Улсын төсвөөс дэмжлэг хүссэн гэх "Империал" сургуулийг эзэмшдэг “Loriblu”-ийн Н.Лхамсүрэн, хөрөнгийн маргаантай дуучин Т.Баясгалан нар шүүх дээр яллагдагч, гэрчээр татагдсан байдалтай байгаа аж
Хан-Уул дүүргийн чинээлэг бүсэд байрлах хувийн сургуулиудад улсын төсвөөс тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн асуудал олон нийтийн төдийгүй сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгараад байна.
Эргэн сануулбал, "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгийн төсвөөс "Шинэ санаа", "Империал" болон "Их засаг кинг" сургуулиудад 7.1-ээс 9.8 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан гэдэг. Энэ шийдвэр нь хотын захын гэр хорооллын сургуулиудын ачаалал их байхад чинээлэг бүсийн өндөр төлбөртэй сургуулиудад дэмжлэг үзүүлэх гэсэн оролдлого хэмээн олон нийтийн хурц шүүмжлэлтэй тулгараад байна.
Тэгвэл дуулианд нэр холбогдоод буй "Империал”, Шинэ санаа сургуулиудын талаар мэдээлэл хүргэе.
"Империал" сургууль нь 2026 оны есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн шинэ сургууль юм. Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын аманд байрлах 15 мянган ам метр талбай бүхий хотхонтой уг сургууль нь 1000 орчим сурагч хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүсгэн байгуулагч бөгөөд захирал нь Loriblu брэндийн гутлыг Монголд оруулж ирж зардаг Н.Лхамсүрэн гэх эмэгтэй. Тэрээр дуучин Т.Баясгалантай хамт “Смарт” сургуулийн асуудалд нэр холбогдож байсан. “Смарт” сургууль нь энэхүү “Империал” сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад хөрөнгийн маргаанаас үүдэж хаалгаа барьсан. Тодруулбал, “Смарт” сургуулийн удирдлагууд Т.Баясгалангийн нэр дээр байсан хичээлийн уг байрыг “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр 2024 оны гуравдугаар сард авсан байдаг. Гэвч уг байрыг өмчлөгч дуучин Т.Баясгалан давхар худалдаж, “Бэлэглэлийн гэрээ”-ээр иргэн Н.Лхамсүрэнд шилжүүлсэнтэй холбоотойгоор маргаан үүсэж одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн шатанд тэд яллагдагч, гэрчээр татагдсан байдалтай байгаа аж.
Мөн Яармагийн Нүхтийн аманд байрлах "Шинэ Санаа Иннова" бүрэн дунд сургууль мөн адил төсвийн маргаанд нэр холбогдоод байгаа.
О.Жавхлан захиралтай тус сургууль нь 480 сурагч, 24 гаруй багш, ажилтантай бөгөөд үндэсний хөтөлбөр, өв соёлын хичээлээс гадна Баруун Австралийн сургалтын хөтөлбөрийг хослуулан заадаг онцлогтой аж. Сургуулийн зүгээс ачаалал тэнцвэржүүлэх дэмжлэг авах тухай мэдээллийг эрс үгүйсгэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах, З.Даваажаргал захиралтай "Шинэ санаа боловсрол ахлах сургууль" мөн тусдаа үйл ажиллагаа явуулдаг байна.
Улсын төсвийн хөрөнгийг хувийн хэвшлийн сургуулиудад хуваарилах гэсэн оролдлого нь төрийн мөнгөөр хувийн бизнесийг дэмжсэн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэх шүүмжлэлийг дагуулсаар байна. Цаашид төсвийн тодотголыг хэлэлцэх явцад уг хөрөнгийг зорилтот бүлгийн буюу сургуулийн хүртээмж муутай захын дүүргүүдэд хэрхэн зөв хуваарилах асуудал анхаарлын төвд байх бөгөөд төрийн албан тушаалтнуудын зөрүүтэй тайлбарууд нь энэ асуудлыг улам бүр эргэлзээтэй болгож байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.