Халаа сэлгээ: АН Засагт хамтарвал сайд болохоор амьсгаа өндөр яваа гишүүд

Халаа сэлгээ: АН Засагт хамтарвал сайд болохоор амьсгаа өндөр яваа гишүүд

Иргэд Оюу толгойн ногдол ашгаа үржүүлж бодож суух хооронд төрийн ордонд Засгийн газрын кабинетад халаа сэлгээ хийгдэхээр гишүүд амьсгаа өндөр явна. 

Ардчилсан нам Засгийн газартай хамтрана гэсэн мэдээлэл АН-ын бүлгийн даргын сунгааны үеэр яригдаж байсан хуучин сэдэв. Тодруулбал, АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин томилогдвол Засагтай хамтарна, 5-6 суудал авна гэх мэтээр тов тодорхой яригдсан бөгөөд хамтрах эсэх асуудал үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, иргэдийн бухимдлаас болоод түр азнасан байдалд орсон гэх.

Хэрэв АН Засгийн газартай хамтарвал хэн сайд болох вэ гэдэг асуулт анхаарал татна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Н.Алтанхуяг нарын нэрс тодорхой, хүчтэй яригдаж байна. 

Харин эрх баригч намаас, ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нарын амьсгаа өндөр байна. Тэд хоорондоо уулзсаны дараа Ерөнхийлөгчийн өрөө рүү дуудагдан орсон.

Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдож магадгүй байгаа бол Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар яригдаж буй аж.

Энэ талаар өөрсдөөс нь тодруулахад,

Б.Чойжилсүрэн, "Би Ерөнхийлөгчтэй сар гаруйн өмнө уулзсан. Уулзаад улс орны амьдрал л ярьдаг шүү дээ, улстөрчид чинь. Сайд болно гэж хэлээгүй. УИХ-ын гишүүн гэдэг хангалттай албан тушаал. Сайдын суудалд санаархаад байгаа зүйл байхгүй. Ерөнхий сайдтай хэзээ уулзсанаа санахгүй байна. Надад ямар нэгэн сайдын суудал санал болгоогүй. Санал ирвэл тухайн үед нь бодож үзнэ" гэлээ.

Харин Ж.Энхбаяр "Намайг Батлан хамгаалахын сайдаар томилох асуудлыг мэдэхгүй байна. Засгийн газраа хэрхэн байгуулах бүрэн эрх нь Ерөнхий сайдад буй. Б.Чойжилсүрэн гишүүн бид өрөөний хөршүүд. Байнга л уулзаж, ажлаа ярьдаг. Ерөнхийлөгч дуудсан байна. Яарч байна" гэв.

Б.Чойжилсүрэн бол МАН-ын хамгийн хөрөнгөлөг гишүүдийн нэг. Товчхондоо, МАН-ын “түрийвч” гэгддэг. Сонгуулийн цикл дөхсөн энэ өдрүүдэд түүнийг Засагт багтааж МАН сонгуулийн мөнгөө босгох барбарис төлөвлөгөө боловсруулсан байж магадлал өндөр. Гэхдээ гэм нь тэрээр Увс аймгийн иргэдээс бусдаар олон нийтэд нэр муутай улстөрч. 

Ямартай ч эрт, орой хэзээ нэгэн цагт Н.Учралын Засгийн газар хөдөлгөөнд орж, халаа сэлгээ хийгдэх нь цаг хугацааны асуудал болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.