Танилц: Улстөрчдөд хөлд нь чагт, карьерт нь жатга хийгээд ч хамаагүй олонд танигдах орь хүслэнтэнгүүд
Нэг л танил технологи. Х.Нямбаатарыг байхад дурын “баачка” өрөөнд нь лайв хийж орилж ордог байв. Зургийг нь овоон дээр тавьж байгаад шатаагаад “наасан” тохиолдал ч бий. Номер нэг алтан шаргал дээлт Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхад Г.Баасан авгай талбай дээр цагдаа заамдаж түүнтэй ноцсоор “Ахмадын чөлөөт холбоо”-гоор алдрын тавцанд гарсан.
Ц.Нямдоржийн эсрэг Л.Гүндалай байв. Энэ хоёрын “Ну погоди” онигоо болон ард түмний дунд түгсэн нь одоо бараг мартагдаж дээ.
Л.Сумъяабазарыг хотын дарга байхад “дух” Б.Цэцэг уйлж нэг, уурлаж нэг лайвдсаар байсан. Их тэнгэрт хоол идүүлээд “инфү”-гийн түүнд өгсөн салаавч алга ташилт лайк болсон. Ордны гадаа салаавч гаргаж үзэлцсээр тэмцэгчид нэртэй Ж.Батзандан, О.Магнай нар өөрсдөө дараа нь ордонд болон энд тэнд дарга болж башийсан. “Босоо” Ганбаа Оюутолгойн гэрээ эхлэх үед үйлдвэрчний эвлэл гэж тэмцсээр өөрөө гишүүн болоод амандаа зөгийн бал түрхсэн аятай тэмцэл нь алга болсон. Өчигдрийн Ардчилсан намын юу ч юм, хэн ч юм нөхөр Н.Учрал Ерөнхий сайдтай тэмцэж байгаа дүр эсгэснээр нэг өдрийн дотор ардын баатар болов.
Х.Нямбаатарыг дурын авгай цохиж зоддог байсан. Н.Учралыг гудамжинд явахад “Яагаад хамгаалагч авч явдаг юм” гэж аниа нар хуурай агсам тавьсан. Энэ мэт ялгуусан тэмцэгчид байна. Нэг тийм чиг баримжаатай, стилиэ алддаггүй, жишээ нь Д.Мөнх-Эрдэнэ гэдэг ч юм уу, зуны цэцэг шиг богинохон настай тэмцлийн оч үсэргэгсэд ээ гэж. Гайхалтай нь өчигдөр тэнд Ардчилсан намын доод шатны нөхөр бужигнуулж байхад нөгөө талд С.Баярцогт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, үсээ гөлчийтэл гелдьчихсэн бага зэрэг гунигийн харцтай сонгодог зураг авахуулж байлаа.Эзэнгүй адуу мал шиг намынхан нь ингээд бэлчээд яваад байж болдог л юм байх даа.
Ардчилсан нам хэзээ замбараатай болох вэ?
Тэмцэгчид яах вэ дараагийн шат нь өлсгөлөн. Бид зөндөө өлсөгчид харсан юмдаг. Эцэстээ түүх тэр хүн бага зэрэг олны танил алдартан болсноор дуусдаг юм. Төрийн ажлыг ингэж хийсээр л байх юм байна. Сошиалаар гүтгэж, бодитоор нүүр тулан чарлаж ард түмнийг сатааруулж ... Цаанаа ямар эрх ашиг байгаа бол гэдгээс жийрхмээр.
Төр хэзээ төвшин болох вэ эрх баригч намынхаан?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.