Тайзны жинхэнэ эзэн

Тайзны жинхэнэ эзэн

Үзэгчдийн сэтгэлд хоногшсон 100 илүү жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 10-аад теле жүжиг, 20 орчим радио жүжгийн дүр бүтээсэн эрхмийг нэхэн сануулах гэж байна. Инээмсэглэн алхдаг асан түүний дөлгөөн төрх одоо ч Монголын ард түмний сэтгэл, оюунд хадгалаастай бий.

Лоолийнх хэмээх малчин айлын ууган хүү

“Хүн хүний амьдрал өөр. Тийм нэгэн амьдралыг би туулсан хүн дээ. Манайх цөөхөн хэдэн малтай, ядуувтар айл байж. Эмэг эх маань ганц охинтой. Тэр нь аавтай сууж, ганц хүү төрүүлсэн нь би юм даа. Аав маань жин тээх, айлын тэмээ мал хариулах зэргээр амь зууна. Тэр жил аавыг жин тээсэн хойгуур ээж минь намайг төрүүлсэн юм гэнэ лээ. Ээж их л удаан өвдөж, эмэг эх аргаа бараад ээжийн аюулхай дээр модон тагш хөмөрч, хар хүчээрээ дарж байж арай чүү ихсийг нь гаргасан юм гэдэг. Ядарч туйлдсан охиндоо аяга шөл хийж өгөх санаатай эмээ аргал оруулахаар гэрээсээ гарч л дээ. Удалгүй орж ирэхэд нь ээж нэг гараа миний хүзүүн доогуур лав хийгээд, нөгөө гараараа чинэрсэн хөхөө хөхүүлж байгаа харагдаж. Хүүгийнхээ хүзүүн доогуур ивсэн гар нь орны урдуур их эвгүй унжиж байх шиг санагдахаар нь засах санаатай очтол ээж хэзээний бурхны орондоо очсон байжээ. Би тэгэхэд хөдсөн манцуйдаа хөхөө үлгээд хэвтэж байсан юм гэдэг. Хатуу хорвоо аашаа хувиргасаар дараа жилийн зунтай золгож, аав минь тав арван төгрөг олохоор сумын төв рүү барилга барихаар явсан хойгуур нэг өглөө ус авахаар гарсан эмээ минь утаатай бор гэртээ эргэж ирсэнгүй. Айл саахалтынхан нь сандчин эрж хайсан боловч голын шаварт шигдсэн эмээгийн өрөөсөн гутал, гуулин шанаганаас өөр юу ч олдоогүй юм гэнэ лээ. Ингээд би хар буурин дээрээ ой гурван сартай үлдэж дээ” хэмээн Л.Жамсранжав агсан  “Миний аз жаргал, миний уйтгар гуниг” номоо эхлүүлжээ. 1936 онд Ховд аймгийн Мянгад сумын нутагт Лоолийнх хэмээх малчин айлын ууган хүү болж Л.Жамсранжав мэндэлжээ. Түүнийг найман нас хүрэхэд аав нь Хорлоо гэх бүсгүйтэй дэр нэгтгэснээр тэрбээр араасаа есөн дүү дагуулсан аж.

Гартаа 300-хөн төгрөгтэй, их хүсэл өвөрлөсөн жаал

Ховдын арван жилийн сургуулийн долдугаар анги төгсөөд Л.Жамсранжав урлагийн сургуульд суралцахаар Улаанбаатар хотыг зорьжээ. Их хүсэл өвөрлөн, гартаа 300 төгрөг атгачихаад, ачааны машины тэвшин дээр сууж нутгаасаа гарахдаа тэрбээр 15-хан настай байв. Хотод ирээд орохыг хүссэн урлагийн сургуулиа хаана байдгийг мэдэхгүй, хоног төөрүүлэх таних айлгүй болохоор тэнэж мунгинаж явсаар Хүн эмнэлгийн техникумд шалгуулж тэнцлээ. Анагаахын дунд сургуульд суралцаж өнгөрүүлсэн он жилүүддээ олон зүйл сонирхож, хүч сорьж амжсан нь түүний амьдралын хамгийн сониуч үе байлаа. Тэр үеийнхээ тухай “Шинэ жилийн баярт зориулсан оюутнуудын тоглолтод шүлэг уншиж, хуучир тоглож, дуу дууллаа. Арай л бүжиглэсэнгүй. Энд л би дотнын нөхөр Ц.Гантөмөртэй танилцаж, насан туршийн нөхөрлөлөө эхлүүлсэн юм” хэмээн дурссан нь бий. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр агсан ч амьд ахуйдаа “Амьдрал, уран бүтээлийн минь салшгүй нэг хэсэг. Бид нэг гэрт амьдарч ч байлаа. Хүн эмнэлгийн текникумд сурч байгаад найз маань Хөгжим бүжгийн дунд сургуулийн дэргэдэх найруулагчийн ангид орж, би анагаахын сургуульдаа үлдэж байв. Нэг өдөр хиймэл сахал наагаад, буу барьчихсан “Хоёулаа зураг авахуулъя” гээд ороод ирдэг юм байна. Миний нүүрийг будаж, бас сахал наагаад л, их дурсгалтай зураг авахуулж байв” хэмээн дурсамж сөхөж байжээ.

"Цагаан" Цэгмэдийн олж харсан "юм"-тай хүүхэд

Тэрбээр найруулагчийн ангид сурах болсон тухайгаа “Миний аз жаргал, миний уйтгар гуниг” номондоо “Дуурийн театрын тайзан дээр шалгалт өгөх болов. Шалгалтад миний өмнө Ц.Гантөмөр маань орлоо. Ганаа маань үнэхээр авьяаслаг, мундаг байна. “Өвгөн партизаны яриа” шүлгийг тун гоё уншлаа. Миний ээлж боллоо. Чихэндээ том, алтан ээмэг зүүсэн туранхай, өндөр, хөх авгай “Чи маш их даарсан байлаа. Гэртээ ороод иртэл пийшинд гал улалзаж байна. Чи яах вэ” гэж хэлээд их л анхааралтай ажлаа. Энэ авгай Ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуай ажээ. Би зогсоод л байлаа. Тэр авгай нэг ширхэг пуушиг тамхи аваад, туранхай урт хурууныхаа завсар хавчуулж, олон дахин нугалаад асаав. “За яасан бэ” гэж тэр дахин асуув. “Даарсан үед гэнэт дулаацаж болохгүй” гэж физикийн хичээлд үзсэн болохоор зогсоод байгаа юм л даа, багш аа” гэж намайг хэлэхэд том, дэлдэн чихтэй, өндөр биетэй эрэгтэй хүн “Чамаас физикийн онол асуугаагүй. Ийм байдалд яахыг хийж үзүүл” гэв. Энэ бол Ардын жүжигчин, алдарт найруулагч С.Гэндэн байсан санж. Би зогсоод л байлаа. Нөгөө хүн “Энэ болохгүй нөхөр байна” гэв. Би явах гэтэл хойноос дуудлаа. Эргээд хартал оготор хамартай, шар хүн “Чи нэг юм үзүүл. Хөдөө гэртээ байна гэж төсөөл. Дүү чинь өвдөөд, ээж чинь эмч рүү явсан гэж бод. Дүү чинь уйлаад л байна. Чи тэгвэл яах вэ” гэлээ. Би хоосон юм гартаа бүүвэйлж, гэр орон, бага дүү Л.Загджаваа бодож, шалгалт өгч буйгаа хэсэг зуур мартаж орхисон байсан юм. Гэнэт “Зүйтэй. Их лут. Энэ хүүхдэд нэг юм байна гэж мэдсэн юм аа” гэж нөгөө хүн баясан өгүүлж билээ. Энэ хүн бол “Цагаан” Цэгмэд байсныг би хожим мэдсэн юм. Тэгэхэд би иртэй, сайндаа ч биш, гэр орноо санасандаа усан нүдэлсэн хэрэг” хэмээн бичжээ. Ингэж тэрбээр хүссэн сургуульдаа элсэж, 1957 оны долдугаар сард сургуулиа төгсөн, Өвөрхангай аймгийн театрт томилогдсон түүхтэй. “Харанхуйгаар бүрхэгдсэн орон”, “Учиртай гурван толгой” зэрэг жүжгийг тэнд тоглож байв. Тэндээс л Л.Жамсранжав жүжигчний уран бүтээлийн замнал эхэлжээ.

Ишхүүгээс Фердинанд, Сэнгээ, Овод

1958 оны өвөл Соёлын яамны шийдвэрээр Л.Жамсранжав Улсын хөгжимт драматик театрт татагдан ирэв. Энд ирээд хамгийн түрүүнд “Скапений дамшиглал” инээдмийн, сонгодог жүжгийн туслах найруулагчаар ажиллахын зэрэгцээ гол дүрд тогложээ. Энэ нь түүний алтан тайзан дээр бүтээсэн анхны дүр байсан юм. “Босгон дээр” жүжгээрээ Ч.Чимэд гуай Төрийн шагнал хүртсэн юм. Жүжгийн гол дүр нь Ишхүү. Эл жүжгийн тухай театр судлаач С.Дашдондог агсан “Л.Жамсранжавын бий болгосон Ишхүүгийн дүр нь үйл амьдрал, нийтлэг чанараараа театрын тайзан дээр гарч ирсэн шинэ хэлбэр. Энэ дүрийг гаднаас нь харахад хугархай саравчтай, эрээн даавуун хуучин малгай гартаа барьсан, хиртэй хөх сатин цамц, үрчлээ сууж, ард тал нь цоорсон бор саарал өмд, бэлхүүсээрээ барьсан бөгөөд гүйхээ больсон цахилгаан товчтой, оготор хүрэн гадуур хүрэм, майжгий хар шаахай өмссөн, дунд зэргийн нуруутай, жавхаалаг давхраатай алаг нүдтэй, нам биш хамартай, дун цагаан шүдтэй, өргөн хар хөмсөгтэй, тун гавшгай хөдөлгөөнтэй, 20 гаруй настай залуу. Түүнийг тайзан дээр гарч ирэхэд “Энэ ч дээ, олигтой хүн биш байх даа” гэж үзэгчид бодохоор. Гэхдээ өмссөн хувцсаар дорой болохоос биш, дотоод сэтгэл, төрөлх царай нь цэвэрхэн, зовлон үзэж, ухаан сууж яваа хүнийг дүрсэлсэн. Залуу жүжигчин Л.Жамсранжав авьяас, уран чадвараараа зохиолчийн үзэл санааг үнэлмээр сайхан тодотгож өглөө” гэж шүүмждээ дурджээ. Ишхүүгийн дүрд тоглосны дараа тэрбээр олон олон жүжгийн гол дүрийн урилга авсан аж. Ингээд Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Далан худалч”-ийн Сэнгээ, Э.Войничийн “Овод”-ын Артурт тоглов.

"Алтан өргөө"-гийн Сүмбээд "хувирах" байж

Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “1960 онд би сургуулиа төгсөж, Д.Жигжид гуайн “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд туслах найруулагчаар ажиллав. Тэгэхэд Л.Жамсранжавтай танилцсан юм. Эндээс л бидний дотно нөхөрлөл эхэлсэн. Нэг нь сайн жүжигчин, нөгөө нь мундаг найруулагч болж, Монголын кино урлагт цахиур хагалах мөрөөдөл зүрхэндээ тээж, нэгэндээ тангараглаж явсан даа. Би найзыгаа “Миний Олег Стрижнев, тэр маань намайг Акира Курасава гэж дууддаг байв” хэмээлээ. 1960 онд Л.Жамсранжав Монгол, Германы уран бүтээлчдийн хамтран бүтээх “Алтан өргөө” киноны Сүмбээгийн дүрд тоглохоор уригдсан байв. Гэхдээ кино зургаа авч эхлээгүй байсан аж. Тиймээс “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Дамдины дүрд тоглож амжихаар байсан тул Архангай руу зураг авах ажилдаа явжээ. Харамсалтай нь, тэрбээр “Алтан өргөө” кинонд тоглоогүй.

Яго, Лоренцо ламтан, Арчуг хаан

1978 онд У.Шекспирийн “Отелло” жүжгийг Б.Мөнхдорж найруулагч шинэчлэн тавихад түүнд Ягогийн дүрд тоглох завшаан тохиов. Тэрбээр эл дүрд тоглохоос бэргэж байснаа тэмдэглэн үлдээсэн нь бий. 1955 онд Гавьяат жүжигчин Е.Гомбодорж энэ дүрийг гайхалтай бүтээчихсэн болохоор зүрхшээсэн ч байж мэднэ. Гэвч энэ бол хүссэн жүжигчин бүрт олдох завшаан биш учраас тоглохоор зоригложээ. Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Мөнхдорж “Миний найруулагч болох хүсэл, замыг чиглүүлж өгсөн хүн гэхэд хилсдэхгүй. Дүрийг ухаанаараа амилуулдаг, өвөрмөц онцлогтой жүжигчин байсан юм. “Отелло” жүжгийн Ягогийн дүрд сэтгэлийн шаналал, баяр гунигийг ямар гайхалтай хослуулан тоглосон гэж санана” хэмээн дурслаа. Тэрбээр “Маш нууц”-ын Батаа, “Үхэвч үнэн ялна” жүжгийн Алексей, “Ромео Жульетта”-гийн Лоренцо ламтан, “Саран хөхөө”-гийн Хошуу ноён, “Хүйтэн сэнтий”-гийн Шанзав Бадамдорж, “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг олны сэтгэлд хоногштол, тэр дүрийг түүнээс өөр жүжигчнээр төсөөлөх аргагүй болтол мөнхөлсөн билээ.

Аажим аажмаар бие, сэтгэлийг нь хөглөсөн "Гамлет"

Тэрбээр Гамлетад тоглосон үеийнхээ тухай “Манай театр 1979 онд эл жүжгийг тавьж эрдмийн театр хэмээх болзлыг хангаж, 1981 онд 50 жилийнхээ ойгоор эрдмийн театр болсон юм. “Гамлет”-ийг Ч.Чимэд гуай орчуулан, С.Галсанжав найруулж, би гол дүрд тоглов. Л.Ванган багш нэгэнтээ “Ирээдүйд манай театрт “Гамлет”-ийг тавина. Тэгэхэд Гамлетийн дүрд Л.Жамсранжав л тоглоно доо. Гэхдээ соёо нь ургачихгүй бол шүү дээ” хэмээсэн гэдэг. Энэ нь биеэ тоочихгүй бол гэсэн үг шүү дээ. Соёлын яамны жүжиг, уран зохиолын хэлтсийн эрхлэгч, Төрийн шагналт зохиолч Ч.Чимэд гуай хоёр хуруу орчим зузаан “Гамлет” жүжгийн зохиолыг надад өгөхдөө эхний хуудсанд нь “Жаамаад. Миний ажил дууслаа. Одоо чиний ажил үлдлээ” гэж бичсэн байж билээ. Энэ зохиол манай гэрийн номын тавиур дээр одоо ч хамгийн хүндтэй байр эзэлдэг” хэмээн дурсаж байв. Түүнчлэн “Аажим аажмаар бие сэтгэлийг минь Гамлет хөглөнө. Тайзан дээр гарахынхаа өмнө “Надаас сайхан, илүү хүн хаа ч байхгүй” хэмээн дотроо төсөөлж, “Орших уу, эс орших уу” хэмээх алдарт эшлэлийг ганцаараа уншин, хэнтэй ч дуугарахгүй, аль болох олны хөлөөс холхон очиж өөрийгөө бэлддэг байв. Хилэн хөшиг нээгдэж, зөгий мэт дүнгэнэлдэх үзэгчид чив чимээгүй болж жүжиг эхлэхэд би Гамлетад хувирдаг байлаа” хэмээснээ ч “Миний аз жаргал, миний уйтгар гуниг” номондоо бичин үлдээжээ. Түүний уран бүтээлийн анд, Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Л.Жамсранжав байгаагүй бол “Гамлет” жүжиг манай театрын тайзан дээр тавигдахгүй ч байж болох байсан. Тавьсан ч түүнийх шиг хэмжээнд тоглож чадахгүй байсан гэж би итгэлтэй хэлнэ” хэмээсэн юм.

Ардын, бас ард түмний жүжигчин

1981 оны долдугаар сард Засгийн газрын ордны ёслолын танхимд төрийн дээд шагналаар олон хүн энгэрээ мялаалгасны дотор З.Пүрэв, Д.Мэндбаяр, С.Сэлэнгэ, Л.Жамсранжав нар байлаа. Тэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн юм. Тэрбээр 1996 оны арванхоёрдугаар сарын 6-нд театрынхаа 65 жилийн ойн дараахан Ардын жүжигчин цол хүртсэн аж. Жүжигчин хүн аливаа дүрийг бүтээхдээ “Хэрэв би энэ дүрийн оронд байсан бол...” хэмээн бодох ёстой хэмээн ахмад уран бүтээлчид ярьдаг. Яг л энэ зарчмыг барин ажилладаг, тоглосон дүр бүрээрээ амьдарч чадсан хүн бол Л.Жамсранжав агсан. Тэрбээр хэдий авьяас билигтэй ч сэтгэл дутвал хүссэндээ хүрэх амаргүй. Хамгийн гол нь сэтгэлтэй, зүтгэлтэй байх ёстой гэж ярьдаг, дараа үеийн залуу жүжигчдэдээ ч тэгж зааж сургадаг байв.

Туулсан амьдрал, бүтээсэн түүхийг нь буруушаах эрх хэнд ч үгүй

Гундуухан яваа нэгэнд сэтгэлийн дэм өгөн, түшиж тулах багана нь болж, баярлаж яваа нэгнийхээ хөөр баярыг хуваалцан, хажуудахдаа муу саналгүй атаархал жөтөөрхлийн мананд төөрч яваагүйг нь түүнийг мэдэх хүн бүхэн хэлдэг. “Аливааг сэтгэл хөдлөлөөр шийдэхээс илүү удаан боддог, ухаантай хүн байсан даа” хэмээн олон хүн дурсдаг. Түүний төрсөн дүү Л.Дэжидмаа “Ах бягтруулдаа пянз тоглуулаад л, нутгийнхныг гэрийн гадна цуглуулчихдаг сан. Бас бидний гэрэл зургийг их авдаг байж билээ” хэмээн дурссан нь бий. Хорвоогийн жамаар учирч, заяа тавилангаар ханилсан анхны хань Ө.Уранчимэг, амьдралынхаа сүүлийн жилүүдийг хамт өнгөрүүлсэн Б.Нармандах нь хоёул урлагийн мэргэжилтэй. Амьдрал үзсэн хэн ч Л.Жамсранжав агсны туулсан амьдрал, сонголтыг буруушаах эрхгүй юм. Тэрбээр өнөр өтгөн гэр бүлийн өрхийн тэргүүн байсан юм. Л.Жамсранжав хэмээх нэрээр нь овоглосон дөрвөн хүү, гурван охины аав байлаа. Түүний долоон хүүхдээс мэргэжлийг нь өвлөсөн ганц нь Гавьяат жүжигчин Ж.Оюундарь. Тэрбээр “Жүжигчин болно гэхэд аав их дурамжхан хүлээж авсан даа. Эмэгтэй хүн бүр ч хэрэггүй гээд эсэргүүцэж байв. Гэсэн би энэ мэргэжлээ эзэмшсэн. Аавынхаа гараас “Гэгээн Муза” наадмын шагнал хүртсэн азтай хүн шүү, би. Надад алдах, муу явах эрх байхгүй. Цаг үргэлж өөрийн минь нэрний өмнө аавын маань нэр дурдагддаг учраас. Аав минь “Аливаад үнэнч сэтгэлтэй бай, зөв хүн бай. Тэгвэл чиний бүх л зүйл сайхан байна” гэж хэлдэг байлаа. Энэ л зарчмаар би амьдарч байна. Аавтайгаа хамт олон уран бүтээлд тоглож байсан боловч охиных нь дүрд тоглож амжаагүйдээ харамсдаг. Аав бусад уран бүтээлчдэд сайн, муу үг хэлдэг атлаа надад ер юм хэлдэггүй байлаа. Намайг анх “Аянгын бороо” жүжигт тоглож байхад үзэгчдийн дунд хараад л сууж байв. Тэгтэл тоглолтын дараа гар бариад, баяр хүргээд л өнгөрсөн. Тэгэхээр нь би гайгүй тоглочихсон юм болов уу гэж бодсон. Муу тоглосон бол намайг зэмлэх байсан байх. Түүний дараа “Ромео Жульетта” жүжигт миний алчуур шидэж байгаа хэсэг гардаг юм. Түүнийг аав үзчихээд “Харлаа, миний охин хөөрхөн шүү” гэж билээ” хэмээв. Л.Жамсранжав агсан жүжиглэхээс гадна сайхан дуулдаг, гитар, мандолин, хуучир, лимбэ тоглодог хүн байв. Бас их сайхан зурдаг гэлцдэг. Л.Жамсранжавынх хэмээх айлын хоймор эзгүйрч, энэ хүнийг хорвоогоос халин одоход анд найзууд, шавь нар, гэр бүлийнхнийх нь сэтгэлд гунигийн манан хөшилдөн үлдсэн юм. Гэвч тэрбээр одоо ч хүн бүхний хайртай жүжигчин хэвээр.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Нүүрсний болон төмөр замын хил холболтын гэрээнүүдийг нууцаас гаргалаа

33 мин

Л.Гүндалай хүүхдийн мөнгөө хамгаалж непальдана гэв

2 цаг 12 мин

ЗГ: Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболт болон Чайна энержитэй байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд ил болгох тогтоолыг баталлаа

2 цаг 29 мин

Д.Амарбаясгалангийн фракц: Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу гишүүд

2 цаг 53 мин

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Баруун бүсэд гурил тэжээлийн гаалийн татварыг тэглэлээ

3 цаг 45 мин

"ОЮУТНЫ МЕНТОРШИП" хөтөлбөрт урьж байна.

3 цаг 56 мин

Г.Ган-орхон хэйболын ази тивийн аварга боллоо

4 цаг 1 мин

56 болон 16 настай хоёр иргэн угаартаж нас баржээ

4 цаг 21 мин

Хууль зүйн ухааны доктор Т.Алтангэрэл: Хэрэг огт үүсгээгүй байхад өөрийгөө очиж шалгуул гэдэг нь хүний эрх талаасаа Үндсэн хуульд харшилна!

4 цаг 30 мин

Гадаад харилцааны салбарт 10-аад жил тасралтгүй ажилласан рекорд

4 цаг 41 мин

Хөвсгөл аймагт самарт яваад сураггүй болсон эмэгтэйг 17 дахь өдрөө эрэн хайж байна

4 цаг 46 мин

Долоон саяын цалинтай С.Цэнгүүн гишүүн хүүхдийн мөнгийг “АД ҮЗЭВ”  

5 цаг 26 мин

Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц юу хэлэв

21 цаг 6 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцын шартай гишүүд

22 цаг 36 мин

Төрийн ордонд гурван төрлийн албан бичиг дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна.

22 цаг 42 мин

О.Алтангэрэл: Өмнө нь МАН Засгийн газраа огцруулъя гэхэд АН-ын зарим гишүүн авч үлдээд, хор уршгаар нь бид нийгмийн дэмжлэгээ алдаж, ялагдаж байсан гашуун туршлагатай шүү

22 цаг 52 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор өргөн барилаа

23 цаг 42 мин

Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Өчигдөр 14 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Та нарт "Улс орноо урагшлуулъя гэсэн сэтгэл байхгүй"

Өчигдөр 13 цаг 36 мин

Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна

Өчигдөр 12 цаг 33 мин

Ч.Ану хандлагаараа Д.Одзаяагийн үнэн нүүр царайг илчлэв

2025-10-02

Г.Анархүү амжилттай салалтын их багш боллоо

2025-10-04

Э.Алдар уурандаа кино хийж “бярдав”

2025-10-03

Ардын жүжигчин Н.Батцэцэгийн найранд урлагийнхан талцаж очжээ

2025-10-03

Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Өчигдөр 14 цаг 32 мин

“Гайхамшигт” Э.Алдар Сампил хоёрын нэгдэл

2025-10-02

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины ээж дахин нэг ноцтой зураг дэлгэлээ

2025-10-04

Мисс Б.Номин-Эрдэнэ “Эх дэлхийн мисс”-т өрсөлдөнө

Уржигдар 11 цаг 13 мин

Сайд нар, Ерөнхий сайдад санаархагчид ямар боловсролтой вэ?

2025-10-03

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ

2025-10-02

Хуульч З.Тамир: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр МАН-аас хөөгдсөн ч ХЗДХ-ийн сайд болох боломжтой

2025-10-01

Б.Энхбаярыг МАН-аас хөөхөөр Хяналтын ерөнхий хороо 17.00 цагт хуралдахаар болжээ

2025-10-01

Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярын “зэвүүн” зөгнөл: Г.Занданшатар бол өөрийн эрх мэдэлгүй Ерөнхий сайд. Өөрийн эрх мэдэлгүй Ж.Эрдэнэбатын кабинетад ажиллаж байсан хүний хувьд ийм засаг хамтрахгүй!

Уржигдар 09 цаг 28 мин

Н.Номтойбаяр: Миний хувьд Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд таатай хандахгүй байгаа

2025-10-02

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хийсэн мэдэгдлийн ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

2025-10-02

О.Цогтгэрэл: УИХ-ын даргыг хурал даргалах ёс зүйгүй л гэж үзэж байгаа тул өнөөдөр болон маргаашийн чуулганд суухгүй

2025-10-02

"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ

2025-10-02

Гараад ирээч Ерөнхийлөгч өө? Гадаа хүйтэн байна ...

Уржигдар 12 цаг 41 мин

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Аливаа нийтийн арга хэмжээнд оролцохдоо заасан цаг хугацаанд журмын дагуу үйл ажиллагаа явуулах нь тухайн байгууллага болон хувь хүний ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж байдаг.

2025-10-02

Хүрз нүүрс ухаагүй, хөрс шороо хуулаагүй, төрийн мэдэлдээ байгаа Бор тээгийн ордыг хулгайлсан мэтээр Д.Амарбаясгаланг гүтгэсний цаана жинхэнэ нүүрсчид ард нь нуугдаж байсан нь ил боллоо

Өчигдөр 09 цаг 22 мин

Сурталчилгаа