Ерөнхийлөгчийг ажлаас нь чөлөөлөх хуралдаанд хэн юу хэлэв
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж гишүүд үг хэлж асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Гишүүд таныг үүрэгт ажлаа өгч байгааг улс төрийн манлайлал гэж ярьж байна. Гэвч манайх шиг цөөн хүн амтай, сошиал сүлжээний хэрэглээ өндөр улсад гүтгэлэг гаргах болгонд ингээд ажлаа өг гэдэг жишиг тогтвол яах вэ?
Хоёр дахь асуулт нь та Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд улс төрд эргэн ирэх үү. Нийгэмд таныг Ерөнхий сайд болно, намын дарга болно гэж ярьж байна.Та албан ёсоор байр сууриа хэлнэ үү.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн ажлаа хийх боломжгүй болтол доромжилж байна. Улс эх орны нэр төрөө бодоод өөрийн эрхгүй ажлаа өгч байна. Гүтгэлгийн хууль байхгүй. Хууль зүйн сайд байсан хүн гадагшаа оргон зайлж, гэмт хэрэгтэн болчхоод дураараа ярьж сууж байна.
Намайг цаашид юу хийх бол гэж олон хүн санаа чилээж байх шиг байна. Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй гэж л хариулъя.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Энд суугаа бид 4 жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тангараг өргөсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч та 6 жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тангараг өргөсөн. Өнөөдөр та албан тушаалаа хүлээлгэх өгөх шийдвэрээ өөрөө гаргаж, үнэн мөнөө тогтоолгохоор шийджээ. Энэ улс төрийн хариуцлагыг хүндэлж байна. Энэ нь бидэнд үлгэр дуурайл болох ёстой. Би эмч хүний хувьд, Эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд таны манлайлсан ажлыг дурдчихъя гэж бодож байна. Цар тахлын үед хилийн хоригийг маш шуурхай тавьж чадсанаараа, цар тахлыг яаж эмчлэхээ мэдэхгзүй, эм тариа байхгүй үед бэлтгэл ажлаа хангах боломж олдсон. 2021 оны 4 саорын байдлаар дэлхийд халдвар авсан 1000 хүний 21 нь нас барж байхад Монгол Улсад ердөө 2 хүн нас барсан тоо байсан. 2022 онд Монголд ээлтэй сувилагч гэдэг арга хэмжээ зохион байгуулсныг санаж байна. Сувилахуйн ордон өнөөдөр ашиглалт орохоор байж байна. Эрүүл Монгол хүн хөтөлбөрийг бас хэлэхгүй бол болохгүй.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Ардчилсан Монгол улсын түүхэнд МАН-аас хоёр дахь удаагаа төр барьж буй лидерүүд улс төрийн том шийдвэр гаргаж байна. 1990 оны цагаан төмөр морин жил төрийн тэргүүн Ж.Батмөнх үүрэгт ажлаасаа бүрэн татгалзаж, монголын ардчиллыг тосож авч байсан. Энэ шийдвэрийн үр дүнд олон намын тогтолцоотой парламент болж бид энд суугаад ярьж байна. Тэр хүнийг зөвтгөх үзэл одоо харьцангуй давамгайлж, 30 жилийн дараа бид энэ хүний шийдвэрийн үр дүнг дүгнэж байна. 2026 оны улаан морин жилд ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийн төлөө, төр иргэний харилцааг таслахгүй байхын төлөө энэ шийдвэрийг гаргаж байна гэж харж байна.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Сүүлийн 6 жил гадаад харилцаа сайжирсан. Өндөр хэмжээний айлчлал, уулзалтууд үр дүнгээ өгч байгаа. Мөн ажлаа эхлэх үедээ том том асуудлуудыг барьж авсан. Хэрэгжилт үр дүнгээ байсангүй байх гэж харж байна. Нэгдүгээрт нь "Цагаан алт" 2024-2028 оны хугацаанд 2.19 их наяд төгрөгийн төсөвтэй. Ноос ноолуур, арьс ширний үнийг нэмэгдүүлэх гоё зорилготой хөтөлбөр байлаа. Хүнсний хувьсгал байна. 1.3 их наяд төгрөгийг 2225 аж ахуйн нэгжид олгосон. Тэрбум мод 116 сая мод тарьсан, хаана байгаа нь харагдахгүй байна. Энэ хөтөлбөрүүдийн хэрэгжилт хаана гацсан бэ? Та дөрвөн удаа хориг тавьж, нэг удаа хууль санаачилжээ. Өөрийнхөө хийсэн ажлын тайланг яагаад тавиагүй вэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Миний санаачилсан төсөл, хөтөлбөрүүд дандаа манай улсын аюулгүй байдалтай холбоотой, үр шимийг нь ард түмэн хүртэх хүйн холбоотой хөтөлбөрүүд. Би тайлангаа тавьдаг байсан та хараагүй юм шиг байна. Би Ерөнхийлөгч болсноосоо хойш зургаан удаа үндэсний аюулгүй байдлын хаалттай хуралдаанаар тайлан тавьсан. Ерөнхийлөгчийн тамгын газрын сайт дээр Ерөнхийлөгчийн ажлын тайлан гээд бүхэл бүтэн видео, зурагтай, кинотой "Нэг монгол" гээд нэвтрүүлгээ гаргасан. Юм цахимжсан учраас ороод харчих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Сүүлийн жилүүдэд улс оронд авилгал гаарч, төрд итгэх иргэдийн итгэл сэтгэл буурсан. Энэ үед Ерөнхийлөгч таныг шадарга ёсны талд зогсож байгаа гэдэг итгэл байсан. Гэтэл сүүлийн үед гарч байгаа дуулиан мэдээлэл ард иргэдэд уур хилэн, урам хугаралт авчирлаа. Үүн дээр нөхцөл байдал улс төрийн шийдвэрүүд цөхөрсөн гомдсон ард иргэдийн байр суурь гэж үзэхээс өөр аргагүй. Хэдийгээр төрийн тэргүүн хугацаанаас өмнө өөрчлөгдөх асуудал яригдаж байгаа нөхцөл байдал АН-ын зүгээс парламентаа хамгалаах, бэхжүүлэх, авилгажсан тогтолцооны эсрэг бүрэн зогсох ёстой гэдгээ хэлье.
Та өндөр дээд албан тушаалд олон жил ажиллаж жаргал зовлонг нь эдэлж, ял ямбыг нь үүрсэн хүний хувь бид цаашид яах ёстой вэ? Ард иргэд нь баялагтаа эзэн болох нь гэсэн хүлээлт итгэл алдарч байна. Энд улс төрийн намуудын асуудал байнаа, хувь улс төрчдийн асуудал байна уу аль эсвэл тогтолцооны өөрчлөлт хийх ёстой вэ? Энэ чигээрээ үргэлжлэх боломжгүй байлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Тогтолцооны өөрчлөлт хийх нь зөв гэдэг дээр би санал нэг байна. Шинээр сонгогдох ерөнхийлөгчийн санал хураалттай хамт ард түмэн бид Үндсэн хуулиа өөрчлөх үү гэдэгт хариулах хэрэгтэй. Хоёрхон сонголт байгаа шүү дээ нэг бол хоёр парламенттэй болж, парламентээс ерөнхийлөгч томилогддог болох. Эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай болох. Гишүүдийн тоо нэмээд сайхан болох байх гээд өөрчлөлт гарсангүй, үр дүн харагдахгүй байна. Ерөнхийлөгч байхдаа Үндсэн хуульд гар дүрэхгүй гэсэн болохоор би хэлсэн дээ хүрсэн шүү.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара: Туйлын сайн хүн, туйлын муу хүн гэж байхгүй. Сайн хүнийг сохор болтол бялдуучилдаг хүмүүс байдаг. Өнөөдөр бүр Ерөнхийлөгчийн өмнөөс бялуурчихлаа. Ямар аймар пялдагадалт вэ, пялдагадаад өгвөл ямар нэг шагнал урамшуулал байгаа юм биш биз дээ, би юмнаас хоцорчхоогүй биз дээ. Та нарын ярьж байгаа нь үнэн. Гэхдээ энэ танхимд Ерөнхийлөгчийг ороод ирэхээр яагаад бүгдээрээ гөлөг болчихдог юм бэ? Би УИХ-ын гишүүн болоод хэд хэдэн удаа анзаарлаа.
Ерөнхийлөгч өнөөдөр нэг шувуунд маш хорсолтой байгаа юм байна. Тэр хүнд бүх хууль хяналтын шалгалт явах юм байна. Ийм байдлаас чинь болоод ард түмний төлөөлөл гөлөг болдог юм биш биз дээ гэж айлаа. Яагаад таны хөтөлж орсон дүү нар үгэнд орвол сэнтийд залардаг, үгэнд орохгүй бол гадаад руу зугтдаг, эрэн сурвалжлагддаг ийм болоод байгаа юм бэ. Нэг хэсэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гээд ярьж байсан. Одоо чимээгүй болчихсон. Аль нь үнэн юм бэ? Үнэхээр эх орны төлөө юм бол танд шударга ёс тогтоох 5 жилийн хугацаа байсан байхгүй юу. Яагаад энэ үнэнийг хэлэхгүй байгаа юм бэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Олон улсад Монгол Улсын ерөнхийлөгч нь авлигад холбогдсон байна гээд манай ард түмний нэр хүнд халтай юм хийж байна. Энэ бол үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн гэмт хэрэг. Тагнуулын байгууллага шалгаж баримтаар тогтоох хэрэгтэй. Төрийн эсрэг маш ноцтой гэмт хэрэг шүү дээ. Шувуу болоод ниссэн нөхрийг олж, хуулийн өмнө яриулах хэрэгтэй, орогнол хүсээд яваад байгаа гэсэн. Асар том гэмт хэрэг хийгээд зугтсан нөхөр шүү дээ. Туулын бургасыг хядаад, 500 тэрбум төгрөг хууль бусаар бусдад олгоод завсраас нь авлига аваад явсан шүү дээ.
"Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжье" гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтанд 104 гишүүн оролцсоноос 96 гишүүн дэмжиж, 92.3 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай хуулийг баталсанд тооцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.