УИХ-ын ээлжит бус чуулганы эхний өдөр хөндөгдсөн онцлох 5 асуудал

УИХ-ын ээлжит бус чуулганы эхний өдөр  хөндөгдсөн онцлох 5 асуудал

 УИХ-ын ээлжия бус чуулган есдүгээр сарын 7-ны өдөр зарлагдан хуралдаж, энэ сарын 14-ний өдрийг хүртэл 2026 оны улсын төсвийн тодотголын төслийг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.

 Энэхүү ээлжит бус чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх жилүүдийн төсвийн төсөөлөл болон холбогдох санхүүгийн хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус тодотголын гол зорилго нь эхний найман сарын байдлаар үүссэн 1.4 их наяд төгрөгийн орлогын тасалдлыг нөхөх, төрийн үргүй зардлыг танах замаар иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал болон УИХ-ын дарга С.Бямбацогт нарын танилцуулснаар, одоогийн байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрсэн бол нийт зарлага нь 19.5 их наяд төгрөг болж, улмаар 2.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Иймд төрийн байгууллагуудын урсгал зардлыг эрс танаж, хуримтлагдсан эх үүсвэрийг инфляцын эсрэг хамгаалалт, цалин тэтгэврийн нэмэгдэл болон эрчим хүч, түлшний нөөцийг бүрдүүлэхэд дахин хуваарилахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсжээ. Төсвийн тодотгол батлагдсаны дараа буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган шууд үргэлжлэн хуралдахаар төлөвлөгдсөн байна.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас урсгал зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнд албан томилолт, сургалт, тавилга худалдан авалт, шинэ автомашин, зөвлөх үйлчилгээ, хурал зөвлөгөөн, баяр наадмын зардлуудыг бүрэн царцаах буюу цуцлах арга хэмжээ багтжээ. Мөн худалдан авах ажиллагаа нь хойшилсон 252.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүдийг зогсоосон байна. Энэхүү хэмнэлтийн үр дүнд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 20 хувиар, соёл, спорт, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгав.

 Түүнчлэн 435 мянган ахмад настны тэтгэврийг дунджаар 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж тэтгэврийн хэмжээг 1.2 сая төгрөгт хүргэхээс гадна суурь тэтгэврийн шинэ тогтолцоог нэвтрүүлж 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор болжээ. Бага орлоготой иргэдийг дэмжих зорилгоор 792 мянган төгрөг хүртэлх цалинтай иргэдийг хувь хүний орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх бөгөөд үүний дүнд 840 тэрбум төгрөг иргэдийн гар дээр үлдэх тооцоо гарсан байна.

Эдийн засгийн томоохон реформуудын хувьд Оюу Толгой ордын ногдол ашгийг анх удаа дотоодод оруулж ирэн, яамдын урсгал зардалд бус, харин иргэдийн хуримтлалын данс, эрчим хүчний дэд бүтэц буюу Дулааны цахилгаан станц-6 төсөл, арьс шир боловсруулах үйлдвэр, вакцин үйлдвэрлэл болон хилийн хоёр боомтыг шинэчлэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ. Эдгээр хөрөнгийн хуваарилалтыг иргэд цахим платформоор дамжуулан санал өгч шийдвэрлэх юм байна. Мөн "Эрдэнэс Таван Толгой" компанийн иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааг чөлөөтэй өвлөх, бэлэглэх, арилжих боломжтой болгож, тус компанийг хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх шийдвэр гарчээ. Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 16 мянган өрхийг орон сууцжуулахаар төлөвлөсний 14 мянга нь 6 хувийн ипотекийн зээлээр, 2 мянга нь түрээслээд өмчлөх хэлбэрээр шийдэгдэх бөгөөд төрийн өмчийн 4 мянган апартментын урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулна.

 Эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр шинээр 300 МВт-ын хүчин чадалтай ДЦС-6 станцыг барьж, ДЦС-3-ыг шинэчлэн, 10 аймагт саатсан дулааны станцуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Боловсролын салбарт 100 мянган компьютер тарааж, 100 "ногоон сургууль" байгуулахын зэрэгцээ хөгжлийн 6 бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон өсгөж, 23 мянган компанийг сар бүр тайлан гаргах дарамтаас чөлөөлж, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хавтгай татвар ногдуулахаар болжээ.

Ээлжит бус чуулганы үеэр Улсын Их Хурал дахь сөрөг хүчин болох Ардчилсан намаас төсвийн тодотголын төсөл нь Үндсэн хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж болзошгүй хэмээн шүүмжлэв. Тэд Засгийн газрыг өрийн тааз, зарлагын хязгаарлалт зэрэг хуулиар тогтоосон хязгаарыг сулруулах замаар улс орны эдийн засгийг өрийн хүнд дарамтад оруулж болзошгүйг анхааруулж байна. Үүний зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид Засгийн газрын авч хэрэгжүүлж буй цалин, тэтгэврийн нэмэгдэл зэрэг арга хэмжээ нь орон нутгийн өмнөх онуудын ашиглагдаагүй үлдэгдэл болох 998 тэрбум төгрөгийг дахин хуваарилахад хэт түшиглэж байгааг тэмдэглэ

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.