Үндэсний бөхийн тэргүүн тайлбарлагч Ц.Батнасанд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгохоор болжээ

Үндэсний бөхийн тэргүүн тайлбарлагч Ц.Батнасанд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгохоор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Монголын үндэсний бөхийн тэргүүн тайлбарлагч Цэдэвийн Батнасанд Монгол Улсын төрийн дээд цол Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр болжээ.

Ц.Батнасан нь Монголын үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, бөх сонирхогчдод бөхийн мэх, барилдааны явц, түүхэн уламжлалыг үнэн зөв, уран яруу тайлбарлан хүргэх үйлсэд олон арван жилийн амьдрал, хөдөлмөрөө зориулж яваа эрхэм юм. Түүний өвөрмөц хоолой, бөхийн мэхний нарийн ширийнийг тайлбарлах чадвар, бөхчүүдийн намтар түүхийг цээжээр хүүрнэх авьяас давтагдашгүй.

Монгол үндэсний бөх бол зөвхөн спорт биш, монгол хүний соёл, сэтгэлгээ, түүхэн уламжлалын томоохон илэрхийлэл юм. Тиймээс ч бөхийн тайлбарлагч нь тухайн барилдааныг зүгээр нэг тайлбарлаад зогсохгүй, бөхчүүдийн уг гарал, багш дасгалжуулагч, туулсан замнал, гаргасан амжилтыг нарийн мэддэг байх шаардлагатай байдаг. Ц.Батнасан тайлбарлагчийн хувьд энэхүү шалгуурыг хамгийн өндөр түвшинд хангасан, тийм ч учраас Монголын ард түмний дунд “Үндэсний бөхийн тэргүүн тайлбарлагч” хэмээн хүндлэгдсэн нэгэн.  

Тэрээр барилдааны эгзэгтэй агшин бүрийг алдалгүй харж, бөхийн мэхний нэршил, хувилбаруудыг маш тодорхой тайлбарладаг. Энэ нь үзэгчдэд барилдааныг илүү сонирхолтой, ойлгомжтой болгохоос гадна залуу үеийнхэнд бөхийн спортын нарийн ухааныг таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас түүний тайлбарлах ур чадвар нь Монголын радио, телевизийн алтан сан хөмрөгт үлдэх үнэт өв гэгддэг байна. 

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд түүний эрдүү дуу хоолой улам олон жил цуурайтаж, бөх сонирхогч олноо баясгах болтугай хэмээн хамт олон, гэр бүл, найз нөхөд, нийт Монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.