Хатагтай Пэн Лиюань Вашингтонд Хятадын “зөөлөн хүч”-ийг төлөөлөв
Ши Жиньпиний АНУ дахь төрийн айлчлалын үеэр түүний гэргий Пэн Лиюань соёл, боловсролын арга хэмжээнд оролцож, хоёр улсын харилцаанд дипломат “зөөлөн хүч”-ний үүрэг гүйцэтгэлээ.
Өөрөөр хэлбэл АНУ, БНХАУ-ын хооронд худалдаа, хиймэл оюун ухаан, Тайванийн асуудлаар санал зөрөлдөөн үргэлжилж буй энэ үед Пэн Лиюаний оролцсон соёлын арга хэмжээ хоёр орны харилцааны илүү зөөлөн, хүнлэг талыг харууллаа хэмээн олон улсын шинжээчид дүгнээд байна.
Есдүгээр сарын 25-нд өндөрлөсөн уг гурван өдрийн айлчлалын хүрээнд тэргүүн хатагтай Пэн Лиюань АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамптай уулзаж, Вашингтон хот дахь Смитсоны хүрээлэнгийн Азийн урлагийн үндэсний музейд болсон соёлын арга хэмжээнд оролцсон.
Тэрээр Мелания Трамптай орчуулагчийн тусламжгүйгээр англи хэлээр ярилцсан нь, мөн тус арга хэмжээний үеэр хүүхдийн найрал дуучид Хятадын уламжлалт “Жасмин цэцэг” дууг дуулж, түүнд зориулан мэндчилгээ дэвшүүлэхэд Пэн Лиюань тоглолтыг инээмсэглэн үзэж, зарим хэсэгт нь ая даган дуулсан зэрэг нь гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тэрээр орчин үеийн хэв маяг шингээсэн уламжлалт хятад хувцас өмссөн нь олны анхаарлыг ихээхэн татсан байна.
Мөн Пэн Лиюань Америкийн өсвөр үеийнхнийг хятад хэл, соёлыг үргэлжлүүлэн судалж, хоёр орны ард түмний найрамдлын гүүр болохыг уриалсан байна.
Хятадын Вашингтон дахь Элчин сайд Ше Фэн Пэн Лиюаний арга хэмжээнд оролцсон тухай нийтэлж түүнийг АНУ-БНХАУ-ын соёлын харилцааг дэмжиж буйг онцолжээ.
“Пэн Лиюань дипломат харилцаанд илүү хүнлэг, ойр дотно өнгө аясыг нэмж, АНУ-БНХАУ-ын харилцаанд эерэг уур амьсгал бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байна” хэмээн Бээжинд төвтэй Trivium China зөвлөх байгууллагын геополитикийн шинжээч Жо Мазур хэлсэн байна.
Дуучнаас дипломат тавцан хүртэл
Пэн Лиюань нь өмнө нь Хятадад Ардын чөлөөлөх армийн сопрано дуучнаар танигдсан нэгэн. Харин Ши Жиньпин улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлж эхэлсэн 2000-аад оны эхэн үеэс Пэн Лиюаний олон нийтийн болон нийгмийн үйл ажиллагааг Хятадын хэвлэлүүд илүү өргөнөөр мэдээлэх болжээ.
Тэрээр ХДХВ/ДОХ-той хүмүүсийн асуудал зэрэг нийгмийн эмзэг сэдвүүдэд анхаарал хандуулж ирсэн бөгөөд боловсрол, соёлын харилцаа, эрүүл мэндийн чиглэлийн олон улсын арга хэмжээнд оролцдог байна.
Пэн Лиюань 2007 онд өгсөн ярилцлагадаа нөхөр Ши Жиньпиний талаар “Тэр гэртээ ирэхэд би гэрт маань ямар нэгэн удирдагч ирлээ гэж боддоггүй. Миний хувьд тэр зүгээр л миний нөхөр” хэмээн хэлж байжээ. Мөн тэрээр Ши Жиньпинийг хэмнэлттэй, хөдөлмөрч, энгийн хүн гэж тодорхойлсон байдаг.
Тэргүүн хатагтай нарын уулзалт
Хятадын төрийн өндөр албан тушаалтнуудын гэргий нар олон арван жилийн турш олон нийтийн анхаарлаас харьцангуй хол, даруухан байр суурь баримталж ирсэн уламжлалтай.Харин Пэн Лиюань урлаг, боловсрол, соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцож, Хятадын төрийн тэргүүний гэргий олон улсын тавцанд ямар үүрэг гүйцэтгэж болохыг ийн шинэ өнцгөөс харуулж чадав.
Ши Жиньпиний айлчлал есдүгээр сарын 25-нд дууссан бөгөөд айлчлалын үеэр АНУ, БНХАУ худалдааны түр эвлэрлээ хоёр сараар сунгахаар тохиролцсон. Мөн хоёр улсын төрийн тэргүүн энэ онд дахин хоёр удаа уулзахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: AsiaOne, Reuters
Гэрэл зураг: Finn Gomez/Pool via Reuters
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.