“Онон ажиллагаа” даргын намнаа биш дараагийн дуулиан байв уу

“Онон ажиллагаа” даргын намнаа биш дараагийн дуулиан байв уу

Бид цахим орчинд дуулианаас дуулиан, хэрүүлээс хэрүүлийн хооронд ам уралдан завгүй амьдарцгааж байна. 

Энэ сарын 01-нд олон нийтийн цахим сүлжээнд "Шинээр баригдсан төмөр замын даргатай байна. Дансанд нь 10 саяыг хийчихлээ, болоошдээ" гэх харилцан яриа бүхий видео бичлэг цацагдсан. Энэхүү дуулианы эзэн З.Мадина нь “Төмөр замын дарга биш юм байна” гэсэн утгатай стори хийсэн. Араас нь “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өөрөө гарч ирээд “Тухайн үйл явдал болсон цагт би гэртээ байсан. Үсээ урагш самнадаггүй” гэсэн тайлбар хийсэн. Харин өчигдөр /2026.11.03/ З.Мадина нь хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа "10 сая"-ын бичлэг задалсан тухай мэдээлэл түгэв. Үүний араас орой нь “Хүний нэр төрд халдсандаа уучлал хүсэж, цагдаагийн байгууллагад байцаалт өгсөн. Хар тамхины шинжилгээ ч өгсөн. Шүүх хурлаар орно” гэх залруулгын агуулгатай видеогоо нийтэллээ.

Энд яг юу өрнөв.

● “Цууг цуугаар дарах ажиллагаа” явагдав уу?

● М.Ононг “намнах” технологи байв уу?

Хоёр үзүүртэй хардлагыг төрүүлж буй юм. Учир нь 18-хан настай охины бичлэг нэг биш нэлээн хэдэн сэдэв дарагдахаар дуулианыг үүсгэсэн. Дөнгөж насанд хүрсэн охины бичлгийг ямар зорилгоор нийгэмд хаяж өгөв.

Нэгт: “Ерөнхийлөгчийн хаус”-ны араас цуварсан дуулианууд

Аль дуулианыг дарах гэсэн оролдлого явав гэдэг эхний асуултад хариулт хайя.

Есдүгээр сард “Бага тэнгэр дэх Ерөнхийлөгчийн хаус” гэх бичлэг олон нийтэд цацагдсан. Удалгүй “Херо” Б.Баатар асуудалд орсон.  “Жагсаал зохион байгуулсан гэх асуудлаар намайг хорих гэж байна” гэж ярилцлага өгсөн байдаг. Улмаар 2026.10.05-нд 30 хоногийн хугацаатай хоригдсон билээ. Үүнээс тавхан хоногийн дараа 2026.10.10-нд сэтгүүлч Т.Шинэбаярыг саатуулж, зургаа хоногийн дараа сулласан үйл явдал болов. Мөн Ерөнхийлөгчийн хаустай холбоотой гэж олон нийтэд ойлгогдсон. Өөрөө ч энэ агуулгаар хоригдохоосоо өмнө лайв хийсэн байдаг. Чингээд хоёрхон хоногийн дараа буюу 2026.10.12-нд Хариад Уянгын сэтгүүлзүйн салбар луу чиглэсэн мэдэгдлүүд өндөр авсан. Тэр мэдэгдлээ 11 хоногийн турш буюу 23-ныг хүртэл цувралаар үргэлжлүүлсэн.

Удалгүй удаах дуулианыг Хотын дарга асан Х.Нямбаатар тарих болсон. Хариад Уянга төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан лайвууд хийв.

Тэрбээр, 2026.10.31-ний өдөр “Өргөсөн тангаргаасаа няцаж, хөрөнгөө нууж, хууль зөрчсөн, ард түмнээ дарангуйлсан Ерөнхийлөгч огцор-2” гарчигтай ээлжит лайваа хийсэн. Энэ үеэрээ “У.Хүрэлсүх өөрийнхөө хөшөөг босгох гэж байгаа бөгөөд БНХАУ-д үйлдвэрлүүлсэн. УИХ тар гэх акц өрнүүлэх гэж байна. 2018 онд Т.Бадамжунайг У.Хүрэлсүх зугтаалгасан. “Бэрэн” группээр Хөгжлийн банкнаас зээл авхуулаад энэ хэд хамт идсэн. Тэр асуудал нь сөхөгдөнгүүт зугтаалгасныг мэдэлгүй Филиппинээс аваад ирсэн. Авч ирсний дараа үхтлээ уурласан. Дараа нь Удаанжаргалыг бас авч ирж нүүрсний асуудлаар шалгах ёстой гэж бодтол “боль” гэдэг үүрэг даалгавар өгсөн. “Бодь группийн нүүрсний асуудлыг ярихгүй шүү” гэдэг чиглэл ч өгсөн” гэхчлэн маш ноцтой асуудлуудыг сөхөж ярьсан юм. 1.1 сая үзэлт, 10 мянган лайк, 4 мянган коммент авчээ. Нэлээн өндөр авч олон нийтэд хүрсэн гэсэн үг.

Эл ноцтой мэдэгдлээс ганцхан хоногийн дараа иргэн З.Мадинагийн 10 саяын бичлэг цацагдсанаар Х.Нямбаатарын ярианы өнцгөөс анхаарал шилжив. Асуудал 18 настай охин, төмөр замын дарга гэсэн сэдэв болон хувирсан.

Нэмээд Ерөнхийлөгч /2026.11.03/-нд Дархан-Уул аймагт ажиллахтайгаа зэрэгцүүлэн “Оюутолгойн хишгээс дээжийг нь ард түмний дансанд хий” хэмээн үүрэгдэж, Н.Уралыг бөхөлзүүлэн буй урьдчилан бэлдсэн бичлэгээ цацав. Өөрөөр хэлбэл З.Мадинагаас ногдол ашиг руу шилжээд хэрэлдэцгээгээд эхэлж байгаа юм.

Дуулиануудыг дарааллыг сануулахад ийм. Зураглал тодорч буй биз.

Хоёрт: М.Ононг “намнах”  хэрэг, төмөр зам руу чиглэсэн дайн хэнд хэрэгтэй гэж …

“Онон ажиллагаа” эсвэл М.Ононг “намнах” технологи байв уу гэдэгт хариулт хайя.

Мөнхтэгшийн Онон гэж хэн бэ. Хайлт хийж үзэхэд онцын мэдээлэл гарч ирэхгүй. Харин АТГ-т гаргасан ХОМ дээрх ажил албан тушаалыг нь харвал 2021 оноос Зам тээврийн яаманд мэргэжилтнээр, 2023 оноос ахлах мэргэжилтнээр ажилласан нэгэн аж. Өдгөө хашиж буй “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын даргын суудал нь шунахаар, авахаар оролдох хэмжээнийх биш байлтай.

Явж явж М.Ононгийн албан тушаал гэхээсээ илүү хөрөнгө орлого асуудал болон хувирсан. 1 тэрбумын хоёр орон сууц, Land Cruiser 300, 125 саяын хадгаламж, 400 сая төгрөгөөр үнэлэгдэх 10 адуутай болох нь илүү сонин байв. Сэдэв 10 сая төгрөгийн тухай шуугиан биш сарын гурав, жилийн 36 сая төгрөгийн цалинтай жирийн нэг төрийн албан хаагч хэрхэн, яаж хөрөнгөжив гэдэг шүүлтүүрээр оруулцгаасан. Мөн түүнийг УБТЗ ХНН-ийн дарга асан Г.Сэрээнэндоржийн хүргэн гэх мэдээллээр хачирлагдсан. Хадам аав нь салбарын удирдах албан тушаал хашиж байсан. Иймд, албан тушаалын томилгоо, гэр бүлийн холбоотой ашиг сонирхлын зөрчил гэдэг өөр сэдэв рүү хөтөлнө.

“Монголын төмөр зам” ТӨХК-иас эл сэдвээр мэдэгдэл гаргахдаа, "Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад компанийн нэр хүндэд халдаж, Монголын төмөр замчдын хийсэн бүтээн байгуулалтыг илтэд үгүйсгэсэн, компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан төмөр замын тээврийн үйл ажиллагааг алдагдуулахад нөлөөлөх зорилготой, зохион байгуулалттай ноцтой үйлдэл" хэмээн тодотгосон.

Тэгэхээр “Онон ажиллагаа” газрын даргын суудал, төмөр зам руу чиглэсэн дайн биш дуулианыг дуулианаар дарах гэсэн дуулиан л байж таарах гээд байна. Энэ нь ч илүү үнэнд дөхнө биз ээ.

П.БААТАР

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.