Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг нээж үг хэлэв
Өнөөдөр буюу долоодугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг нээж үг хэлэв.
Тэрбээр, Алтайн бүс нутаг нь байгаль, экологийн хувьд нэгдмэл тогтолцоотой төдийгүй олон улс, ард түмнийг холбосон түүх, соёлын өвөрмөц орон зай юм. Тиймээс энэ бүс нутгийн тогтвортой хөгжил нь зөвхөн нэг улсын бус, хамтын хүчин чармайлт, харилцан хариуцлагад тулгуурласан урт хугацааны түншлэл шаарддаг. Энэ онд Монгол Улс Риогийн гурван конвенцын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээсэн.

Энэхүү бага хурал нь 1992 оны Эх дэлхийн дээд хэмжээний уулзалтаар баталсан тогтвортой хөгжлийн үзэл санаа, олон улсын хамтын ажиллагааны зорилго, амлалтыг хэрэгжүүлэх үйл явцыг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт илтгэлтэй байна. Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжлийн салшгүй үндэс гэж үздэг. Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулагч, даргалагч улсын хувьд газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэх, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд суурилсан шийдлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Яриа хэлэлцээний зорилго нь хамтдаа илүү зөв шийдэл олоход оршдог. Тиймээс энэхүү яриа хэлэлцээ нь санал солилцохоос гадна бодит түншлэл, хамтарсан санаачилга, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгож, бүс нутгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Мөн Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, иргэдийн оролцоонд тулгуурласан сайн засаглалаар хэмжихийг зорьж буйг тодотгоод, Засгийн газар “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хүнд суртал, давхардсан зөвшөөрлийн тоог бууруулж, цахимжилт, хөрөнгө оруулалт, инновацыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж буйг тэмдэглэв.
Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа болж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган “Тогтвортой хөгжлийн зорилго-17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байна. Энэхүү чуулга уулзалтаар Ардчилал, иргэдийн оролцоо, Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац, Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи, Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт сэдвээр панел хэлэлцүүлэг өрнөж буй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.