“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо
“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн нээлт Баасан гарагт (2026.09.25) албан ёсоор зарлагдаж, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцогч багуудад хандаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, ойлгомжтой хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, дуу хоолой тэдний шийдэл хамгийн чухал бөгөөд өндөр ач холбогдолтой хэмээн онцолж байсан билээ. Тэгвэл өнөөдөр (2026.09.26) Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Unread Media хамтран зохион байгуулсан “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүд тодров.
Уг тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцсон. Тэрбээр баг тус бүр ажил хэрэгч технологийн шийдэл танилцуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, мэдээллийг илүү ойлгомжтой, цэгцтэй, үр өгөөжтэй байдлаар олон нийтэд хүргэх технологийн шийдлүүдийг хүлээн авч, цаашид ч нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглан парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой хүртээмжтэй болгох чиглэлээр өөрсдийн шийдлээ танилцуулсан “Нээлттэй парламент”хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээнд нийт 32 багаас шалгарсан шилдэг 10 баг оролцож, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдсөн. Багууд Улсын Их Хурлын Тамгын газрын олон нийтэд ил болгосон хуулийн хүрээнд ашиглах боломжтой бүх дата,мэдээллийг технологийн шийдлээр хэрхэн энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэх вэ гэдгийг гол зарчмаа болгож ажиллажээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүү, Азийн сангийн Засаглалийн хөтөлбөрийн захирал Г.Золжаргал, “Альфа Брэйн” ХХК-ийн захирал Т.Билгүүн нар ажиллаж, шилдгүүдийг тодруулсан юм.
I байранд “Хуралдай” баг “Дагалдах актын хяналтын AI туслах” хөгжүүлэлтээр
II байранд “Сод тод гялалзана” баг “Хөгжлийн бэрхшээл оролцоонд саад болохгүй” хөгжүүлэлтээр
III байранд “Zero one” баг “Нээлттэй парламент-нээлттэй өгөгдөлд суурилсан AI туслах”хөгжүүлэлтээр тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.