Уг нь Ардчилал бидэнд төлөөллөөрөө дамжуулан төр барих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг өгсөн

Уг нь Ардчилал бидэнд төлөөллөөрөө дамжуулан төр барих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг өгсөн

Сүүлийн үед бид "сонголтгүй сонголт" гэх үгийг их л сонсох боллоо. Сонголтгүй бол сонголт гэж юу байх вэ дээ. Сонголт гэж нэрлэхгүй. Зүгээр л ардчиллын хамгийн чухал үнэт зүйл гэдэг сонголтыг нэр төдий хадгалахын тулд улс төрдөө хүчээр уяж, чирж яваа хэрэг. Нүүдлийн үеэр нохойныхоо идүүрийг тэрэгний арлаас зүүчихдэгтэй л адилхан. Монголын улс төр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, улс төрийн намууд гэсэн хэдхэн институцийг тойрсон жижигхэн тойрогт эргэлдэнэ. Циркээр бол хашлагтай тойрог дотор орсон нөхөд сургагчийнхаа ташуурын чимээ, эс бөгөөс урамшууллын хоолоор удирдуулан тойрч эргэлдсээр л байна гэсэн үг. Ард түмэн буюу үзэгчид тухайн тойрогт орсон нөхдийг холоос л харахаас дотор шууд яваад орчихож болдоггүй шүү дээ. Харин тэр жижигхэн тойрогт орсон цөөхөн хүн өөрсдийнхөө эргэн тойрон дахь амьдралаар нийгмийг төсөөлж дүгнэн ард иргэдийн хувь заяатай холбоотой хууль тогтоомж, шийдвэр гаргаж байгаа.

Муухай байгаа биз. Уг нь Ардчилал бидэнд төлөөллөөрөө дамжуулан төр барих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг өгсөн. Гэтэл бидний “сонгосон” төлөөлөл нийгэм улстөр, бизнесийн “элит” гэгдэх гэр бүлүүдийн бий болгосон хаалттай бүлгийн дотоод цусны эргэлт л болж хувирдаг. Ийм байхад иргэд төрөө байгуулж байна уу эсвэл тэд биднээр төлөөллөө сонгуулж, аль хэдийн тогтсон эрх мэдлийн хувиарлалтаа хууль ёсны болгож байна уу гэдэг асуулт төрнө. Хариулт илүү хэцүү байж магадгүй. Сонгуулийн өдөр саналын хуудсан дээр хороо цэргийн нэр байсан ч тэр нь сонголт ихтэй учраас зөв гэсэн үг биш. Хамгийн энгийнээр хэлэхэд л “Дээрээс” ирсэн нэрийг дугуйлах биш иргэд өөрсдөө шилж сонгох боломжийг сонголт гэнэ биз дээ. Бид үстэй малгай авахдаа барааны зах худалдааны төвүүдээр яагаад хөлөө эцтэл хэсдэг хэрэг вэ. Өвлийн хүйтэнд чих дааруулахгүйгээс гадна миний нүүрний хэлбэрт зохих загвар, өнгөтэй, өмсөхөд хөнгөн хэт халууцуулж хөлс урсгаад байхгүй малгайг олохын тулд шүү дээ.

Түүнээс зохихгүй хэрнээ чих дааруулдаг өвлийн малгайг худалдагчийн тулгаснаар авах байсан юм бол хөлөө өвдтөл хэсэх ч хэрэггүй. Энэ сонголтыг хийхэд таны хүсэл сонирхол хамгийн гол нь таны оролцоо чухал байгаа биз. Францын улс төр судлаач Алексис де Токвиль “Ардчиллын хамгийн том хүч нь хууль тогтоох байгууллагадаа бус, иргэдийн оролцоонд оршдог” гэж бичсэн байдаг. Харин ийм иргэдийн оролцоо үгүй бол ардчилал хэлбэрээ хадгалж үлдэх ч агуулгаа аажмаар алдаж мэднэ. Манай ардчилал агуулгаа алдаад эхэлсэн ч байх. Сонгуулиар эрх мэдэл нэг намаас нөгөө намд шилжиж байгаа мэт харагдавч эрх мэдлийн хувиарлалт төдийлөн өөрчлөгддөггүй Монголын улс төрийн энэ гажиг тогтолцоо ардчилал агуулгаа алдаж аажмаар дарангуйлал тогтож байгааг илэрхийлнэ.

Хүн төрөлхтний түүхэнд тогтолцоог эвдэж, өөрчлөлтийг авчрах боломж үргэлж байсаар ирсэн. Гагцхүү үүнийг хэн хийх вэ гэдгээс зөв өөрчлөлт үү буруу өөрчлөлтүү гэдэг шийдэгдэнэ. Өөрчлөлтийг хэн хийж чадах бол. Монголд улстөрчдийн анхааралд бараг өртдөггүй нэгэн аварга тоглогч бий. Гэхдээ тэр аварга өөрийгөө ямар хэмжээний хүчтэй болохоо ч мэддэггүй. Мань эр одоохондоо "найр хэсэж, наадам тэтгэж", баярын индэр дээр зураг даруулж, хандивын чек гардуулж, цагаан сарын хүндэт зочдын суудалд тухалж суух л үүрэгтэй мэт. Уг нь бол Монголын хамгийн том зохион байгуулалттай иргэний сүлжээ байж мэдэх юм. Хүнээр бол өөрийгөө олоогүй нэг таваариш л яваад байгаа. Хүн төрөлхтний түүхийг уншиж суухад эрх мэдэл гэгч зүйл үргэлж хааны ордон, парламентын танхимд боождоггүй ажээ. Эрх мэдэл заримдаа ухаалаг хүмүүсийн тархинд төрж мөн тэндээ өсөж боожих нь бий. Хүн төрөлхтөн хамтын төсөөлөлдөө итгэдэг учраас сая саяараа нэгдэж чаддаг гэж түүхч, философич Харари өгүүлсэн байдаг. Үндэстэн, мөнгө, шашин, компани, хууль гээд бүгд хамтын итгэл дээр тогтдог хийсвэр ойлголтууд.

Тэгвэл ийм хамтын итгэл дээр тогтдог, олон мянган хүнийг нэгэн зэрэг хөдөлгөж чаддаг, аймаг сум бүрт салбарласан, өөрийн түүх, бэлгэдэл, үнэт зүйлтэй том сүлжээг Монголд байгуулж болох уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.