2026 оны хамгийн “ёндоотой” тоглогч 13 зөвлөхтэй спикерээс Төрийн тэргүүний сэнтийд заларсан С.Бямбацогт юу хийж болох вэ?
2026 оны хавар буюу 4-р сарын 3-нд УИХ-ын даргаар сонгогдож байсан С.Бямбацогт ердөө долоон сарын дараа Монголын түүхэнд анх удаа парламентын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэсэн төрийн хоёр өндөр сэнтийг зэрэг хаших онцгой эрх мэдэлтэн боллоо. Сүүлийн есөн сард гурван Ерөнхий сайд солигдож, Төрийн тэргүүн нь хугацаанаасаа өмнө огцорсон улс төрийн шуурганаас хамгийн их хожил авч, гэнэт эрчээ авсан хүн бол яах аргагүй тэр юм. 2026 оны улс төрийн шуурга С.Бямбацогтыг төрийн хамгийн өндөр оргилд гаргаж ирлээ. Хэрэв тэрбээр ирэх дөрвөн сарын хугацаанд эрх мэдлийнхээ зааг ялгааг зөв барьж, өөрөө сонгуульд өрсөлдөхөөр шийдвэл хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгч шударга өрсөлдөж чадвал “ёндоотой тоглогч”-оос жинхэнэ Төрийн тэргүүн болох түүхэн боломж түүний өмнө нээлттэй байна.
Өмнөх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 11-р сарын 19-нд чөлөөлөгдсөнөөр шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэлх ирэх дөрвөн сарын хугацаанд Монгол төрийн жолоог С.Бямбацогт атгаж байна. Гэвч хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг дээр үүссэн энэ давхар статус нь түүнд ямар эрх олгож, ямар хязгаарлалт тогтоож байна вэ?
13 зөвлөх, нам дамнасан хүрээлэл ба Ховдын улс төрийн скандал
2008 оноос хойш парламентад тасралтгүй таван удаа сонгогдож, дөрвөн ч яамны сайдаар ажилласан ч намынхаа хоёрдугаар эгнээнд явж ирсэн С.Бямбацогтын хувьд 2026 он жинхэнэ од нь гийсэн жил болов.
Хүчирхэг баг ба 13 зөвлөх: УИХ-ын дарга болсон даруйдаа тэрбээр туршлагатай хуульч С.Раднаасэд тэргүүтэй 13 зөвлөхийн багийг дэргэдээ авсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байв. Одоо тэрбээр парламентын Тамгын газар дээр нэмээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүх нөөц, зөвлөхүүдийн багийг давхар удирдах боломжтой боллоо.
Нам дамнасан гэр бүл, худ ургийн хүрээлэл: С.Бямбацогтын улс төрийн хүрээлэл зөвхөн МАН-аар хязгаарлагддаггүй. Түүний баз хүргэн нь АН-аас УИХ-ын гишүүн асан Д.Батцогт бол, 2026 оны зунаас эхлэн сөрөг хүчин буюу АН-ын залуу гишүүн С.Цэнгүүн түүний ууган хүүтэй гэр бүл болж бэр нь болсон тухай хэвлэлүүд өргөнөөр мэдээлсэн. Төрийн ордонд эрх баригч болон сөрөг хүчнийг дамнан холбогдсон энэ хүрээлэл түүнийг бүх талтай эвээ олох чадвартай тоглогч гэдгийг харуулдаг.
Бид Ховдоос хоёр дахь удаагаа ерөнхийлөгчтэй болох уу?: Монголын улс төрд нутаг ус, жалга довны нөлөө ямагт хүчтэй байсаар ирсэн. Тэгвэл 2026 оны улс төрийн оргилд Ховд аймгийн уугуул С.Бямбацогт гарч ирсэн нь санамсаргүй хэрэг биш. Ховдын Зэрэг сумаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төрөн гарч, найман жил Төрийн тэргүүнээр ажиллаж байсан бол өнөөдөр Ховдын Жаргалант сумын уугуул С.Бямбацогт Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр заларч, мөн тус аймгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын тоонд яригдаж байна.
С.Бямбацогтын meme сет: У.Хүрэлсүх шиг сүр дуулиантай акц хийдэггүй ч С.Бямбацогт сүүлийн үед энгийн хэрнээ сошиалд меме болж түгсэн хэд хэдэн үгээрээ олны анхаарлыг татаад буй. Тухайлбал, "Хөдөө малчны хотонд яндангүй, жорлонгүй орон сууц барих иргэдэд ипотекийн зээл олгох хэрэгтэй", сурагчдад хандан "Онц сураарай гэж хэлэхээр тийм дүн байхгүй болчихсон гээд байна лээ", мөн "Иргэдийн ядуурсан, ББСБ-уудын баяжсан хоёр тэнцэж байна" гэх үгс нь сошиал орчинд хамгийн их хандалт авсан эшлэлүүд болжээ.
“Шат гишгүүр болгохгүй” гэсэн амлалт: 2026 оны 4-р сард спикер болохдоо тэрбээр "Парламентын даргын суудлыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шат гишгүүр болгохгүй" хэмээн мэдэгдэж байсан. Гэвч хувь заяаны тохиолоор тэрбээр сонгууль болохоос өмнө шууд Төрийн тэргүүний суудалд сууж, 2027 оны 3-р сарын ээлжит бус сонгуульд МАН-аас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай лидерүүдийн нэг болж хувирав.
С.Бямбацогт ямар бүрэн эрхийг хэрэгжүүлэх вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу С.Бямбацогт шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл Төрийн тэргүүний үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Зарлиг ба хууль ёсчлох: УИХ-аас баталсан хуулийг ёсчлох, зарлиг гаргах.
ҮАБЗ ба Зэвсэгт хүчин: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэх.
Томилгоо ба шагнал: Элчин сайд нар болон шүүгчдийг томилох, төрийн дээд одон медаль гардуулах, уучлал үзүүлэх.
Зөвшилцлийн зөвлөл: Ажлаа хүлээж авсан даруйдаа парламентад суудалтай таван намын даргыг оролцуулсан “Ойлголцол, зөвшилцлийн зөвлөл” байгуулж, улс төрийн хямралыг намжаах алхам хийв.
Хуулийн зөрчил ба улс төрийн маргаан дагуулж буй гурван хязгаарлалт
Нэг хүн төрийн хоёр том институцийг давхар удирдах болсон нь Төрийн ордонд өмнө нь гарч байгаагүй хууль зүйн гацаа, улс төрийн маргааныг дагууллаа.
Чуулган удирдах эсэх зөрчил: Сөрөг хүчин буюу АН-ын дарга О.Цогтгэрэл 2026 оны 11-р сарын 19-нд "С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн өдрөөсөө УИХ-ын чуулганыг удирдахгүй байх ёстой" хэмээн шаардлаа. Учир нь өөрөө хуралдаан даргалж батлуулсан хуульдаа эргээд Ерөнхийлөгчийн хувиар хориг тавих эсэх логикийн зөрчил үүсэж буй юм.
ҮАБЗ-ийн гурван суудлын хоёр нь нэг хүнд: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван гишүүнээс бүрддэг. Одоо гурван суудлын хоёрыг нь С.Бямбацогт ганцаараа төлөөлөх болсон нь шийдвэр гаргах хяналт, тэнцлийг алдагдуулж болзошгүйг сөрөг хүчин болон хуульчид анхааруулж байна.
Намын гишүүнчлэлийн асуудал: Үндсэн хуулиар Ерөнхийлөгч намын харьяалалгүй байх ёстой. Харин түр орлон гүйцэтгэгч С.Бямбацогт эрх баригч МАН-ын гишүүн хэвээр байгаа нь төрийн тэргүүн намын нөлөөнөөс ангид байх зарчмыг зөрчих вий гэх болгоомжлолыг төрүүлээд байна.
Б.Ундрал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.