Монгол - Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
Монгол Улсын Засгийн газрын мега хөтөлбөр болох “Эгийн голын усан цахилгаан станц төсөл”-ийг эхлүүлэх зорилгоор Монгол–Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг Москва хотноо байрлах Шинжлэх ухааны академийн төв байранд амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монголын талаас Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич С. Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээчид, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар оролцов. ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн шинжээчид оролцсон.
Энэхүү хэлэлцүүлгээр хоёр орны ШУА-ийн эрдэмтдийн багийн хийж гүйцэтгэсэн “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” судалгааны ажлын голлох үр дүнг хэлэлцэж, эцсийн тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгөв. Мөн судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны 12 дугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэлээ.
Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.