93 ахмад сэтгүүлч Г.Далантайг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын сэтгүүл зүйн ахмад үеийн төлөөлөл, нийтлэлч Галсанзундуйн Далантайг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц хүлээн авч уулзлаа.
1933 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Бага Лаптад төрсөн Г.Далантай сэтгүүл зүйн салбарт 70 гаруй жил хөдөлмөрлөж, 93 нас хүртлээ үзэг цаасны нөхөрлөлөө үргэлжлүүлж яваа эрхэм буурал юм.
Тэрбээр хөдөлмөрийн гараагаа багшийн ажлаар эхэлсэн ч “Хөдөлмөр” сонин түүнийг сэтгүүлчийн замд хөтөлж, сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар ажиллуулжээ. Улмаар Намын Төв Хорооны таван удаагийн томилолтоор гурван аймагт сонины хариуцлагатай эрхлэгчээр ажиллаж, мөн гурван аймагт “Монголын үнэн” сонин, Монголын Радио, Телевиз, “Тоншуул” сэтгүүл, МОНЦАМЭ агентлагийн хавсарсан сурвалжлагчаар ажиллаж байгаад насны амралтаа авчээ.
Ийнхүү “Хөдөлмөр” сониноос эхэлсэн түүний сэтгүүлчийн замнал “Монголын үнэн” сонин, Монголын Радио, Телевиз, “Тоншуул” сэтгүүл, МОНЦАМЭ агентлаг болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар үргэлжилж, Монголын сэтгүүл зүйн түүхэнд өөрийн мөрийг үлдээсэн байна.
Г.Далантай нь хурц ажигч гярхай, зохион бичих авьяастай, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг өөрийн өвөрмөц өнцгөөр хөндөн бичдэг нийтлэлч юм. “Дарьгангын өвөрмөц, сонин содон үг хэллэг”, “Улс орныг өөрчлөн төвхнүүлэх ерөнхий тойм”, “Монгол өөрийн шашинтай юу, шашинтай байх албатай юу”, “Эрэн сурвалжилсан минь”, “Монгол хүн гэж хэн бэ”, “Бид хэн бэ”, “Монголдоо танигдаагүй монгол”, “Хүн та өөрийгөө ойлгодог уу”, “Хүн ба хөгжил” зэрэг нийтлэл, бүтээлүүд нь уншигч, сэтгүүлч, судлаачдын анхаарлыг татсаар иржээ.
Тэрбээр Монголын Сэтгүүлчдийн Холбооны хүндэт тэмдэгтэн, Монголын хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Монголын Радио, Телевизийн тэргүүний ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн юм.
Уулзалтын үеэр ахмад сэтгүүлчийн олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн замнал, Монголын сэтгүүл зүйн хөгжил, үе үеийн сэтгүүлчдийн залгамж холбоо, мэргэжлийн өв уламжлалын талаар санал солилцож, түүний үнэтэй туршлага, бүтээл туурвилыг хүндэтгэн дурслаа.
Монголын сэтгүүл зүйн түүхийг бүтээлцсэн ахмад үеийнхнийхээ мэдлэг, туршлага, үнэт өвийг дээдлэн хүндэтгэж, залуу үедээ өвлүүлэн үлдээх нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн эрхэм үүрэг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.