Хөгжлийн банкны 82 тэрбум төгрөгийн чанаргүй зээлдэгч Ч.Ганцэцэг дахин хөдөө аж ахуйн салбараас 182 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ
“Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгож буй дэмжлэг урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт”-ийн ерөнхий хяналтын сонсгол хоёр өдөр үргэлжлэх байсан хэдий ч ирц хүрээгүй улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй.
Эл сонсголын үеэр Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийг дэмжих чиглэлээр төрөөс олгосон хөнгөлөлттэй зээл, санхүүжилт нь нэр бүхий хэдхэн компаниудад олгогдож байгаа талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн.
Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлээс “Ханбогд кашемир” ХХК нийт 180 тэрбум төгрөгийн зээл авч, томоохон зээлдэгчдийн жагсаалтыг тэргүүлж байна.
“Ханбогд кашемир” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Ч.Ганцэцэгийн хувьд төрөөс олгогдож байгаа өндөр дүнтэй зээлийн жагсаалтанд нэр холбогдож байгаа анхны тохиолдол биш юм. Тэрээр 2023.03.15-ны өдөр болсон Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр чанаргүй зээлийн асуудлаар нийтийн сонсголд гэрчийн мэдүүлэг өгч байв.
Тодруулбал, “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд “Ханбогд кашмер” ХХК нь өөрийн хамаарал бүхий компаниар нийт 82 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, зээлийн зарим хэсгийг зориулалтын бусаар ашигласан болохыг шинжээчид нотлох баримтын хүрээнд гаргаж тавьсан.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн ангилалд багтаж, тухайн үед шүүхийн шатанд явж байсан “Монгол микрон кашмер” ХХК нь Ч.Ганцэцэгийн төрсөн дүүгийнх бөгөөд бүртгэлийн лавлагаагаар тус компанийг өөрийн төрсөн дүү Ч.Баттогоотой 2005 онд үүсгэн байгуулж байсан нь тогтоогдсон байдаг.
Гэвч сонсголын үеэр ямар ч хамааралгүй гэж байжээ. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээлийг өөрийн хамаарал бүхий нэг компанийн нуруун дээр наачихаад “ Надад ямар ч хамааралгүй. Дүүгийнхээ эхнэрийг ямар ажил хийдгийг мэдэхгүй” хэмээн булзааруулж байсан байх юм.
Ийн ард түмний боломж руу гараа дүрээд зогсохгүй, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөттэй зээлээс 180 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байгаа юм. Уг зээлээ буцааж төлсөн эсэх нь тодорхойгүй. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн мэдээлснээр, 120 тэрбум, 176 тэрбум төгрөгийн зээлүүд эргэн төлөгдөөгүй гэсэн юм. Тэгэхээр энэ зээл ч мөн эргэн төлөгдөөгүй байх магадлал өндөр.
Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа эсэх, төсвийн татаастай зээлүүд цөөн тооны нөлөө бүхий эрхмүүдийн мэдэлд төвлөрч байгаа эсэхийг ил тод шалгах шаардлага нийгэмд бий болж байна. Хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр олгогдож буй их хэмжээний санхүүжилт үр өгөөжтэй, шударга зарчмаар зарцуулагдах ёстой бөгөөд олон нийт энэхүү хөнгөлөлттэй зээлийн бодит эзэд, зарцуулалтын үр дүнг нарийвчлан шалгаж тайлагнахыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.