Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Люксембургийн Их Гүн V Гийом-той уулзав. Төрийн тэргүүн нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд энэ жил олон арга хэмжээ хамтран зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаа аж.

Цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, эрүүл мэнд, банк, санхүү зэрэг салбараас гадна бусад салбарт харилцан ашигтай хамтрах боломжийн талаар ярилцжээ. Люксембургийн Их Гүнт Улс өнгөрсөн 25 жилд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх, судасны үндэсний төв байгуулахад дэмжлэг үзүүлж буйд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хоёр улс эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Люксембургийн 22 сая гаруй еврогийн буцалтгүй тусламжаар барих Зүрх, судасны төвийн бүтээн байгуулалт эхлээд байна.

120 ортой төв ашиглалтад орсноор  зүрх, судсан дотуурх мэс засал, оношилгоо, яаралтай болон сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж, чадавх нэмэгдэх юм. Өмнөх жилүүдэд Люксембургээс манай улсад үзүүлсэн 60 гаруй сая еврогийн тусламжийн дүнд зүрх, судасны шалтгаант нас баралт тав дахин буурсан үзүүлэлт гарчээ. Хоёр улс мөн ойн салбарт 100 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.