С.Амарсайханы дэлгэсэн баримтууд ба Г.Занданшатарын хариу тайлбар
Ерөнхийлөгчийн сонгуулийн дуу ойртох тусам МАН-ын дотоод хагарал хурдцаж хуваагдаад удаж буй 30/38-ын бүлгийнхэн бие бие ил цагаан дайрах болсон.
Энэ Даваа гарагт /2026.09.14/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, бригадын генерал А.Намсаманд хэвлэлийн хурал зарлаж, салбарын сайд С.Амарсайханыг байгууллагын дотоод үйл ажиллагаа, томилгоонд хөндлөнгийн дарамт шахалт үзүүлсэн хэмээн мэдэгдсэнээр маргаан эхэлсэн юм. Түүний хэлснээр, “С.Амарсайхан сайд өөрийн жолоочийн эхнэрийг "Түр хурах"-ын амралтын газрын даргаар, жолоочийнхоо төрсөн дүүг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар, мөн яамны Хяналт, шалгалтын газрын дарга н.Дамдинцэрэнгийн хүргэн дүүг удирдах албан тушаалд томилуулахаар шахаж, биелүүлээгүй тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж сүрдүүлсэн. Үүнээс гадна сайдын хамаарал бүхий компани тус газарт 4 сая гаруй ам.долларын өр төлбөртэй” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр Хууль зүйн сайд С.Амарсайхан өөрийг нь танхимаасаа хөөсөн Г.Занданшатар, МАН-ын “хорт могой” гэгддэг Б.Энхбаяр тэргүүтэй томчуудыг нэр цохож, ноцтой баримтуудыг дэлгэж өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай "мафийн сүлжээ" ажиллаж байгааг мэдэгдэв.
Тэрбээр тус газрын харьяанд хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулдаг бүтэц бий болсныг илрүүлж, таслан зогсоох албан даалгавар өгсөн гэлээ.
Баримт1: ШШГЕГ-ын удирдлагуудтай холбоотой баримтуудыг багцалвал:
• Тус газрын дэд даргаар ажиллаж буй Э.Бямбажав нь Тагнуулын ерөнхий газарт мөрдөгчөөр ажиллаж байхдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж байсан асуудалтай холбогддог,
• Дүн шинжилгээ, хяналтын газрын дарга Б.Цогжаргал нь албан тушаалаа урвуулан ашиглаж, гадаадын иргэнийг заналхийлж залилсан хэрэгт холбогдоод буй,
• ШШГГ-ын удирдлагуудын нэг Б.Нямгомбо нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэмээн ноц бүхий баримтуудыг дэлгэсэн.
• Б.Нямгомбын "Олон овоот"-ын алтны орд, Хадгаламж банк, талийгаач Батхүү, Алтан нартай холбоотой, Монголбанкинд барьцаанд байсан 123 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий найман ширхэг тусгай зөвшөөрлийг авлига, хээл хахуулийн замаар хууль бусаар бусдад шилжүүлсэн асуудалд холбогдсон гэв.
• ШШГЕГ-ын даргын дарга А.Намсамандын талаар хэлэхдээ түүнийг салбартаа олон жил ажилласан хэмээн итгэж, өнгөрсөн Үндэсний их баяр наадмаар бригадын генерал цол олгохыг дэмжин Ерөнхийлөгчид уламжилж байсан хэмээв. Учир нь тэрээр хоригдлуудыг дайчлан хууль бусаар өөрийн хувийн зуслангийн хаус, байшингаа бариулсан төдийгүй төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй хүнд 408 сая төгрөгийг хууль бусаар олгож, төсвийн мөнгийг завшсан аж.
Түүнчлэн албан хаагчдынхаа нэр дээр 10-20 сая төгрөгийн урамшуулал, мөнгө бичиж, гарын үсэг зуруулахдаа тоог нь таглаж байгаад, бодит байдал дээр ердөө 3-4 сая төгрөг өгч, үлдсэнийг нь өөрсдөө завшдаг байсан гомдол баримттайгаа иржээ.
Жирийн албан хаагчид нь орох оронгүй өдөр шөнөгүй ажиллаж байхад удирдлагууд нь Зайсанд үнэ төлбөргүй болон хэт хямд үнээр орон сууц авсан байна. Иргэдийн хохирол барагдуулах ажиллагаа хийгддэггүй атлаа хорих ангиуд руу мөнгө шилжүүлж, бэлнээр гаргаж авдаг схем ч ажиллаж байсан гэв.
Баримт2: 500 тэрбум төгрөгийн хууль бус алт олборлолт, 300 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй хэрэг, 5 тэрбум төгрөгийн хахууль.
Энэ талаар хэлэхдээ “Хууль бусаар алт олборлож байгаа асуудлыг таслан зогсоо гэсэн. Ялангуяа цагдаа, хуулийнхантай орооцолдсон албан тушаалтнуудад үүрэг өгсөн ч ямар ч ажил хийгдээгүй. Намайг ХЗДХ-ийн сайдаар томилогдсон шөнийн 23.00 цагт ЦЕГ-ын Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргаар Б.Оюутболдыг Г.Занданшатар томилсон. Энэ хүн алтны уурхайтай, асар их сүлжээтэй, мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй ойрхон, улс төрийг нь санхүүжүүлдэг, албаараа дамжуулж алтны хууль бусаар алт олборлодог. Иймд би наймдугаар сарын 26-наас 14 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Цагдаагийн удирдлагуудад өгсөн. 14 хоногийн хугацаанд 21 гэмт хэрэг, 60 зөрчил илэрсэн. 500 тэрбум төгрөгийн хууль бус алт олборлолт, 300 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй хэрэг, 5 тэрбум төгрөгийг хахуульд өгсөн нь илэрсэн. Мөн цагдаагийн алба хаагчдад хахууль өгөхийг оролдсон нь баримт нотолгоогоор илэрсэн. Үүний цаана Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга асан Б.Оюутболд, ШШГЕГ, ЦЕГ-ын албан тушаалтан, удирдлагууд холбоотой. Бас "Вайнд майнд" гэх компани холбоотой. Үүн шиг хэдэн арван асуудал шалгагдаж байгаа” гэв.
Баримт3: Удган Б.Булнай Г.Занданшатартай ойрын хамаатан уу?
Удган Б.Булнай хэмээх нэг дүр улс төрийн зодоон дунд гарч ирсэн бөгөөд түүнийг Г.Занданшатарын хамаатан гэв. Захиалгаар, зохион байгуулалттай энэ ажлыг хийж байгаа. Энэ эмэгтэй цагдаагийн байгууллагад барилга, засвар үйлчилгээний ажлын тендерүүдийг авдаг. Цагдаа нарыг барьцаалсан, бичлэгийг нь хийдэг, түүгээр нь шантаажилдаг гэх гомдол их ирж байгаа. Өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум төгрөгийн тендерийг “Ариун хур” гэдэг компаниар дамжуулан авсан.
Хэн ч харсан илт бичлэгийг хамтарч хийсэн. Цагдаагийн албан хаагч яагаад миний өмнөөс ял наймаалцав, бас өөрсдийн албан байр, камер тоноглолгүйгээр, зохион байгуулалттай шинжтэйгээр ингэж ярилцав. Бүр "сайд, С.Амарсайхан" гэх нэрийг хэд хэдэн удаа давтсан байгаа нь ч зохиол. Дараа нь ШШЕГ-ынхан гарч ирж, миний эсрэг мэдээлэл хийв. Энэ бүгд дээр гомдол гаргасан” гэсэн юм.
Тэгвэл үүний эсрэг Ерөнхий сайд асан Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан “Дэлхийн шатрын олимпиад өчигдөр нээлтээ хийсэн Самарканд хотоос мэндчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төр, улс төрчдөөс аль болох зай барьж, оюуны спортыг хөгжүүлэх, шатраар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах, хөрөнгө оруулалт татах үйл хэрэгт нөхдийн хамт хүчин зүтгэж явна.
Гэтэл ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ.
Үүнд үнэн юм нэг ч алга.
Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна.
Нэгдүгээрт,
С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна.
Гэвч үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суман дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан.
Энэ талаар тухайн өдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээ нийтлэгдсэн бөгөөд өнөөдөр ч олон нийтэд нээлттэй байна.
Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27454
Ашиглагдахгүй алдагдсан ордыг буцаан авч, улсын өмчит үйлдвэр байгуулах боломжийг судлах үүрэг өгснийг хууль бус үйлдэл, эсвэл хувьдаа завших оролдлого гэж үзэх үү гэдгийг та бүхэн дэнсэлнэ биз ээ.
Хоёрдугаарт.
С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үеэр намайг Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьжээ.
Гэвч бодит байдалд би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин Оюутболд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр томилогдсон байна.
Өөрөөр хэлбэл, түүнийг сайдын албан тушаалд очих үед би аль хэдийн төрийн алба хашихаа больж, энгийн иргэн болсон байсан.
Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй.
Ийм тодорхой баримтыг ч үл харгалзан олон нийтийн өмнө худал мэдээлэл тарааж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа Хууль зүйн сайд ТА ярьсан бүх зүйлээ хууль дээр очиж баримтаар нотол.
Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя.
Иргэн миний адил хуулийн өмнө тэгш байж, бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахыг шаардаж байна.
Харин өөрт тавигдсан асуултаас миний нэрээр бүү булт.
Гуравдугаарт.
Манай Засгийн газар 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлж, хар тамхитай дайн зарлах үүрэг өгч байсан.
Одоо байдал харин ямар байна?
Энэ талаар мөн Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр мэдээлэл нийтлэгдсэн.
Миний байр суурь:
Би баялгийн мафитай тууштай тэмцэж ирсэн.
Үүний улмаас улс төрийн хүчтэй шахалт, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь улс төрийн шийдвэрийн үр дүнд албан тушаалаа өгсөн.
Хууль зүйн сайд хүн хууль сахиулах салбартаа мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлж, улс төрийн явцуу ашиг сонирхлоос салбараа хамгаалах үүрэгтэй.
Ялангуяа хууль сахиулах байгууллагыг улс төрийн өрсөлдөөн, хувийн тооцоо, улс төрийн явцуу ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглаж болохгүй.
Өнөөдөр өөрийн удирдаж буй салбар руугаа ноцож, хууль дээдлэн ажиллаж буй мянга мянган хууль сахиулагчдын итгэл зүтгэлийг үгүйсгэж буй нь дэндүү увайгүй үйлдэл юм. Намын нөхөр, журмын анд хэмээн итгэж, танхимынхаа сайдаар томилон хамтран ажиллаж байсан хүн өнөөдөр ийнхүү над руу гүжир гүтгэлэг чиглүүлж байгаад бүр ч их харамсаж байна. Би С.Амарсайханыг хотын дарга болох үеэс нь эхлэн дэмжиж, улмаар Ерөнхий сайдын хувиар Шадар сайдаар томилж байсан нь бодит үнэн. Гэтэл тэрээр танхимынхаа эсрэг байр суурь баримталж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, санал өгч, манай Засгийн газарт хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Харин үүнд өс хонзон санаж, ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаа нь арга мухардсан хүний үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Өнөөдөр үнийн өсөлт, шатахуун гээд иргэдийн амьдрал хүнд, эдийн засагт сорилт их байна.
Ийм үед төрийн бодлого хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа хамгаалах, авлига, хулгайтай тэмцэх, хөгжлийн асуудалд төвлөрөх ёстой болохоос албан тушаал, эрх мэдлийн маргаанд автах ёсгүй. Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй.
Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.