Өнгөрснөө хадгалж, ирээдүйгээ бүтээж буй Хятад орон
Хөх хот–Сычуань–Чэндүгийн аяллын тэмдэглэл

Аялал эхлэхээс өмнө
Монгол, Хятадын сэтгүүлчдийн XVI форумд оролцохоор Хөх хотыг зорихдоо энэ аяллыг зөвхөн нэг удаагийн албан томилолт гэж төсөөлж байлаа. Форумын хөтөлбөр, уулзалт, илтгэл, буцах нислэг. Ерөнхийдөө сэтгүүлч хүний ажлын өдрүүдийн нэг мэт.

Гэвч Хөх хотод бууснаас хойш аяллын утга аажмаар өөрчлөгдөв. Албан уулзалтын завсраар музей үзэж, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтай танилцаж, дараа нь Сычуань руу нисэн эмнэлэг, өндөр технологийн бүс, роботын төв, төмөр замын боомт, архины үйлдвэр, археологийн музей, панда үржүүлгийн бааз үзлээ. Нэг хотын тухай тэмдэглэл эхэлсэн ч удалгүй түүх, технологи, хэвлэл мэдээлэл, байгаль хамгааллын тухай өргөн аялал болон хувирсан юм.

Хөтөлбөр маш шахуу байв. Гэхдээ энэ шахуу байдал нь аяллын гол өнгө болсон. Нэг уулзалтаас нөгөөд шилжиж, тэмдэглэл хөтөлж, дараагийн өдрийн форумд бэлтгэж, өглөө нь музейн танхимд, үдээс хойш нь хэвлэл мэдээллийн байгууллагад, орой нь дараагийн хотын нислэгт сууж байлаа. Ядарсан ч харах, сонирхох, суралцах зүйл дүүрэн хөтөлбөр зэхжээ.
Хөх хотод түрүүлж очсон нь
Монгол, Хятадын сэтгүүлчдийн XVI форумын албан ёсны арга хэмжээ есдүгээр сарын 8-нд эхлэх байсан ч бид өмнөх өдөр нь Хөх хотод очсон. 2026 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 15 цагийн үед Байта олон улсын нисэх буудалд буухад тал нутгийн сэвэлзүүр салхи, таатай цаг агаар угтав.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, Хууль, ёс зүй хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүн Р.Ханджав, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Хэвлэлийн хэлтсийн дарга Б.Мандах бид тавыг урд хөршийн найзууд, мэргэжил нэгтнүүд маань хөх өнгийн хадаг, хөөрхөн цэцгийн баглаатай цуг угтан авлаа.
Хөх хотод буусан эхний өглөөг би форумын тухай бодож биш хотын нам гүмхэн хэмнэлийг анзаарч угтсан. Өргөн зам, эмх цэгцтэй хөдөлгөөн, буудлын өрөөний цонхоор харагдах битүү ногоон байгууламж, наана нь байх стадион, өглөө үүрээс эхлэн 9, 10 цаг хүртэл стадионоо тойрон гүйх иргэд, хаа нэгтээ харагдах монгол бичигтэй хаяг сэлт энэ аялал ердийн нэг томилолт биш болохыг сануулах мэт.
Есдүгээр сарын 7-нд хоёр албан уулзалт хийв. Эхнийх нь Хятад, Монголын сэтгүүлчдийн холбоодын удирдлагуудын уулзалт, дараагийнх нь Өвөр Монголын Өөртөө Засах орны хэвлэл мэдээллийн удирдлага болон МСНЭ-ийн удирдлагуудын уулзалт байлаа. Энэ нь тогтсон дэг жаяг бөгөөд форумын бэлтгэл ажил болон албан уулзалтаар гол зүйлээ ярилцдага байна.
Ярианы гол санаа нь хоёр улс уул, усаар холбогдсон мөнхийн хөршүүд, энэ харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд төрийн уулзалтаас гадна сэтгүүлчид, сэтгүүл зүйн байгууллагуудын нөхөрлөл, харилцан ойлголцол чухал гэсэн санаа байв.
Үндсэн багаасаа түрүүлж очсных энэ өдөр уулзалтуудын завсраар манай улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул Ш.Оргилтой уулзах зав, завшаан гарсан. Бид Монгол иргэдийн зорчилт, боомт, хил гаалийн өдөр тутмын асуудал, эрүүл мэндийн зорилгоор Хятадыг зорьдог иргэдийн талаар ярилцсан төдийгүй шалж, шалгааж аваад богинохон ярилцлага ч “салгаж” амжсан. Ерөнхий консулын хэлсэн нэг санаа онцгой анхаарал татсан. Эндээс тус хотыг эрүүл мэндийн зорилгоор зорих хүмүүс заавал хил давж очихоосоо өмнө эмнэлгийн бичиг баримтаа цахимаар илгээж, урьдчилсан зөвлөгөө, оношилгоо авах боломжийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь байв.
Энэ бол аяллын албан хөтөлбөрийн нэг жижиг хэсэг мэт боловч хүний амьдралтай хамгийн шууд холбогдсон яриа байлаа. Хил, боомт, эрүүл мэндийн аялал гэдэг том, бодлогын мэт үгсийн цаана өвдөж зовсон хүмүүс, эмнэлэг хайсан ар гэр, замын зардал, цаг хугацааны асуудал байдаг. Ийм яриаг сонсож суухдаа хоёр орны харилцааг газрын зураг дээрх шугамаар бус хүний ахуй амьдралаар хэмжиж эхэлдэг юм билээ.
Форумын танхим дахь “хариуцлага”

Есдүгээр сарын 8-ны өглөө 09 цагт үндсэн форум маань эхэлсэн. Энэ удаагийн форум “Хэвлэл мэдээллийн хариуцлага: Хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдсан юм.
Форумыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышинь, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц нар нээж үг хэлэв.
Форумын нээлт болон илтгэлүүдийг сонсож суухдаа “хариуцлага” гэдэг үг олон талтайг бодож байлаа. Сэтгүүлч хүн зөвхөн мэдээллийг хурдан дамжуулах биш хоёр орны ард түмэн нэгнийгээ хэрхэн ойлгох вэ гэдэгт нөлөөлдөг. Буруу ойлгуулсан нэг өгүүлбэр харилцааг холдуулж болно. Харин баримттай, бодит, хүний амьдралд ойр түүх хоёр талын сониуч занг өдөөж, танилцах, ойртох хүсэл төрүүлдэг зүй тогтолтой.

Хятадын талын илтгэгчид сошиал шилжилтийн үед үнэн бодит, шударга байдлыг эрхэмлэх, боомт, ложистик, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг дэмжих, хэвлэл мэдээллийн салбарт инноваци нэвтрүүлэх, тогтмол хамтран ажиллахыг онцолсон бол Монголын талын саналд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, зөвхөн тоо мэдээлэх бус бодит ажил, бодит түүхийг өгүүлэх, залуу сэтгүүлчдийг бэлтгэх, хятад хэл сурах боломжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хамтран ажиллах санаа багтсан.

Форумд хоёр талын 12 сэтгүүлч илтгэл тавьж хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хоёр улс хэрхэн хамтран ажиллах ерөнхий санааг өөр өөрийнхөөрөө хөндсөнөөс гадна хоёр орны найрамдалт харилцааны тухай бэлтгэсэн мэдээ, нийтлэл, нэвтрүүлгүүдээс шилдэг 20 /Монголоос 10, Хятадаас 10/ бүтээлийг шалгаруулж шагнасан, мөн хоёр улсын сэтгүүл зүйн байгууллагууд хамтын ажиллагааны хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Форумын танхимд хоёр орны ард түмнийг ойртуулах тухай ярьж байхад энэ нь зөвхөн албан үг биш аяллын турш харж мэдрэх зүйл юм байна гэж бодож байлаа. Хоёр орны харилцаа гэдэг зөвхөн төрийн уулзалт, худалдаа, боомтын асуудал биш. Хүний сониуч зан, нэгнийхээ амьдралыг харах хүсэл ч энэ харилцааны нэг хэсэг ажээ.

Музейд өнгөрсөн үе сэрэх нь

Форумын дараа Өвөр Монголын музейд зочлов. Эртний түүх судлалаар мэргэшиж, тус музейд олон жил ажилласан Бөххуяг бидэнд тайлбар хийсэн. Түүний тайлбарын хамт Өвөр Монголын нутгаас олдсон динозаврын олдвор, Сяньби, Кидан улсын үеийн түүхээр аяллаа.

Музейн танилцуулгад тус байгууллага анх 1957 онд байгуулагдсан, шинэ байр нь 2026 оны тавдугаар сарын 18-нд албан ёсоор нээгдсэн гэжээ. Нийт талбай нь 145,594.38 ам метр, үзэсгэлэнгийн талбай нь 39,068 ам метр. Нийт 189,293 эд өлгийн зүйл, иж бүрдэл хадгалдгаас 5,480 нь үнэт дурсгал, 487 нь нэгдүгээр зэрэглэлийн соёлын дурсгал гэжээ.
Гэхдээ музейн дотор явахад тоо нь бус олон үеийн түүх нэг дор давхарлан харагдах нь илүү хүчтэй мэдрэгдсэн. Хуучин чулуун зэвсгийн үеэс Мин, Чин улсын үе хүртэлх дурсгал, хувьсгалын түүх, үндэстэн ястны соёлын эд зүйлс, эртний биологийн сорьц гээд нэг нутгийн олон давхар түүхийг нэг дор харуулжээ.

Музей өнгөрснийг зүгээр хадгалдаг газар биш. Өнгөрсөн үеийг өнөөдөр хэрхэн тайлбарлаж, ямар утгаар дараагийн үед дамжуулах вэ гэдгийг харуулдаг газар юм байна. Форумын танхимд хоёр орны ойлголцлын тухай ярьсан бол музейн үзмэрүүд тэр ойлголцлын цаана олон зуун жилийн түүх байдгийг чимээгүйхэн сануулж байлаа.

Сонин, телевиз, платформын дунд
Есдүгээр сарын 9-нд “Одон” телевиз, Өвөр Монголын Өдрийн сонин, “Солонго” сэтгүүлийн үйл ажиллагаатай танилцав.
“Өвөр Монголын Өдрийн сонин” анхны дугаараа 1948 оны нэгдүгээр сарын 1-нд гаргаж байжээ. Дүрмийн дагуу сониныхоо олон арван жилийн эх хувь, хэрэглэж байсан тоног төхөөрөмж, үүх түүхээрээ музей дэглэжээ. Сонин хэвлэл гэдэг тухайн цаг үеийн мэдээг дамжуулаад дуусдаггүй. Хуучин дугаарууд нь тухайн нийгмийн амьдрал, хэл найруулга, айдас, хүсэл, бодлогын өөрчлөлтийг хадгалсан амьд архив болдог аж.
Одоо тус байгууллага монгол хэлээр дөрвөн сонин, хоёр гар утасны аппликэйшн, гурван вебсайт, нэг сэтгүүл ажиллуулдаг байна.
“Солонго” сэтгүүл, сонин, вебсайт, аппликэйшнээс гадна WeChat, Douyin, Toutiao зэрэг платформд байршуулсан хуудас ажилладаг аж. Номын танилцуулгад 25 төсөвт байгууллага, 874 үндсэн орон тооны ажилтантай гэжээ.
Өвөр Монголын Радио, Телевизийн хороо 2014 онд байгуулагдсан бөгөөд найман телевизийн суваг, зургаан FM радиогийн сувагтай. “Бэнтэн” нэгдсэн хэвлэл мэдээллийн аппликэйшнийг үндсэн платформ болгож, олон шинэ медиа платформыг нэг системд холбосон байна. Танилцуулгад уг аппликэйшнийг 21.5 сая гаруй удаа татсан, бүх сувгийн жилийн мэдээлэл түгээлтийн хэмжээ таван тэрбумд хүрдэг гэж дурджээ.
Тоонуудыг сонсоод хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн цар хүрээ, зохион байгуулалт анзаарагдсан. Манайд нэг мэдээ хэдхэн минутын дотор сонин, сайт, телевиз, Facebook, твиттер зэрэг олон сувгаар тардаг болсон. Харин энд уламжлалт сонин, радио, телевиз, гар утасны аппликэйшн, сошиал платформыг нэг систем болгон холбож, мэдээллийг өөр өөр хэлбэрээр хүргэхийг зорьж байна.

Гэхдээ энэ уулзалтаас би зөвхөн технологийн хурдыг биш хэвлэл мэдээлэл төрийн тогтолцоотойгоо хэр нягт холбогдож байгааг ч анзаарсан. Урд хөрш маань хэвлэл мэдээллийг мэдээлэл түгээхээс гадна хэл соёл, бүс нутгийн харилцаа, улс орны дүр төрхийг тайлбарлах хэрэгсэл гэж хардаг нь илт байлаа. Жишээлбэл, “Солонго” сэтгүүл гэхэд гадаад чиглэлийн сурталчилгаа, мэдээллийн ажилд илүү төвлөрдөг бөгөөд кирилл үсгээр хэвлэгддэг, Өвөрмонголдоо гурван мянга, манай Монголд мөн гурван мянган хувь хэвлэгддэг гэв.
Энд хоёр өөр хэвлэл мэдээллийн орчин зэрэгцэн харагдсан. Нэг талд нь төвлөрсөн бүтэц, олон сувгийг нэгтгэсэн зохион байгуулалт, эх орноо гадаадад сурталчлах зорилго байв. Нөгөө талд нь редакцын бие даасан байдал, эрх чөлөө, мэргэжлийн ёс зүйн тухай бидний өөр ойлголт байлаа. Үүнийг шууд сайн, муу гэж дүгнэхээс илүү хоёр өөр тогтолцоо хэрхэн ажилладгийг нүдээр харсан нь аяллын чухал хэсэг байлаа.

Тэнд “Одон” телевизийн Гадаад сурталчилгаа, мэдээний хэлтсийн дарга Уултай танилцсан нь аяллын дотно дурсамжийн нэг болов. Нэр шигээ том биетэй, ар монголоор дуржигнатал ярих түүнийг бид тоглоомоор “Ма Дон Сок” хэмээн нэрийдсэн. Гэхдээ Уулын жинхэнэ хүч нь сүрлэг төрхдөө бус хоёр талын хүмүүсийг ойртуулдаг монгол хэл, харилцааны мэдрэмж, нээлттэй зан чанарт нь байлаа.

Тус телевизийн захирал эмэгтэй “Уул бол гүүр” гэж хэлсэн нь зүгээр нэг наргиа биш үнэндээ Уул “Одон” телевиздээ уул шиг нөмөртэй од төдийгүй Өвөр Монгол, Ар Монголын соёлын харилцаанд амьд холбоос болж ирсэн домогт эр юмсанжээ. Манайхны ихэнхтэй нь танил бөгөөд тэврэлдэж ирээд уулзалдах нь, телевизийнхээ үйл ажиллагааг танилцуулахдаа хачин дотночлох нь дулаахан аж.

Форумын “хариуцлага” гэсэн сэдэв энд дахин бодогдсон. Мэдээлэл хурдан тархах тусам түүнийг хэн түгээж байгаа, ямар зорилгоор тайлбарлаж байгаа, уншигч ямар ойлголт авч үлдэх вэ гэдэг асуулт улам чухал болно.
Сычуань руу: Эмнэлгээс роботын төв хүртэл
Есдүгээр сарын 9-ний орой Сычуань руу нисэв. Дараагийн өглөө нь Сычуань их сургуулийн Хуа Ши амны хөндийн эмнэлэгт очлоо. Хуа Ши амны хөндийн анагаах ухааны төв нь Хятадын энэ чиглэлийн цахиурын хөндий гэнэ.
Энд Сычуань төдийгүй бүх Хятадын амны хөндийн анагаах ухааны үүсэл гарал, хөгжил дэвшлийг харуулсан гурван давхар музейтэй танилцав. Ерөөс энд музейгүй л юм алга. Тус төвийн түүх 120 жилийн өмнө Канадын шүдний эмч ирж ажилласнаар эхэлсэн бөгөөд эртний хятадууд алтан чигчлүүрээр шүдээ чигчилж байсныг үзмэр болгон тавьснаас гадны дэлхий нийтийн амны хөндийн анагаах ухааны үүх түүхийг ч хамаатуулсан бүхэл бүтэн гурван давхар музей байгуулж амжжээ.
Музей үзсний дараа эмнэлгийн дижитал оношилгоо, эмчилгээний орчин, виртуал симуляцийн сургалттай танилцав. Жинхэнэ бужигнаж байдаг газар аж. Өнөөх AI, технологийн хөгжил дэвшлийг авчраад “тавьчихаж”. Эмнэлгийн орчинд хиймэл оюун ухаан, дижитал төхөөрөмж эмчийн ажлыг орлох гэхээсээ илүү эмчийн шийдвэрийг нарийвчлахад ашиглагдаж байна гэв. Тухайлбал, эмчийн зүүсэн нүдний шил шүдний бүтцийг илүү тодорхой харуулж, имплантын байрлал, хэмжээ, чиглэлийг тооцоолоход тусалдаг аж. Төхөөрөмж зөрүү, алдааг зааж өгнө.
Энэ нь эмчийн мэдлэгийг үгүйсгэж байгаа хэрэг биш. Харин хүний гарын ур дүй, мэргэжлийн шийдвэрийг технологийн нарийвчлалтай холбож буй хэрэг юм. Эмнэлэг гэдэг зөвхөн өвчнийг эмчилдэг газар биш судалгаа, сургалт, үйлдвэрлэл, технологи огтлолцдог том систем болон хөгжжээ. Товчхондоо шүдний эмчилгээ оношилгоо, шүдний аппарат, хиймэл шүд ерөөс шүдний технологиор дэлхийд тэргүүлж байгаа ёстой л цахиурын хөндий аж.
Үдээс хойш Сычуань мужийн өндөр технологийн бүс, Чэндүгийн хүн дүрст роботын инновацын төвд очив. Хүн дүрст робот гэдэг нь ямар нэг удирдлага, командгүйгээр өөрөө бие даан шийдвэр гаргаж үйлдэл гүйцэтгэдэг роботууд.
Хүн дүрст роботыг харахад эхлээд сонирхол төрнө. Дараа нь айдас бага зэрэг төрнө. Хүнтэй төстэй хөдөлгөөн, дуу хоолой, нүүрний хувирал ойртох тусам “технологи хаа хүрч байна вэ” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө.
Энд дижитал ухаалаг хүнийг банк, сургууль, аялал жуулчлал зэрэг салбарт төрөл бүрээр ашиглаж буй тухай танилцуулсан. Хятадын хотуудын технологийн хөгжлийг харахад шинэ зүйл бүтээхээс гадна түүнийг өдөр тутмын амьдралд хурдан нэвтрүүлэх систем нь хүчтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.
Ази, Европыг холбосон төмөр замын зангилаа

Есдүгээр сарын 11-нд Чэндүгийн олон улсын төмөр замын боомтод зочиллоо. Энд Хятадын хөгжил гэдэг зөвхөн өндөр барилга, хурдтай галт тэрэг, ухаалаг төхөөрөмжөөр хэмжигддэггүйг ойлгож болно. Энэ хот Ази, Европыг холбосон төмөр замын аварга сүлжээний чухал зангилаа болжээ.
Чэндүг гол төв болгосон төмөр замын экспресс нь
· Баруун зүгт Европ руу,
· Хойд зүгт Монгол, Орос руу,
· Зүүн тийш Япон, Өмнөд Солонгос руу,
· Өмнө зүгт Лаос, Вьетнам зэрэг АСЕАН-ы орнууд руу хүрдэг өргөн сүлжээ үүсгэжээ. Танилцуулгад баруун Европ, Өмнөд Ази, Төв Ази руу чиглэсэн 14 том транзит тээврийн сүлжээ ажиллаж байгаа гэж дурдсан байв.

Чэндүгээс Европ руу ачаа хоёр, гурван хоногт хүрдэг бол Монголоор дамжин Транссибирийн төмөр замтай холбогдох чиглэлд 10–15 хоног зарцуулдаг гэж тайлбарлав. Төмөр замын тээвэр далайн тээврээс хурдан, агаарын тээврээс хямд. Өөрөөр хэлбэл үнэ ба хугацааны дундах бодит сонголт болдгоороо технологи хөгжсөн энэ үед ч моодны хэвээрээ байгаа.
Контейнер ачиж буулгах явцад хүний оролцоо маш бага, үйл ажиллагаа нь автомат удирдлагатай байв. Чингэлгүүд хөдөлж, өргөгдөж, байрлалаа сольж байхыг харахад төмөр замын боомт гэдэг зүгээр нэг вагон зогсдог газар биш асар том тооцоолол, төлөвлөлт, технологийн систем болох нь мэдрэгдэнэ.
Боомтын дэргэд Чөлөөт худалдааны бүс байгуулж, олон орны бараа бүтээгдэхүүн худалдаалах том танхим барьж байгаа гэж танилцууллаа. Өмнө нь “торгоны зам” гэхээр тэмээн жингийн цуваа төсөөлөгддөг байсан бол өнөөдөр тэр зам төмөр замын урт сүлжээ, чингэлэг тээвэр, автомат ажиллагаатай боомтоор үргэлжилж байна.

Чэндүгийн боомттой танилцаж явахдаа Хятадын нэг хот дэлхийн хэд хэдэн чиглэлийг хэрхэн өөртөө холбож агуу том зангилаа болж чадсаныг харлаа. Монголын хувьд энэ сүлжээнд ямар байр суурь эзлэх вэ гэдэг нь атаархаж харах төдий бус өөрсдөө бодох ёстой асуулт болов уу.
Шаазан саванд хадгалагдсан мянган жил
Үдээс хойш Жяньнаньчунь архины үйлдвэрт очив. Энд мянган жилийн уламжлалыг хадгалсан архины үйлдвэрлэл, 10 мянган тоннын багтаамжтай шаазан савны агуулахтай танилцлаа. Нэг бүр нь том хэмжээтэй шаазан савнууд улаан торгоор битүүмжлэгдэн, эмх цэгцтэй байрласан байв. Хятад архи багадаа 50 градустай байдгаас гадна хүртсний маргааш толгой өвдөх, шартах гэх асуудалгүйг бид мэднэ. Энэ нь багадаа гурав ба түүнээс дээш жил дардагтаа байдаг юм гэнэ лээ. Үзүүлэнд 50- 70 градус хүртэлх сархдуудыг эгнүүлэн тавьсан байснаас бүгдээрээ л амталж үзсэн.

Үйлдвэрийн танилцуулгад 50 мянган ам метр талбайтай, 23 мянган шаазан савтай, сав бүр 1,000 литрийн багтаамжтай гэж дурдсан. Энд уламжлал гэдэг хуучин аргаа зүгээр давтах биш олон үе дамжсан мэдлэгийг орчин үеийн үйлдвэрлэлтэй холбон хадгалах тухай ойлголт болохыг харж байлаа.
Шаазан савнуудын дунд зогсоход түүх зөвхөн музейн шилэн хоргонд хадгалагддаггүйг мэдэрнэ. Амт, үнэр, үйлдвэрлэлийн арга, сав баглаа боодол, хүмүүсийн хөдөлмөрт ч түүх үргэлжилж байдаг ажээ.
Саньшиндүйн музей: Мянган жил нойрссон ертөнц
Архины үйлдвэрээс гарч Саньшиндүйн музейд очлоо. Энэ бол аяллын хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн газруудын нэг.
Музейн шинэ үзэсгэлэнгийн танхим 2023 оны долдугаар сард нээгдсэн бөгөөд нийт талбай нь 54,400 ам метр гэж танилцуулгад дурджээ. Үндсэн үзэсгэлэнгийн сэдэв нь “Саньшиндүй: Мянган жил нойрсож, сэрэхдээ дэлхийг гайхшруулсан нь”.
Энэ нэр зүгээр нэг уран гоё хэллэг биш ажээ. Эртний Шү улсын соёлын тухай үзмэрүүдийг харахад үнэхээр олон зуун жил чимээгүй байсан нэгэн ертөнц гэнэт дахин ярьж эхэлж байгаа мэт. Үзэсгэлэн “Угтах танхим”, “Зууны мөрөөдөл”, “Сүр жавхлант хаант нийслэл”, “Тэнгэр, газар, хүн ба бурхан” гэсэн хэсгүүдтэй мөн интерактив танхимтай аж.
Харин Өвөр Монголын музейд төрсөн гүн сэтгэгдэл зөвхөн үзмэрээс болсон уу, эсвэл намдуухан хоолойгоор эртний түүхийг нүдэнд харагдтал тайлбарласан Бөххуягийн өгүүлэмжээс болсон уу гэдгийг хэлэхэд хэцүү. Тэр үзмэр бүрийг зүгээр нэг нэрлээд өнгөрөхгүй тухайн үеийн хүмүүс хэрхэн амьдарч, юу бүтээж, юунд итгэж байсныг төсөөлүүлэхээр ярьж байлаа. Хоёр музейн аль алинд тайлбарлагч хүн түүхийг амьдруулахад ямар их үүрэгтэйг мэдэрсэн.
Саньшиндүйн музейн архитектурын шийдлийг “Гурван од давхцан орших нь Эртний Шү улсын мэлмий” гэсэн бэлгэдлээр тайлбарладаг байна. Барилгын хэлбэр, үзэсгэлэнгийн зохион байгуулалт, интерактив хэсгийг нэг дор шийдсэн нь музейг зөвхөн үзмэр хадгалдаг газар биш түүхийг мэдрүүлэх орчин болгожээ.
Музейн танхимууд зан үйлийн олдвороор дүүрэн байлаа. Тахилгын хоёр нүхээр эхлэх музейн аялал цааш алтан ялтсаар бүрсэн маск, хаш, хүрэл, шаазан эдлэл, амьтны дүрслэл, зааны соёо, хүний өндөртэй дүйх хүрэл хүний баримал гээд бүгд нэгэн цагт тахилга, эрх мэдэл, ертөнцийг тайлбарлах үзэлтэй холбоотой байсан бололтой.
Түүхэндээ Саньшиндүйн соёлын он цаг МЭӨ 1800–1100 он хүртэл авч үздэг бол тахилгын нүхнүүдийн гол хэсгийг МЭӨ 1200–1100 оны үед хамааруулж үздэг аж. Иймээс энд МЭӨ II мянганы сүүл үеийн буюу Бурхан багш-Сиддхарта Гаутама Буддагаас хэдэн зуун жилийн өмнөх хүрэл зэвсгийн үеийн хүний ертөнцийн ул мөр, ахуй соёлын эд өлгийн зүйлстэй бид танилцана.
1986 онд илэрсэн хоёр тахилгын нүхэнд хүрэл, алт, хаш, шаазан, зааны соёо, шатсан амьтны яс зэрэг зүйлс байжээ. 2020–2022 онд зургаан нүхнээс дахин 13,000 орчим олдвор илэрсэн. Олон эд зүйл зориудаар эвдэгдэж, шатаагдаад булсан мэт байгаа нь магадгүй тахилгын зан үйлийн улс мөр байх талтай гэнэ.
Музейн хүрэл макс, хүрэл баримлууд олон бөгөөд сонирхолтой. Маскууд нь бүгд бүлтгэр нүдтэй байгаа нь эртний Шүгийн өвөг дээдэс, эзэн хаан нь ийм бүлтгэр нүдтэй байснаас үүдэлтэй гэнэ. Лавшруулж судалбал эл бүлтгэр нүд нь эртний Шүгийн домогт удирдагч Канцүнийг бэлгэддэг байна. Гэхдээ бүх маск яг нэг хааны нүүрийг хуулсан, эсвэл анхны хаан үнэхээр ийм нүдтэй байсан гэж баттай хэлэх археологийн нотолгоо байдаггүй байна.
Зарим маск хүний нүүрэнд зүүхэд хэт том эсвэл хэт бага тул баг гэхээсээ илүү архитектурын чимэглэл, тахилгын объект байсан байж болох талтай аж. Зарим хүрэл хүний дүрс тахилгын зан үйлд оролцож буй хүн эсвэл шашны удирдагчийг төлөөлсөн байж болох тухай тайлбар ч байдаг байна.

Хятадын Үндэсний музейн тайлбарт Сычуаний сав газар Саньшиндүйн болон Жиньшагийн дурсгалт газруудаар төлөөлөгдөх эртний Шүгийн соёлыг 4,000 орчим жилийн өмнөөс тээж ирсэн, энэ хоёр дурсгалт газар Янцзы мөрний сав газрын хүрэл зэвсгийн соёлын оргилыг илэрхийлдэг гэжээ. Өөрөөр хэлбэл Сычуань гэдэг нь зөвхөн панда, халуун ногоотой хоол, өндөр технологийн хот биш Хятадын эртний соёлын нэг голомт, өөрсдийн түүхээ тайлбарлах чухал газар нь чухамдаа Сычуань, Чэндү хот ажээ.
Чэндүгийн шүдний эмнэлэгт хүртэл түүх, технологи, үзмэрийг нэг дор тайлбарласан музей байсныг бодоход энэ улс өөрийнхөө амьдралын бараг бүх хэсгийг түүх, боловсрол, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон холбож чаджээ гэх бодол төрсөн.
Музей гэдэг энд өнгөрснийг хадгалдаг агуулах биш, улс орон өөрийгөө хэрхэн танилцуулах, иргэддээ юу ойлгуулах, гадаадын хүнд ямар дүр төрх үлдээхээ шийддэг том хэл юм байна.
Өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй улс олон байдаг. Харин түүх, олдвор, эмнэлэг, технологи, хэвлэл мэдээллээ үзмэр, тайлбар, контент, аялал жуулчлалын маршрут болгон холбож чадсан нь Хятадын хүчтэй тал аж. Энэ бүхнийг үзэж, бишрэхийн зэрэгцээ “Бид өөрсдийн түүх, олдвор, өв соёлоо ийм хэмжээнд тайлбарлаж, музейжүүлж, дэлхийд сурталчилж чаддаг уу” гэж асуухад хүргэсэн.
Чэндүгийн өндөр технологийн төвүүдийг үзсэн тэр өдрийн дунд Саньшиндүйн музей өнгөрсөн үеийн тухай биш өнөөдрийн хүний сониуч зангийн тухай ярьж байлаа. Хүн төрөлхтөн эрт дээр үед юу бүтээж, юунд итгэж, ертөнцийг хэрхэн төсөөлж байсныг мэдэх хүсэл өнөөдөр ч хэвээрээ билээ.
Панда: Өхөөрдөм дүрээс дэлхийн брэнд хүртэл

Аяллын сүүлийн өдөр Чэндүгийн панда үржүүлэг, судалгааны баазад очив. Пандаг харахад эхлээд өхөөрдөм, залхуу, тайван амьтан мэт. Өдөрт олон цаг хулс идэж, хэсэг унтаад, дахиад иддэг амьдралын хэмнэлтэй.
Гэвч энэ амьтан зөвхөн жуулчдын зураг авах дуртай амьтан биш. Панда байгаль хамгааллын дэлхийн бэлгэ тэмдэг болжээ. Түүнийг хамгаалах ажил нь үржүүлэг, судалгаа, олон улсын хамтын ажиллагаа, мэдээлэл түгээх, брэнд хөгжүүлэлттэй холбогдож.
Сычуань мужийн радио, телевизийн байгууллагад зочлохдоо “Алтан панда” олон улсын кино наадмын тухай сонсов. Кино, олон ангит кино, баримтат кино, хүүхэлдэйн кино гэсэн дөрвөн номинацитай, 75,000 юанийн шагналтай, оролцогчдын ирж буцах зардлыг хариуцдаг гэж танилцуулсан.

Мөн хиймэл оюун ухаанаар бүтээсэн, дунджаар дөрвөн сая үзэлттэй “Baby Panda” нэвтрүүлгийг дэлхийн хэмжээний контент болгохоор хөгжүүлж байгаа аж. 2023 онд Нью-Йоркийн Time Square-д гаргаж, 50 орны инфлюнсерийг Сычуаньд урин панда, Сычуань хоёрыг дэлхийд сурталчилж байна хэмээн тайлбарлав.

Эндээс панда бол зөвхөн амьтан биш бүхэл бүтэн мэдээллийн систем, аялал жуулчлалын брэнд, байгаль хамгааллын хэл болж чадсаныг харж болно. Хятадууд нэг амьтныг дэлхийд таниулаад зогсохгүй тэр амьтнаар дамжуулан өөрийн хот, муж, соёл, кино, технологио зэрэг сурталчилж байна!
Буцах замд төрсөн бодол
Өдөр бүрийн хөтөлбөр үзэж харах зүйлээр дүүрэн байлаа. Есдүгээр сарын 12-ны орой 17 цагийн үед Хөх хот руу буцаж нисээд, нэг хоног амарч, маргааш нь нутаг буцсан.
Сычуань, Чэндү хотыг маш халуун гэж сонссон ч биднийг шиврээ бороотой, туйлын таатай цаг агаар угтан авч үдэж мордуулсан билээ. Магад энэ үе нь Чэндү хотын сайхан цаг агаартай үе байж болно. Нар бараг үзэгдээгүй, сэрүүхэн, таатай цаг агаар бидний аяллын ядаргааг бага ч болов зөөллөж байв аа.

Буцах замд нэг зүйл л ахин, дахин бодогдоод байсан.
Урд хөршийнхөн маань ам нээх бүртээ шахам “алтан хөрш”, “найрамдалт харилцаа”, “уул усаар холбогдсон ахан дүүс” гэх. Үг нь танил. Харин энэ найрсаг үгсийн цаана би хувьдаа нэг талд нь эртний өв соёлоо музей, үйлдвэр, археологийн дурсгалд хадгалсан улс, нөгөө талд нь технологи, төмөр зам, робот, хиймэл оюун ухаан, медиа платформоо хурдтай хөгжүүлж буй улс орныг олж харсан юм.

Хятадын хэвлэл мэдээлэл төрийн тогтолцоотойгоо нягт холбогддог. “Одон” телевиз, Өдрийн сонин, “Солонго” сэтгүүл, “Бэнтэн” аппликэйшний тухай танилцуулгыг сонсоход мэдээлэл түгээхээс гадна эх орноо гадаадад сурталчлах зорилго тод харагдсан. Нөгөө талд нь олон сувгийг нэгтгэсэн зохион байгуулалт, платформ эзэмшсэн хурд, контент бүтээх хэмжээ, үзэгчдэд хүрэх чадвар нь үнэхээр үсрэнгүй хөгжсөн байлаа.
Энэ бүхнийг хараад өөрийн эрхгүй харьцуулна. Заримдаа ядуу буурай улсын хийрхэл, айдас, комплекс бидний бодлыг хэт их эзэлдэг ч юм шиг. Гэхдээ атаархахын оронд өөрсдөө юуг авч, юуг хаях вэ гэдгээ бодох нь илүү ухаалаг биз ээ. Технологийг хуулбарлах тухай биш урт хугацааны зорилго тавих, түүнийгээ өдөр бүрийн ажил болгох, уламжлалаа орчин үеийн хэлээр тайлбарлах, байгаль хамгааллыг бодит хөдөлмөр болгох тухай олон сайхан санаа, туршлагыг энэ удаад урд хөршийн мэргэжил нэгтнүүд маань бидэнд бэлджээ.

Монголд хэрэгжүүлж болох нэг санаа: Өв соёлыг маршрутаар музейжүүлэх нь
Бидний Монголд музейжүүлэх өв соёл хангалттай бий. Харин бид түүхэн дурсгал, музей, гар урлал, хоол хүнс, домог яриа, байгалийн тогтоцыг тус тусдаа орхичихоод, жуулчинд бүхэл бүтэн түүх болгон ярьж өгч чаддаггүй юм биш үү. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн нэг барилга барьж, тасалбар зарахыг хэлэхгүй. Нэг сэдэвтэй түүхийг эхлэл, өрнөл, төгсгөлтэй нь үзүүлж, тухайн нутагт амьдардаг хүмүүсийн оролцоотойгоор жуулчинд биеэр мэдрүүлэхийг хэлдэг юм биш үү гэх бодол.
Тухайлбал “Монголын нүүдэлчин соёлын амьд музей” гэсэн нэг том нэрийн дор бүхнийг хүчээр төвлөрүүлэхээс илүү, нутаг бүрийн онцлогт тулгуурласан маршрут зохиож соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож яагаад болохгүй гэж.

Хэрлэнгийн хөдөө талд Чингис хааны үеийн төр, нүүдэл, цэргийн зохион байгуулалтыг, Орхоны хөндийд Түрэг, Уйгур, Монголын эзэнт гүрний давхарласан түүхийг, Ховд, Баян-Өлгийд олон угсаатны хил дамнасан соёл, бүргэдийн ан, гар урлалыг, Өмнөговьд палеонтологи, говийн байгаль хамгаалал, тэмээний ахуй соёлыг, Хөвсгөлд цаатан, тайгын экологи, нуурын соёлыг тус тусад нь өгүүлж болно. Ингэвэл Монголыг зөвхөн “тал нутаг, морь, дээл” гэсэн нэг өнгийн дүрслэлээр бус олон мянган жилийн өмнөх үеийг хамарсан их гүрэн байснаар нь харуулах боломж байж болох юм.

Хятадын туршлагаас авах хамгийн чухал зүйл нь бүхнийг төгс мэт харуулах явдал биш, харин түүхээ тайлбарлах том систем бий болгосон явдал аж.
Гэхдээ музейжүүлэлт гэдэг нь өнгөрсөн үеийг хөлдөөж тавих гэсэн үг биш. Өв соёл амьд үлдэхийн тулд түүнийг өнөөгийн хүн ойлгож, хэрэглэж, бахархаж, орлого олох боломжтой холбож байж өөрөөр хэлбэл зах зээлийн эргэлтэд орж байж үнэ цэнтэй болох учиртай.
Монголд бидэнд музей байгуулах хөрөнгө л хамгийн том асуудал мэт санагддаг. Гэвч эхлээд асар том барилга бус зөв түүх, сайн тайлбар, мэргэшсэн хөтөч, цэвэрхэн орчин, тогтвортой маршрут хэрэгтэй байж болно. Нэг аймаг нэг сэдэвтэй, чанартай жижиг музейтэй болж, тэр нь дурсгалт газар, нутгийн хоол, урлаач, байрлах газартайгаа холбогдвол жуулчинд үлдэх дурсамж илүү бүтэн болж магадгүй юм.

Эцэст нь хэлэхэд бид Хятадыг зөвхөн өндөр барилга, технологийн хурдтай хөгжил, олон хүнтэй хотуудаар нь хараад буцаагүй. Нэг талд нь мянган жилийн архины уламжлалаа хадгалсан шаазан савнууд, нөгөө талд нь мянган жил нойрссон эртний Шү улсын музей, цөлд мод ургуулсан хүмүүсийн хөдөлмөр, дэлхийд панда таниулсан брэнд хөгжүүлэлт, ирээдүйг угтсан дижитал технологи байлаа.

Энэ аялал зөвхөн форумд оролцсон тэмдэглэл биш болов. Хэвлэл мэдээлэл улс орныг зөвхөн мэдээгээр холбодоггүй. Хүмүүс бие биеэ ойлгох, нэгнийхээ амьдралыг харах, өөр өөрийн хөгжил, туршлагаас суралцахад ч хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй.
Хөх хотын нам гүм өглөөнөөс эхэлсэн энэ аялал Чэндүгийн автомат төмөр замын боомт, Саньшиндүйн эртний ертөнц, пандагийн өхөөрдөм төрхөөр дамжин буцаж ирсэн юм. Зам хол байсан ч хүрдэг. Ажил хэцүү байсан ч бүтдэг. Харин хамгийн чухал нь уул усаар холбогдсон алтан хөрш хоёр улсын найрамдалт, халуун харилцаа сэтгүүлч биднээр дамжин бусдад түгэхдээ үнэн бодит мэдээлэлтэй, халуун дотно байх нь чухал ажээ.
Энэ аяллыг зөвхөн нислэг, зочид буудал, уулзалт, үзвэрийн дарааллаар дурсах боломжгүй. Биднийг тэнд тухтай байлгахын төлөө өдөр бүр уйгагүй ажилласан Өвөр Монголын найз нөхөд, ахан дүүс, Гүө дарга, Гэрэлт дарга, орчуулга тайлбарыг түүртэлгүй хийж өглөө үдэшгүй үйлчилсэн Начин, Нандир, Хурцаа, албан орчуулгыг чамбай хийсэн Бадрах.. Бүгдэд нь чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна.

Бид шахуу хөтөлбөрийнхөө завсраар заримдаа энэ бүхнийг анзаарах сөхөөгүй явсан байж мэднэ. Харин буцаж ирээд бодоход аяллын тав тух гэдэг өөрөө хэн нэгний уйгагүй хөдөлмөр, хариуцлага, сэтгэл шингэсэн бэлэг юм байна.
Та бүхний халуун дотно харилцаа, монгол хэлээрээ ойлголцох ойр мэдрэмж, биднийг өөрийн хүмүүс шиг анхаарч байсныг энэ нийтлэлд үлдээхийг хүссэн юм. Хоёр орны сэтгүүлчдийн харилцаа зөвхөн хурлын танхимд гарын үсэг зурсан санамж бичгээр хэмжигдэхгүй. Хэн нэгэн зочдоо тосож авахдаа, тайлбарлахдаа, замд нь санаа тавихдаа, ойлголцох гэж хичээхдээ тэр харилцааг өдөр бүр бүтээж байдаг ажээ.
Улаанбаатар -Хөх хот- Чэндү хот. 2026.09.06-2026.09.12.
МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн М.Уранчимэг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.