Хууль зүйн сайд С.Амарсайхан ШШГЕГ-ын дарга нартай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэлээ

Хууль зүйн сайд С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГГ)-ын удирдлагуудтай холбоотой албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, төсвийн хөрөнгө завшсан болон хууль бусаар тагнаж чагнасан ноцтой баримтуудыг дэлгэлээ.

  • Тус газрын дэд даргаар ажиллаж буй Э.Бямбажав нь Тагнуулын ерөнхий газарт мөрдөгчөөр ажиллаж байхдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж байсан асуудалтай холбогддог
  • Дүн шинжилгээ, хяналтын газрын дарга Б.Цогжаргал нь албан тушаалаа урвуулан ашиглаж, гадаадын иргэнийг заналхийлж залилсан хэрэгт холбогдоод байна.
  • ШШГГ-ын удирдлагуудын нэг Б.Нямгомбо нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэмээн Хууль зүйн сайд С.Амарсайхан мэдээллээ. Б.Нямгомбын "Олон овоот"-ын алтны орд, Хадгаламж банк, талийгаач Батхүү, Алтан нартай холбоотой, Монголбанкинд барьцаанд байсан 123 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий найман ширхэг тусгай зөвшөөрлийг авлига, хээл хахуулийн замаар хууль бусаар бусдад шилжүүлсэн асуудалд холбогдсон гэв.
  • ШШГЕГ-ын даргын дарга А.Намсамандын талаар хэлэхдээ, түүнийг салбартаа олон жил ажилласан хэмээн итгэж, өнгөрсөн Үндэсний их баяр наадмаар бригадын генерал цол олгохыг дэмжин Ерөнхийлөгчид уламжилж байсан хэмээв. Учир нь тэрээр хоригдлуудыг дайчлан хууль бусаар өөрийн хувийн зуслангийн хаус, байшингаа бариулсан төдийгүй төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй хүнд 408 сая төгрөгийг хууль бусаар олгож, төсвийн мөнгийг завшсан байна.

Түүнчлэн албан хаагчдынхаа нэр дээр 10-20 сая төгрөгийн урамшуулал, мөнгө бичиж, гарын үсэг зуруулахдаа тоог нь таглаж байгаад, бодит байдал дээр ердөө 3-4 сая төгрөг өгч, үлдсэнийг нь өөрсдөө завшдаг байсан гомдол баримттайгаа иржээ. Жирийн албан хаагчид нь орох оронгүй өдөр шөнөгүй ажиллаж байхад удирдлагууд нь Зайсанд үнэ төлбөргүй болон хэт хямд үнээр орон сууц авсан байна. Иргэдийн хохирол барагдуулах ажиллагаа хийгддэггүй атлаа хорих ангиуд руу мөнгө шилжүүлж, бэлнээр гаргаж авдаг схем ажиллаж байжээ.

Хамгийн ноцтой нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хууль бусаар тагнах, чагнах үйл ажиллагаа явуулдаг бүтэц бий болсон байна. Энэхүү хууль бус тагнуулын үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоох албан шаардлага, даалгаврыг холбогдох удирдлагуудад өгсөн болохыг хууль зүйн сайд С.Амарсайхан мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.