Чингэлтэйн тамга шилжлээ: Н.Мандуул VS З.Төмөртөмөө

Чингэлтэйн тамга шилжлээ: Н.Мандуул VS З.Төмөртөмөө

Чингэлтэй дүүргийн засаглалын хэв маяг 180 градус эргэлээ. Олон улсын зах зээл дээр бонд босгож, систем зохиож явсан "Хар хайрцаг"-ны санхүүч Н.Мандуулаас харизма, масс-маркетингийг уриагаа болгосон тактикч З.Төмөртөмөө рүү дүүргийн тамга шилжив. "Тоо худлаа хэлдэггүй" гэдэг технократ үзлээс "Амьдрал гоё шүү" гэх популист өнгө аяс руу шилжсэн Чингэлтэйн сонирхолтой сэлгээний цаадах улс төрийн жинхэнэ логик, хөшигний ард өрнөж буй фракцын тулааныг тольдоцгооё.

З.Төмөртөмөө: "Амьдрал гоё шүү" сошиал популист

 СУИС-ийн дипломтой, олны уур амьсгалыг өөртөө эргүүлэхдээ гаргууд тэрбээр Улаанбаатар хотын Засаг даргын орлогчоор 3 жил орчим ажиллаж, гэр хорооллын гудамжуудаар багагүй гүйсэн туршлагатай. Түүний үндсэн зэвсэг бол цэвэр масс-маркетинг. Чадвар: Хүмүүст юу таалагдахыг мэддэг, камерын өмнө ярихдаа гаргууд, сошиалд маш идэвхтэй. Иргэдийн дунд орж "гал унтраах" тал дээр мэргэжилтэн.

Гол алдаа: Хэт задгай, эмоцийн мэдэгдлүүдээсээ болж байнга хэл амны бай болдог хий ихтэй популист гэх шүүмжлэлд өртдөг. Н.Мандуул: Намын дарга нарын "Хар хайрцаг"-ны санхүүч АНУ-д боловсрол эзэмшсэн, Сангийн яам, Хөгжлийн банкны тогоонд чанагдсан цэвэр барууны технократ. Тэрбээр Чингэлтэй дүүргийг сэтгэл хөдлөлөөр биш, цэвэр дата, санхүү талаас нь хардаг арга барилтай.

 Чадвар: Олон улсын зах зээл дээр Засгийн газрын бонд босгож байсан санхүүгийн супер инженерчлэлтэй бөгөөд төлөвлөгөө гаргаж, систем суулгахдаа гарамгай. Гол алдаа: Сошиал пиар маш сул. Массын уур бухимдал дунд орохоороо хэтэрхий албан ёсны, "номын" хатуу имижтэй болчихдог талтай.

З.Төмөртөмөө VS Н.Мандуул

Үндсэн зэвсэг: З.Төмөртөмөө сошиал хандалт, олон нийтийн харилцааг ашигладаг бол Н.Мандуул төсөв, санхүүгийн инженерчлэлээрээ давамгайлдаг.

Уриа, харизма: З.Төмөртөмөө "Амьдрал гоё шүү, тэсээрэй" гэж массыг уриалдаг бол Н.Мандуул "Тоо худлаа хэлдэггүй" гэсэн зарчмыг баримталдаг. Ажлын арга барил: З.Төмөртөмөө газар дээр нь очиж загнаж, зөвшилцөх тактиктай бол Н.Мандуул төлөвлөгөө гаргаж, систем суулгахыг илүүд үздэг.

Сул тал: З.Төмөртөмөө хэт популизм, хэл амны маргаан үүсгэдэг “хийтэй” бол Н.Мандуул масстай харилцах харилцаа сул, хэт хатуу имижтэй.

Чингэлтэйн сонгуулийн сериал: МАН-ын "Үнэмлэхүй засаглал" Суудлын сэлгээ өрнөж буй Чингэлтэй дүүрэг бол МАН-ын хувьд ялагдаж болохгүй хамгийн том, найдвартай цайз нь гэж болно. Өнгөрсөн 2024 оны сонгуулиудаар МАН Чингэлтэйд дараах байдлаар үнэмлэхүй ялалт байгуулж байв.

2024 оны УИХ-ын сонгууль: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг нэгдсэн том тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Учрал, Д.Цогтбаатар, Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал нар ялалт байгуулж, дүүргийг парламентад бүрэн "атгасан". 2024 оны НИТХ-ын сонгууль: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Чингэлтэй дүүргээс сонгогдох 4 мандатыг дөрвүүлээ МАН-аас авсан бөгөөд тэдний дунд өнөөдөр суудлаа сэлгэж буй Н.Мандуул, З.Төмөртөмөө нар ч багтаж байгаа.

2024 оны Дүүргийн ИТХ-ын сонгууль: Хамгийн гол засаглалын суурь болох Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 35 суудлаас МАН 33 суудал авч, сөрөг хүчинд ердөө 2 суудал үлдээн үнэмлэхүй ялалтыг байгуулсан. МАН-ын ийм үнэмлэхүй ялалтын бааз суурьтай, 95%-ийн ялалттай дүүргийн тамгыг атгаж Засаг даргаар сууна гэдэг нь тухайн улс төрчийн хувьд асар том карьер, ирээдүйн УИХ-ын гишүүн болох хамгийн дөт зам, ноён оргил юм. Энэхүү сэлгээ МАН-ын дотоод шатрын тоглолтод маш чухал нүүдэл болж байна.

МАН-ын "Шатрын нүүдэл”: Гол зүйл нь Г.Занданшатар дүүргээ буцааж авсанд бий Улс төрийн хөшигний ард Г.Занданшатарыг Чингэлтэй дүүрэгт маш бат бөх "бааз суурьтай" гэж үздэг нь таамаг эсвэл тохиолдол биш. Чингэлтэй дүүрэг түүний фракцын нийслэл дэх гол түшиц газар бөгөөд үүнийг "Баянхонгорын бүлэглэл"-ийн нөлөөгөөр тайлбарлаж болно. Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо, ИТХ-ын түвшинд тус фракцын нөлөө асар өндөр байсаар ирсэн.

Шинэ засаг дарга З.Төмөртөмөө Баянхонгорынх бөгөөд Г.Занданшатарыг УИХ-ын дарга байх үед туслах, зөвлөхөөр нь олон жил ажилласан "шадар цэрэг" нь. Өмнөх Засаг дарга Н.Батсүмбэрэл ч мөн энэ фракцын дэмжлэгтэй байв. Харин хуучин засаг дарга Н.Мандуулын тухайд Х.Нямбаатарыг Хотын дарга байх үед түүний шууд татаж авчирсан, цэвэр Х.Нямбаатарын багийн хүн бөгөөд дүүрэгт яг 2 жил ажиллаад тамгаа өгч байна.

Бага хурлын өмнөх фракцын тулаан: Нийслэлийн МАН-ын Бага хурал болохын яг өмнөхөн, Х.Нямбаатарын нөлөөллийг ярих үед түүний томилсон дүүргийн засаг дарга нарыг зэрэг чөлөөлсөн нь намын дотоод эрх мэдлийг нэг талд хэт төвлөрүүлэхгүй байх, Х.Нямбаатарын хүнийг хөдөлгөж, Чингэлтэйг угаасаа угшилтай фракцад нь буюу Г.Занданшатарын чиглэлд эргүүлэн өгөх тактикийн алхам гэж уншиж болно. Ирэх өдрүүдэд Н.Мандуулын зураг төслөөр бэлдсэн Чингэлтэйн эдийн засгийн схем дээр З.Төмөртөмөө өөрийнхөө "Амьдрал сайхаан" шоуг хэрхэн бодит ажил болгохыг харах л үлдлээ. Систем зохиодог санхүүчээс, ам ажил нь зөрдөггүйгээ батлах шаардлагатай пиарчин руу тамга шилжсэн “зэвүүн” цаг үе яг одоо өрнөж байна.

Б.Ундрал

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.