Г.Лхагвадорж: Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй

Г.Лхагвадорж: Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй

Ардчилсан намаас 2027 оны улсын төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Жил болгоны төсөв маш хурдацтай өсөж байна. Дараа жилийн төсөв гэхэд 43.6 их наяд төгрөг болохоор байна. Энэ нь цэвэр иргэдийн халаасыг тэмтэрч байгаа төсөв болно.Ардчилсан намын зүгээс ганцхан шаардлага тавьж байгаа. Үнийн өсөлтөд нэрвэгдээд буй иргэдийнхээ аж амьдралыг шийдвэрлэхэд анхаарсан төсөв гаргаж ирээч ээ. 2016 он буюу 10 жилийн өмнө 24 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ 2026 оны наймдугаар сар гэхэд 91,410 төгрөгөөр авч байна. Энэ бол төгрөг үнэгүйдэж байгаа хэрэг бөгөөд үүнийг тэр их төсөв баталж буй дарга нарын үйлдлээс болж байгаа юм. Баялгийн сангийн тухай хуулиа ноцтой зөрчих гэж байна. Оюу-Толгойгоос орж ирээгүй байгаа гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө. Энд ямар нэгэн дарга урдуур нь ороод энэ мөнгийг төсөвт оруулж, ямар нэгэн станц эсвэл дэд бүтцийн төсөл барих ямар ч боломж байхгүй. Хуримтлалын сангийн тусгай заалтад 34% болон төрийн эзэмшиж байгаа хувьд ашиг төлбөр нь гурван сан доторх хуримтлалын сангаасаа дамжин иргэний нэрийн данс руу орох ёстой. Нийгмийн болон дэд бүтцийн төсвийг санхүүжүүлэх тусдаа хууль гаргаж ирээд, баялгийн сангийн иргэдэд очих ёстой гурван их наяд төгрөгийг татаж авч, улсын төсөвт оруулан, нийгмийн дэд бүтэц бариулна гэх. Барьж болно, гэхдээ баялгийн сангийн хуримтлалын мөнгийг авах эрх хэнд ч байхгүй. Энэ бол баялгийн сангаа барлагийн сан болгох гэж байгаа үйлдэл. Мөн зургаадугаар цахилгаан станц барина гэнэ. Юун зургаадугаар станц? Эхлээд тавдугаар станцаа бариач. Ардчилсан нам төсөв дээр маш хатуу байр суурьтай байгаа. Яагаад гэвэл төсөв бол ард түмний амьдрал” гэлээ.

    Ардчилсан намаас 2027 оны улсын төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

   УИХ-ын гишүүн Ө.Шижир “2027 оны засгийн газарт Учрал ерөнхий сайдын өргөн барьсан төсөв бол есөн шид нь бүрдсэн төсөв болсон. Төрийн өмчит компаниудын төсөв бол сүүлийн 10 жил энэ улсад мөнгөгүйн биш мөнгөтэйн зовлонг эдэлсэн. Саяхан 2024 онд засгийн газар нийслэлд 24 мега төсөл ярьсан. Олоо ярьж байгаа мега төслүүдийн тоо хэдэн зуу давсан. Зөвхөн 2020 оноос 2027 он хүртэл өргөн барьсан төсвийг үзэх юм бол 208 их наяд 839 тэрбум төгрөг. Тэд нарын хулгай саяар яригдахаа больсон, дараа нь тэрбумаар ярьж бие биеэ чичилдэг болсон. Одоо их наядаар ярьдаг болсон байна. 2015 оноос өнөөдрийг хүртэл 12 жилийн хугацаанд Монгол улсын төсвийн зарлага 10 дахин өссөн. Энэ нь 10 дахин данхайсан гэсэн үг. Иргэдийн амьдрал 10 дахин сайжраагүй. Энэ нь засгийн газар төсвөө дандаа буруу тооцдог гэсэн үг. Худлаа тоонуудаар хуурч, бие биеийнхээ зардлыг өсгөдөг. Эрдэнэс Таван толгой 8.5 их наяд төгрөгөөр төсөлд санхүүжүүлсэн. Бид мөнгөгүй биш мөнгөтэй. Гэхдээ үүнийг буруу хүмүүс, буруу удирдаад байна. Ардчилсан намынхан өнөөдөр засгийн газрыг шүүмжлэх гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Бид орлого, зарлагаа буруу тооцоод байна гэсэн үг. Орлогоо 10 их наядаар нэмж байгаа бол зарлагаа ч мөн адил 10 их наядаар бууруул гэдэг маш энгийн шаардлага тавьж байна” гэв.

   УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Сангийн яам жил болгон засгийн газрын мөрийнх хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж, сонгуулиар дахин сонгогдох гэж маш их төсвийн зарлагыг нийгмийн халамж, нийгмийн харилцааны чиглэлээр тэлж байна. Засгийн газрын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол зүйлүүд бол нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар хоёр л бүрдүүлж байгаа. энэ орлогоо хуваарилж байгаа нь зөв зохицуулж чадахгүй байгаа нь эдгээр бүх тоогоор илэрхийлэгдэж байна. Засгийн газрын мөнгө зарцуулах шуналыг татаж хумих гэж төв банкийг бие дааж, улсын их хурлын харьяанд байгуулдаг. Гэтэл тэр банк нь унтчихаж. Энэ байгууллагын ерөнхийлөгч нь ажлаа хийхгүй байна. Саяхан энэ байгууллагын мөнгөний бодлогын газрын дарга нь төсвийн тодотгол өргөн баригдаж байгааг бид нар сая л мэдлээ, араас нь инфляцынхаа тохируулгыг хийх гээд байж байна гэсэн. Энэ бол системийн гажуудал хэр хэмжээнд хүрснийг харуулах энгийн жишээ юм” гэв.

   АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан “Аймаг, нийслэл, дүүргийн бодлогын хорооны дэргэд зөвлөлүүд байгуулагдан, үйл ажиллагаандаа ороод байна. Бид ерөнхий сайдын гаргасан шийдвэрт дүгнэлт хийсэн. Энэ нь есөн шийдвэр гэхээсээ уул уурхай, газрын баялгаас иргэдийнхээ нэрийн дансанд орж ирэх мөнгийг ард түмнийхээ нэрийг барьж шанагалах гэсэн барин, тавин есөн шийдвэр гэж бид харж байгаа. Мөн 2027 оны төсвийн тухай хуулийг харах юм бол, нийгмийн болон суурь бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай гэсэн ганцхан хуудас хуулиар баялгийн сангаар иргэдийн нэрийн дансанд орж ирэх гурван их наяд төгрөгийн хоёр их наядыг шанагалах гэж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.