ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх
СУИС-ийг жүжигчнээр дүүргэсэн ч уул уурхайн бизнест карьер хийж, урлагийнхан дундаа хөрөнгө чинээгээрээ ёндойж явсан Ж.Баясгалан 2018 онд осолд орж, хүнд бэртсэнээс хойш яг жилийн дараа “Үргээлэг” киноныхоо нээлтээр олны өмнө ил гарч байв. Түүний хайртай хань, халамжит найз нөхөд, хүндэлдэг урлагийнхнаараа хүрээлүүлсэн аз жаргалтай агшин “Гранд”-ын дуранд ийн буужээ.
Түүний уран бүтээл, карьерын талаарх сонирхолтой баримтыг дурандъя.
- СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжгийн гол болон туслах дүрд тоглон олонд танигдаж байв.
- СУИС-ийн ангийн найзуудтайгаа хамтран “А групп”-ыг байгууж, “Бодлын хулгайч”, “Үргээлэг” киноны киноны продюсероор ажиллаж байв.
- Дунд ангиасаа тулааны спортоор хичээллэж эхэлсэн нь түүний ирээдүйн мөрөөдлийн суурь болж, Брюс Ли, Ван Дамм шиг жүжигчин болно хэмээн зорьж СУИС-д элсжээ.
- Түүний аав геологич мэргэжилтэй тул аавыгаа даган уул уурхайн салбарт хөл тавьж, “Үүрт гоулд” алтны компанийг ажиллуулсаар багагүй хугацаа үдэж байна.
- Таван хүүхэдтэй айлын отгон нь. Түүний эгч хүнд өвчинтэй тэмцэн 24 жилийг үдсэний дараа бурханы оронд одсон. Түүний ах эгчид нь зориулж “Хайраар зөөлөрдөг хорвоо” дууг бүтээж дуучин Ж.Найдандоржоор дуулуулсан байдаг. Дуу олны хүртээл болох үеэр тэр гэр бүлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж байв.
- Нурууныхаа өндөрт тийм ч санаа зовдоггүй. “Агуу удирдагч намхан байдаг” гэж хошигнодог.
- Тэрээр чадварлаг тамирчин гэдгээрээ алдартай байв. “Боди” Баясаа гэх хоч ч түүнд бий.
- Түүний гэргий Э.Мөнхтуяа, бүжигчин мэргэжилтэй үзэсгэлэнтэй бүсгүй бий. Хосууд дөрвөн хүүхэдтэй. Гэргий нь энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүйн нөхөр гэж бахархан ярих дуртай.
- 2018 онд авто машины уралдаанд оролцож байгаад хүнд бэртэл авсан Ж.Баясгалан тухайн үедээ БНСУ-д эмчлүүлсэн. Осолд орсноос хойш өглөө бүр амьд байгаадаа баярладаг болсноо ярьж байсан удаатай.
- Түүний найзуудтайгаа хамтран бүтээсэн “Үргээлэг-2” кино “Academy Awards- 2016” наадмын зургаан төрөлд шагнал хүртэж, 2016 оны Канны кино наадамд зочин киногоор оролцож байлаа. Тэд киноныхоо орлогоос 29-р тусгай дунд сургуульд хүүхдийн автобус бэлэглэж байжээ.
- Тэрээр үхэр, цацагт хяруулын махны чиглэлийн бизнесийг Монголд нутагшуулахаар ферм байгуулжээ. Цацагт хяруул илчлэг сайтай, калори багатай хүний биед өгөх ашиг шим ихтэй гэдгийг Баясаа ээжийгээ асарч байхдаа мэджээ.
- Өдгөө Ж.Баясгалан тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хүртээмж, оролцоог сайжруулахад анхааран УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.