амьдрахыг нь минь зурж өгсөн хоёр буурал. Бас миний хань байна. Намайг өдий зэрэгтэй өөрчилж, нөлөөлж ирсэн. Манай хүн чинь багаасаа онц сурдаг, уран зохиол, нийгмийн мэдлэг их өндөр хүүхэд байсан. Ямар сайндаа л А үсгээр эхэлсэн бүх зохиолчдын номыг уншиж дуусчихаад Б үсгээр эхэлсэн зохиолчдыг уншина гээд байж байхав. Хамгийн урд эгнээнд сууна, би хамгийн ард, хойноос нь цаас шидэж, үймүүлнэ. Дараа нь бид хоёрыг гэр бүл болсны дараа хуриманд ирэх хүртлээ олон хүүхэд итгэж ядаж байсан. Тийм л хоёр туйлын хүн нийлж гэр бүл болсон доо.
-Нэлээн залуудаа гэрийн эзэн болсон байх шүү, та?
-Хүний хань болоод 23 жил болж байна. Тэр үед байртай юу, машинтай юу, боловсролтой юу гэж бодохтой манатай, надаас чамд, навчнаас цэцэгт гэж захиа занаа бичилцэж, жаал романтиклаж аваад суучихдаг байсан үе. Тэгээд л аавынхаа хажуу өрөөнд айл болсон. Бадраагаад байх гал голомт нь үгүй шахуу. Гэрлэлтийн гэрчилгээгээ бадраасан гэх юм уу. Нэг матраас, толь, хуримын бэлгэнд хадмуудаас өгсөн жижиг хивс гурваа үүрээд таван удаа хөлсний байр дамжсан. Хүүхэдтэйгээ гурвуулаа картын бараагаа авбал, микроны урд суудал олдвол түүнийг л амьдралын аз жаргал гэж мэдэрч явлаа.
-Гэргийн тань юу таны сэтгэлийг хамгийн ихээр татдаг вэ?
-Ухаан, наснаасаа бас овор багатай гал цог.
-Амьдрал гэж юу юм бол? Аз жаргал нь, утга учир нь юунд оршдог гэж та боддог вэ?
-Хүн болж төрнө гэдэг хэдэн сая эсээс шалгарсан асар нандин хувь тохиол. Хүний хурууны хээ, царай төрх, яг адилхан байдаггүй. Хүн бол хоорондоо адилхан хүүхэлдэй биш. Сэтгэл зүрхээ даган өөрийнхөөрөө амьдрах нь утга учир нь байх.
-Сэтгүүлийн маань нэр Гранд. Хүн бүрт давтагдашгүй агуу чанар гэж байдаг гэж бид үздэг учраас “Гранд би” ярилцлагын булангаа хөтлөн явуулдаг. Та ярилцлагын төгсгөлд ямар ч комплексгүйгээр “би”-гээ нэг тодорхойлооч?
-Ойлгохоосоо илүү мэдэрдэг хүмүүсийн л нэг. Ямар ч нэр томъёо, гүн ухаан, аливаа үл ойлгогдох зүйлсийг хөнгөн, сонирхолтой, хүний хэлэнд хялбархан хөрвүүлж болно. Хийх зүйл нь улам их байгаа хүн.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS